Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00893

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00893

 

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00420 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.*******өөс 36,000,000 төгрөгөөр can-an maverick маркийн дөрвөн дугуйтай мотоциклыг худалдаж авсан. Уг 4 дугуйт мотоциклийн араа нь хугархай эвдрэлтэй байсан болохоор буцааж өгсөн, өөрөө ирж авч яваад засаж зараад мөнгийг чинь өгье гэсэн.

1.2. Хэсэг хугацааны дараа худалдаж авсан газраа очиход мотоциклийг задлаад эд анги нь байхгүй болохоор нь уурлатал тус гаражийн эзэн Б.*******, ах нь энэ чигээр нь худалдаад авъя, хавар хүүдээ засаад унуулна, мөнгийг чинь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний дотор өгнө гэж тохирч бичгээр гэрээ хэлцэл хийсэн.

Иймд Б.*******аас мотоциклийн үнэ 36,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус мотоциклийн араа хугархай эвдрэлтэй байсан, засаж янзлах ямар ч боломжгүй, сэлбэг нь олдохгүй учраас мотоциклийг буцааж аваарай гэдгийг нэхэмжлэгчид хэлж байсан, нэхэмжлэгч хүлээж аваагүй.

2.2. Мотоциклийг унаад явсан гаражид байхгүй байсан гэдгийг нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Хэлцэл болгон гэрээ болохгүй, хэлцэлд худалдах, худалдан авах гэрээний агуулга ерөнхий зүйл тусгагдаагүй хүчин төгөлдөр гэж үзэхэд учир дутагдалтай.

2.3. Мөн тээврийн хэрэгслийг унаж явсан гэх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиараа нэхэмжлэгч талд байсан. Гэрчилгээний эзэмшигч шилжээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцох боломжгүй. Анх хүлээлгэж өгсөн газартаа байдаг. Удаа дараа ав гэдгийг хэлсэн.

2.4. Хэлцэл хийсэн боловч худалдах, худалдан авах гэрээний шаардлага хангаагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 36,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 337,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ/2024/00420 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч Б.******* нь дээрх can-an maverick маркын дөрвөн дугуйтай мотоциклыг 36,000,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах саналыг Ц.*******од тавьсан байх ба Ц.******* зөвшөөрч мотоциклыг Ц.*******од үлдээсэн..." гэсэн хэрнээ үндэслэх хэсгийн 8-д ... хэрэг маргааны зүйл эн эн маверик маркийн 4 дугуйтай мотоцикл нь УРА ******* улсын дугаартай бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэгч Ц.*******ын нэр дээр байгаа боловч нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөс татгалзаагүй. Мөн мотоцикл нь хариуцагч Б.*******ын бодит эзэмшилд байгаа болно..." гэсэн нь тухайн мотоцикл яг хэнийх нь бодит эзэмшилд байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх 4 дугуйт мотоциклийн араа нь хугархай, эвдрэлтэй байсан. Засаж янзлах ямарч боломжгүй, сэлбэг нь олдохгүй байна, мотоциклоо буцааж ав гэж удаа дараа хэлж байсан. Биет байдлын доголдолтой эд зүйл гэдгийг аль аль тал мэдэж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ч энэ талаар бичсээр байтал шүүх талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзэж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсвэл буруу хэрэглэсэн.

4.2. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан ба маргааны эд зүйл болох мотоциклын араа нь хугархай, эвдрэлтэй байсан нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгч худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үндэслэлтэй юм.

Хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд авч хэлэлцээгүй шүүх хэт нэг талыг баримталсан.

Иймд Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг дурдсан. Хариуцагчийн давж заалдах гомдолд дээрх үндэслэлүүд харагдахгүй байна.

5.2. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, оролцогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн зүйл байхгүй. Талуудын хэн аль нь тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан мотоциклийн үнэ 36,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын байгуулсан хэлцэлд худалдах, худалдан авах гэрээний агуулга тусгагдаагүй гэх агуулгаар маргажээ.

3. Шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож, маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

3.1. Талуудын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бичгээр байгуулсан хэлцэл гэж нэрлэсэн баримтад Ц.******* нь ******* УРА улсын дугаартай, Can-am maverick, аралын дугаар ******* мотоциклыг Б.*******т 36,000,000 төгрөгийн үнэ төлбөртэй худалдахаар тохиролцож, Б.******* нь төлбөр болох 36,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ. Энэхүү тохиролцоогоор талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг тохирсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох мотоциклийн араа хугархай эвдрэлтэй байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой байх нь тухайн гэрээний агуулгад нийцэх эсэх, уг доголдол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болох эсэх асуудлаар маргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Энэхүү гэрээний агуулгыг хэрхэн тохирох нь тухайн гэрээний талуудын хүсэл зориг бөгөөд талуудын тохиролцоо хуулийн хориглох хэм, хэмжээг зөрчөөгүй байх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх юм.

Иймд талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээний зүйл болон түүний үнийн талаар харилцан тохиролцож, энэхүү хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл эвдрэлтэй байх нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ийнхүү хариуцагч нь араа хугархай, эвдрэлтэй мотоциклийг худалдан авахаар тохирсоноор түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

3.2. Харин худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээж авснаас хойш хожим доголдлыг илрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд худалдагчийн эсрэг гаргах эрхтэй.

Түүнчлэн, ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт зохицуулсан.

Талуудын тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт аль аль нь хамааралгүй тул хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл тогтоогдсонгүй.

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 36,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА