Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч О.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн -д холбогдох эрүүгийн 1811031150141 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1978 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Салхит найрамдал 16 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар. 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Снь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ц.Очирсүрэнгийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картнаас 2.700.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Снь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хохирлыг төлнө…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ц.Очирсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Соронзонболд, Отгоо гэх хүмүүстэй хамт архи уусан бөгөөд эхлээд Соронзонболдод Хаан банкны виза картаа өгөөд нууц кодыг нь хэлээд гэрийн ард байдаг Заяа дэлгүүрээс 2 шил архи аваад ир гээд явуулсан. Тэгээд Соронзонболд дэлгүүрээс 2 шил архи аваад орж ирсэн. Орж ирээд миний Хаан банкны виза картыг өгсөн. Тэгээд бид гурав хоёр шил архийг хувааж уугаад дуусгасан. Тэгээд Соронзонболд, Отгоо хоёр байшинд замаск хийж дуусаад хатаад ирэхээр нь обойгоо наана гэж тохирсон. Тэгээд Соронзонболдод эргүүлээд Хаан банкны виза картаа өгч обой, цавуу аваад ир энэ шөнөдөө обойгоо наана гэж ярилцаад манай гэрээ Отгон, Соронзонболд хоёр хамт гараад явсан. Тэгээд тэр өдөртөө эргэж ирэлгүй миний данснаас 2.700.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж авсан байсан. Би Хаан банкны виза картаа Соронзонболдод өгсөн, картын нууц дугаарыг ч Соронзонболдод хэлсэн байсан...” гэжээ /хх-8-10х/.

              Шүүгдэгч О.Соронзонболдоос хохирогч Ц.Очирсүрэнгийн Хаан банкны 5017121715 тоот дансанд 1.400.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-83/.

              Хаан банкны депозит дансны хуулга /хх-6х/.

              Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-69/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Снь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ц.Очирсүрэнгийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картнаас 2.700.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч О.Соронзонболдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Ц.Очирсүрэнд учирсан нийт 2.700.000 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1.300.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Очирсүрэнд олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч О.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлоос заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажлаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Соронзонболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Хэрэгт хураагдан ирсэн 01 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч О.Снь энэ хэрэгт нийт 46 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч О.Соронзонболдод хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлоо нөхөн төлөх үүрэг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Соронзонболдоос нийт 1.300.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Очирсүрэн /РД: ХЕ60092811/-д олгосугай.

4. Шүүгдэгч О.Соронзонболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг нэн даруй сулласугай. 

5. Хэрэгт хураагдан ирсэн 01 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч О.Снь энэ хэрэгт нийт 46 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Соронзонболдод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН