Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 426

 

                                                      Зохигчдын эвлэрлийг баталж,

                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Д.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэтуяад холбогдох “7.670.000  төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                 Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ...  Миний бие Ц.Уранбилэгээс Г.Эрдээтуяа гэдэг хүнд 2014 оны 12 дугаар сарын 18-нд 1500.000 төгрөг, 1 сарын 0.5 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. 2015 оны 06 дугаар сарын 28-нд 1300.000 төгөргийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 2006 оны 05 дугаар сарын 2-нд 3800.000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй нийт 6.600.000 төгрөгийг бэлнээр өгсөн.

            Энэ  хугацаанд хүү гэж надаа 2015 оны 12 дугаар сарын 28-нд 500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-нд 800.000 төгрөг, нийт 1300.000 төгрөгийг бэлнээр авсан. Г.Эрдэнэтуяагаас мөнгөө авах талаар замын зардалд 40.000 төгрөгийг зарцуулсан.  Г.Эрдэнэтуяагаас удаа дараа мөнгөө авах талаар ярилцсан боловч төлж чадахгүй, шүүхэдээ ханд гэсэн тул тус шүүхэд хандаж байна.

            Иймд Г.Эрдэнэтуяагаас 7.670.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү!. Би Г.Эрдэнэтуяа гэдэг хүнд итгэж Ц.Уранбилэгээс 1 сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлж энэ хүний итгэлийг алдаж хохироож байна гэжээ. 

        Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагч  Г.Эрдэнэтуяа нар нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

      ...Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг миний бие нь  Г.Эрдэнэтуяад холбогдуулан 7.670.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Эрдэнэтуяа нь уг мөнгөнөөс 2700.000  төгрөг өгсөн болно. 300.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор өгч дуусгах ба үлдэгдэл 4.670.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл 2 хувааж өгөхөөр тохирч эвлэрлээ.

 

                  Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг                           Хариуцагч Г.Эрдэнэтуяа гэжээ.

 

                                                                      Үндэслэх нь:

               Д.Мөнгөнцэцэг нь Г.Эрдэнэтуяад холбогдуулан  “7.670.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагч Г.Эрдэнэтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр эвлэрсэн болох тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй.         

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 137.670 төгрөг төлүүлэхээс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж 137.670 төгрөгний 50 хувь болох  68.835 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 50 хувь болох 68.835 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

     75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэтуяад холбогдох “7.670.000  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 137.670 төгрөгний 50 хувь болох  68.835 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 50 хувь болох 68.835 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ