| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0720/э |
| Дугаар | 225 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн холбогдох эрүүгийн 1811021440082 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1967 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 11 дүгээр гудамжны 270 тоотод оршин суух бүртгэлтэй,
- Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ял,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2/60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 10 дугаар гудамжны 223 тоотод оршин суух Л.Андрейгийн хашаан дахь байшингаас 2 ширхэг обудтай дугуй хулгайлж 400.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би энэ хэрэгт 57 хоног цагдан хоригдож байна. Хөдөлмөрийн чадвараа 80% алдсан…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Андрей нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ зурагт үзээд байж байгаад гадагш гараад харахад манай хашааны хаалга дутуу завсартай хаагдсан байсан. Тэгээд хашаанд байсан эд зүйлээ шалгаад үзэхэд манай хашааны байшингийн хойно хашааны завсар байсан кровн загварын автомашины 19 инчийн обудтай 2 ширхэг дугуй алга болсон байсан...” гэжээ /хх-20-21, 23-26х/.
Шүүгдэгч А.Эаас хохирогч Л.Андрейд 400.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-33/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-32/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 10 дугаар гудамжны 223 тоотод оршин суух Л.Андрейгийн хашаан дахь байшингаас 2 ширхэг обудтай дугуй хулгайлж 400.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Эыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э нь хохирогч Л.Андрейд нийт 400.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх, шүүгдэгч А.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв. Иймд шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, оршин суух газар, ажлаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авав.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт нийт 57 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч А.Эт хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, оршин суух газар, ажлаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Шүүгдэгч А.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт нийт 57 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН