Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00932

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00932

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.*******д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 14,155,890.16 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, уг ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь Д.*******тэй 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 23/49 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Дорнод аймгийн Хэрлэн сум Хавиргын боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажилд 3 ширхэг өөрөө буулгагч /*******УНИ, *******УАУ, *******УНҮ/-аар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон.

1.2. Гэрээгээр ажлыг 45 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэх, техник тус бүр дээр 4,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр бодож 12,000,000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн 15 хоногоор тасалбар болгон ажилласан хоног, цагаар тооцож тооцоо нийлж баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэлийн төлбөрийг өгөхөөр тохирсон.

1.3. Хариуцагч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагаас ажлын талбайд ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг хүртэл 15 хоног ажиллаж гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж, нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхиж Улаанбаатар хотод ирсэн байсан. Үүнээс болж төслийн ажил зогссон. Бид уулзаж төлбөр тооцоогоо дуусгах, эсвэл буцаж очиж ажиллах талаар шаардлага тавьсан боловч тохиролцож чадаагүй.

1.4.Тухайн газар нийтдээ 30 машин ажиллаж, манай компанийн үндсэн 10 ажилтан нэмэгдэж ажиллаж байсан. 10 гаруй контейнер байрлуулж, хоол хангамжийн ямар нэг асуудал үүсч байгаагүй. Харин Д.******* нь манай ерөнхий инженертэй харилцаа тохирохгүй, таарахгүй байгаа талаар надтай ирж уулзахдаа ярьсан тул манайх инженертээ сануулах, Д.******* жолооч нартаа хэлж сануулахаар ойлголцоод ажиллахаар тохиролцсон. Гэтэл ажлаа зогсоох талаар хэлж ярьж мэдэгдэлгүй 2 хоногийн дараа ажлаа орхиод явсан байсан. Манайд замын хуудас өгөөгүй, тооцоогоо ч хийхгүй алга болсон. Манайх дараа нь хөөцөлдөж байж замын хуудас авсан.

Машин хэдэн өдөр ажилласан болохыг замын хуудас, GPS-ээр тогтоодог. GPS Улаанбаатараас гарахад нь суурилуулалтын компани суулгаж өгсөн. Тус төхөөрөмжөөр машинд хэдэн литр түлш орсон, хэд үлдсэн, тухайн машин хаанаас хэдэн литр бензинтэй гарсан зэрэг мэдээллийг хардаг. Манайх машинд суурилуулсан GPS-ийг авна гэхээр өгөхгүй, суурилуулалтын төлбөрийг нь төлнө гэсэн хариу өгдөг. Иймд 3 тээврийн хэрэгсэлд суурилуулсан GPS-ийн үнэ 3,128,400 төгрөгийг гаргуулна.

1.5. Гэрээний 2.7-д зааснаар хариуцагч талд Улаанбаатараас Дорнод явах шатахууны 2,058,750 төгрөгийг дансаар өгсөн. Гэрээний 2.8-д зааснаар ажлыг хаяж явсан бол захиалагч тал шатахууны төлбөрийг хариуцахгүй урьдчилан олгосон шатахууныг гүйцэтгэлийн төлбөрөөс хасаж тооцохоор заасны дагуу шатахууны мөнгийг нэхэмжилнэ. Гүйцэтгэгч тал манайд буцахаа хэлж ярилгүй мөн л шатахуун авч явсан тул ирж, буцах шатахууны зардал 4,246,845 төгрөгийг нэхэмжилж байна.

1.6. Хариуцагч тал 12,419,354.84 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Манай компаниас гарсан зардал шатахуун 4,246,845 төгрөг, GPS-ийн үнэ 3,128,400 төгрөг, урьдчилгаа төлбөр 12,000,000 төгрөг нийт 19,375,245 төгрөг үүнээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 12,419,354.84 төгрөгийг хасаж, зөрүү 6,955,890.16 төгрөг, гэрээний 4.2.2-д заасны дагуу 20 хувийн торгууль 7,200,000 төгрөгийг нэмж нийт 14,155,890 төгрөгийг Д.*******гээс нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 23/49 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дорнод аймгийн Хэрлэн сум хавиргын боомтод хэрэгжүүлж буй авто замын ажилд ******* УНИ, ******* УАУ, ******* УНҮ улсын дугаартай 3 авто машинаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2.2. Гэрээний урьдчилгаа техник тус бүр 4,000,000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлж авсан. Гэрээнд зааснаар техник очиж ажилласан боловч ажиллах боломж, орон байр, хоол ундаар хангаагүй. Орон байр нь хүйтэн байсан тул бид машиндаа байрлаж байсан, мөн хоол хүйтэн, чанар муу байсан.

Түүнчлэн, тэнд ажиллаж буй хүмүүс цалин мөнгөө өгдөггүй, өр шир ихтэй компани гэх мэт яриа байснаас гадна хөдөлмөр хамгаалал муу, ажлын байранд шороо их босож өмнөх газар харагдахгүй, үзэгдэх орчин муугаас осол гаргачих гээд хэцүү байсан учир нэхэмжлэгч талд хэлэхэд компаний дотоод асуудал та нарт хамаагүй гээд шаардлагыг хүлээж аваагүй.

Бид урьдчилгаанд өгсөн мөнгийг давуулан, хийх ажлаа чанартай гүйцэтгэж дууссан учир цаашид ажиллах боломжгүй гэдгээ амаар хэлэхэд тоогоогүй учир Улаанбаатар хот руу буцсан.

2.3. Дээрх ажил гүйцэтгэсэн 3 машин нь Д.*******гийнх биш гэдгийг нэхэмжлэгч тал мэдсээр байж гэрээ хийсэн, уг гэрээ хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. 12,419,354.84 төгрөгийг хариуцагч цааш нь жолооч нарт шилжүүлсэн. 15 хоног ажиллахдаа шатахууны 4,246,845 төгрөгийн хэмжээнд дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн. GPS суурилуулсан зардал 3,128,400 төгрөгийг суурилуулсан компанид нь төлнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Ажил гүйцэтгэсэн 3 техник нь хариуцагч Д.*******гийнх биш гэдгийг мэдсээр байж ******* ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 23/49 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн автомашинууд Д.*******гийн нэр дээр байхгүй. Гэрээний урьдчилгаа төлбөрийг техник тус бүрийн эзэд рүү шилжүүлсэн. Автомашины өмчлөгч бүр өөр өөрийн техникээр ******* ХХК-ийн хий гэсэн ажлыг холбогдох зааврын дагуу гүйцэтгэсэн. Ажилд гарахдаа өөрсдөө гарын үсэг зурж, аюулгүйн зааварчилгаа авч байсан. Хуульд зааснаар ******* ХХК нь ажил хийсэн автомашины өмчлөгч нэг бүртэй гэрээ хийж мөнгийг өөрсдийнх нь данс руу шилжүүлэх байсан.

Гэрээг хууль зөрчиж хийсэн тул талуудын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 23/49 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 23/49 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасныг үндэслэн гэрээг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан гэрээний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн.

Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчээс техник тус бүр дээр урьдчилгаа төлбөр нийт 12,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн. Гэрээний дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Хавиргын боомтод хэрэгжиж буй төслийн талбайд ******* УНИ, ******* УАУ, ******* УНҮ техникүүд очиж гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж байсан. Мөн гэрээний урьдчилгаа төлбөр, шатахууны төлбөрийг хүлээн авсан тул гэрээ хүчин төгөлдөр. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс 11,755,890 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 203,044 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-нд холбогдох 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №23/49 Ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад зөв дүгнэлт хийхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь шүүх энэ хэргийн оролцогч биш ХХК-иас ирүүлсэн нотлох баримтад тулгуурлан хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

6.2. Д.******* өөрийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэлээр ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэгчийн эзэмшлийн бус тээврийн хэрэгсэл болохыг мэдсээр байж, төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл зөрчилтэй эрхээр гэрээ байгуулсан байтал шүүх түүнийг сэргээж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн алдангид нэхэмжилсэн 7,200,000 төгрөгийг хангаж, алдангийг хуульд заасан 50 хувиас хэтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.4 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Давж заалдах гомдлын хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 23/49 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.13-д Захиалагч нь гүйцэтгэгчийн техникт GPS суурилуулах ба гэрээт ажил дуусмагц GPS-ийг буцаан авна гэж заасан атал гүйцэтгэгч тал GPS-ийг буцаан өгөөгүй. Манай компани ХХК-д GPS-ны төлбөрийг төлсөн.

Д.******* нь ******* УАУ, ******* УНҮ, ******* УНИ улсын дугаартай 3 техникээр ажил гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулан гэрээний дагуу техник тус бүр дээр урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрээний дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Хавиргын боомтод хэрэгжиж буй төслийн талбайд дээрх 3 техникүүд очиж гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж байснаа хүлээн зөвшөөрдөг.

7.2. Манай компани нь гүйцэтгэгч талаас алданги тооцоогүй. Гэрээний 4.2.2-д заасныг үндэслэн хохирол нэхэмжилснийг шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан зохих түвшинд багасгаж шийдвэрлэсэн.

7.3. Хариуцагч гэрээний дагуу ажлаа гүйцэтгэлгүй хаяж явсны улмаас компанид учирсан нийт хохирлоо нэхэмжлэлгүйгээр зөвхөн гэрээний торгуулийн төлбөрийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 11,755,890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 14,155,890 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч техник хэрэгслийн өмчлөгч бус этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон Д.******* нарын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Д.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сум, Хавиргын боомт чиглэлийн авто зам, талбайн бүтээн байгуулалтын төслийн ажилд өөрийн эзэмшлийн ******* УНИ, ******* УАУ, ******* УНҮ улсын дугаартай өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслээр чулуу, хайрга, шороо тээвэрлэх, захиалагч ******* ХХК нь нэг сарын ажлын хөлсийг техник тус бүр 12,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ. /хх-ийн 6-8 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний үүрэгт ******* ХХК нь 1 сарын ажлын хөлс 12,000,000 төгрөг, 3 тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Дорнод аймагт очих шатахууны зардал 2,058,750 төгрөгийг төлсөн, мөн хийсэн ажлын төлбөрийг тооцох зорилгоор 3 тээврийн хэрэгсэлд GPS суурилуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэ талаар зохигч маргаагүй. Талууд гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсанд хэн буруутай болох асуудлаар маргасан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь:

Дээрх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд уг үр дүнг бий болгохын тулд хариуцагч ажил гүйцэтгэх, ийнхүү гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон хөлсийг нэхэмжлэгч төлөхөөр тохирсон нь хуулийн хориглох хэм, хэмжээг зөрчөөгүй байх тул талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд 3 тээврийн хэрэгсэл хариуцагчийн өмч мөн эсэх нь ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхээс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Гэрээг цуцлахын тулд гэрээний нөгөө тал нь үүргээ ноцтой зөрчсөн байх, гэрээг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх явдал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч талыг гэрээгээр тохирсон ажиллах боломж, нөхцөлөөр хангаагүй буюу байр хүйтэн, хоолны чанар болон хөдөлмөр хамгаалал муу байсан, энэ талаар шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй гэж гэрээг цуцласан үндэслэлээ тайлбарласан ба уг тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн үүрэг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсанаар хариуцагч нь гэрээ цуцлагдсанд буруугүй болохоо баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийг ажил гүйцэтгэх үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр гэрээг цуцалсанд тооцно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн, энэ нь гэрээний үүргийн зөрчил болно.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь үүргийн зөрчил болох тул нэхэмжлэгч нь ийнхүү гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

4.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний 2.7-д заасан тохиролцоо, GPS-ийн заалтыг үндэслэн 3 тээврийн хэрэгслийг Дорнод аймагт очсон болон буцсан шатахууны зардалд 4,246,845 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Талууд гэрээний 2.2-т зааснаар гэрээний төлбөрийг явсан өдөр, сараар нь баталгаажуулсан замын хуудас болон GPS-ийг үндэслэн тооцохоор тохирч, Мапруод ХХК нь 3 тээврийн хэрэгсэлд нийт 3,128,400 төгрөгийн үнэ бүхий GPS-ийг ХХК-иар суурилуулсан болох нь ХХК-ийн нэхэмжлэх, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/114 дугаартай албан бичгээр тогтоогджээ. /хх-ийн 11-12 дугаар тал/

Анхан шатны шүүх дээрх GPS-ийн үнийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэсэн, нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнд холбогдох тайлбараа нотлох үүрэгтэй тул ХХК-ийн нэхэмжлэх, албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд хэргийн оролцогч биш ХХК-иас ирүүлсэн нотлох баримтад тулгуурлан төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

4.3. Талууд гэрээний 4.2.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол нэг сарын төлбөрийн үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээгээр захиалагч талд торгууль төлнө гэж гэрээний хариуцлагыг тодорхойлжээ.

Гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээний хариуцлагын асуудлаар дээрх байдлаар талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээрх тохиролцоо агуулгын хувьд ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол анз төлөх, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол хохирол төлөхөөр тохирсон гэж үзэхээр байна.

Энэ нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний үүрэг дуусгавар болж, ийнхүү цуцалсантай холбоотой хохирол шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой агуулгаар тайлбарлагдана.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу нэг сарын ажлын хөлсний 20 хувиар тооцож, хохирол шаардах эрхтэй ба анхан шатны шүүх 4,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул энэ талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

4.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэлийн тооцоог хийж, ажлын хөлсийг 12,419,355 төгрөг гэж тодорхойлж, үүнийг нийт гаргасан зардал 19,375,245 төгрөг /12,000,000 + 4,246,845 + 3,128,400/-өөс хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хариуцагч тал гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

5. Анхан шатны шүүх гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохиролд хариуцагчаас 11,755,890 төгрөг гаргуулж, үлдсэн 2,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА