Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

2019       3          21                                    2019/ШЦТ/237

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            Улсын яллагч С.Оюунжаргал,

            Шүүгдэгч Т.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн -д холбогдох 1811035020056 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1989 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Угтаалцайдам сум, 2 дугаар баг, Агсат Номгон 16 гудамжны 140 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 36-501 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Т нь 2018.12.07-ны өдрийн 14:10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө Pease Mall төвийн урд замд О.Хүрэлбаатарын эзэмшлийн Ниссан Санни маркийн 21-91 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.5-д заасан “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3.4-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .... ажиллахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай А.Хуланг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, хохирол төлбөрийг төлнө. Маш их харамсаж байна...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай охиныг гарцаар гарч байхад нь мөргөсөн байсан. Би хэрэг гарах үед ажил дээрээ байсан. Тухайн үед Т.Т бид нарт хэлээгүй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд байхад манай охин залгаж надад хэлсэн. Тэгээд би Т.Ттай очиж уулзсан. Шинжилгээ, холбогдох зургийг нь авахуулсан. Шинжилгээний хариу нь жийргэвч резиний нимгэхэн хальсны урагдалттай гэж гарсан. Энэ гэмтлийг нь удаан хугацааны турш эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Одоо эмчилгээ хийгдэж байгаа. 1 сарын хугацаагаар түр амраах шаардлагатай гэж эмч хэлсэн. 1 сарын дараа дахин лазерын эмчилгээг үргэлжлүүлж хийнэ гэсэн. Цаашид эмчилгээ хийгдэнэ. Энэ гэмтэл нь удаан хугацааны турш эдгэдэг гэсэн. Эмч нарын зүгээс хөдөлгөөнийг хорь гэж хэлсэн. Сүүлийн үед манай охины зүрх нь дэлсээд, шокноосоо гарч чадахгүй байгаа. 5 хоногийн эмчилгээ хийгдсэн байгаа, би баримтыг нь авчирч амжсангүй. Одоо нийт 1.197.740 төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг Т.Т өөрөө хариуцаж төлөх байх. Миний охины биеийн байдал бага багаар сайжирч байгаа. Т.Тад гаргах гомдол, санал байхгүй...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Насанд хүрээгүй хохирогч А.Хулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 14 цаг 10 минутын үед ганцаараа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Пэйс молл дэлгүүрийн урд замд явган хүний гарцаар ногоон гэрлээр олон хүмүүсийн хамт гарч явтал 1, 2 дугаар эгнээнд явж байсан автомашинууд зогсоод зам тавьж өгөөд урд явсан хүмүүс зам хөндлөн гараад би араас нь явж байтал 3 дугаар эгнээний машин зам тавьж өгөлгүй миний биеийн зүүн талаас мөргөж газар унасан. Ослын дараа би маш их шоконд орсон, хүний ярьж байгаа яриа сонсогдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа орчноо ойлгоход машин дотор явж байсан. Жолоочид ээж, аавтайгаа ярих хэрэгтэй байна гэхэд жолооч ах юм дуугарахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод гэмтлийн эмчил ослын талаар хэлээд аав ээждээ хэлсэн. Ослын улмаас зүүн хөлийн өвдөг гуяа дагаад өвдөөд байгаа. Гэрэл дохиотой явган хүний гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан. Гомдолтой байна, ослын улмаас эрүүл мэнд болон хийх байсан төлөвлөгөөт ажил байхгүй болсонд бие болон сэтгэл санааны гомдолтой байна...” гэжээ /хх-17-18/. 

Иргэний хариуцагч О.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: “...Т.Т нь манай хүргэн байгаа юм. Миний 21-91 УНЦ улсын дугаартай автомашинд ослын улмаас гарсан гэмтэл, эвдрэл байхгүй. Шаардлагатай тохиолдолд хохирлыг боломж бололцоогоороо барагдуулна...” гэжээ /хх-29/.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-9-12/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-48-51/.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадалгаа /хх-56/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №113 дугаартай дүгнэлт:

1. А.Хулангийн биед зүүн өвдөгний үений жийргэвчийн урагдал, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хх-41/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Т.Т нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 14 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө Pease Mall төвийн урд замд О.Хүрэлбаатарын эзэмшлийн Ниссан Санни маркийн 21-91 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.5-д заасан “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3.4-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .... ажиллахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай А.Хуланг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь эмчилгээний зардалд 723.000 төгрөг төлсөн байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд хохирлын талаар нийт 1.197.700 төгрөгийн баримт шинээр гаргаж өгснийг баримтаар үнэлж нэхэмжилсэн нийт 1.152.740 төгрөгийг шүүгдэгч Т.Таас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтантулгад олгох нь зүйтэй байна.

Хохирогч тал цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Таас 1.152.740 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтантулгад олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН