Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 432

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

          Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 баг, 129 байр 1-06 тоотод оршин суух, Хайтал овогт Шагдаржавын Оюунгэрэл /регистрийн дугаар: ЕС 61121427/-ийн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 баг, 34 байр 22 тоотод оршин суух, Хайтал овогт Шагдаржавын Алтангэрэл /МЮ64051716/-д холбогдох

        “Өв залгамжлагчаар тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.         

                                                     Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    ...  Ш.Оюунгэрэл миний бие нь талийгаач эх Р.Лодонгийн төрсөн ганц охин нь юм.

          Миний ээж 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Талийгаач ээж маань Улаанбаатар Төмөр замд 40 шахам жил ажиллаж Улаанбаатар төмөр замын харьяа орон сууцны 1 дүгээр ангид ажиллаж байгаад өндөр настан болсноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө байрыг эзэмшдэг байсан. Уг байрыг миний ээжийг насан эцэслэсний дараа буюу 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Барилга орон сууцны 1 дүгээр ангиас тэтгэвэрт гарсан ам бүл 1  гэж хувьчилж өгсөн болно.

Хууль ёсны өмчлөгч нь миний төрсөн дүү Ш.Алтангэрэл бид хоёр бөгөөд тухайн үед байрны гэрчилгээнд миний нэрийг хуулийн дагуу эзэмших эрхтэйгээр бүртгүүлнэ гэж иргэний үнэмлэхийг авсан бөгөөд бүртгүүлсэн гэж хэлсэн.

Харин Ш.Алтангэрэл нь өөр хүнтэй гэрлэсний улмаас 2015 оноос уг байрыг орхиж явсан болохыг би мэдэж 2015 оны 8 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд өглөө, өдөр, орой 9 удаа гэртээ очсон /Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот/ -боловч хаалгаа нээж өгөөгүй тул орж чадсангүй ээ. Хажуугийн айлуудаас асуухад ер хүнгүй шахуу байдаг юм гэж байсан боловч гэрэл нь  саалттай тагтны хаалга нь нээлттэй дотор нь нэг эмэгтэй хүн байсан.

Ш.Оюунгэрэл миний бие өөрийн гал голомтондоо 2014, 2015 онуудад хэд хэдэн удаа очсон боловч намайг оруулсангүй. Байрны гэрчилгээ бичиг баримтын лавлагааг зохих журмын дагуу 2016 оны 04 дүгээр сард авч үзэхэд миний нэр огт байхгүй төдийгүй өөр хүмүүсийн нэр байсан нь намайг гэрт маань оруулахгүй байсан учрыг тэр үед л мэдлээ. Иймд би маш их гомдолтой байна.

Тиймээс Ш.Оюунгэрэл намайг хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ш.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... Миний аав Шагдаржав маань эгч бид хоёрыг 4 буюу 7 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлж ээжтэйгээ  бид 3 амьдарч эхэлсэн гэдэг. Ээж маань биднийгээ хүний зэрэгт хүргэж  ажил амьдралтай маань залгуулах гэж их хүч хөдөлмөр, тэсвэр хатуужилтай байсан нь түүх болон үлдсэн юмаа. Ээж маань Улаанбаатар төмөр замын харъяа Сайншанд дахь Орон сууцны 3 дугаар ангид  1965-1978 онуудад ажиллаж байгаад эгч  Оюунгэрэл маань ЕБСургууль төгсч  Архангай аймагт сургуульд суралцах, би 5 дугаар ангиасаа Улаанбаатар хотод хөгжим бүжгийн сургуульд тэнцэж суралцах болсон тул ээж маань ахыг маань бараадаж 1978 онд УБТЗ-ын орон сууцны 1 дүгээр ангийн харъяа Сүхбаатарын амрах  байранд жижүүрээр ажиллаж өндөр настны тэтгэвэрт гарсан юм.

           Ажиллаж байх хугацаанд нь төмөр замын ажилчдад олгодог байр хомс байсан тул 3 өрөө байртай машинч Сайнцогт гэж айлын хажуу нэг өрөөг олгож тэнд бид 3 зургаан жил шахам амьдарсан. Байгууллагын захиргаанаас ээжийн маань  амьдрал, ажил хөдөлмөрийг үнэлж дэмжин 1985 онд одоогийн энэ одоогийн энэ /Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө/- байрыг олгож бид гурав тав тухтай амьдарч эхэлсэн юм даа.

            Эгч маань Мэргэжлийн сургууль төгсч Сайншандад хуваарилагдан ирсэн боловч  биднийгээ асран тэтгэж амьдарч байв.  Миний анхны охин 1987 онд төрж ам бүл олуул болсон тул ээж минь Сайншандад эгч дээр  маань ирж амьдардаг болж бидэн дээр ирэн очин байдаг байсан ба 2003 оны 06 дугаар сард  Сайншандаас Сэлэнгэд очоод  07 дугаар сард  насан өөд болсон.

            Уг байр нь  ээжийн минь өмч хөрөнгө бөгөөд хувьчлагдах үеийн бичиг баримт нь нэг хүний өмч гэж ээжийн маань нэрээр бүртгэгдэж явсан боловч ээж маань 2003 оны 07 дугаар сард насан өөд болоход 2003 оны 12 дугаар сард МУ-ын Засгийн газрын тогтоолоор УБТЗ-ын Сүхбаатар зангилааны орон сууцны өндөр настан нэг хүний өмч гэж хувьчлагдсан юм.  Энэ үед миний эгч Оюунгэрэл энэ орон сууц, байр бид хоёрын өмч учир гэрчилгээнд нэрээ оруулна тэгээд ч ээж зөвхөн надад өгнө гэдэг байсан гэж ярьсан учир би ч зөвшөөрч, иргэний үнэмлэхээ бидэнд орхиод явсан байсан.

Орон сууцны буюу байрны гэрчилгээ авах бүртгэл хийх үед би өөрийн биеэр байгаагүй тул миний эхнэр болох Д.Алтангинж очиж бүртгүүлэхдээ өөрийгөө бичүүлж эгч Ш.Оюунгэрэлийг болон тэр үед миний эгчтэй амьдарч байсан миний охин болох Ариунаа нарыг бичүүлээгүй байсан. Тэр үед яагаад тэгж бичүүлсэн талаар асуухад энд байхгүй юм чинь гэсэн хариу өгсөн. Ингээд миний хувьд эгчдээ болон ахдаа ийм зүйл болсон тухай хэлэхээс эмээж, эвгүй санагдсан тул бичигдсэн байгаа л гэж хэлсэн. Ээж маань миний охин нялхаараа л гэрээсээ хол, айлын хүн болоод явсан ах чинь та хоёр бол эр улс өөрсдөө амьдрал ахуйгаа аваад эгчийг харж хандаж явах ёстой.

Тийм учир Төмөр замд насаараа ажилласан надад энэ байрыг хувьчилж өгөх болохоор би охиндоо шилжүүлж өгнө гэж ах бид хоёрт хэлдэг байсан юмаа. Тийм болохоор би бас ахдаа эгчийн нэрийг байгаа гэж хэлсэн л дээ. Гэтэл одоо нэг ийм болчихоод байдаг. Би эгчийг  Сэлэнгэд амьдарна гэж бодож байсангүй л дээ.

          Харин сая 2015 оны наймдугаар сард Сэлэнгэд гэртээ очтол хаалгаа нээж өгөхгүй байна, би мөд тэтгэвэртээ гарна тэнд гал голомтондоо суурьшина, байрны бичиг баримт хаана байна гэхэд нь арга буюу би үнэнийг нь хэлсэн. Харин байрны бичиг баримтыг авъя гэсэн боловч Д.Алтангинж та нарын зүйлийг шатаасан өгөх зүйл байхгүй, би таны гал голомтонд байгаа гэдгийг санаж яв гээд өгдөггүй юмаа. Одоо энэ байранд бид амьдарч байгаа нь үнэн болно.

          Иймд миний төрсөн эгч болох Ш.Оюунгэрэл аав, ээжийн маань орон гэр, өөрийн гал голомтонд очиж амьдарна гэж буй тул өдий болтол худал хэлж, нууж явсан явдалдаа хүлцэл очиж энэхүү өмчийн өв залгамжлагчаас татгалзаж эгч Ш.Оюунгэрэлийг өв залгамжлагчаар тогтоохыг зөвшөөрч байна гэжээ.

     Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 7 дугаар хэсэг, 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны өв залгамжлагч болохыг тогтоогох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл: Хэдийгээр хариуцагч Ш.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ч дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Хайтал овгийн Шагдаржавын Алтангэрэл, Д.Алтангинж, А.Болормаа, А.Шижиртунгалаг нарын / дөрвөн иргэний / эрхийн бүртгэлийн 131700150 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2-60 айл 1-13 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай орон сууцны өмчлөгч болох нь гэрч Д.Мөнхбаярын ... Алтангэрэл ах ээж Р.Лодонгийн хамт уг байранд амьдардаг байсан. Хэдэн оноос энэ байранд орсныг би санахгүй байна. Лодон гуай төмөр замд ажилладаг байсан талаар би сонсоогүй мэдэхгүй, Алдтангэрэл ах ээжийгээ амьд байхад эхнэртэйгээ гэр бүл болсон. Алтангэрэлийн ээжийг амьд сэрүүн байхад Алтангинж эгч л харж хандаж асарч байсныг би сайн мэднэ гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,  эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 44-49-р хуудас/, Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 46 дугаар хуудас/, Ш.Алтангэрэлийн 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, охин А.Шижиртунгалагийн төрсний гэрчилгээний хуулбар, охин А.Болормаа, эхнэр Д.Алтангинж, Ш.Алтангэрэл нарын иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа  зэргээр тус тус нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа      

        ...“Миний ээж УБТЗ-ын харъяа орон сууцны 1 дүгээр ангид 40 шахам жил ажиллаж байгаад өндөр настан болсноор “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг, 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцыг УБТЗ-аас шагналаар авч байсан... гэж байгаа хэдий ч түүний ээж Лодон нь дээрх орон сууцанд хэдийнээс хэдий хүртлэх хугацаанд амьдарч байсан, хэдийд нас барсан талаарх баримт хэрэгт аваагдаагүй, уг байрны жинхэнэ эзэмшигч нь түүний ээж гэдгийг нэхэмжлэгч нотлож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Иймд  Ш.Оюунгэрэлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг, 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Хариуцагч Ш.Алтангэрэл нь “шүүх хуралд оролцохгүй, байлцуулахгүй шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны өв залгамжлагчаар тогтоогох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ