Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч С.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1811034700121 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1995 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 4-19 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Азжаргалтай үйлчилгээний төлбөртэй холоотой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний буруу хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би энэ замыг Баянхошуу орохгүй ш дээ чигээрээ явах байсан ш дээ гэсэн чинь тэр залуу машинаа зогсоосон юм. Тэгэхээр нь би гайхаад би очих газраа очоогүй байна ш дээ мөнгө төгрөг өгч чадахгүй, чи хүргэж өг тэрний дараа мөнгийг чинь өгье гэж хэлсэн, тэгээд маргалдах болсон юм. Надаас учир зүггүй л мөнгө нэхээд байсан л даа ерөөсөө. Тэгээд маргалдаад байж байтал тэр залуу бууж ирээд миний суусан хаалгыг онгойлгоод буугаад ир гэсэн ба буусан чинь шууд намайг куртикний захаар гараараа боогоод машиныхаа урдуур чирч явсан. Тэр үед би машины дугаарыг нь харж тогтоож авсан. Тэгээд боосон чигээрээ намайг далан давхрын засмал зам гартал чирээд тэнд нэг жалга шиг юманд оруулсан бөгөөд учир зүггүй мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь утсаа гаргаж өгсөн. Тэгсэн чинь миний утсыг авчхаад дараа нь намайг боосон чигээрээ хавсарч зүүн талаар минь унагаагаад зүүн гараараа чихний дээд хэсэгт нэг цохисон...” гэжээ /хх-20-21/.

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №54 дүгээр дүгнэлтэд: 

“1. Б.Азжаргалын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэнгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зүүн дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэжээ /хх-34/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Азжаргалтай үйлчилгээний төлбөртэй холоотой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Азжаргалын “…Тэгээд маргалдаад байж байтал тэр залуу бууж ирээд миний суусан хаалгыг онгойлгоод буугаад ир гэсэн ба буусан чинь шууд намайг куртикний захаар гараараа боогоод машиныхаа урдуур чирч явсан. Тэр үед би машины дугаарыг нь харж тогтоож авсан. Тэгээд боосон чигээрээ намайг далан давхрын засмал зам гартал чирээд тэнд нэг жалга шиг юманд оруулсан бөгөөд учир зүггүй мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь утсаа гаргаж өгсөн. Тэгсэн чинь миний утсыг авчхаад дараа нь намайг боосон чигээрээ хавсарч зүүн талаар минь унагаагаад зүүн гараараа чихний дээд хэсэгт нэг цохисон…” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Ггийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №54 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүх шүүгдэгч С.Гд ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гүнчинхорлоод 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН