Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 444

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг,  2 дугаар хэсэг 162 тоотод оршин суух, Жамъян овогт Далхжавын Бямбасүрэн/ЦА63032314/-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв /-д холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 3.750.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. 

                                                       Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

      ... 2016 оны 02 дугаар сарын 05-нд ямарч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан. 2016 оны 05 дугаар сарын 18-нд шүүхийн шийдвэр гарсан боловч цалингийн нэхэмжлэлийг нотлох баримт бүрдээгүй учир дараа нэхэмжилж болох үндэслэлтэй гэж үзсэн.

           Ийм учраас ажилгүй байсан хугацааны буюу 5 сарын цалин болох 3.750.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! .... гэжээ.

          Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ... 2016 оны 02 дугаар сарын 05-нд манай төвийн дарга байсан Жамбалнямбуу намайг 22:00 цагийн үед дуудаж халагдах тушаал өгсөн. Би тушаалыг хүлээж авах боломжгүй талаар хэлэхэд чамтай өөр ярих асуудал байхгүй маргааш гэхэд бүх тооцоо хийж дуусгахыг санхүүд даалгасан байгаа гэсэн.

           Би шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж ажилдаа эргэж орсон. Ажилдаа орсныхоо дараа ажилгүй байсан үеийн цалин гаргуулж болох талаар шүүхээс хэлсэн.

           Иймээс ажилгүй байсан үеийнхээ цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл ажилгүй байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон. Дээрх ажилгүй байсан хугацааны цалин болох 3.750.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс гаргуулж өгнө үү!... гэжээ.

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв шүүхэд гаргасан тайлбартаа:           

   ... Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын А/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн Автотээврийн төвийн нийтлэг дүрмийн

        4.3.10-д зааснаар ... Төвийн үйл ажиллагаатай холбоотой санхүү, мөнгө хөрөнгө, эд хөрөнгө, худалдан авах болон актлаж устгах, худалдах, шилжүүлэх зэрэг үндсэн болон хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлаар Үйлдвэрийн газарт санал боловсруулж хүргүүлэх.

        4.3.11-д зааснаар ... Төвийн ажилтнуудын шагнал урамшуулал, тэтгэмжийн асуудлаар үйлдвэрийн газрын захиралд санал боловсруулж хүргүүлэх.

        Автотээврийн Үндэсний төвийн “Хөдөлмөрийн дотоод журам” –ын

         7.1-д зааснаар ... Ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн Үйлдвэрийн газрын захирлын тушаалаар тогтооно. Албан ажил ахих, манлайлах сонирхлыг төрүүлэх хөшүүрэг болгох үүднээс цалинг оновчтой тогтоож, дотоодын цалингийн сүлжээг жил бүр хянаж шинэчлэж болно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна! гэжээ.

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад Үндэслэх нь:

         Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 3.750.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, тус байгууллагын “Ёс зүйн дүрмийн  3.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1,3.18.2, 11.7.1,11.7.29 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Д.Бямбасүрэнг сахилгын ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас халах тухай тушаал гаргаснаар зохигчдын хооронд маргаан үүссэн болох нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн захирлын 03 тоот тушаал, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 300 дугаартай шийдвэр, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Б.Нарангэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд өгсөн тайлбартаа:  ... Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын А/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн Автотээврийн төвийн нийтлэг дүрмийн

4.3.10-д зааснаар ... Төвийн үйл ажиллагаатай холбоотой санхүү, мөнгө хөрөнгө, эд хөрөнгө, худалдан авах болон актлаж устгах, худалдах, шилжүүлэх зэрэг үндсэн болон хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлаар Үйлдвэрийн газарт санал боловсруулж хүргүүлэх.

4.3.11-д зааснаар ... Төвийн ажилтнуудын шагнал урамшуулал, тэтгэмжийн асуудлаар үйлдвэрийн газрын захиралд санал боловсруулж хүргүүлэх.

Автотээврийн үндэсний төвийн “Хөдөлмөрийн дотоод журам” –ын

7.1 Ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн Үйлдвэрийн газрын захирлын тушаалаар тогтооно. Албан ажил ахих, манлайлах сонирхлыг төрүүлэх хөшүүрэг болгох үүднээс цалинг оновчтой тогтоож, дотоодын цалингийн сүлжээг жил бүр хянаж шинэчлэж болно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

           Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.

           Иймд Д.Бямбасүрэнгийн ажилгүй байсан бүх хугацаанд  нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь сүүлийн 2015 оны 11,12 сар, 2016 оны 1 дүгээр саруудад авсан цалингийн нийлбэр 2.335.961:3=778.653 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч  байх тул, ажилгүй байсан 2016.02.05-наас 2016.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол:

2016 оны 2 сараас 2016 оны 7 дугаар сарын 01 хүртэлх сарын дундаж цалин 778.653х 4 сар = 3.114.612 төгрөг,

2016 оны 2 сард ажлын 21 хоног, ажилгүй байсан 10 хоног тул 778.653:21 хоног=37.078 төгрөг х10 хоног= 370.780 төгрөг, /цагаан сарын амралт хасав/

бүгд 3.114.612+370.780= 3.485.392 төгрөг байна.     

Харин илүү нэхэмжилсэн 264.608 төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 74.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 74.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 3.485.392 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгож, үлдэх 264.608 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 74.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 74.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ