Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00900

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00900

 

 

 

О.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/00679 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХХК-д холбогдох,

Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ******* ТӨХХК-д 2017 оноос гэрээт нягтлан бодогч, аж ахуйн албаны дарга, тайлан тооцооны ахлах нягтлан бодогч, Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Ажлаас халсан тушаалаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг үндэслэн гаргасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүй халдсан тул уг тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байхад мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй.

О.******* 2022 оны 6 дугаар сард ерөнхий нягтлан бодогчийн албан үүрэгт томилогдохдоо мэргэшсэн нягтлан бодогч болоогүй байсан гэдгийг ажил олгогч өөрөө мэдэж байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч биш, тухайн ажлын байрны шалгуурыг хангахгүй гэдгийг мэдсээр байж томилсон мөртлөө гэнэт ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй.

Ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох ёстой байхаар хуульчилж ажил олгогчид үүрэг болгосон.

О.******* нь эхний шатны шалгалтад 2022 оны 11 дүгээр сард тэнцээд гэрчилгээгээ авсан. Дараагийн шатны шалгалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн институтээс зохион байгуулах шалгалтад оролцохоор бэлтгэж байсан. Үүнийгээ ажил олгогчид амаар мэдэгдсэн.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т уг хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон бол ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэхээр хуульчилсан.

2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардан авсан бөгөөд 2023 оны 5 дугаар 12-ны өдрийн Б/28 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний сул ажлын байрны мэргэжил ур чадварт тэнцэж байсан тул 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилогдсон.

Харин Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг гаргахдаа ямар ч мэдэгдэл өгөхгүйгээр ажлаас халсан. Уг тушаалыг ажилтанд мэдэгдсэн ямар нэг зүйл байхгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь хууль бус байна.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад О.*******г ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичгийг үндэслэсэн. Уг албан бичгийн хавсралтаар түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдээс сонгон шалгаруулалтын талаар ирүүлсэн гомдлын дагуу төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн илтгэх хуудас гэх баримтыг Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн.

******* нь 100 хувь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани ба үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлдэг.

******* нь бие даасан хуулийн этгээд О.*******тай үүсгэсэн хөдөлмөрийн харилцаанд Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, О.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээ баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах ёстой.

Гэтэл Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичгийг үндэслээд тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/1851 дүгээр албан бичигт О.*******г түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулалтгүйгээр хүмүүсийг оруулдаг гэсэн.

О.******* нь ******* ТӨХХК-д дурдсан иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахад ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод түрээсийн орон сууцанд оруулах иргэдийг сонгон шалгаруулах, уг үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг байхгүй.

Гэтэл сонгон шалгаруулалтгүй иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан мэтээр огт үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэв тэгж үзсэн бол үүнийг эрх бүхий байгууллага буюу Авлигатай тэмцэх газар шалгах ёстой байтал Барилга, хот байгуулалтын яамны албан бичгийг үндэслэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь огт үндэслэлгүй.

1.5. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд түүнийг ажил олгогч өөрөө шалган тогтоож, ажилтанд мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангах ёстой.

Ажил олгогч нь ажилтны үйлдсэн гэх сахилгын зөрчлийг өөрөө шалгаж тогтоогоогүй, мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг бичгээр гаргаагүй зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд зөрчсөн.

1.6. Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй. Ажилтан, ажил олгогч нарын хооронд үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-т заасан эрх зүйн актуудын эрэмбээр зохицуулдаг. Тус хуулийн зохицуулалтад хөдөлмөрийн гэрээ нь байгууллагын дотоод хэм хэмжээнээс илүү хүчин чадал бүхий байхаар хуульчилсан.

Ажил олгогч нь тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг баримтлалгүй, зөвхөн дотоод журмын заалтыг баримталсан нь талуудын гол тохиролцоо болох хөдөлмөрийн гэрээг баримтлалгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж тушаал гаргасан.

О.******* нь Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооны хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болж, шийдвэр гаргасан.

Шийдвэрийн 6-д ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн О.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/33 тоот тушаал, гаргасан шийдвэрээ хэвээр хадгална гэснээр талууд тохиролцоогүй тул О.*******гийн хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгов гэсэн байна. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд зохицуулах, маргааны талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх чиг үүрэгтэй гэж ойлгодог.

Гэтэл уг гурван талт хороо нь маргааны талаар огт дүгнэлт хийлгүй, талууд тохиролцоогүй хэмээн маргааныг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.2-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэсэн хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

1.7. Иймд ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичгээр Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захиралд авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомж, шаардлагыг зөрчин ажилд томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх чиглэлийг ирүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор холбогдох хяналт, шалгалтыг тус компанийн ажилчдын хүрээнд явуулсан ба тухайн шалгалтаар 6 ажилтан албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн. Энэ нь ЗГХЭГ-аас ирүүлсэн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 4-т заасан ...ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон гэх үндэслэлд хамаарч байсан тул тухайн ажилтнуудад холбогдох арга хэмжээ авсан. Дээрх зөрчилтэй 6 ажилтны нэг нь О.******* байсан.

2.2. О.******* нь Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон боловч тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны А/37 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Ерөнхий нягтлан бодогч АБТ-ын 3-т заасан мэргэшсэн нягтлан бодогч байх гэх шаардлагыг хангаагүй нь хяналт, шалгалтаар илэрсэн тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

2.3. Ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн зүгээс түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасны дагуу Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг 1 жилийн турш эрхэлсэнтэй нь холбогдуулан 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.

О.******* нь тус албан тушаалд 2022 оны 6 дугаар сард буюу чөлөөлөгдөхөөс 1 жилийн өмнө томилогдсон бөгөөд ийнхүү томилогдохдоо мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь Ерөнхий нягтлан бодогч албан тушаалд тавигддаг суурь шаардлага байсныг мэдэж байсан. Ажил олгогч тухайн ажилтныг ажлын байрандаа тэнцэхгүй буюу мэргэшсэн бус гэдгийг мэдсээр байж томилсон нь тухайн үйлдлийг хууль ёсны үйлдэл гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2018 онд мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад хамрагдан, мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх хүсэлтээ ажил олгогчид гаргаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс ч тухайн хүсэлтийг нь хангаж, холбогдох зардлыг гарган сургалтад хамруулж байсан. Үүнээс үзвэл ажил олгогч нь О.*******г ажилд томилогдсон хугацаанаас эхлэн мэргэшлийн түвшингээ сайжруулах боломжийг тогтмол олгосоор ирсэн.

2.4. Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6-д гүйцэтгэх захирал нь дэд захирал, ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө. Шаардлагатай бол Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн санаачилгаар тэдгээрийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно гэж заасан. Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх удирдлага Л.Батжаргал нь О.*******г ажил үүргээс нь чөлөөлөхдөө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, асуудлыг хурлаар хэлэлцүүлээгүй бөгөөд өөрийн санаачилгаар 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн.

Ерөнхий нягтлан бодогчийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ийнхүү чөлөөлсөн асуудал нь тус компанийн дүрэмд заасан дээрх зохицуулалтыг зөрчсөн байх бөгөөд үүнээс үзвэл Гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаал нь анх үйлдэгдсэн хугацаанаас эхлэн хүчин төгөлдөр бус байсан.

Гүйцэтгэх захирлын дээрх тушаал нь хүчингүйд тооцогдсоноор хууль зүйн үр дагаврын хувьд Гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар О.*******г Ахлах мэргэжилтнээр томилсон тушаал нь мөн адил хүчингүй бөгөөд тус ажилтан нь Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргээсээ анхнаасаа чөлөөлөгдөөгүй байсан юм.

Дээрх шалтгаанаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, ерөнхий нягтлан бодогчийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд 01 дугаар хуралдааны тэмдэглэлээр О.*******г ажил, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Иймд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг дахин өгөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд анхны мэдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгснөөс хойш 51 хоног буюу 2 сарын дараа тус албан тушаалаас чөлөөлсөн. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааны хүрээнд илэрсэн зөрчил, Барилга, хот байгуулалтын сайдаас ирүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдээс шалгаруулалтын талаар *******-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай илтгэх хуудас, дүгнэлтийг харгалзан үзсэн байна.

2.5. Ажил олгогч нь тус ажилтныг ажил, үүргээс нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэсэн. Учир нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдэгт 6.2.23-т Ажлын байрны нөхцөл шаардлагад тавигдах мэргэжлийн ур чадвар, туршлага, боловсролын үнэлэмж тэнцэхгүй болсон гэж заасан бөгөөд тус ажилтны мэргэшлийн түвшин нь гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй байдал нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдал үүссэнтэй холбоотой.

2.6. Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн эрх барих дээд байгууллага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар бөгөөд үүнийг холбогдох хууль тогтоомж болон компанийн дүрмээр баталгаажуулсан байна.

Барилга, хот байгуулалтын яамны хувьд Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн санхүү, хөрөнгө оруулалт, аж ахуй, түрээсийн орон сууцтай холбоотой асуудал болон холбогдох бусад асуудлаар мэргэжлийн арга зүйн туслалцаа өгч оролцдог.

Мөн Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан.

Үүнээс үзвэл хууль болон холбогдох тогтоолуудад заасны дагуу Барилга хот байгуулалтын яам нь Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, захиргааны хэм хэмжээний акт баталж мөрдүүлэх бүрэн эрхтэй байгууллага бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд баталсан журмынхаа хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн хяналт, шалгалт нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.

Тус хяналт шалгалтын үр дүнд О.******* нь өөрийн албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан өөрийн ээж, төрсөн эгч, зээ дүү нар болон өөрт хамаарал бүхий өөр бусад 5 этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр түрээсийн орон сууцанд хамруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь илэрсэн.

Дээрх илтгэх хуудас болон дүгнэлтийн хүрээнд тус компанийн Дотоод аудитор мөн адил хяналт, шалгалт явуулсан бөгөөд тухайн шалгалтаар ... Илтгэх хуудсанд дурдсан 13 ширхэг Төрийн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ-нүүдийг байгуулсан хугацааг авч үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10 хооронд 9 гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 4 өмчлөх гэрээ байгуулагдсан байх ба тус хугацаанд манай байгууллагад бичгээр хүсэлт гаргасан иргэдэд Тайлбар хүргүүлэх тухай 105 ширхэг албан бичиг явсан байна.

Тус албан бичгүүд нь ижилхэн утга санааг агуулсан байх бөгөөд 2016 оноос хойш хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд бүрэн хамрагдаад байна, 2017 оноос хойш Төрийн түрээсийн орон сууцны санд орон сууц нэмж шилжүүлсэн шийдвэр гараагүй байна, иймд шинээр бүртгэл явагдах үед зохих журмын хүрээнд бүртгүүлэх боломжтой гэсэн тайлбарыг иргэдэд явуулж байсан... гэх нөхцөл байдлыг илрүүлсэн.

2.7. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын аль нэг нь гэрээг цуцлахдаа зайлшгүй хуульд нийцүүлсэн байх шаардлагатай бөгөөд хууль зөрчөөгүй боловч хуульд тусгагдаагүй нөхцөлүүдийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон тохиолдолд гэрээг цуцлах үед тухайн зохицуулалтыг зайлшгүй үндэслэх шаардлагатай.

Төрийн өмчит орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны Б/33 тушаалын хувьд хуульд заасан үндэслэлийн дагуу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж холбогдох хуулийн зохицуулалтууд болон түүний үндэслэл болсон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгүүдийг үндэслэсэн.

Түүнчлэн хуульд Хөдөлмөрийн дотоод журмыг гэрээ цуцлах тушаалд үндэслэхгүй гэх зохицуулалт байхгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан О.*******г ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй бөгөөд ахлах мэргэжилтэн албан тушаалын хувьд ч дээр дурдсаны дагуу Гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаал нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч О.*******г урьд эрхэлж байсан буюу Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 68,425,308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 500,076.54 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгч О.*******г урьд эрхэлж байсан Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг дахин зөрчих, өмнө зөрчсөн байсан шийдвэрийг үргэлжлүүлэхийг шаардаж байна.

Төрийн өмчит хуулийн этгээдэд ажиллах зарим албан тушаалтанд тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нарийвчлан тогтоосон.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт төрийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлагыг хуульчилсан. Ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр захирал томилно гэж заасан.

Хэдийгээр, О.******* нь "Төрийн өмчийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох үедээ мэргэшсэн нягтлан бодогч байх гэсэн шаардлагыг хангахгүй байсан. Мэргэшлийн шаардлага хангахгүй байхад үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй. Түүнчлэн, Сангийн яамны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/4349 дүгээр албан бичгээр зөвшөөрөл олгох боломжгүй болохыг мэдэгдсэн байдаг.

Шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхын зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд бүрэн нийцсэн байх шаардлагатай. Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчсөн өмнөх шийдвэрийн алдааг залруулсан байхад шүүхийн шийдвэр нь хариуцагчаас хууль зөрчсөн шийдвэр гаргахыг шаардах нь зүй бус болно.

Шүүх иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалалт тогтоох зорилготой. Гэхдээ уг зөрчигдсөн эрх нь анх хууль ёсоор үүссэн үү, эсхүл хууль бусаар үүссэн үү гэдгийг нягтлан тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэвэл хууль бусаар аливаа эрх олж авсан этгээд шүүхийн хамгаалалтад багтаж, хууль бус шийдвэрийг залруулсан этгээд буруудах магадлалтай.

Тодруулбал, О.******* Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан мэргэшсэн нягтлан бодогч байх гэсэн мэргэшлийн шаардлагыг хангахгүй байхад түүнийг ажил олгогч уг ажил албан тушаалд томилсон гэдэг баримтад ач холбогдол өгч хуулиар тодорхойлсон мэргэшлийн шаардлагад өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч хуулийн шаардлагыг хангахгүй байгаа нөхцөл байдал хэвээр байхад урьд эрхэлж байсан гэдгээр нь уг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Түүнчлэн шүүхээс ерөнхий нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөөгүй үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд хууль болон гэрээгээр олгосон эрхийн хүрээнд шийдвэрлэх зарим асуудалд компанийн дүрэмд зааснаар оролцож байгаа нь тухайн шийдвэр хуульд нийцсэн эсэх, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхэд хяналт тавих явдал бөгөөд холбогдох асуудлаар шийдвэр гаргаж, батлах эрх бүхий субьект нь гүйцэтгэх захирал болно. Ажил олгогчийн зүгээс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч О.*******г ажлаас чөлөөлөх байр сууриа өөрчлөөгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэлтэй холбоотой ямар нэг акт гаргаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байдалд нь сөргөөр нөлөөлөх шийдвэрийг гаргаагүй буюу гүйцэтгэх захирлын тухайн этгээдийг чөлөөлөх шийдвэрийг дэмжсэн атал ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн.

Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн шийдвэрийг зөвшөөрөлгүй гаргасан гэж үзэн шийдвэрийг дэмжээгүй буюу ажлаас чөлөөлөх процессын ажиллагааг дахин эхлүүлэх, эсхүл О.*******г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд дахин мэдэгдэл өгөх хууль зүйн үндэслэл бүрдэх байсан. Гэтэл гүйцэтгэх захирал өөрийн гаргасан шийдвэрээ компанийн дүрэмд нийцүүлэн баталгаажуулж буй нөхцөл байдлыг буруу дүгнэн, ажлаас чөлөөлөх мэдэгдэл дахин өгөх ёстой хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "...нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын хугацаанд 16,206,000 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тодорхойлбол 1 өдрийн цалин хөлс 257,238 төгрөг болж байна... Үүний дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох ... 266 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 68,425,308 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй..." гэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцсон.

Шүүх журмыг үндэслэхдээ тус журмын 1.5-д "Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (...), тэтгэмж (...), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй" гэж заасныг огт хэрэглээгүй бөгөөд цалингийн тооцооллыг нэхэмжлэгч талд давуу байдлаар хийж, цалингийн бүрэлдэхүүн нь үндсэн болон бусад ямар төрлийн нэмэгдэлүүдээс бүрдэж байгааг шүүх хурлын явцад талуудаас огт асууж тодруулалгүйгээр зайлшгүй тогтоох естой нөхцөл байдлыг үл харгалзан шийдвэрлэсэн.

4.4. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/Ш32023/14972 дугаар түрээсийн орон сууцанд өөрийн хамаарал бүхий этгээд, төрөл О.*******д садангаа оруулж ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх утга бүхий эрүүгийн хэрэr хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эсэх, явуулж буй бол аль шатанд явж байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн эсэх талаарх баримтыг нотлох баримтын шаардлага ханган 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/19966 дугаар албан бичгээр 7 хуудас нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Ирүүлсэн баримт нь шүүгчийн захирамжид заасан шаардлагыг хангахгүй байна.

Шүүхээс О.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эсэх, явуулж буй бол ямар шатанд байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн эсэх гурван асуудлаар нотлох баримт ирүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Авлигатай тэмцэх газар шүүгчийн захирамжийн эхний хоёрт дурдсан асуудалд хамаарах нотлох баримтыг ирүүлээгүй, хэрэв энэ талаар ямар нэгэн баримт байхгүй бол тэр талаар дурдаагүй. Авлигатай тэмцэх газар зөвхөн шүүгчийн захирамжийн гуравт заасан буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн шийдвэрийг л шүүхэд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн, зохих ёсоор хангагдаагүй буюу шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүхээс О.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эсэх, явуулж буй бол ямар шатанд байгааг Авлигатай тэмцэх газраас дахин тодруулан, холбогдох нотлох баримтыг цуглуулах, гаргуулах ажиллагааг хийгээгүй.

Шүүх нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй хэмээн буруу дүгнэлт хийсэн. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д "Гэвч энэхүү 220300391 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт О.******* шууд хамааралтай гэх баримт хэрэгт авагдаагүй буюу түүний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох ажиллагаа энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн.

Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 220200391 дүгээр тогтоолд "*******" ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд..." хэмээн заасан. "******* ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтанд тухайн үед О.******* нь хамаарна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн ерөнхий нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь уг үйлчлэлийн хүрээнд хамаардаг. Үүнээс үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд Ерөнхий нягтлан бодогч, түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч багтах үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл компанийн дотоод аудитор, Барилга, хот байгуулалтын яам, Авлигатай тэмцэх газар зэрэг эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан нь нэг асуудлын хүрээнд буюу иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн үйл баримтад дүгнэлт өгөөгүй байна.

4.5. Хэрэв О.*******д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болно.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадсангүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/00679 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Бид 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрий Б/33 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байгаа. Тэрнээс өмнө болон хойно үүссэн асуудлын талаар маргаагүй. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлт бүхий байна.

Нэхэмжлэгч О.******* ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд мэргэжлийн нягтлан бодогчийн эрхгүй гэдгийг ******* ТӨХХК хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасныг зөрчиж томилсон гэж байгаа. Хууль зөрчиж томилсноос үүсэх үр дагаврыг ажилтан буюу иргэн хариуцахгүй. Ажил олгогч тухайн хүнийг мэргэшсэн нягтлан бодогч биш гэж мэдсээр байж томилчихоод дараа нь хууль зөрчиж томилогдсон гэж ажлаас чөлөөлж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэснийг зөрчиж байна.

Мөн компанийн дүрмийг зөрчиж томилогдсон юм бол компанийн дүрмийг баримталж ажлаас чөлөөлөх ёстой. Компанийн дүрмийн 14.12-т Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрөлтэйгөөр ерөнхий нягтлан бодогчийг чөлөөлнө гэж заасан. Хэрэгт ******* ТӨХХК-ийн гол хувьцаа эзэмшигч төрийг төлөөлж байгаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрөл авагдаагүй

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, мөн хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд ажил олгогч ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

5.3. Барилга, хот байгуулалтын яамны илтгэх хуудас гэх нэртэй дүгнэлтийг иш татаж анхан болон давж заалдах шатны шүүх дээр тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан илтгэх хуудас болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн баримтуудаас үзэхэд О.******* албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түрээсийн орон сууцанд хамрагдсан нэр бүхий этгээдэд давуу байдал олгосон эсэх асуудлыг шалгаж байгаа. Тэгэхдээ О.*******г бусдад давуу байдал олгосон гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Хариуцагч тал илтгэх хуудас гэх баримтыг үндэслэж хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон гэж үзээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь буруу.

Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам, төрийн өмчийн орон сууц нь зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах журамд ерөнхий нягтлан бодогч түрээсийн орон сууцны харилцаанд ямар нэгэн шийдвэр гаргах чиг үүрэг байхгүй

Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны дундаж цалин хөлсийг тооцоолсон тооцоолол нь ажилтны дундаж цалин хөлсөнд үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн цалин хөлсийг бодоход дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д заасныг огт хэрэгжүүлээгүй гэжээ. О.******* нь хоол, унааны нэмэгдэл авдаг байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог тул цалин хөлс тодорхойлох журамд хамаарч байгаа.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. О.******* нь ******* ТӨХХК-д 2017 оноос нягтлан бодогч, аж ахуйн албаны дарга, тайлан тооцооны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан.

3.2. ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.1, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 дугаартай албан бичиг, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаартай хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн О.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

4. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч О.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгохдоо нэхэмжлэгч нь Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагыг хангаагүй, энэ зөрчил Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичгийн хүрээнд хийсэн шалгалтаар илэрч, тус албан бичигт заасны дагуу холбогдох арга хэмжээ авсан гэжээ.

4.1. Хэрэгт авагдсан Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад мэргэшсэн байдлыг мэргэшсэн нягтлан бодогч гэж заасан, уг шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй томилогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон.

Дээрх үндэслэлээр гэрээ цуцлах тухайгаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Ажил олгогчийн зүгээс дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэж, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон байх ба уг тушаал нь компанийн дүрмийн 10.6-г зөрчиж гарсан үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б/33 дугаар тушаалыг гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцлахыг дахин мэдэгдэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч байгууллагыг хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар хуульд заасан хугацаа, журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

4.2. Хэдийгээр нэхэмжлэгч нь ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны ерөнхий шаардлагыг мэргэшлийн хувьд хангаагүй болохоо мэдэж байсан боловч тухайн ажилд томилогдсоноос хойш мэргэшлийн түвшингээ ахиулахаар Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журмын 7 дугаар зүйлийн 7.1-д Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгох шалгалтад орохын өмнө иргэн Санхүүгийн тайлан гаргах арга зүй, Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ-бизнес дэх нягтлан бодогч, Мэдээллийн технологи, Англи хэл гэсэн шалгалтад заавал хамрагдаж тэнцсэн байна гэж заасан шаардлагыг биелүүлж, дээрх шалгалтуудыг 2022 оны 10, 11 дүгээр сард өгч, гэрчилгээ авсан байна.

Энэ тохиолдолд ажил олгогч нь шаардлага хангасан этгээдийг ажилд томилох зарчмыг баримтлаагүй буруутайн хувьд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангах талаар нэхэмжлэгчид анхааруулах, мэргэшлийн түвшингээ сайжруулах боломжит хугацаа олгох, мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт нийцнэ.

Хариуцагч байгууллагын зүгээс хуульд заасан дээрх арга хэмжээг авалгүй, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичгийг үндэслэн О.*******гийн мэргэшлийн түвшин нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг зөрчсөн.

5. Анхан шатны шүүхээс сахилгын зөрчлийн талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.1. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2-6.2.41-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба үүнээс нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил алинд нь хамаарч байгааг тушаалдаа тодорхой заагаагүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд хууль тогтоомжийн хүрээнд компанийн санхүүгийн төсөв, тайлан, баланс гаргах, санхүүгийн үйл ажиллагаа сайжруулах, бараа үйлчилгээ худалдан авах, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих чиг үүрэгтэй байна.

Ажил олгогчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалд заасан албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан түрээсийн орон сууцанд өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл садангаа оруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн эрхэлж буй ажлын хүрээнд хамаарахгүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн эсэхэд эргэлзээгүй дүгнэлт өгөх боломжгүй. Энэ нь тухайн зөрчлийг бүрэн тогтоогоогүйтэй холбоотой гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хамаарал бүхий гэх нэр бүхий иргэдтэй түрээсийн орон сууцны гэрээ байгуулагдсан нь түүний хууль бус үйлдэлтэй шууд холбоотой гэж дүгнэх баримтгүй байх тул тухайн асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шалгалтын тайлан, хариуцагч байгууллагын Дотоод аудиторын дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдох дээрх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байгаа нь хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

6. Дээрхийг нэгтгэвэл ажил олгогч нь тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг эргэлзээгүй баримтаар тогтоож чадаагүй, мөн нэхэмжлэгчийг мэргэшлийн түвшингээ сайжруулах боломжит хугацаа олгох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

7. Шүүх нэхэмжлэгч О.*******г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн зөв тодорхойлж, хариуцагч байгууллагаас 68,425,308 төгрөг гаргуулж, уг дүнгээс зохих суутгалыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцжээ. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх болон үнэлэх үүргээ биелүүлээгүй, дундаж цалин хөлс тодорхойлох журмын холбогдох заалтыг хэрэглээгүй гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/00679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА