Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00881

 

 

 

2024.04.26                                                210/МА2024/00881

 

 

 

“*******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох 

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 180,000,000 төгрөг, засвар үйлчилгээнд зарцуулсан 20,786,825 төгрөг, үйлдвэрт үлдсэн тавилга, хэрэгсэл, бараа материалын үнэ 4,770,000 төгрөг нийт 205,556,825 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу эвдэлсэн тоног төхөөрөмжийг засварлахад гарсан зардалд 96,040,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, Б.*******, Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.  “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр, газрыыг 1,300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2. Гэрээ батлагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор урьдчилгаанд 200,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,100,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор зээл авч төлөхөөр тус тус тохиролцсон.

Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь зээлээр худалдан авах байсан бөгөөд бидний зүгээс уг үйлдвэрийг хэвийн ажиллуулж банкнаас бизнесийн зээл авч гэрээний үлдэх дүнг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тиймдээ ч үйл ажиллагаа явуулж эхлэхийн өмнө засвар үйлчилгээ хийж банкнаас зээл авахаар материал бүрдүүлсэн боловч уг үйлдвэрийн газар бусдын барьцаанд байсан нь бидний төлөвлөсөн нөхцөл биелэлээ олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Нөгөөтэйгүүр “*******” ХХК-ийн зүгээс удаа дараа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, хүндрэл үүссэний улмаас гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байсан.

1.3. Гэтэл “*******” ХХК-иас гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзаж, биднийг үйлдвэрийн байрнаас хөөж үйлдвэрийг хаасан.

Бидний зүгээс үйлдвэрийг нээлгэхээр удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч хариуцагч тал дур мэдэн гэрээг цуцлаж гэрээний урьдчилгаанд төлсөн мөнгө хийгээд үйлдвэрт хийгдсэн засвар үйлчилгээ, эд хөрөнгийг буцаан олгоогүй.

1.4. “*******” ХХК-ийн зүгээс анх хэлцэл хийж байхдаа банкны зээлэнд тавьж болно гэж хэлсэн бөгөөд газар нь банкны барьцаанд байгаа гэдгийг бидэнд мэдэгдэлгүй хожим гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй гэдгийг анхнаасаа мэдсээр байж бидэнтэй хэлцэл байгуулж гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг засварлуулж ажиллах боломжтой болсон даруйд үйлдвэрийг хааж битүүмжлэн, биднийг хөөн гаргасан зэрэг үйлдэл нь уг хэлцлийг анх байгуулж байхдаа үнэн санаанаасаа бус гэрээний обьектыг засварлуулан хэвийн ажиллагаатай болгох зорилгоор хийсэн гэж ойлгогдохоор байна.

Бид гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 120,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн, мөн анх үйлдвэрийн тодорхой эд ангиудыг засч ажиллуулахад нийт 20,508,440 төгрөг зарцуулсан.

Мөн биднийг хөөж гаргахад үйлдвэрийн байранд 4,770,000 төгрөгийн бараа материал үлдснийг буцаан өгөөгүй. Иймд “*******” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 205,556,825 төгрөг гаргуулж өгнө үү.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:  

2.1. Гэрээ байгуулсан нь үнэн, гэрээг байгуулахад үйлдвэрийн байр, газар барьцаанд байгаа гэдгийг хэлсэн.

2.2. Мөнгө гаргуулахаар шаардаад байгааг нь зөвшөөрөхгүй, манайх өөрсдөө бас хохирсон. Ажиллаж байсан үйлдвэрт орж ашиг хийгээд явсан гэдгийг гэрчээр оролцсон Д.******* өөрөө хүлээн зөвшөөрсөн.

2.3. Бид нар тухайн үед Хас банкинд өр ширтэй байсан, түүний хүү, алданги гээд бүх юмыг банк дээр дагуулж очоод хэлсэн, өөрсдөө энэ бүгдийг ойлгоод авъя гэж гэрээгээ байгуулсан. Өөрсдөө зөвшөөрч хийчихээд гэрээний үнэ төлөх үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийг ашиглаж ашиг орлого олсон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Засвар үйлчилгээ хийсэн гэж 20,786,825 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг авсан, өөрсдөө л ажиллуулахын тулд авсан юмаа нэхэмжлээд байна.

Хөөж гаргасан, эд зүйлсээ үлдээсэн гэж байгаа боловч тийм зүйлс үлдээсэн гэдгийг мэдэхгүй. Өөрсдийнх нь блок үйлдвэрлэх бэлтгэл ажлынхаа юмыг л засвар хийсэн гэж яриад байгаа. Бид нар зүв зүгээр ажиллуулж байгаад зогсчихсон байсан үйлдвэрийг аваад л цаашаа үргэлжлүүлээд ажиллуулсан энэ талаар 2 гэрч хэлэх байсан.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

3.1. Манай компани “*******” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамт худалдахаар тохирсон. Уг гэрээний үнийг 1,300,000,000 төгрөг байхаар тохирсон бөгөөд гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,100 000 000 төгрөгийг 6 сарын дотор банкны зээл авч төлж барагдуулахаар болсон.

Үлдэгдэл 1,100,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулах хүртлээ сар бүр 1,9 хувийн хүү төлж байхаар гэрээний 1.2-т тохирч, манай зүгээс гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн.  

Гэтэл “*******” ХХК-аас 7 хоног дотор төлөх 200,000,000 төгрөгөөс 180,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 хувааж төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг мөн хугацаандаа төлөөгүй.

3.2. Түүнчлэн 1,100,000,000 төгрөг, түүний хүүг огт төлөхгүй байсан тул манай компаниас удаа дараа үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо барагдуулахыг шаардсан боловч биелүүлээгүй. “*******” ХХК зээл хөөцөлдсөн гэсэн боловч борлуулалтын орлого хангалтгүй гэх үндэслэлээр татгалзаад байна гэснээр гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн.

Ийнхүү гэрээ байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш “*******” ХХК нь Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамтаар 2018 оны 12 дугаар сарын сүүл хүртэл 6 сарын хугацаанд ашигласаар байсан учраас манай компаниас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 01/89 дугаар албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/105 дугаар албан бичгүүдийг хүргүүлж гэрээ цуцлагдахад хүрсэн.

3.3. Энэ хугацаанд “*******” ХХК нь хөнгөн блокны үйлдвэрийн гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн байсан. Ингээд “*******” ХХК-д эвдэлсэн зүйлсээ засаж өгөх шаардлагыг тавьсан.

“*******” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 19/07 дугаартай албан бичгээр манай компанид хүсэлт гаргаж, эвдэрсэн ачилтын краныг шинээр суурилуулж, шохойн үйлдвэрийн эвдэрсэн сэлбэгийг шинээр авч тавин хэвийн ажиллагаанд оруулна гэж байсан боловч огт засаж өгөөгүй.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болоход “*******” ХХК-ийн Д.******* захирал 2020 оны 4 дүгээр сард багтааж засварлаж дуусгана. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж өөрийн гараар бичиг хийж өгсөн ч засварыг хийж өгөөгүй. Иймээс манай компаниас үйлдвэрийг буцаан ашиглалтад оруулахын тулд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ байгуулж “*******” ХХК-ийн эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлуулсан.

Уг засварын нийт дүн 96,040,000 төгрөг болсон ба уг үнийн дүнд манай компаниас “*******” ХХК-д 48,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг элс, шохойн тээрмийг бартераар хүлээлгэн өгч тооцоог хаасан.

3.4. Хэрэв “*******” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлж, тогтоосон хугацаанд төлбөрүүдээ төлсөн бол уг гэрээ хүчин төгөлдөр үргэлжлээд хэрэгжих байсан. Гэвч бодит байдал дээр “*******” ХХК санхүүгийн боломжгүй болсон тул гэрээ цааш хэрэгжих боломжгүй болж, цуцлагдахад хүрсэн.

Анх гэрээ байгуулснаас хойш манай үйлдвэрийг 6 сарын хугацаанд ашиглаж, хөнгөн блок үйлдвэрлэн борлуулж, өөрсдөө ашгийг нь хүртсэн.

Гэрээ цуцлагдсан боловч 6 сар ашиглахдаа эвдэлсэн тоног төхөөрөмжүүдээ тохирсон хугацаандаа буюу 2020 оны 4 дүгээр сар гэхэд засварлаж өгсөн бол бид үйлдвэрээ бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой байсан. Гэтэл эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлаагүйгээс болж манай компани тоног төхөөрөмжүүдийг засварлуулж 96,040,000 төгрөгийн хохирол учирсан.

Иймд “*******” ХХК-иас 96,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай үйлдвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу талууд үйлдвэрийн тоног төхөөрөмж, газрын хамтаар 1,300,000,000 төгрөг гэж тохиролцсон, урьдчилгаанд нь 200,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон үүнээсээ 180,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хариуцагч тал үүнтэй маргаагүй.    

4.2. Мөн үйлдвэрт 20,786,825 төгрөгөөр засвар үйлчилгээг хийсэн, үйлдвэр дотор авч чадаагүй 4,770,000 төгрөгийн үнэтэй бараа, эд зүйлс байгаа. Хариуцагч өөрөө гэрээнээс татгалзаад нэхэмжлэгчийг хөөж гаргасан учраас нэхэмжлэгчид гэрээний үнэд төлсөн мөнгө болон гэрээнээс татгалзснаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

4.3. Манай компанийн зүгээс анх энэ хөрөнгийг худалдаж авахдаа үлдэгдэл төлбөрийг банкнаас зээлж авч өгнө, банкнаас зээлж авахдаа энэ үйлдвэрээрээ барьцаалаад авна гэдэг яриа, тохиролцоо хийсэн. Үйлдвэрийг барьцаанд тавих гэсэн боловч үйлдвэр нь Хас банкны барьцаанд байсан, “*******” ХХК-ийн удирдлагуудтай Хас банкны эдийн засагч ирж уулзаад явсны дараа л бид мэдсэн. Ингээд талуудын тохиролцоо хэрэгжих эсэх нь тодорхой бус болсон.

Тиймээс үйлдвэрээ барьцаалаад зээл аваад үлдэгдлийг нь төлөөд үлдэх зээлээ “*******” ХХК төлье гэж ярьж байсан. Энэ тохиролцоо бүтээгүй. Энэ тохиролцоо бүтээгүй учраас хариуцагч ажиллаж байсан үйлдвэрийг шууд зогсоогоод дотор нь байсан 4,770,000 төгрөгийн үнэтэй компьютер, цай, хоолны хэрэгслүүдээ авч чадалгүй хөөгдсөн. Энэ үйл явдал 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө болсон.

Хүйтний улиралд үйл ажиллагаагаа зогсоохын тулд тодорхой хэмжээний бэлтгэл ажлуудаа хийдэг, бэлтгэл ажлыг хийхгүйгээр шууд зогсоох юм бол үйлдвэр хөлдөх аюултай. Үйлдвэр дотор ус хэрэглэдэг хөлдөх юм бол бүх тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байдаг. Гэтэл хариуцагч тал үйлдвэрээс шууд хөөгөөд гаргачихсан. Арга хэмжээ авах ямар ч боломжит хугацаа олгоогүй.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тодорхой хэмжээнд элэгдэлд оруулсан байхыг үгүйсгэхгүй. Тэрийг хэлж мэдэхгүй, нэхэмжлэгч нь энэ их зүйлийг эвдлээгүй. Тоног төхөөрөмж эвдлэх байтугай юу ч авч чадаагүй гарсан.

Үүнээс хойш удаа дараа “*******” ХХК-д хандсан боловч ямар ч үр дүн гаргаагүй. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон, гэрээтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэх ойлголтыг хэн хэн нь авсан.

4.4. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлдвэрийг ажиллуулах, худалдаж авахын тулд 205,556,825 төгрөг зарцуулчихсан. Энэ сөрөг нэхэмжлэлийг яагаад 2023 онд гаргаж байгаа юм? гэдэг нь эргэлзээтэй. Үнэхээр л эвдэрсэн гэмтсэн байсан юм бол тэр дор нь энэ талаарх тайлбар, шаардлагаа гаргах байсан. Энэ үйлдвэрийг өөр этгээдэд зарчихсан, өөр этгээд эзэмшиж ашиглаж байгаа.

Үйлдвэрийг өөр компанид зарснаараа хариуцагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа. Ингээд өгсөн авсанаа буцаах ёстой.

2.4. Хариуцагч нь барьцаанд байсан үйлдвэр болон газрыг худалдаж, төлбөр төлөх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул нэхэмжлэгч нь хохирлыг хариуцахгүй.

Харин гадна ачилтын кран болон шохойн тээрмийн хугарсан булыг шинээр суурилуулж өгнө гэсэн боловч өөрсдөө хөөн гаргаж, энэ боломжийг олгоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлсэн 180,000,000 төгрөг, үйлдвэрт үлдээсэн бараа материалын үнэ 4,770,000 төгрөг, нийт 184,770,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,786,825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 16,020,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “*******” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 80,020,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,185,734 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 638,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 1,081,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 238,050 төгрөгийг гаргуулан хариуцагч “*******” ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. “*******” ХХК-аас 7 хоног дотор буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлөх ёстой 200,000,000 төгрөгийг хугацаандаа төлөлгүй 180,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 4 хувааж төлсөн.

 Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг огт төлөөгүй, түүнчлэн 1,100,000,000 төгрөг, түүний хүү, гэрээний нийт үнийн дүнгийн үлдэгдэлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулж уг гэрээ хэрэгжих ёстой боловч төлбөр төлөхгүй байсан.

Гэрээг байгуулахдаа анхнаасаа уг газар, барилга банкны барьцаанд байгаа, сар тутамд гэрээний хүүнд 1,9 хувийн хүүг төлдөг учраас танайх үлдэгдэл төлбөрөө төлж дуусгах хүртлээ банкны энэ хүүг төлж байгаарай гэж тохирсоны үндсэн дээр гэрээнд хүүний тухай заалтыг оруулсан. Иймээс нэхэмжлэгч уг барилга газар барьцаанд байсныг гэрээ байгуулах үед мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Банкны хүүг “*******” ХХК-аар гэрээнд заасны дагуу төлүүлэх гэсэн боловч хүүг төлөх байтугай гэрээ байгуулснаас хойш 7 хоног дотор төлөх төлбөрөө ч бүрэн төлөхгүй газар барилгыг бүтэн 6 сарын хугацаанд ашиглаж, үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан тул манай компаниас “*******” ХХК-аас төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Түүнээс уг газар барилга банкны барьцаанд байгаа гэдэг шалтгаанаар гэрээ цуцлагдахад хүрээгүй юм.

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш “*******” ХХК нь хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамтаар 2018 оны 12 дугаар сарын сүүл хүртэл 6 сарын хугацаанд ашигласаар байсан учраас манай компаниас албан бичгүүдийг хүргүүлж гэрээг цуцалсан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар “*******” ХХК нь хугацаа хэтрүүлсэн бөгөөд уг хугацаа хэтрүүлсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой. Гэрээний үлдэгдэл төлбөр 1,120,000,000 төгрөг бөгөөд түүний 1,9 хувийн хүү 21,280,000 төгрөг, үйлдвэрийн газар барилгыг 6 сарын хугацаанд ашигласан тул 6 сарын нийт хүүг хохиролд тооцож 127,680,000 төгрөг болох ёстой. Уг хариуцлагыг өөрсдөө хүлээж гэрээний урьдчилгаанд өгсөн 180,000,000 төгрөгөөс уг мөнгөн дүн хасагдах ёстой.

6.2. Мөн “*******” ХХК нь хөнгөн блокны үйлдвэрийн гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн. 

Засаж өгөх шаардлагыг тавихад “*******” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 19/07 дугаартай албан бичгээр сэлбэгийг шинээр авч хэвийн ажиллагаанд оруулна гэсэн боловч засаж өгөөгүй.

Манай компаниас үйлдвэрийг буцаан ашиглалтад оруулахын тулд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай “Хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ” байгуулж “*******” ХХК-ийн эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлуулсан. Уг засварын нийт дүн 96,040,000 төгрөг болсон ба уг үнийн дүнд манай компаниас “*******” ХХК-д 48,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг элс, шохойн тээрмийг бартераар хүлээлгэн өгч тооцоог хаасан.

6.3. Шүүхээс хариуцагч нь гэрээний 2.4-т заасан хөнгөн блокны үйлдвэртэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүprээ биелүүлээгүй гэж үзэж Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, талууд гэрээний зүйлийн талаар бодитоор мэдэж байж зөвшөөрсөн учраас уг гэрээг байгуулсан. Төлбөр бүрэн төлөгдөх хүртэл банкны барьцаанд уг газар барилга байж, төлбөрийг худалдан авагч тал бүрэн төлөх үед худалдагч тал уг мөнгөн дүнгээр зээлийг чөлөөлж худалдан авагчид уг газар барилгыг бичиг баримтын хувьд шилжүүлэн өгөх байсан. Харин газар, барилгыг бодитоор гэрээ байгуулсан үедээ гэрээний баталгаа болгон хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгч “*******” ХХК, уг нөхцөл байдлыг мэдэж байсан учраас гэрээний 2.4 дэх заалтаар бичиг баримт хүлээлгэн өгөөгүй гэж маргаагүй. Ийнхүү маргахгүй байгаа нь газар, барилга банкны барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсны нотолгоо. Гэтэл шүүх өөрийн үзэмжээр эрхийн зөрчилтэй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл тэдгээрийн үндэслэл, хэрэг цугларсан баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлд дурдаагүй, талууд маргаагүй асуудлаар ийнхүү хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.4. “*******” ХХК нь уг 6 сарын хугацаанд хөнгөн блокны үйлдвэрийн гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн байсан. Сэлбэгийг авч тавьж хэвийн ажиллагаанд оруулна гэсэн боловч огт засаж өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болоход “*******” ХХК-ийн захирал Д.******* “2020 оны 4 дүгээр сард багтааж засварлаж дуусгана. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ” гэж гараар бичиг хийж өгсөн боловч мөн л засваруудыг хийгээгүй.

Ийнхүү 2020 оны 4 дүгээр сард багтааж засварлаагүй тул буцаан авсан үйлдвэрийн ажиллагааг хэвийн болгохын тулд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай “Хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ” байгуулж, тоног төхөөрөмжүүдийг засварлуулсан.

Уг засварын нийт дүн 96,040,000 төгрөг болсон ба “*******" ХХК-д 48,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг элс, шохойн тээрмийг бартераар хүлээлгэн өгч тооцоог хаасан.

Гэтэл шүүх 16,020,000 төгрөгийг хангасан нь үндэслэлгүй. Шүүхээс уг үнийн дүнг тооцоолохдоо зөвхөн “гадна ямар кран явах эд анги солих, цахилгаа шатсан, 4R шохойн тээрэм, 1 хутга хугарсан, 4 бул гацаж эвдэрсэн, бул баригч хугарсан, шарик солих” шаардлагатай гэснийг үндэслэжээ. Энэ нь зөвхөн эдгээр эд ангиудын ерөнхий байдал бөгөөд үүнийг бүхэлд нь засварлахад 16,020,000 төгрөг биш 96,040,000 төгрөгийн зардал гарсан.  

Хэрэв “*******” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлж, тогтоосон хугацаанд төлбөрүүдээ төлсөн бол уг гэрээ хүчин төгөлдөр үргэлжлээд хэрэгжих байсан.

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бусдаар уг тоног төхөөрөмжүүдийг засварлуулж 96.040.000 төгрөгийн зардал гарч хохирол учирсан нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн буруугаас болсон. Үүнд шүүх учир дутагдалтай дүгнэлт тооцоог хийсэн байна.

6.5. Хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10, 34.3.11, 34.3.12, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчмыг тус тус зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тус шүүх хуралдааныг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цагт товлосон бөгөөд өмгөөлөгч миний бие тус өдрийн 09:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******т холбогдох Эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд энэ тухай нотлох баримтаар шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх хуралдааныг үргэжлүүлсэн нь миний үйлчлүүлэгч компаний эрх ашиг ноцтой зөрчигдөж хохирсонд гомдолтой байна. Эхний оролцсон шүүх хурал 09 цагаас эхэлж 10 цаг 05 минутад дууссан тул яагаад ч дараагийн шүүх хуралд амжих очих боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах эрх нь хүний халдашгүй эрх юм.

6.6. Тус шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг нь хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 183ШШ2024/00397 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа “200,000,000 төгрөгийг өгөөгүй” гэж тайлбарладаг. Уг 200,000,000 төгрөгөөс бэлэн мөнгөөр 180,000,000 төгрөг, зардалд 20,000,000 төгрөг, гал тогооны хэрэгслийн төлбөрт 4,000,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгчийг 11 дүгээр сард хөөж гаргаж, тухайн үйлдвэрийг лацдаж үлдээсэн тул нэхэмжлэл гаргасан.

7.2. Уг газрыг барьцаанд байсныг нэхэмжлэгч мэдээгүй. Тухайн газрыг барьцаанд байсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж авсан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар бол өөр хуулийн этгээдийн эзэмшилд байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан.

7.3. Иргэний хэрэг үүссэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 3 өмгөөлөгч оролцсон. Миний бие Л.******* өмгөөлөгчтэй эвлэрэх асуудлыг ярилцсан. Гэвч талуудын хооронд эвлэрэх шийдэлд хүрч чадаагүй. Мөн хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй.

Хэрэг маргаан үүссэнээс хойш 1 жил гаруй хугацааны дараа анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нотлох баримт гаргаж, гэрч оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжит хугацааг олгосон гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэл гаргаж, төлбөрийг төлөхгүй байх зорилготой хуурамч гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, тухайн газрыг өөр этгээдэд худалдсан. Мөн тухайн газарт өөр байгууллага хөнгөн блокийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс гэрч оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч гэрчийг хэрэг хянан шийдвэрлэхэд заавал оролцуулах ёстой гэх нотлох баримтыг 1 жилийн хугацаанд гаргаж өгөх боломжтой байсан. Нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй.

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд нэмэлт нөхцөл тохиролцсон гэрээний 1.7-д хөнгөн блокийн үйлдвэрийн талаар дурдагдсан. Уг блокийн үйлдвэрийн гэрчилгээ гармагц “Хасбанк” ХК-ийн барьцаанд тавих асуудал яригддаг учраас талуудын хооронд үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хөнгөн блокны үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 180,000,000 төгрөг, засвар үйлчилгээнд зарцуулсан 20,786,825 төгрөг, оффисын тавилга, хэрэгсэл болон бусад барааны үнэ 4,770,000 төгрөг нийт 205,556,825 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн эзэмшилд үйлдвэр байх хугацаанд тоног төхөөрөмж, сэлбэг, техник хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гарч, түүнийг засварлуулахад гарсан зардал 96,040,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “*******” ХХК нь Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг, үйлдвэрийн байр, газрын хамт шилжүүлэх, “*******” ХХК нь гэрээний үнэ 1,300,000,000 төгрөгийг төлөх, гэрээ батлагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор 200,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1,100,000,000 төгрөгийг 6 сарын дотор банкны зээл авч төлж барагдуулах, уг төлбөрийг төлж дуусах хүртлээ үлдэгдэл дүнгээс сар бүр 1,9 хувийн хүү төлж байхаар харилцан тохиролцжээ.

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь үйлдвэрийг хүлээн авч, гэрээний үнээс 180,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзаж, үйлдвэр хариуцагчид буцаж шилжсэн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. Гэрээнээс татгалзаж, гэрээний харилцаа дуусгавар болсонд хэн буруутай болох, хохирлын хэмжээ болон хохирлыг төлөх эсэх асуудлаар маргасан. 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг дутуу тооцсон зэрэг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.  

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Учир нь:

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээгээр талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд өмчийн хэлцэл хийгдээгүй, зөвхөн эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийгджээ. 

 Энэ тохиолдолд талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хэн аль нь шаардах, үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

4.2. Дээрх гэрээний худалдан авагч “*******” ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй үндэслэлээр худалдагч “*******” ХХК гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох үйлдвэр худалдагчийн бодит эзэмшилд буцаж шилжсэн үйл баримт тогтоогдсон.

Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж, анхны байдалд оруулах замаар арилгана. Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 180,000,000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй.  

4.3. Ийнхүү талуудын гэрээний харилцаа дуусгавар болсноор нэхэмжлэгч нь үйлдвэрийн байранд үлдсэн гэх оффисын тавилга, хэрэгсэл болон нэхэмжлэлд нэрлэн заасан бусад өөрийн гэх эд хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба тухайн эд хөрөнгийг байхгүй талаарх тайлбараа хариуцагчийг нотлоогүй үндэслэлээр анхан шатны шүүхээс эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгчээс тодорхойлсон хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

Мөн шүүхээс үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг засч сайжруулахад гарсан зардал гэх 20,508,440 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй.

5. Гэрээний зүйл нэхэмжлэгчийн эзэмшилд байх хугацаанд үйлдвэрийн гадна талбайн кран, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн, мөн шохойн тээрмийн булыг хугалсан, эдгээрийг шинээр суурилуулах болон засварлахад 96,040,000 төгрөгийн зардал гарч хохирол учирсан гэж хариуцагч сөрөг нэхэмжлэл гарган шаардсан.

5.1. Гэрээний аль нэг тал үүрэг зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзсан тохиолдолд үүсэх хариуцлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн гэм буруутай байх, үүргийн зөрчлийн улмаас гэрээ дуусгавар болсон, түүнчлэн хохирол учирсан нөхцөлд хэрэгжинэ.    

“*******” ХХК-ийн гэрээнээс татгалзсан үндэслэл нь “*******” ХХК-ийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил болох талаар зохигч маргаагүй бөгөөд ийнхүү төлбөр төлөгдөөгүй явдалд нэхэмжлэгч буруугүй, хариуцагч байгууллагын зүгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, ажиллах боломжоор хангахгүй байсантай холбоотой гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлоогүй байна.

Түүнчлэн, үйлдвэрийн газар бусдын барьцаанд байсны улмаас банкнаас зээл авч төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь газар эзэмших эрх гуравдагч этгээдийн барьцааны эрхэд бүртгэлтэй эсэхийг мэдэх буюу мэдэх боломжтой, үүнийг шалгах нь худалдан авагч буюу нэхэмжлэгчийн үүрэгт хамаарна.

Иймд хэргийн баримтаар худалдах, худалдан авах гэрээнээс хариуцагч татгалзсан явдалд нэхэмжлэгчийг буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

5.2. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөний улмаас гэрээний харилцаа дуусгавар болж, эд хөрөнгийг буцаан өгөхдөө эвдрэл, гэмтэл учруулсан үндэслэлээр хариуцагч хохирол шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт нийцнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.  

Анхан шатны шүүхээс хариуцагчид учирсан хохиролд гадна талбайн кран суурилуулах болон шохойн тээрмийн эвдрэлтэй холбоотой зардлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ “*******” ХХК-ийн захирал Д.*******гийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Баталгаа гаргах нь” нэртэй бичгийн нотлох баримтад үндэслэж, нотлох баримтыг зөв үнэлсэн. Учир нь:   

Тухайн Баталгаа гаргах баримтад гадна талбайн краныг шинээр суурилуулах, шохойн тээрэмний хугарсан булыг шинээр суурилуулж, ажиллагааг хэвийн болгож өгөх хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул дээрх эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай болохоо нэхэмжлэгчийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Түүнчлэн дээрх эд хөрөнгийн үнийг хариуцагчаас тодорхойлсон хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хариуцагчийн тодорхойлсон үнийг үгүйсгэх баримт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

5.3. Харин шохойн тээрэмний булын хохирлын хэмжээг /тоо ширхэг/ тогтоохдоо тухайн үед “*******” ХХК-ийн захирал байсан Д.*******гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн нэг булны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй.    

Тухайн гэрчийн этгээд нь хэрэгт ямар нэг сонирхолгүй байхаас гадна түүний мэдүүлгээр хэрэг маргааны бодит байдал үнэн зөв, эргэлзээгүйгээр тогтоогдсон байх учиртай. Гэрч Д.******* нь талуудын хооронд үйлдвэрийн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан асуудлаар маргаантай байх үед “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан тул энэ хэрэгт сонирхолгүй этгээд гэж үзэхгүйгээс гадна түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх өөр баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагчийн зүгээс “*******” ХХК-иар шохойн тээрмийг засварлуулсантай холбоотой гаргаж өгсөн баримтууд болон баталгаа гаргах баримтыг үндэслэн хариуцагчид учирсан хохиролд булны үнэ 1,200,000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй.   

5.4. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрийн бусад тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан гэх нөхцөл байдал гэрч Д.ын мэдүүлэг, “*******” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ, “*******” ХХК-тай тоног төхөөрөмж хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд шүүх хохирлын хэмжээг зөвхөн эд ангиудын ерөнхий байдлын үнээр тооцсон нь буруу гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

6. Дээрхийг нэгтгэн хариуцагч “*******” ХХК-иас 184,770,000 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, “*******” ХХК-иас шохойн тээрмийн булны үнэ 1,200,000 төгрөгийг нэмж гаргуулан нийт 17,220,000 төгрөгийг “*******” ХХК-д олгож, үлдсэн 78,820,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.   

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

7.1. Гэрээний 1.2-т зааснаар 6 сарын хүүг хохиролд тооцож, 127,680,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр 180,000,000 төгрөгөөс хасаж тооцох эсэх асуудлаар талууд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

7.2. Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангагдахгүй. Эдгээр хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 184,770,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,786,825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 17,220,000 төгрөг гаргуулж, хариуцагч “*******” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,820,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 238,050 төгрөг” гэснийг “... 244,050 төгрөг” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,481,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.БАДРАХ

 

                                              ШҮҮГЧИД                                              М.БАЯСГАЛАН

 

                                                                                                            Т.ГАНДИЙМАА