Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00940

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00940

 

 

 

******* ХХК, Б.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00525 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК, Б.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХК-д холбогдох

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 25,168,110 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь 2014 онд ХХК нэртэйгээр зээлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК болгон нэрээ өөрчлөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

1.2. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байхад иргэн Б.******* нь өөрийн өмчлөлийн ******* УАХ улсын дугаартай Ланд ровер дефендр-X маркийн мөнгөлөг өнгөтэй, 2021 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалттай автомашиныг фидуцийн гэрээгээр барьцаалж, 220,000,000 төгрөгийн зээл авч тус автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.

1.3. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХК-ийн Ган жолоо нэртэй багцыг сонгож даатгалын гэрээг байгуулж, 892102766 дугаар автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа хийлгэсэн. Гэтэл зээлдэгч Б.******* нь манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашиныг жолоодон Сайншанд-Зүүнбаян-Таван толгой чиглэлд явж байхдаа үерийн улмаас үүссэн гуу жалга байсныг анзааралгүй тулж ирж гулган орж машиныхаа доод талаас хүчтэй цохисноос болж радиатор болон ойролцоох эд ангиуд нь эвдэрсэн. Автомашинд учирсан хохирол, даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар зээлдэгч Б.******* нь ******* ХХК, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэхээр хариу өгсөн.

1.4. Ийнхүү автомашинд эвдрэл гэмтэл гарсан учир яаралтай сүлжээтэй газар очин ******* ХХК-ийн засварын төвтэй холбогдон инженерийн зөвлөснөөр тээврийн хэрэгслээ асаалгүйгээр хүлээж байгаад ачуулан Улаанбаатар хотод авчирч засвар хийлгэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ирэн ******* ХХК-д машинаа хүлээлгэн өгч мөн өдрөө ******* ХХК-д мэдэгдэхэд даатгалын ажилтан ирж үзэн баталгаажуулсан. Засварын төлбөр нийт 25,168,110 төгрөг болсон бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-д даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргасан.

1.5. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1171 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдэлдээ даатгалын тохиолдол 3 асуудлаар нотлогдохгүй байна гэж үзсэн.

а. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зүүнбаян-Тавантолгой явах үед болсон гэх тохиолдлыг фото зураг болон видео бичлэг хийж баримтжуулаагүй тул осол хэзээ, хаана болсныг нотлох боломжгүй нөхцөл гэжээ. ******* ХК-тай байгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгааны 12 дугаар зүйлийн 12.6.1.7.1-т осол, хохирлын талаарх фото зураг, видеог хавсаргах талаар дурдсан байдаг бөгөөд энэ нь хэзээ, хаана осол болсон талаар нотлохыг шаардаагүй байна.

Түүнчлэн хэзээ болсон талаар ******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 080/2022 дугаар тодорхойлолтод дурдсан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... манай засварын төвд ачуулж ирсэн гэх тодорхойлолт болон гэмтлийг баталгаажуулан авсан зургийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 23 минутанд дарсан байгаа талаар холбогдох гэрэл зургаас тодорхой харагддаг бөгөөд энэ нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр осол болсон талаар нотолно гэж үзэж байна.

б. Даатгуулагч нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын зуучлагчаар дамжуулж авто тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүн сонгож даатгалын гэрээ байгуулсан тухайн өдрөө даатгалын тохиолдол гаргасан бөгөөд даатгалын гэрээний дагуу ******* ХК-ийн лавлах 1800-1990 утас руу залгаж Даатгуулагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.8.4-т даатгалын тохиолдол болсон тухай даатгагчийн шуурхай албаны 1800-1990 утсанд хот суурин газарт бол нэн даруй, хөдөө орон нутагт бол 72 цагийн дотор мэдэгдэх талаар дурдсан байдаг бөгөөд миний бие гэрээний дагуу даатгалын тохиолдлыг 72 цагийн дотор буюу 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

в. Даатгалын зуучлагч нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.*******тэй Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулахдаа хамтран ажиллах 24А2220000002 дугаартай гэрээний Хавсралт 1 зааварчилгааны дагуу даатгал хийгдэх үеийн фото зураг дарж авах үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

Миний зүгээс даатгалын компаниас өгсөн зааварчилгааны дагуу даатгалын гэрээг байгуулж, даатгалын баталгааг бөглөж даатгалын төлбөрийг төлсөн бөгөөд тухайн үеийн зураг авах, болон бусад асуудал даатгал болон даатгалын зуучлагч нарын хоорондын асуудал бөгөөд хамтран ажиллах гэрээний үүргээ хэн аль нь зөрчсөнөөс шалтгаалж иргэн миний бие хохирох ёсгүй гэж үзэж байна.

1.6. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сайншандаас Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр зам дагасан технологийн шороон замаар явж байхад даатгалын тохиолдол буюу осол болсон. Энэ үед тухайн газарт ямар нэгэн сүлжээ барих боломжгүй алслагдсан зэлүүд газар байсан учир цагдаагийн байгууллагад хандах ямар нэгэн боломж байгаагүйгээс гадна яаралтай машинаа ачуулан Улаанбаатар хот хүргэхээс өөр бодол орж ирээгүй. Дээрх үндэслэлээр ******* ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс цааргалж нөхөн төлбөр олгохоос татгалзсанд гомдолтой байгаа тул энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хамтран энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд даатгалын нөхөн төлбөр 25,168,110 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХК-тай 24А2220000002 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан.

Дээрх гэрээний дагуу Б.******* нь даатгалын зуучлагчаар дамжуулан ******* УАХ улсын дугаартай Ланд ровер дефендэр-X маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-г 1 жилийн хугацаатай байгуулж даатгуулсан.

2.2. Даатгуулагч Б.******* нь ******* УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон албан ажлаар Дорноговь аймгийн Сайншанд суманд 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр очиж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сайншандаас хөдөлж Зүүнбаян Тавантолгой чиглэлд явахдаа үерийн жалга руу орж газар мөргөсний улмаас даатгалын зүйлд хохирол учруулсан хэмээн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт ******* ХК-ийн 7017-0000, 1800-1990 утсанд дуудлага өгч мэдэгдэж, нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан.

2.3. ******* ХК-ийн зүгээс нөхөн төлбөрийн материалыг хянаж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тодруулбал, Б.******* нь ******* ХК болон Булл капитап ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу даатгалын зуучлагчаар дамжуулан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан.

******* ХХК нь ******* УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 13 минутад шилжүүлсэн.

Талууд хамтран ажиллах гэрээнд Даатгалын хураамжийг даатгал хийгдсэн даруйд даатгагчийн Хаан банк дахь 5006087264 тоот харилцах дансанд шилжүүлэн, программд бүртгэгдсэн даатгалын гэрээний бүртгэлтэй тулгаснаар даатгалын гэрээ байгуулагдсанд тооцох ба даатгуулагчийн хохирлыг барагдуулах гэрээний үүрэг хэвийн явагдахыг талууд зөвшөөрөв" гэж харилцан тохиролцсон. Даатгуулагч нь даатгалын тохиолдол 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Зүүн баян-Тавантолгой явах үед болсон гэх боловч даатгалын тохиолдлыг фото зураг, видео бичлэг хийж баталгаажуулаагүй нь осол хэзээ, хаана болсныг нотлох боломжгүй нөхцөлд хүргэсэн.

2.4. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан өдрөө даатгалын тохиолдол гаргасан гэх боловч даатгалын гэрээний дагуу ******* ХК-ийн лавлах 1800-1900 утас руу залгаж даатгагчид нэй даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй

Даатгалын зуучлагч ******* ХХК нь Б.*******тэй Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулахдаа Хамтран ажиллах гэрээ-ний хавсралт 1-т заасан зааварчилгааны дагуу даатгал хийгдэх үеийн фото зургийг дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй.

Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний нөхөн төлбөр олгохгүй хэсэгт Даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор учирсан аливаа хохирлыг даатгагч хариуцахгүй байхаар талууд харилцан тохиролцсон. Б.******* нь даатгалын зуучлагчаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний даатгуулсан бөгөөд даатгалын тохиолдол нь даатгуулахаас өмнө тохиолдсон уу, эсвэл 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тохиолдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар даатгуулагч нотлоогүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.

Иймд даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч Б.*******д даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 25,168,110 төгрөг гаргуулах тухай ******* ХХК, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж болно.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтуудыг хариуцагчаас ямар баримтуудаар няцааж байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой дүгнээгүй, зөвхөн ...даатгалын гэрээний дагуу нөхөн олговор шаардаж байгаа, хариуцагч эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлэх үүрэгтэй... хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолсон баримтыг ******* ХХК, Санхүүгийн Зохицуулах Хороо болон шүүхэд тус тус гарган өгч осол болсон цаг хугацаа, учирсан хохирлын талаар үнэн зөвөөр тайлбар мэдүүлэг гаргаж байсан.

4.2. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ХХК-иас 220,000.,00 төгрөгний зээл авч ******* УАХ улсын дугаартай "Ланд ровер дефендэр Х" маркын авто машиныг шинээр нь албан ёсны Монгол дахь борлуулагч "Старчейз авто мотив лимитд" ХХК-иас 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан байдаг.

Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс өндөр үнийн дүнтэй зээл авсан учир зээлийн барьцаа хөрөнгө болох ******* УАХ улсын дугаартай Ланд ровер дефендэр Х маркийн авто машиныг даатгуулах талаар удаа дараа шаардлага тавьж байсны дагуу ******* ХХК-ийн Алтан жолоо багцыг сонгож даатгалын гэрээ байгуулж даатгалын төлбөр 4,020,000 төгрөгийг шилжүүлсэн.

Шүүхээс даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгалын гэрээ байгуулагдсан болохыг, мөн даатгалын хураамж төлсөн болохыг хөтөлбөргүй тогтоох үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс суурин газраас хол эзгүй зэлүүд газар, утасны сүлжээгүй газар осол болсны улмаас даатгалын тохиолдлыг тухай үед нь мэдэгдэх боломжгүй байсан, осол болсон талаар авто машины эвдрэлийн талаар фото зургийг авч баталгаажуулж, машинаар ачуулан Улаанбаатар хот руу авч ирэн, даатгагчид мэдэгдэх арга хэмжээ авсан байхад шүүхээс Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7.4 дэх хэсэгт заасан "... Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзана..." гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.3. Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр авах материалыг *******" ХК-д бүрдүүлэн өгсөн боловч хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж өгөөгүй, 4 сарын дараа даатгалын төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл нь даатгалын гэрээнд хамааралгүй үндэслэлээр татгалзсан байдаг.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Даатгалын гэрээнд заасны дагуу нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэдэг.

Осол болсон тухай даатгалын компанид нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр хариуцагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй. Даатгалын тохиолдол бий болсон нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, үнэлгээний баримт, түүнд хавсаргасан гэрэл зургаар тогтоогдож байх бөгөөд осол болсон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, хариуцагчид нэн даруй мэдэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн байх бөгөөд даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан" гэсэн хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэх талаар хариуцагч тайлбар болон баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00525 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Даатгуулагч Б.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ланд ровер дефендр-X маркын ******* УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зуучлагчаар дамжуулан даатгалын гэрээ байгуулсан. Тус өдөр Сайншанд-Зүүн баян-Таван толгой чиглэлд явж байхдаа гуу жалга руу гулган орсны улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан гэх бөгөөд тухайн үед даатгалын тохиолдол үүссэн фото зураг, видео бичлэг, хэзээ хаана болсныг нотлох боломжгүй нөхцөл үүсгэсэн.

5.2. Мөн даатгалын гэрээний 12.6.1.7 болон 12.6.1.7.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Осол болсон талаах зураг авах, видео бичлэг хийх, тухайн осол хэзээ, хаана болсон талаар манай байгууллагад мэдэгдээгүй. Тухайн үед сүлжээгүй газар байсан учраас манай шуурхай удирдлагын хэлтэст хэлж чадаагүй гэх тайлбарыг өгсөн. Гэтэл сүлжээгүй газар байсан атлаа засвар дуудаад засвар ирсний дараа даатгалд мэдэгдсэн нь нэн тэргүүнд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

5.3. Анхан шатын шүүх хуралдаанд гэрчийг дуудаж шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Гэрчээс тайлбар авахад гэрч нь тухайн өдрийн он сарыг зөрүүлж, санахгүй байна гэх зэргээр тайлбар, мэдүүлэг өгч чадаагүй.

Мөн ******* ХХК, ******* ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр Б.*******гийн автомашиныг даатгахдаа гэрээний хавсралтад заасны дагуу тээврийн хэрэгслийн зургийг авч баталгаажуулаагүй учраас манай талаас тухайн осол хэзээ, хэдний өдөр болсон нь эргэлзээтэй бөгөөд нотлох боломжгүй байдал үүссэн тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Мөн даатгалын гэрээний 12.7.23-д заасны дагуу гэрээ байгуулснаас хойш 24 цагийн дотор ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд даатгагч хариуцахгүй байх талаар гэрээнд харилцан тохиролцсон. Мөн гэрээний нөхцөлийг тайлбарлаж өгөөгүй талаар гомдолд дурдсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээтэй танилцаад гарын үсгээ зураад байгуулсан.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэн зөв шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК, Б.******* нар нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 25,168,110 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон Б.******* нар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, зээлдүүлэгч ******* ХХК нь 220,000,000 төгрөгийг, автомашин худалдан авах зориулалттайгаар, 60 сарын хугацаатай, сарын 2.9 хувь, жилийн 34.8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч Б.******* нь зээл, түүний хүүг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

3.2. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* УАХ улсын дугаартай, ******* арлын дугаартай, Land rover Defender X маркийн автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /хх-ийн 20-21 дүгээр тал/

3.3. ******* ХХК нь ******* ХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу даатгалын зуучлагчийн үүрэг хүлээсэн, улмаар Б.******* нь даатгалын зуучлагч ******* ХХК-иар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ган жолоо нэртэй багцийг сонгон даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай ******* ХК-тай байгуулж, автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа хийлгэжээ.

3.4. Дээрх гэрээгээр даатгуулагч Т.******* нь ******* УАХ улсын дугаартай, Land rover Defender X маркийн тээврийн хэрэгслийг 335,000,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах даатгалын хураамжид 4,020,000 төгрөг төлөх, даатгагч ******* ХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. Тухайн гэрээний даатгалын хураамж 4,020,000 төгрөгийг ******* ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХК-д шилжүүлсэн. /хх-ийн 66 дугаар тал/

3.5. Талуудын маргааны зүйл нь даатгалын зүйл болох автомашинд учирсан эвдрэл, гэмтэл нь даатгалын тохиолдлоос бий болсон эсэх, даатгуулагч нь даатгалын гэрээний үүргээ биелүүлсэн эсэх асуудал болсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

4.1. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно, 4.1.6 дахь хэсэгт даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж тус тус заасан.

Даатгалын нөхөн төлбөр шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь гэрээгээр тохирсон даатгалын тохиолдол бий болсон байх, үүний улмаас даатгалын зүйлд хохирол учирсан байх учиртай. Энэ шаардах эрхийг хэрэгжүүлэх тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсон, үүний улмаас даатгалын зүйлд хохирол учирсан болохыг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын зүйл болох ******* УАХ улсын дугаартай Land rover defender X маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сайншанд-Зүүнбаян-Тавантолгой чиглэлд явж байхдаа үерийн улмаас үүссэн гуу жалга руу гулган орсон, уг ослын улмаас автомашинд эвдрэл, гэмтэл учирсан гэх үеийн нөхцөл байдлыг баримтжуулаагүйгээс даатгалын тохиолдол бий болсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн автомашины гадна байдлын зураг нь даатгалын тохиолдол бий болсон гэх үеийн нөхцөл байдалд хамаарахгүй байх ба автомашины эд анги эвдэрсэн гэх байдлын зураг болон Старчейз автомотив лимитд ХХК-ийн тодорхойлолтоор даатгалын тохиолдлын улмаас тухайн эвдрэл, гэмтлийг учирсан гэж дүгнэхгүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.ээс мэдүүлэг авсан, тэрээр автомашиныг Дорноговиос ачуулж ирэхэд хүлээн авч, засварын газарт хүргэсэн талаар мэдүүлсэн, даатгалын тохиолдлын талаар шууд нотолсон мэдүүлгийг өгөөгүйгээс гадна түүний мэдүүлэг нь эргэлзээгүйгээр маргаж буй үйл баримтыг нотолсон баримт гэж үзэхэд хангалтгүй, гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг даатгалын тохиолдлоос учирсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхгүй.

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь фидуцийн гэрээний дагуу автомашиныг бодит эзэмшилдээ шилжүүлэн аваагүй тохиолдолд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй тул түүний нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно.

6. Дээрхийг нэгтгэвэл хариуцагч нь даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй болсон гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, даатгалын гэрээний 12.7.4, автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны 14.4 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

7. Нэгэнт даатгалын тохиолдол бий болсныг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсэхгүй бөгөөд даатгалын гэрээний эрх, үүрэг хэрэгжүүлсэн эсэхтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА