| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0135/э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 1811000880710 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, 3 дүүгийн хамт, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7-1 дүгээр байрны 82 тоотод оршин суух хаягтай,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1099 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 216.2 дахь хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, регистрийн дугаар .
2., 1999 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр зам гудамж, 8 дугаар байрны 3 тоотод оршин бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 41-39 тоотод түр оршин суух хаягтай,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Ц шүүгдэгч Ч.Зтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Компьютер Ланд худалдааны төвийн Б-2 тоот лангуунаас Р.Энхтуяагийн Ай-5 компьютерын 2 дугаар үеийн сипу төхөөрөмж 2 ширхэг, DDR-3 маркийн рам 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү …” гэв.
Шүүгдэгч Ч.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Р.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Компьютер Ландын Б-2 тоот лангуунд өөрийн ажил дээр ирээд ажиллаа хийж байсан. Тэгээд өдөр 15 цаг өнгөрч байхад хоёр саравчтай малгай өмссөн 20-25 орчим насны болов уу гэмээр хар хөх өнгийн куртик, ногоон шар өнгийн үүргэвч үүрсэн 170 см орчим өндөр нуруутай хоёр залуу орж ирээд юм үзээд байсан. Гэтэл нэг залуу нь надтай юм яриад компьютерын дэлгэц авна гээд нэг дэлгэц үзээд шалгуулж байсан. Гэтэл нөгөө залуу нь араар нь юм үзээд байх шиг байсан. Тэгээд нөгөө хоёр залуу дэлгэц авах гээд карт гаргаж ирсэн. Тэгээд та картаас авах уу гэж асуухаар нь картаас авах боломжгүй уншихгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу гараад мөнгө аваад ирье гэж хэлээд манай лангуунаас гарсан. Тэгээд би эргээд лангуу руугаа харсан чинь лангуун дээр байсан Ай 5-н хоёрдугаар үеийн сипү 4 ширхэг тус бүрийн үнэ нь 200.000 төгрөгийн үнэтэй, ДДР 3-н 4GB хэмжээтэй рам 3 ширхэг алга болсон. Тус бүрийн үнэ нь 80.000 төгрөгийн үнэтэй байсан. Би тэр хоёр залуугийн араас гүйгээд гарсан Компьютер ландыг нэг тойрч хараад буцаад лангуун дээрээ ирээд камерын бичлэгийг шүүж үзсэн чинь нөгөө хоёр залуугийн хулгай хийж байгаа бичлэг бүгд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч байна. Энэ хоёр этгээдийг олж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нийт 1.040.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэжээ /хх-11-15/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-53/.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69, 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-107-108/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц, Ч.З нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Компьютер Ланд худалдааны төвийн Б-2 тоот лангуунаас Р.Энхтуяагийн Ай-5 компьютерын 2 дугаар үеийн сипу төхөөрөмж 2 ширхэг, DDR-3 маркийн рам 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Энхтуяагийн “...Тэгээд тэр хоёр залуу гараад мөнгө аваад ирье гэж хэлээд манай лангуунаас гарсан. Тэгээд би эргээд лангуу руугаа харсан чинь лангуун дээр байсан Ай 5-н хоёрдугаар үеийн сипү 4 ширхэг тус бүрийн үнэ нь 200.000 төгрөгийн үнэтэй, ДДР 3-н 4GB хэмжээтэй рам 3 ширхэг алга болсон. Тус бүрийн үнэ нь 80.000 төгрөгийн үнэтэй байсан. Би тэр хоёр залуугийн араас гүйгээд гарсан Компьютер ландыг нэг тойрч хараад буцаад лангуун дээрээ ирээд камерын бичлэгийг шүүж үзсэн чинь нөгөө хоёр залуугийн хулгай хийж байгаа бичлэг бүгд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч байна. Энэ хоёр этгээдийг олж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нийт 1.040.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ц, Ч.З нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Р.Энхтуяа нь баримттайгаар нийт 1.040.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ч.З, Б.Ц нар нь тус бүр 520.000 төгрөгийг буюу нийт нэхэмжилсэн 1.040.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүх шүүгдэгч Ч.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Харин шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгт нийт 23 хоног цагдан хоригдсон байна. Иймд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцож 184 цагийг эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Цд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг бүхийн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зд хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ций энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 23 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 184 цагийг хасч тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг нэн даруй сулласугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг бүхийн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Ч.З нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН