Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00892

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00892

 

 

 

Г.*******, Э.*******, Э.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00889 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******, Э.*******, Э.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******эд холбогдох

Орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.*******, Э.******* нарыг тогтоолгож, Г.*******, Э.*******, Э.******* нарын өмчлөлд орон сууцыг шилжүүлж, орон сууцыг чөлөөлүүлэх, Э.*******ын олгогдоогүй тэтгэлэгт 1,807,800 төгрөг, түрээсийн төлбөр 10,080,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, мөнгөн хуримтлалаас ногдох хэсэгт 15,085,496 төгрөг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.*******ийг хасуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02737 дугаар шийдвэрээр Г.*******, Д.******* нар гэрлэлтээ цуцлуулсан.

1.2. Гэрлэлт цуцлагдах үед охин Э.*******, Э.Баян-Ундарга, хүү Э.*******, зээ хүү А.******* нарын хамт гэрээсээ гарч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 72 дугаар байрны 4 тоот 1 өрөө түрээсийн байранд сар бүр 420,000 төгрөг төлж амьдарч байна.

Миний бие хүүхдүүд, ач зээ нараа хооллох, хувцаслах, амжиргааны бүхий л зардлыг хариуцан тав тухтай орчинд амьдруулахын тулд 1 өрөө орон сууц түрээслэн хүүхдүүдтэйгээ хамт амьдарч явна.

Харин Д.******* нь төрсөн хүүхдүүд болон ач зээ нараа ая тохитой орон байраар хангаж амьдрах орчинг бүрдүүлэх эцгийн үүргээ гүйцэтгээгүй өдий хүрсэн тул 2019 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл 4 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 20,160,000 төгрөгийн 50 хувь болох 10,080,000 төгрөгийг гаргуулна.

1.3. Мөн Д.******* нь охин Э.*******ын тэтгэлгийг шүүхийн шийдвэрийн дагуу сар бүр өгдөггүй, өнөөдрийн байдлаар 1,807,800 төгрөгийн тэтгэлгийг төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй тэтгэлгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.4. Гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, шинэ хотхоны 2 дугаар байрны ******* 48,25 м2 орон сууц нь нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.******* нарын өмчлөлд 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн.

Гэрлэлт цуцлах үед гэр бүлийн дундын өмч болох орон сууц нь ХААН банкны зээлийн барьцаанд, зээлийн хугацаа дуусаагүй байсан тул гэрлэлт цуцлуулахтай хамтатган шийдвэрлээгүй. Тус орон сууцны зээлийн төлбөр 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлөгдөж, барьцаанаас чөлөөлөгдсөн.

Дээрх орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх ганц өмч хөрөнгө учраас том охин Э.*******, хүү Э.*******, бага охин Э.*******а нар хамтран өмчлөх эрхтэй тул өмчлөгчөөр тогтоолгож, цаашдаа тухайн орон сууцанд ам бүл долуулаа амьдрах эрхээ бодитоор хэрэгжүүлэн амьдрахыг хүсэж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02737 дугаар шийдвэрт заасан нөхцөл байдал арилсан тул гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, үр хүүхдүүдийн ая тухтай орчинд амар амгалан амьдрах боломж олгоно уу.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бид 1994 онд гэр бүл болж, 1994 онд том охин Э.*******, 2000 онд хүү Э. *******, 2007 онд бага охин Э.Буян-Ундрага нар төрсөн.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 102/ШШ2019/02737 дугаар шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан.

2011 оны 9 дүгээр сард миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 48,5 м2 талбайтай, 3 өрөө байрыг 11,500,000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл мөнгийг ХААН банкнаас 46,000,000 төгрөгийн зээл авч уг байрны зээлийг 2023 оны 8 дугаар сар хүртэл нийт 12 жил төлж барагдуулсан. Орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийг төлөхөд Г.*******ийн оролцоо байхгүй.

Мөн Миний бие 2009 оноос чихрийн шижин өвчний оноштой болсон. 2015 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар 70 хувийн группт орсон. Мөн 2021 онд чихрийн шижин өвчний хүндрэл болж зүрхэндээ мэс засал хийлгэн одоог хүртэл эмчийн хяналтад байдаг. Цаашид ажиллаж хөдөлмөрлөх чадамжаа алдсан. Иймд Г.*******ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Г.******* нь хамт амьдарч байх хугацаандаа бидний хуримтлуулж байсан мөнгөн хуримтлалаас 30,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, 2019 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 72 дугаар байрны орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг тус байрны эзэд болох О.Бат-Өлзий, Н.Сугар нартай хийн тус байрандаа бага охин Э.*******атай хамт амьдарч байгаа. Түүнээс тэр байрыг огт түрээслээгүй бөгөөд охин Э.*******, хүү Э.******* нар хамт амьдрахгүй байгаа.

Өөрийн бүхий л чадлаар эр хүн, эцэг хүний үүргээ биелүүлж хань ижил үр хүүхдээ бусдын дор оруулахгүй, юугаар ч дутаахгүй гэж хичээн зүтгэж амьдрал ахуйгаа авч явж, тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн. Иймд түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй.

2.3. Миний бие өөрийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох хэрэгцээг нь бүхий л боломжоороо өнөөдрийг хүртэл хангаж улмаар 2 том хүүхдээ их дээд сургуульд суралцуулан сургалтын төлбөр, бусад хэрэгцээгээр нь дутаалгүй боловсрол мэдлэгтэй болгох хүсэл зорилготойгоор амьдарч үүндээ ч хүрч эцгийн үүргээ биелүүлж ирсэн. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу бага охин Э.Баян-Ундрагын тэтгэлгийг төлж байгаа.

Миний бие эдгээр хүмүүст маш их гомдож байна. Мөн үр хүүхэд нь өсгөж өндийлөгсөн, нийгэмд мэргэжил мэдлэгтэй болгож өсгөсөн атал, хүний ёсонд байж боломгүй үг, үйлдлүүдийг гаргаж, эцгийн ач тус, ачлалыг умартаж өвчтэй болсон 50 нас гарсан 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан групптэй хөгшин эцгийгээ хөсөр хаяж өөрсдийн амин хувиа бодож эд хөрөнгөний төлөө улайран зүтгэж байгааг хараад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

3.1. Г.******* нь надад мэдэгдэлгүйгээр 25,000,000 төгрөгийн мөнгөн хуримтлал бий болгож, мөн ипотекийн зээлийн буцаан олголт болон сургалтын төлбөрийн буцаан олголтын 5,170,992.82 төгрөг нийт 30,170,992.82 төгрөгийн мөнгөн хадгаламж бүрдүүлэн одоо түрээслэж буй гэх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, хд 72 дугаар байрны 4 тоот хаяг байршилтай, 38.5 м2 талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасны дагуу Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь хамтран өмчлөх дундын хөрөнгө тул надад мэдэгдэлгүйгээр хууран мэхлэж хуримтлал үүсгэсэн дээрх мөнгөнөөс өөрт ногдох хэсэг болох 15,085,496 төгрөг гаргуулж өгнө үү.

3.2. Д.******* би 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн амьдарч буй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 2 дугаар байрны ******* хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 48.25 м.кв талбайтай, гурван өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг ХААН банкны хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 11,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 46,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр авахаар болсон.

Тухайн зээлийн гэрээнд Г.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Уг зээлийг би 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Зээлд нийт 71,601,067 төгрөгийг төлснөөс Г.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд 2,511,729 төгрөгийг төлсөн байдаг. Тус байрны урьдчилгаа 11,500,000 төгрөгөөс гадна зээлийн 96,5%-ийг Д.******* би дангаар төлсөн.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.", мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т "Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно." гэж тус тус заасан. Иймд охин Э.*******ад ногдох хэсгийг өөрөөсөө гарган өгч, Г.*******ийг орон сууцны гэрчилгээнээс хасаж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч Д.*******ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь Д.*******тэй хамтран амьдарч байх хугацаанд Г.******* миний бие нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тасралтгүй ажилласан.

Тухайн хадгаламж нь өөрийн хуваарьт мөнгө байсан. Энэ хадгаламжийг 2019 онд хүү Э.*******г БНСУ-д суралцуулах төлбөрт зарцуулсан. Нэхэмжилж байгаа Ү- дугаартай 48,25 м2 талбайтай байр нь хамтын хөрөнгө тул нэрээ хасуулах шалтгаан байхгүй.

Орон сууцны буцаан олголт 3,000,000 төгрөг, Э.*******ий сургалтын төлбөрийн буцаан олголтын мөнгийг авч амьдрал ахуй хэрэгцээ болон зээлэнд өгч хэрэглэж байсан. Байрны зээлний буцаан төлөлтийн мөнгийг гэр бүлийн орлогоос төлж байсан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******, Э.*******, Э.******* нараас Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны ******* орон сууцнаас ногдох хэсэг 21.480.320 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.*******эд олгож, орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.*******, Э.******* нарыг тогтоож, Г.*******, Э.*******, Э.******* нарын өмчлөлд орон сууцыг шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн охин Э.*******ын олгогдоогүй тэтгэлэгт 1.807.800 төгрөг, түрээсийн төлбөр 10.080.000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн 15.085.496 төгрөгийг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.*******ийг хасуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 332,673 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262,473 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарт олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/. Москвагийн гудамж, 2 дугаар байрны ******* хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 48.25 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө /Орон сууц/-г хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж орон сууцны үнийг зээл төлж хаасан үнийн дүн 71,601,067 төгрөгөөр тооцож, гэр бүлийн таван гишүүнд хуваарилах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь: Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа Э.Энх-Дөлгөөн, Э.******* нарыг маргаан бүхий орон сууны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус өөрөөр буюу маргаан бүхий орон сууцыг ноогдох тус бүрээр 5 хуваан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн.

Энэ талаар 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ноогдох хэсгийг шаардаагүй, хамтран өмчлөгчөөр 2 хүүхдийн нэрийг нэмүүлье, гэр бүлийн 5 гишүүндээ хувааж Д.*******эд оногдох хувийг бид 4 гаргаж өгье гэх шаардлагыг гаргасан.... /ШХТ-7-р хуудас/, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь адил байр суурьтай байсан юм

Хэрэв нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцнаас өөрт ноогдох хэсгээ шаардаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шаардлагын хүрээнд тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байтал шүүх нэхэмжлэгчид давуу байдал олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба энэ шаардлагаас 2024 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь татгалзсан байтал анхан шатны шүүх ямар үндэслэлээр Д.*******ийг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхой бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулинд заасан шударгаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх эрхэнд нь үндэслэлгүйгээр халдсан.

6.3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

6.3.1. Г.******* нь гэр бүлийн харилцаатай байх үедээ мэдэгдэлгүйгээр 25,000,000 төгрөгийн мөнгөн хуримтлал бий болгож, мөн ипотекийн зээлийн буцаан олголт болон сургалтын төлбөрийн буцаан олголтын 5,170,992.82 төгрөг нийт 30,170,992.82 төгрөгний мөнгөн хадгаламж бүрдүүлсэн /Энэ талаар тус шүүхийн 2024.01.09-ний өдрийн ШХТ болон хариу тайлбартаа тодорхой хэлсэн/ бөгөөд өөрт ногдох хэсэг 15,085,496 төгрөгийг гаргуулах шаардлагыг үндэслэлтэй, хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-т дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нь тайлбар татгалзалаа нотлох үүрэгтэй боловч хариуцагчийн зүгээс дээрх мөнгийг би хуримтлуулсан хүүхдээ гадаадад сургах, бусад ахуйн хэрэгцээндээ зарцуулсан гэж хэлдэг боловч энэ талаар ямар ч үндэслэл бүхий тайлбар баримт байхгүй, татгалзлаа нотолж чадаагүй байтал мөн шүүхээс дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгосоныг үндэслэлгүй гэж үзнэ.

6.3.2. Орон сууцны өмчлөлөөс Г.*******ийг хасуулах тухай шаардлагыг мөн адил ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгосоныг хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг Д.******* нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ХААН банктай хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 11,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 46,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр авахаар болсон.

Уг зээлийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Уг зээлд нийт 71,601,067 төгрөгийг төлснөөс Г.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд 2,511,729 төгрөгийг л төлсөн. Тус байрны урьдчилгаа 11,500,000 төгрөгөөс гадна зээлийн 96,5 хувийг Д.******* нь дангаар төлсөн.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно., 129 дүгээр зүйлийн 129.4-т Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно." гэж тус тус заасан байтал энэ талаар ямар ч үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй шууд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Д.******* нь эрүүл мэндийн шалтгаанаар 70 хувийн группд орсон тул цаашид ажиллаж хөдөлмөрлөх чадамжаа алдсан ба энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийлгүйгээр орон байрнаас нь гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тухайд.

6.4.1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 72 дугаар байрны 4 тоот, 1 өрөө 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцанд ам бүл долуулаа түрээслэн амьдарч байгаа Түрээсийн төлбөрийн тал хувь 10,080,000 төгрөг гаргуулна гэдэг бөгөөд бодит байдал дээр уг байрыг түрээслээгүй худалдан авсныг сайн мэдэх бөгөөд түрээсийн гэрээ юу, худалдах худалдан авах гэрээ хийсэн эсэхийг тодруулах үүднээс хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлтийг гаргасан боловч шүүхээс та бүхэн өөрсдөө баримтаа цуглуулах үүрэгтэй гэж хүсэлтийг хүлээн авахгүй удаа дараа таттгалзсан захирамж гаргасан.

Тухайн баримт нь хувь хүний нууцтай холбоотой баримт тул бид бүрдүүлж чадаагүй бөгөөд энэ талаар хүсэлтдээ маш тодорхой дурдахад үндэслэлгүйгээр татгалзсан.

6.4.2. 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* нь өмгөөлөгч /Л.*******/ одоо ирж байгаа тул өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа талаар хэлэхэд хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны эхлэх цаг хэтрээд 40 минут өнгөрч байна, шүүх хуралдаанаа эхлүүлмээр байна гээд шүүх хуралдаан эхэлсэн. Эхлээд хүсэлт хэлэлцээд шүүх хуралдаан завсарласан. Завсарлаад буцаж орох үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* ирсэн. Гэтэл нэгэнт эхэлчихсэн байсан шүүх хуралдааны дундуур Л.******* өмгөөлөгчийг шүүгч оруулж, тайлбар санал хүсэлтийг нь сонссон. Л.******* өмгөөлөгч эвлэрэх санал тавьсан ба үүнийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.

Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн щ 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрчин шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хуралдаанд оруулан тайлбар, санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчсөн. Энэ нь шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний 102/ШЗ2024/00993, 102/11132024/00994 дугаартай захирамжуудаас тодорхой харагдана.

6.4.3. Түүнчлэн шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг огт гаргаж өгөлгүйгээр хэрэг шийдвэрлэх шүүх хуралдаан болсон. Шүүхийн шийдвэрийг бичгээр авах үед л дөнгөж тэмдэглэлийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг ноцтой зөрчсөн.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2024/00889 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн зүгээс гаргаж байгаа давж заалдах гомдлын зарим хэсэг шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн талаар биш давж заалдах гомдлын үндэслэл ямар хуулийг зөрчсөн нь тодорхойгүйгээс гадна энэхүү гомдол ямар нэгэн байдлаар шүүхэд шийдвэр гаргахад нөлөөлөөгүй.

Анхан шатны шүүх гэр бүлийн дундын өмчлөлийн маргааныг гэр бүлийн гишүүдэд хуваарилсан. Хамтран өмчлөгчөөр тогтоож байгаа нь гэр бүлийн гишүүнээр тогтоож байна гэсэн үг. Гэр бүлийн гишүүнийг тодорхойлсны үндсэн дээр хуульд заасны дагуу өөрт ногдох хэсгийг авах эсэхийг шүүх шийдсэн нь алдаа биш. Хариуцагч хууль хэрэглээнд дутуу дулимаг гомдол гаргаж байна.

7.2. Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон Г.*******ийг хамтран өмчлөгчөөс хасуулна гэдэг бөгөөд ямар үндэслэлээр Г.*******ийг хамтран өмчлөгчөөс хасуулах гэж байгаа талаар асуухад хариуцагч тал өвчтэй, мөн маргаан бүхий орон сууцны төлбөрийн 90 гаруй хувийг төлсөн гэж тайлбарладаг.

Гэр бүл байх үедээ маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан гэр бүлийн гишүүдийн дундын өмч болохыг 2019 оны шийдвэрт тусгасан. Гэр бүлийн дундын өмчлөлд төлбөрийг хэн илүү төлсөн нь авах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Талууд 2019 оны 10 дугаар сард гэрлэлт цуцалсан бөгөөд Г.******* нь 3 хүүхэд, 1 зээтэйгээ гэрээсээ хөөгдөж, амьдрахын тулд байр түрээсэлж амьдарсан.

Түрээсийн байрыг Г.******* өөрийнх нь орон сууц гэдэг үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн захирамжид хариуцагч талыг нотлох үүргээ хэрэгжүүл гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа хүсэлтийг ач холбогдолгүй гэж үзэж, түрээсийн төлбөр гаргуулж шийдвэрлээгүй.

7.3. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд хоцорч орсон нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй. Талуудын хэн аль нь шүүх хуралдаанд эвлэрэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Шүүх хуралдаан хойшилсноор хариуцагчийн ямар эрх ашиг хөндөгдөж, ямар хор уршиг үүссэн нь тодорхойгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, ямар үйл баримтыг тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах гомдолд хамаарахгүй үндэслэлээр гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Г.*******, Э.*******, Э.******* нар нь хариуцагч Д.*******эд холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны ******* орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.*******, Э.******* нарыг тогтоолгож, орон сууцыг Г.*******, Э.*******, Э.******* нарын өмчлөлд шилжүүлэх, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Э.*******ын олгогдоогүй тэтгэлэг 1,807,800 төгрөг, түрээсийн төлбөр 10,080,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгөн хуримтлалаас ногдох хэсэгт 15,085,496 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөс Г.*******ийг хасуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, талуудыг мэтгэлцүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нар нь орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлж, Э.*******, Э.******* нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан, уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, 2 хүүхэд нь насанд хүрч тусдаа амьдарч байгаа тул шаардах эрхгүй, орон сууцны урьдчилгаа болон зээлийн төлбөрийг төлөхөд Г.*******ийн оролцоо байгаагүй гэх үндэслэлээр Г.*******ийг орон сууцны өмчлөгчөөс хасуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, орон сууцны өмчлөх эрхийн асуудлаар маргасан байна.

Анхан шатны шүүх 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудаас маргааны зүйл болсон орон сууцны үнийг тодруулж, нэхэмжлэгч орон сууцыг зээлийн төлбөрийн үнийн дүн 71,601,067 төгрөгөөр, хариуцагч зээлийн гэрээний үнийн дүн 57,500,000 төгрөгөөр тус тус үнэлэхээр тайлбар гаргасан байх ба шүүх орон сууцны үнэлгээг 71,601,067 төгрөгөөр тогтоож, уг дүнгээс тооцон Г.*******, Д.*******, Э.*******, Э.*******, Э.Баян-Ундарга нарын 5 хүнд хувааж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эсвэл орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгохоор маргаж буй аль нь болох, түүнчлэн орон сууцны үнийн талаар зохигчид маргаантай тохиолдолд энэ талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлсэний үндсэн дээр маргааны зүйлийг зөв тодорхойлж шийдвэрлээгүй алдаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжих, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл болох юм.

4. Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан эхэлсний дараа шүүх хуралдааны дэгийг зөрчиж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулсан, хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болох үед өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлүүд гараагүй байсан гэх зөрчлүүд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00889 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,554 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА