Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Г.Ц/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1911000480090 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1994 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 13-268 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП94120799.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Цнь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16 дугаар гудамж 193 тоотод А.Дамбадаржааг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Цнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Дамбадаржаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны Гандангийн хажуу талд интернэт тоглоомын газар сууж байгаад фейсбүүк ороод сууж байхад найз холбогдож тэгээд хороололд Өргөөгийн хойд талд байдаг Гэм Арена нэртэй Писи тоглоомын газар уулзсан. Тэгээд намайг Одбаяртай уулзаад байж байтал найз Манлай над руу залгаад Баянбүрдийн тойргийн хажууд Их бүрд гэдэг газар байгаа түүний хажууд хүрээд ир тосоод авъя гэсэн. Тэгээд Одбаяр бид 2 такси бариад Их бүрдийн хажууд очиход Манлай нэг найзтайгаа хамт хүлээгээд зогсож байсан. Тэгээд Манлайг найзынх нь хамт таксиндаа суулгаад Манлайгийн гэрт очсон гэрт нь очиход ямар ч хүн байхгүй байсан бөгөөд тэр хоёрын ууж байсан тал шилтэй 0.75 литрийн архи байсан. Тэгээд бид 4 тэр архийг нь хувааж уусан. Гэтэл архи дуусаад байж байтал Манлай дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн архи, 2 литрийн пиво, нэг ундаа аваад гарч ирсэн. Тэгээд бид 4 буцаад Манлайгийн гэрт очоод архи пиво хувааж уугаад сууж байсан. Гэтэл Манлайтай хамт байсан залуугийн найз охин нэг эмэгтэй ирсэн бөгөөд 2 шил архи, тамхи ундаатай ирсэн. Тэгээд Манлайгийн найз гэх залуу намайг өшиглөж унагаасан санагдаж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ямар учраас намайг өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Би юу ч санахгүй байна Манлайгийн найз гэх залуугийн найз эмэгтэй ирснээс болсон байх гэж бодож байна. Намайг хэн хутгалсныг мэдэхгүй байна Одбаярын хэлснээр Манлайгийн найз намайг хутгалсан гэж хэлсэн. Миний зүүн мөр, баруун хөлөнд хутгалсан байна. Өөр биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Маш их гомдолтой байна...” /хх-21-23/.

“...Энхманлайгийн найз гэх залуугийн найз охинтой нь нэг сургуульд сурдаг байсан юм. Тэгээд бид 2 хоорондоо юм яриад сууж байсан чинь тэр залуу уурлаад байх шиг байсан хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Намайг зүүн эгэмний орчимд 3 удаа, баруун гуяны ар хэсэгт 1 удаа дотор хэсэгт 2 удаа хутгалсан байсан. Цэвээнжавыг тэр өдөр Манлайгаар дамжуулж танилцсан. Би тэр залууг цохиогүй өөр гэмтсэн хүн байхгүй байх...” гэжээ /хх-24-25/.

Гэрч Э.Одбаяр мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед хорооллын PC тоглоомын газар найз Дамбадаржаатай уулзаад байж байтал манай найз Манлай залгаад Их бүрдийн хажууд хүрээд ир тосоод авъя гэсэн. Тэгээд Дамбадаржаатай бид хоёр такси бариад очиход Манлай нэг найзынхаа хамт Их бүрд төвийн хажууд очоод залгахад Манлай хүлээж бай одоо очлоо гэсэн. Гэтэл Манлай манай найз гээд танихгүй залуутай хамт ирсэн. Тэгээд архи ууя гэж хэлээд Манлай Дамбадаржаагаас 5000 төгрөг аваад дэлгүүр ороод 0.75 литрийн хараа архи, 2 литрийн Сэнгүр нэртэй пиво, нэг ундаа авсан. Тэгээд бид 4 Манлайгийн гэрт очоод архиа хувааж уугаад байж байтал Манлайгийн найз Цэвээнээгийн найз охин гээд нэг эмэгтэй ирсэн бөгөөд ирэхдээ нэг шил архи авч ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байгаад Манлай бид 2 тамхи татахаар гадагшаа гарсан. Тэгээд бид хоёрыг гаднаас ороод ирэхэд Дамбадаржаагийн зүүн талын эгэмнээс цус гоожчихсон газар хэвтэж байсан. Тэгээд очоод тэвэрч аваад хажуу талын айлын хүнээр цагдаа болон эмнэлэгт дуудлага өгүүлсэн...” гэжээ /хх-28/.

Гэрч Э.Охин-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би 19 цагийн үед өөрийн найз залуу болох Цэвээнээ рүү залгаад хаана байгаа талаар асуухад Дэнжийн мянгын цагаан байрны хавьд Манлайгийнд байна гэж хэлсэн. Би найз залуудаа хандан би яваад очих уу гэхэд Цэвээнээ хүрээд ир гэж хэлсэн би яг хаана очих вэ гэж асуухад Цэвээнээ Баянбүрдийн М-Ойл шатахуун түгээх газрын энд хүрээд ир гэж хэлсэн би хэлсэн газарт нь такси бариад очиход 20 цаг болж байсан бөгөөд манай найз залуу Цэвээнээ тосож авсан. Цэвээнээ бид хоёрыг гэрт нь яваад ороход Энхманлай 2 найзтайгаа архи уугаад сууцгааж байсан бөгөөд архи нь дууссан болохоор Энхманлай надаас ганц юм аваад өгөөч гэж гуйсан би за тэгье гээд Энхманлайгийн хамт дэлгүүр орж, 0.75 литрийн хараа нэртэй архи аваад буцаад гэрт нь орсон. Тэгээд бид 5 уугаад буу халаад сууж байгаад Энхманлайгийн найз гэх Дамба нь манай 10 жилийн нөгөө ангийн залуу байсныг би мэдсэн. Бид нар үргэлжлүүлээд архиа уугаад сууж байхад Дамба гэх залуу одоо намайг харж бай гээд манай найз залуу руу болон над руу гар далайгаад байсан. Тэгсэн чинь манай найз залуу Цэвээнжав уурлаад зүгээр байгаарай гэж босож ирээд халааснаасаа хутга гаргаж Дамба гэх залууг хутгалчихсан. Цэвээнжав нь тухайн хутгыг өмднийхөө баруун талын халааснаасаа гаргаж ирсэн. Би найз залуугаа хутга хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Цэвээнжавын халаасанд хутга байсан талаар би огт мэдээгүй гэнэт л халааснаасаа гаргаад ирсэн. Миний харснаар Цэвээнээ эхлээд баруун хөлийн дотор гуя хэсэг талд нь 1 удаа хутгалсан, дараа нь зүүн эгэм хэсэгт 3 удаа хутгалсан байх гэж бодож байна. Би тэр үед нь хутгыг нь буцааж аваад сандарсандаа гадагшаа гэрийнх нь хаалгаар гаргаад урагшаагаа шидчихсэн юм...” гэжээ /хх-36-37/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №193 дугаар  дүгнэлтэд: 

“1. А.Дамбадаржаагийн биед цээж, гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн бай боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-39/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Шүүгдэгч Г.Цнь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16 дугаар гудамж 193 тоотод А.Дамбадаржааг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Дамбадаржаагийн “…Тэгээд Манлайгийн найз гэх залуу намайг өшиглөж унагаасан санагдаж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ямар учраас намайг өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Би юу ч санахгүй байна Манлайгийн найз гэх залуугийн найз эмэгтэй ирснээс болсон байх гэж бодож байна. Намайг хэн хутгалсныг мэдэхгүй байна Одбаярын хэлснээр Манлайгийн найз намайг хутгалсан гэж хэлсэн. Миний зүүн мөр, баруун хөлөнд хутгалсан байна. Өөр биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Маш их гомдолтой байна...” /хх-21-23/, гэрч Э.Одбаяр, Э.Охин-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №193 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.Цэвээнжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Цнь хохирогч А.Дамбадаржаад нийт 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Г.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 20 см урттай 1 /нэг/ ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн монгол бичгээр бичсэн футболк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэвээнжавт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хохирогч А.Дамбадаржаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Г.Цнь хохирогчид 500.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 20 см урттай 1 /нэг/ ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн монгол бичгээр бичсэн зурагтай, цагаан өнгийн 1 /нэг/ ширхэг футболк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэвээнжавт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН