Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00930

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00930

 

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2024/00801 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.*******, Г.*******, Э.*******, Г.******* нарт холбогдох

19,497,092 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2018 онд ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ба Ч. нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар хамтран ажиллах санал тавьсан. Энэ саналын дагуу Н.*******, Г.*******, Ч. бид хамтран ажиллахаар болж 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, ******* тоот хаягт байрлах, Метро бизнес үйлчилгээний төвийн 8 давхрын 150 м2 талбай бүхий ******* тоот өрөөг оффисын зориулалтаар түрээслэн ажиллаж эхэлсэн.

1.2. Бид байр худалдан авч дундаас нь ашиг олох замаар ажиллаж байсан ба мөн байрны түрээс болон бусад зардлыг хоорондоо хувааж төлөхөөр амаар тохиролцсон боловч Н.*******, Г.******* нар нь надаас цалин болон түрээсийн төлбөр төлүүлж байсан. Би энэ хүмүүст итгэн түрээсийн төлбөр, цалинг өөрийн мөнгөнөөс өгч сүүлдээ гэмт хэрэгт холбогдон хохирч үлдсэн.

1.3. Н.*******, Г.*******, Ч. нартай хамтран ажилласан учир 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд гарсан байрны түрээс, ус, цахилгаан, интернэт зардал гэх мэт зардалд гарсан 19,502,187 төгрөгийг 4 хуваан нэхэмжилж байна.

1.4. Иймд Н.*******д ХААН банк дахь тоот дансанд нь 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд цалинд шилжүүлсэн 2,933,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг нийт 7,808,746 төгрөг, Г.*******д 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд цалинд шилжүүлсэн 2,293,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, нөүтбүүк 370,000 төгрөг нийт 7,538,746 төгрөг шаардаж байна. Ч. надад хувиараа мөнгө өгч байгаа тул түүнийг хариуцагчаар татаагүй.

1.5. Ремаксд ажилладаг Э.*******, Г.******* нар манай байгууллага дээр ирж байр зуучилж ажиллах санал тавьсны дагуу орон сууц худалдан борлуулах гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Гэтэл Э.*******, Г.******* нар нь Ремакс болон манай компанид давхар байр зарж дундаас нь ашиг олж залилангийн гэмт хэрэг үйлдэж байсныг нь би мэдээгүй, энэ хоёрын хууль бус үйлдлээс болж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж хохирлоо нөхөн барагдуулж шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан. Э.*******, Г.******* нар эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж байх хугацаандаа зөвхөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч намайг хуурч мэхэлж цалин авч байсан нь эрүүгийн хэргээр ял шийтгэл хүлээж нотлогдсон.

1.6. Иймд Э.*******т ХААН банк дахь тоот дансаар нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны хооронд шилжүүлсэн 2,824,800 төгрөг, Г.*******т ХААН банк дахь тоот дансаар нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд шилжүүлсэн 1,324,800 төгрөгийг тус тус нэхэмжилнэ.

2. Хариуцагч Г.*******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2018 оны 1 дүгээр сард Ремаксд ажиллаж байхдаа Зоос дэлгэрэх ХХК-ийн байр худалдаж авна гэсэн зарын дагуу очиж уулзсан. 1 хотхоноос 10 байр худалдаж авна гэсэн зар байсан. Надад танилцуулахдаа манай компанид Солонгосын хөрөнгө оруулалт орж ирдэг ба уул уурхайн компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд тэдгээр компанийн ажилчдад байруудаа 5 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлээр худалддаг гэж байсан.

Б.******* нь надад хамтран ажиллах санал тавьж би зөвшөөрч бидний хамтын ажиллагаа аман хэлбэрээр байсан бөгөөд надад сарын 800,000 төгрөг өгөхөөр болсон, сүүлд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Зоос дэлгэрэх ХХК, ******* ХХК-ийн том захирал нь Ч. гэж хүн Рокмон бьюлдинг төвд байдаг гэж байсан.

2.2. Орон сууцны 2 төслөөс 7-8 байр авахаар болсон ба би Б.*******ыг орон сууцны компанитай гэрээ байгуулахад нь зуучилж байсан бөгөөд байранд урьдчилгаа 5,000,000 төгрөг өгч, сар бүр 5,000,000 төгрөг төлөхөөр барилгын компаниудаас байр худалдан авч байсан. Миний хувьд иргэдэд орон сууц худалдаж байгаагүй. гэж менежер, Б.******* хоёр иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулдаг байсан. Би 2018 оны 6 дугаар сар өнгөртөл компани дээр очиж байсан ба 2018 оны 4 дүгээр сараас Б.******* ажил дээрээ ирэхээ больсон.

Компани дээр гээд менежер, гэж нягтлан бодогч, Н.******* эгч, Г.******* эгч бид хэд байсан ба 2018 оны 6 дугаар сард нэг орой Б.******* оффист байсан бүх эд зүйлээ аваад явсан байсан.

2.3. Б.******* хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж ажиллах нөхцлөөр хангаагүй, цалин өгөөгүй, сүүлдээ өөрөө ажилдаа ирэхээ байснаас байр худалдсан компани, байр худалдаж авсан иргэд байнга залгадаг байсан. Б.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагч Н.*******н хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2018 онд танил дүү Б.******* үл хөдлөхийн чиглэлээр компани байгуулах гэж байгаа, та барилгын салбарт ажиллаж байсан туршлагатай, наад захын ойлголттой юм чинь дүүдээ туслаад ажиллаад өгөөч гэсэн. Ингээд би түүний байгуулсан компанид туслах ажил хийхээр болсон ба үйлчлэгч хэрэгтэй гэхээр нь найз Г.*******г санал болгож бид хамт ажилласан.

3.2. Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд дараа байгуулна гээд хойшлуулсаар байсан. Би тухайн компанид нийт 6 сар ажилласан ба эхний 3 сард 500,000-600,000 төгрөгийн цалин авч байсан, нийт 2,933,200 төгрөгийн цалин авсан.

3.3. Би түүнээс 3,500,000 төгрөг зээлж авсан ба үүнийгээ төлсөн. Б.******* дангаараа компанийнхаа санхүү болон бусад бүх үйл ажиллагааг удирддаг байсан ба түүнийг өөрийн дүү шиг санаж санхүү, мөнгөний асуудал нарийн шүү, үр дагавартай, мэддэг чаддаг хүнээр хийлгээрэй гэж зөвлөж байсан, миний үгийг аваагүй. Иймд Б.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Хариуцагч Г.*******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Миний бие найз Н.*******н санал болгосны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс Зоос дэлгэрэх ХХК-д үйлчлэгчээр ажиллах болсон ба 100 м2 талбай цэвэрлэдэг байсан. Өдөр хоол, цай хийж өгдөг байсан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд Б.******* захирал төвхнөж байгаад хийнэ гэсэн бөгөөд гэрээ хийж чадалгүй ажлаас гарсан. Би компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан.

4.2. Миний хувьд 2018 оны 7 дугаар сарын 12, 13-ны өдөр хүртэл ажилласан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.*******, Г.*******, Г.*******, Э.******* нарт холбогдох 19,497,092 төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасны дагуу өөрчлөх үү гэж шүүгч асуухад өмгөөлөгч За одоо хэсэг хугацааны дараа тодруулаад хэлье гэж хэлсэн байдаг.

Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл дээр Даргалагчаас, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодруулна уу гэж засаж оруулсан байдаг өмгөөлөгч за одоо хэсэг хугацааны дараа тодруулаад хэлье гэж шүүх хурал дээр хэлсэн. Нэхэмжлэгч хуулинд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхтэй байхад шүүгч өөрөө шууд шүүх хурал дээр хэлж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж хүсэлт бичүүлж авсан нь хууль зөрчсөн.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад хариуцагч нарт хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр нэхэмжлэлийг гардуулсан нь тодорхойгүй байдаг. Энэ нь хавтас хэргийн 178 хуудсанд хариуцагч Г.*******д нэхэмжлэлийг гардуулсан он, сар, өдөр байхгүй байгаа нь хууль зөрчсөн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөөд нэхэмжлэлээ хуульд заасны дагуу бичиж, хуулийн дагуу хариуцагч нарт гардуулах ёстой байтал тэр дор нь хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулсан гэж гарын үсэг зуруулж авсан нь нэхэмжлэгч миний хуулинд заасан эрхийг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эвлэрэх эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна.

Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах гэж заасан. Гэтэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж бичээгүй байхад яг тухайн өдөр нь хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулсан гэж баримт үйлдэж зуруулсан нь хууль зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор гардуулна гэж заасан. Гэтэл хавтас хэргийн 178, 179, 180 талд хэдэн оны хэдэн сард гардуулсан нь тодорхойгүй.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүлийн 86.1-т заасны дагуу хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна гэсэн байхад 3 удаагийн шүүх хурал болоход иргэдийн төлөөлөгчийг нэг ч удаа оролцуулаагүй шүүх хурал эхлэхэд иргэдийн төлөөлөгч ирээгүй, иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтээ хэл гээд шууд бичүүлж авч шүүх хурлыг эхлүүлсэн.

Нэхэмжлэгч хуулинд заасан эрхийнхээ дагуу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотлох баримт шүүхээр гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн үед хүсэлтийг хангаагүй орхисон.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шүүхийн шийдвэр нь хуулийн дагуу гараагүй хууль зөрчсөн шийдвэр гарч нэхэмжлэгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа учраас 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2024/00801 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч нар бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******гээс 7,808,746 төгрөг, Г.*******гаас 7,538,746 төгрөг, Э.*******аас 2,824,800 төгрөг, Г.*******аас 1,324,800 төгрөг, нийт 19,497,092 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдох шаардлагын үндэслэлээ хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж, зардлыг ганцаараа гаргасан, уг үйл ажиллагааны улмаас эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлж хохирсон тул зардлыг хамтран хариуцах үүрэгтэй гэж, хариуцагч Г.*******, Э.******* нарт холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ залилан мэхэлж цалин авч байсан гэж тус тус тайлбарлажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******д 2018 оны 1-7 дугаар сард 2,933,200 төгрөг, хариуцагч Г.*******д 2018 оны 1-5 дугаар сард 2,293,200 төгрөг, хариуцагч Э.*******т 2018 оны 2-7 дугаар сард 2,824,800 төгрөг, хариуцагч Г.*******т 3-4 дүгээр сард 1,324,800 төгрөгийг тус тус цалин утгаар шилжүүлсэн байх ба дээрх мөнгийг хүлээн авсан асуудлаар хариуцагч нар маргаагүй. /1хх-ийн 48-64, 92-102, 104-107 дугаар тал/

3.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Б.******* нь ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 2-7 дугаар сард дангаар болон Э.*******тай бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Э.******* нь ******* ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа Б.*******тай бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцож, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 18,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулсан. Үүнд:

Шүүгдэгч Б.******* дангаар болон Э.*******тай бүлэглэн бусдыг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар бусдын хөрөнгийг залилсан гэх зарим үйлдлийг эрүүгийн 18090400392 дугаартай хэргээс тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцааж, Б.*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. /1-хх-ийн 113-145 дугаар тал/

3.3. Талуудын маргааны зүйл нь хариуцагч Н.*******, Г.******* нар нэхэмжлэгчтэй хамтран ажилласан эсэх, хариуцагч Э.*******, Г.******* нар нь нэхэмжлэгчийг хуурч мэхлэх замаар хохирол учруулсан эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд хамтран ажиллах гэрээний болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй талаар зөв дүгнэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж маргааныг шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

4.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ нь ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд талууд хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх зарчмаар байгуулагдана. Энэ гэрээг байгуулагдсан гэж үзэх нөхцөл нь хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх зорилгыг тодорхойлж, үүнд хүрэхийн тулд гэрээний талууд ямар үүрэг хүлээж оролцохыг тодорхойлсон байх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.*******, Г.******* нартай ашиг олох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн үйл ажиллагаа явуулахаар тохирч, хамтран ажилласан гэх боловч уг үйл ажиллагааг явуулж ашиг олохын тулд хэн, ямар үүрэгтэй оролцох нь тодорхойгүй, талуудын үүрэг оролцоог тодорхойлж чадаагүй байх тул тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.гаас мэдүүлэг авсан, тэрээр ...Б.******* нь барилгын компани байгуулаад мөнгө олно гээд бид нарыг цалинжуулж байсан, яаж мөнгө олдог байсныг мэдэхгүй, би яг ажилд нь оролцож байгаагүй болохоор сайн мэдэхгүй, би нярав, Н.******* нь Б.*******тай явж мөнгө тушаадаг байсан, Г.******* үйлчлэгч хийдэг байсан гэж мэдүүлсэн, ийнхүү хариуцагч нар ажил хийж, цалин авч байсан нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж тооцох үндэслэл болохгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр Б.*******, Н.*******, Г.******* нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч энэхүү гэрээний зохицуулалтаар шаардлага гаргах эрхгүй.

4.2.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтаар хохирол шаардах эрх нь гэм буруугийн зарчимд үндэслэх ба гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан, уг үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардана.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаартай магадлалаар Б.*******ыг ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон. Энэхүү гэмт хэргийг үйлдэхэд хариуцагч Н.*******, Г.******* нар оролцсон гэм буруутай болохыг тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байхдаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тухайн хэрэгт хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй тул зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаагаар хариуцагч нараас хохирол шаардах эрхгүй.

4.3. Харин талуудын тайлбар болон хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Н.*******, Г.******* нар нь нэхэмжлэгчтэй тохиролцсон ажлыг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байх ба энэхүү харилцаа нь агуулгын хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцнэ.

Дээрх гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх болохыг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар цалин утгаар Н.*******д 2,933,200 төгрөг, Г.*******д 2,293,200 төгрөг тус тус шилжүүлсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчийг төлсөн гэж тооцох ба нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхгүй юм.

Түүнчлэн, хариуцагч нар нь хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд ашиглаж байсан байрны ашиглалтын болон бусад зардлыг төлөх үүрэг хүлээхгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр тоот дансанд note гэсэн утгаар 370,000 төгрөг шилжүүлж, уг шилжүүлгийн баримт дээр гар бичвэрээр Г.******* авсан гэж бичсэн байх ба уг мөнгийг Г.*******д шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч нь Ремакс болон манай компанид давхар байр зарж дундаас нь ашиг олж залилангийн гэмт хэрэг үйлдэж, хуурч мэхэлж цалин авч байсан гэх үндэслэлээр хариуцагч Г.*******, Э.******* нарт цалин утгаар шилжүүлсэн мөнгийг буцаан шаардсан.

5.1. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Б.******* нь дангаар болон Э.*******тай бүлэглэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Б.*******ын гэм бурууг тогтоосон тул хариуцагч Э.*******, Г.******* нарын буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэгт шалгагдаж хохирсон гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, өөрийнхөө гэм буруутай үйлдлийн улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Иймд Э.*******, Г.******* нар нь Б.*******ыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоогоогүй тул нэхэмжлэгч нь тэднээс гэм хорын хохирол шаардах эрхгүй.

5.2. Талуудын тайлбар болон хэргийн баримтаар хариуцагч Э.******* нь ******* ХХК-д борлуулалтын менежерээр, хариуцагч Г.******* нь орон сууц зуучлах үүрэг хүлээн ажиллаж, нэхэмжлэгчээс цалин олгож байсан харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Тухайн үед нэхэмжлэгч нь хариуцагч Г.*******, Э.******* нарын хийж гүйцэтгэсэн ажилд төлсөн хөлсийг буцаан шаардах нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт нийцэхгүй тул анхан шатны шүүхээс холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч нарт хэзээ гардуулсан нь тодорхой бус, нэхэмжлэлийн хувь гардуулахдаа хуульд заасан хугацааг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь нэхэмжлэгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авч, хариуцагч нарт гардуулах ажиллагааг хийсэн байх ба нэхэмжлэл гардуулах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн эсэх нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй.

6.2. Түүнчлэн талуудын маргаан гэм хорын эрх зүйн харилцаанд хамаарахгүй тул шүүх иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт бичүүлж авсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.3. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргээс Г.*******, Н.******* нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гаргасан боловч энэ талаарх хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргаж, хүсэлтээ дэмжээгүй байх тул уг хүсэлтийг шийдвэрлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2024/00801 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гаас 2,663,200 төгрөг, хариуцагч Н.*******гээс 2,933,200 төгрөг, хариуцагч Э.*******аас 2,824,800 төгрөг, хариуцагч Г.*******аас 1,324,800 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.*******гаас 4,875,546 төгрөг, хариуцагч Н.*******гээс 4,875,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА