Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00931

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00931

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/00577 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ТӨХХК-д холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчний гудамж, 1*******од байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 630 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. ******* ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж, 1*******од байрлах 630 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон.

1.2. Манай компани Мал хамгаалах сангаас зээл огт авч байгаагүй. Гэтэл манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийг хүртэл тус сангийн барьцаанд бүртгэлтэй байгаагаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.

Аливаа барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтаар хуульчилсан тул Мал хамгаалах сан нь манай хөрөнгийг барьцаалах буюу уг санд барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна, 4.2 дахь хэсэгт барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болон үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцаалуулагч нь иргэн хуулийн этгээд байна, 4.3 дахь хэсэгт барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч эсхүл гуравдагч этгээд байж болно, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсхүл барьцаалагч барьцаалуулагч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ гэж тус тус заасан.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулахад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага хуулинд тавигдаагүй. Барьцааны гэрээнд талууд баталгаажуулах эрх, барьцааны зүйлийн талаар нэгдүгээрт талуудын нэрсийг дурдаж мөн оршин суугаа хаягийг заах, хоёрдугаарт барьцааны эрхийг баталгаажуулах шаардлагыг тодорхой заах, гуравдугаарт барьцааны зүйл ба түүний байгаа газарт байх хэлбэрийн зайлшгүй шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтаар хуульчилсан.

Энд заасан зохих хэлбэрээр байгуулагдаагүй эсхүл агуулга нь бүрэн бус бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус ба үр дагавар нь мөн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үүсдэг.

1.3. Мөн Мал хамгаалах сангаас ******* ХХК зээл авсан үйл ажиллагааг эрүүгийн гэмт хэргийн буюу залилан мэхлэх гэмт хэрэг болохыг 3 шатны шүүх тогтоосон. Иймд энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа, энэ үүднээс барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

1.4. ******* ХХК-ийн захирал М.*******гоос ******* ХХК-ийн захирал н.*******т олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд бол эх баригчийн гарын үсэг, тамга, тэмдэг дарсан байх, 64.2.2-д хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгогдсон итгэмжлэлд эх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэсэн шаардлагуудыг хангаагүй.

Тодруулбал 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 879 тоот итгэмжлэлийг М.******* хууртагдаж хийснээс гадна уг итгэмжлэл нь хуулийн этгээдийн тамга тэмдэг, мөн нягтлан бодогчийн гарын үсэг зурсан байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт энэ хуулийн 62-д заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байх гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй. Уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. ******* ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Мал хамгаалах сантай ОХУ-аас өвс, тэжээл оруулж ирж малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 900,000,000 төгрөгийн зээл авч, үүний барьцаанд 4 үл хөдлөх, газрыг барьцаалсан.

Эдгээр барьцаалбарын нэг болох ******* ХХК-ийн 630 м.кв талбайтай, 40, 50 мянгат, төмөрчдийн гудамжны 1*******ын үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан. Үүнийг барьцаалахдаа итгэмжлэл олгосон байгаа. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хийгдсэн. ******* ХХК-ийн захирал Г.*******т ******* ХХК-ийн захирал М.******* өөрийн биеэр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн хүрээнд Мал хамгаалах сан зээлийг ******* ХХК-д олгосон.

2.2.******* ХХК-ийн авсан 900,000,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мал хамгаалах сангаас нэхэмжлэл гаргасан. Энэ ажиллагаа явж байгаад 2018 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрээр Мал хамгаалах санд ******* ХХК нь 1,093,000,000 төгрөг төлөхийг даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бий. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдээд явж байгаа.

Мөн Эрүүгийн хэргийн тухайд бол Монкорд хадгаламж зээлийн хоршооны захирал байсан, мөн ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч М.******* гэх хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Миний бие хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан.

М.******* нь Мал хамгаалах сангаас залилж зээл авсан гэж ямар нэгэн ял аваагүй, зөвхөн шийтгэх тогтоолд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг дурдаж шийдвэрлэсэн. Мал хамгаалах сан болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг аль ч шатны шүүх үнэлж, дүгнээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ямар нэгэн ажиллагаа хийгээд, мөнгө төгрөг орж ирсэн зүйл байхгүй, барьцаа хөрөнгүүд дээр дуудлага худалдаа явж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл шаардлага хангахгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчиний гудамж, 1*******од байрлах 630 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангаагүй.

******* ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчний гудамж 1*******од байршилтай, 630 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тус компани нь Мал хамгаалах сангаас зээл огт авч байгаагүй, барьцааны гэрээг огт байгуулж байгаагүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийг хүртэл Мал хамгаалах сангийн барьцаанд бүртгэлтэй байгаагаас өмчлөгчийн хувиар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2.1. "*******" ХХК болон Мал хамгаалах сангийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. ... ******* ХХК-ийн Мал хамгаалах сантай байгуулсан барьцааны гэрээнд ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан... гэх тайлбарт үндэслэн ...5.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон "*******" ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2017/Ү/08 дугаар ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн Ү-08 тоот гэрээний барьцааны гэрээ байгуулагдсан. 5.4. Дээрх барьцааны гэрээгээр маргаан бүхий орон сууц болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж 1*******ын 630 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан... гэж зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй үйл баримтын талаар зөв үнэлэлт хийсэн боловч тогтоогдсон уг үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Аливаа барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг болохыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтаар маш тодорхой хуульчилсан.

Манай компани Мал хамгаалах сантай огтоос барьцааны гэрээ байгуулаагүй тул Мал хамгаалах сан нь манай хөрөнгийг барьцаалах буюу уг санд барьцааны эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4.1-д Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжид хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна, 4.2-т "Барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна, 4.3-т Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно, 5.1-д Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ гэж тус тус заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулахад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй ч барьцааны гэрээнд талуудын болоод баталгаажуулах эрх, барьцааны зүйлийн талаар

Нэгд талуудын нэрсийг дурдаж, оршин суугаа хаягийг заах, хоёрт барьцааны эрхээр баталгаажуулах шаардлагыг тодорхой заах, гуравт барьцааны зүйл ба түүний байгаа газрыг заах хэлбэрийн зайлшгүй шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтаар хуульчилсан.

Энд заасан зохих хэлбэрээр байгуулагдаагүй эсхүл агуулга нь бүрэн бус бол уг барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болох ба үр дагавар нь мөн хуулийн 56.5-д зааснаар үүсдэг.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалуулагч байхыг шаардах бөгөөд барьцаалуулагч буюу өмчлөгч нь өөрийн нэрээр бичгээр байгуулсан барьцааны гэрээний нэг тал болон оролцож, өөрийн оршин суугаа газрын хаягийг уг гэрээнд тусгасан байх хэлбэрийн шаардлага тавигдсан байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээний тухайд барьцаалуулагч нь заавал зээлдэгч өөрөө биш байх хууль зүйн боломжийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь зохицуулалтаар олгосон боловч барьцааны гэрээний нэг тал нь заавал барьцаалуулагч байх шаардлагыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтаар тус тус хуульчилсан тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан гэрээнд заавал заах талуудын нэр, хаягт барьцаалуулагчийн нэр, хаяг байх шаардлага хангагдсан байхыг ойлгохоор байна.

Хуулийн эдгээр шаардлагуудыг хангасан гэрээнд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар барьцаалагч, барьцаалуулагч аль аль нь гарын үсэг зурсан тохиолдолд уг барьцааны гэрээг бичгээр хийсэн бөгөөд хүчин төгөлдөр гэж үзнэ.

Энэ тохиолдолд л барьцаалагчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргах шаардах эрх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5.1, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1- д зааснаар үүснэ.

Харин хуулиар тогтоосон энэхүү шаардлагыг хангаагүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барьцаалагчид барьцааны эрх үүсэхгүй байх үр дагавар үүсдэг бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хэлбэрийн шаардлага хангаагүй уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдож, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг.

Гэтэл шүүх зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн ч хариуцагчид барьцааны эрх үүссэн гэж үзэх хууль зүйн зүйн үндэслэлгүй талаар огтхон ч дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй. Хэрэв шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч буюу өмчлөгч "*******" ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох ёстой байсан.

4.2. Анхан шатны шүүх шийдвэртээ 5.5...*******" ХХК-ийн захирал М.*******гоос "*******" ХХК-ийн захирал Г.*******т Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж 16, 630 м.кв, ГД- , УБД-Ү-*******, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 878 дугаар итгэмжлэлээр олгосон. 5.6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр "*******" ХХК болон Мал хамгаалах сангийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 900,000,000 төгрөгийн зээлийг ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулах "Малын тэжээл хангамжийг сайжруулах" төслийг хэрэгжүүлэхэд зориулж, хүүгийн олгох гэрээг 9 сарын хугацаатай байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, "*******" ХХК-аас 1,064,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Мал хамгаалах сан УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасны дагуу "Мал хамгаалах сан" УТҮГ-ын нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох "зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 1,305,000,000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм... гэж дүгнэхдээ уг шийдвэрээр барьцааны гэрээний талаар болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаарх асуудлаар хэн ч шаардлага гаргаагүй, хэн ч маргаж байгаагүй, урьд энэ маргааныг аль ч шүүх хянан шийдвэрлэж байгаагүй байдлыг анхаарсангүй.

Шүүхийн дээрх шийдвэрээр Мал хамгаалах сангаас авсан "*******" ХХК-ийн зээлийн талаар шийдвэрлэснээс бус барьцаатай холбоотой ямар ч шийдвэр гараагүй байдаг тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ2019/00895 тоот шийдвэрээр тогтоогдсон үйл баримт энэ хэрэгт ач холбогдолгүй буюу шүүхийн энэ дүгнэлт маргаанд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гарсан гэж үзэхээр байна.

Харин шийдвэрийн "5.5. "*******" ХХК-ийн захирал М. *******гоос ******* ХХК-ийн захирал Г.*******т Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрийн гудамж 16, 630 м.кв, ГД-, УБД- Y-*******, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 878 дугаар итгэмжлэлээр олгосон..." гэх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2, 64.3-т заасанд огт нийцээгүй.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар бичгээр олгосон итгэмжлэл нь мөн хуулийн 64.2.1. итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; 64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх; 64.2.3. олгосон он, сар, өдрийг заах; 64.2.4. хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх; 64.2.5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заана гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.

Гэтэл "*******" ХХК-иас "*******" ХХК-ийн захирал Г.*******т эрх олгосон гэж шүүхээс үзсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 879 тоот итгэмжлэлд хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаагүйн зэрэгцээ эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх хуулийн шаардлага хангагдаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т "Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна" гэж зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл байхад шүүх энэ талаар огт дүгнэхгүйгээр эрх олгогдсон гэж шууд үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасанд мөн л нийцээгүй.

4.3. Анхан шатны шүүх 8. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын 10 дахь талд Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ М.*******тай уулзахад 2 тэрбум төгрөгийн бага хүүтэй эх үүсвэр байна, үүнийг авахын тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна чи үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьчих. Үүнээс 500 сая төгрөгийг нь чи авч бизнестээ хэрэглэ гэж хэлсэн. Хаанаас ямар эх үүсвэрээс 2 тэрбум төгрөгийг ямар хүүтэй авах гээд байгаагаа надад хэлээгүй... гэж, 20 дахь талд Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны үүднээс үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэж үзэхгүй ба хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн байх тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ" гэж дурдсанаас үзэхэд "*******" ХХК-ийн захирал Г.*******т итгэмжлэл олгосон "*******" ХХК-ийн захирал М.*******гийн үйлдлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй буюу М.******* нь хүсэл зоригийн хувьд төөрөгдсөн, тухайн итгэмжлэл нь Иргэний хүүлийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасныг зөрчсөн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын 20 дахь талд ...Мөн шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгч Г.Тунгалаг Иргэний шүүх гэрээг хучин төгөлдөр гээд тооцсон байхад эрүүгийн шүүх залилах гэмт хэрэг гэж үзээд байгаа нь эргэлзээтэй байна гэх боловч... Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны үүднээс үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэж үзэхгүй ба ...гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн байх тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. гэсэн дүгнэлт хийж, М.*******г Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017-2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох, малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах зээлээс 900,000,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, залилж аван их хэмжээний хохирол учруулсан болохыг буюу Мал хамгаалах сангаас "*******" ХХК-ийн зээл авсан үйл ажиллагааг эрүүгийн гэмт хэрэг мөн болохыг тогтоосон байдаг.

Уг тогтоолд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар захирамжаар ******* ХХК-аас Мал хамгаалах сан УТҮГ-Д 1,064,250,000 төгрөг гаргуулахаар заасан болохыг дурдаж" шийдвэрлэсэн нь шүүгдэгч М.*******гийн дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг төлөгдсөн байдлын талаарх дүгнэлт болохоос зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт огтоос биш юм.

Анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг үндэслэн ******* ХХК-ийн захирал Г.*******т итгэмжлэл олгосон ******* ХХК-ийн захирал М.*******гийн үйлдлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хүүлийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй буюу М.******* нь хүсэл зоригийн хувьд төөрөгдсөн, тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна..." гэсэн дүгнэлт хийсэн нь учир зүйн хувьд алдаатай болсны дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй зөрчил болсон.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх шийтгэх тогтоолыг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн, шүүхийн эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон.

Иймд хууль зөрчсөн зээлийн гэрээний үндсэн дээр хийсэн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.

4.4. Дээр дурдсанчлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2017/7/08 дугаар "ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн Ү-08 тоот гэрээний барьцааны гэрээ"-гээр хариуцагчид барьцааны эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хөрөнгөө шаардах эрхтэй.

Эдгээр тохиолдлуудын аль нь ч байсан барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-д өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалагчаас буцаан шаардах эрхийг олгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/00577 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчний гудамж, 1*******од байрлах 630 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулах Малын тэжээл хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор 900,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу зээлийг эргэн төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 31-34 дүгээр тал/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүрэгт ******* ХХК-иас 1,064,250,000 төгрөг гаргуулж Мал хамгаалах сан УТҮГ-т олгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх-57-61 дүгээр тал/

3.3. Түүнчлэн, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн Ү-08 тоот гэрээний барьцааны гэрээ-г байгуулж, ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж 1******* хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 630 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 35-42 дугаар тал/

3.4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоол, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Мал хамгаалах сангийн авлага, өр төлбөртэй холбогдох шаардах эрх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд, тус санг татан буулгаж Хөдөө аж ахуйг дэмжих санд, мөн санг татан буулгаснаар ******* ТӨХХК-д шилжсэн.

3.5. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байх ба барьцааны гэрээг байгуулахад ******* ХХК-иас ******* ХХК-д олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэх, мөн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, эдгээртэй холбогдон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх маргааны зүйлийн талаар үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн зарим үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар нэмж дүгнэх нь зүйтэй.

4.1. ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Мал хамгаалах сан УТҮГ-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн Ү-08 тоот гэрээний барьцааны гэрээ-г ******* ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн байгуулжээ.

4.2. Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн захирал М.*******гоос ******* ХХК-ийн захирал Г.*******т 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлд Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 40,50 мянгат Төмөрчний гудамж 1******* 630 м.кв ГД-, Ү-******* үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хийж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэл хангуулах уг зээлтэй холбоотой бүхий л зүйлд үйлдэл хийх бүрэн эрхийг олгож байна гэж дурдаад, гарын үсэг зурж, итгэмжлэлийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Дээрх итгэмжлэлийг нотариатчаар гэрчлүүлснээр тухайн баримт бичгийг үл маргах шинжтэй болгож буй тул уг итгэмжлэл нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн, ******* ХХК-иас ******* ХХК-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь хэсэгт заасан эрх олгосон итгэмжлэлд хамаарахгүй тул энэ зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаардахгүй.

Иймд ******* ХХК нь дээр дурдсанчлан ******* ХХК-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих бүрэн эрхийг олгосон, үүний дагуу ******* ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Ү/08 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байх тул итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.3. Хэрэгт авагдсан дээрх барьцааны гэрээнд барьцаалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал хамгаалах сан, барьцаалуулагч ******* ХХК гэж тус тус тодорхойлж, талуудын оршин байгаа газрыг дурдаж, барьцаагаар хангагдах шаардлагыг гэрээний 2.4-т зээл, хүү, алданги, бусад зардал, татвар, хураамжийн нийлбэрээр тодорхойлох, барьцааны зүйл, түүний байгаа газрыг гэрээний 2.1.2-т нэрлэн заасан байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Иймд барьцааны гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.4. ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн авах зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл олгосноор уг хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохыг хуулиар зөвшөөрсөн тул ******* ХХК нь дээрх итгэмжлэлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчтай байгуулсан 900,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг  байгуулсан, энэ гэрээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлээр ******* ХХК нь бусадтай барьцааны гэрээ байгуулах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлж Мал хамгаалах сан УТҮГ-тай барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид барьцааны эрх үүссэн байна.

4.5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолоор М.*******г Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн ОХУ-аас малын тэжээл импортлох, малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах зээлээс 900,000,000 төгрөгийг /******* ХХК-ийн авсан/ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь дээрх барьцааны гэрээг байгуулахад олгосон итгэмжлэлийг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болохгүй. Учир нь:

Тухайн эрүүгийн хэрэгт ******* ХХК хохирогчоор оролцоогүй байх тул дээрх шийтгэх тогтоолд дурдсан үйл баримтаар нэхэмжлэгчийг хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

4.6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.9 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж болох талаар мөн зүйлийн 56.1.10-т заасан. Хэрэгт ******* ХХК болон Мал хамгаалах сан УТҮГ-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байна. Энэ тохиолдолд талуудын маргаж буй барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй.

4.7. Түүнчлэн, барьцааны үүргийг хариуцагч шаардаагүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон үйл баримт тогтоогдоогүй.

5. Дээрхийг нэгтгэвэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан УТҮГ нь ******* ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр, барьцааны эрх дуусгавар болсон үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/00577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА