Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 20

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын ... багт оршин суух , иргэн Шарнууд  овогт Х-ийн З-ын нэхэмжлэлтэй

      Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга, Зүүнговь сумын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

       Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар томилохыг Зүүнговь сумын Засаг даргад даалгуулах тухай үндсэн нэхэмжлэл, Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон 2017 оны 01 сарын 25-ны өдрийн шийдвэр, 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Зүүнговь сумын Засаг дарга Д.Н, Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.Б, гуравдагч этгээд Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 11 сарын 25-ны өдөр болсон Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, улмаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон нийт хүнээс 93 хүний санал авч тус багийн Засаг даргаар сонгогдсон.

Ингээд Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоол гарч намайг тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга Д.Н-д уламжилсан. Гэтэл Зүүнговь сумын Засаг дарга нь ямар ч үндэслэлгүйгээр одоо хүртэл намайг Тохой багийн Засаг даргаар томилохгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

2016 оны 11 сарын 25-ны өдрийн хуралд багийн Засаг даргад 4 иргэн нэр дэвшсэн. Үүнээс би хамгийн их буюу 61 иргэний, дараа нь Г.Ч 57, дараа нь Б, Г нар санал авч Г.Ч бид 2 дээр дахин санал хурааж би 93, Г.Ч 91 иргэний санал авсан.

2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр болсон хуралд 89 иргэн ирсэн. 10 гаруй иргэн Х.З-ын асуудал шүүх дээр явж байхад яагаад нэг нэр дэвшигч дэвшүүлж байгаа юм бэ гэж асуусан байхад тэдний үгийг сонсохгүй гар өргүүлэн санал хураасан байдаг. Нийт 10 гаруй иргэн гараа өргөөгүй гэж надад хэлсэн.Тэгэхэд би шүүх хурал болоогүй байгаа тул багийн хуралд очоогүй гэж хэлсэн.

Иймд Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Зүүнговь сумын Засаг даргад даалгаж өгнө үү. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүхэд Х.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа.Үүнд: 1/2017 оны 01 сарын 27-ны өдөр багийн иргэдийн Нийтийн хурлыг хийхээр шийдвэрлэсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2/2017 оын 01 сарын 27-ны өдрийн хурлаас Г.Ч-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах 3/ 2017 оны 01 сарын 27-ны өдрийн Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг гаргасан байгаа. Шүүхэд урд нь 2017 оын 01 сарын 27-ны өдрийн хурлаас Г.Ч-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба одоо энэ нэхэмжлэлийн шаардлагаа  2017 оын 01 сарын 27-ны өдрийн хурлаас Г.Ч-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг  хүчингүй болгуулах гэж өөрчилж байна.

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон иргэдийн Нийтийн хурлаар 184 иргэн оролцож Тохой багийн Засаг даргаар Х.З-ыг томилсон тогтоолыг батлаад явуулсан. Уг санал хураалтаар нэр дэвшигч Х.З 93 хүний санал Г.Ч 91 хүний санал тус тус авсан тул Х.З багийн Засаг даргаар томилогдох ёстой гэж үзэж байна. Санал хураалтанд очсон өөр багийн харьяалалтай иргэд Х.З-ын төлөө бус Г.Ч-ын төлөө санал өгсөн болох нь тогтоогдож байна. Хоёр Цийн асуудал байгаа. Маргаан бүхий 7 -иргэний 5 нь Г.Ч-ын төлөө 2 иргэн нь Х.З-ын төлөө санал өгсөн байгаа. Г.Ч-ын санал авсан асуудлын тухайд 5 иргэний саналыг хасахад 86 санал болж байгаа. Тэдгээр 5 хүн нь Г.Ч-ын төрөл садангийн хүмүүс байдаг. 2017 оны 1 дүгээр сарын 25-нд Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын 3 төлөөлөгч багийн хурлыг дахин хуралдуудахаар шийдвэрлэсэн. Сумын Засаг дарга чиглэл өгсөн учраас хуралдуулсан гэж байна. Гэтэл сумын Засаг дарга Д.Н хурал хуралдуулах тухай санал болгосон гэдэг. Гэтэл тийм зүйл болоогүй, дахин хэлэлцээд хариу ирүүл гэсэн утгатай албан бичиг явуулсан гэж байгаа. 2017 оны 01 сарын 27-ны өдөр багийн Засаг даргыг сонгох хууль бус сонгууль болсон. Сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 21, 22 тоот албан бичгүүд учир дутагдалтай байгаа.

2017 оны 1 дүгээр сарын 27-ны хурлаар өөр багт байгаа хүмүүсийг зориуд шилжүүлж авч очиж санал өгүүлсэн. Тухайн харьяаллын зөрчилтэй гээд байгаа иргэд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тухайн багт шилжиж очоод 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хуралд санал өгч байгаа. Уг хурлыг товлон зарлах хуралд тухайн багийн хоёр тэргүүлэгч яагаад ирээгүй вэ гэж Г.Б-аас асуухад очиж чадахгүй гэдэг зүйл ярьсан болохоос хурлаа хий гэж хэлээгүй байгаа гэдгийг хэлсэн. 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 02 тоот Х.З-ыг томилсон тогтоолыг хүчингүй болгоогүй гэж үзэж байна. Зүүнговь сум бол маш хүйтэн газар байгаа. Гэтэл тийм хүйтэн газарт дахин дахин хурал зарлаж, ард иргэдэд хүндрэл учруулж байгааг ойлгохгүй байна. Х.З-ын хувьд энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар сумын Засаг даргаас аймгийн Засаг дарга хүртэл хүсэлт өгсөн.

Шүүх дээр маргаан бүхий актын талаарх маргаан дуусаагүй байхад хурал зарлаж сонгууль явуулсан нь учир дутагдалтай байна. Мөн иргэдийн ирц хүрээгүй хурал болсон ба ганцхан Г.Ч-ыг нэр дэвшүүлж илээр санал хураасан. Иргэдэд буруу сэтгэгдэл төрүүлсэн гэж үзэж байгаа. Г.Б энэ асуудлаар тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. 2017 оны 01 сарын 27-ны өдрийн хуралдаан хууль бус болсон тул нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Зүүнговь сумын Засаг дарга Д.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2016 оны 11 сарын 25-ны өдөр болсон Тохой багийн иргэдийн Нийтйн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлэн ирүүлсэн шийдвэрийг үндэслэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу баг, хорооны Засаг даргад тавигдах нийтлэг шаардлага, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг хянуулах явцад тухайн хурлаар Засаг даргад нэр дэвшигч Г.Ч гомдол, Х.З тайлбар ирүүлсэн. Эдгээр гомдол тайлбарыг нэрсийн жагсаалттай харьцуулж тулгаж үзвэл өөр багийн харьяалалтай олон хүн сонгуульд оролцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчсөн, мөн нэрийн жагсаалтад бичигдсэн хүний тооноос илүү саналын хуудас гарсан ба сонгуулийн дүн нь 2 саналын зөрүүтэй шийдвэрлэгдсэн зэрэг нь уг иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хууль зөрчиж гарсан гэж үзэхээс өөр аргагүй байна.

Сонгуульд туслалцаа үзүүлэхээр Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б нар оролцсон. Уг сонгуульд 184 иргэн оролцож, санал өгсөн гэж нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байсан. Санал тоолох үйл ажиллагаа болоход саналын хайрцагт 185 саналын хуудас байсан ба нэг хуудсыг хүчингүйд тооцлоо гэж хэлсэн. Тухайн үед надад татгалзах үндэслэл байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүх багийн Засаг дарга нартай уулзаж, батламж гардуулахаар яриад суманд ирээд уг хүмүүсийн материалыг Авлигатай тэмцэх газар хянуулах, нийтлэг шаардлагыг тодорхойлох шаардлагатай байсан тул уг хугацаанд батламж гардуулах боломжгүй байсан.

Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд орон даяар малын тооллого эхэлсэн тул багийн Засаг дарга нарыг томилох боломжгүй болсон.Тамгын Газрын даргад Ч, З нарын гомдол тайлбарыг судлах үүрэг өгсөн. Ц нэртэй хүн олон давхцсан, мөн Тохой багт бүртгэлгүй олон хүн санал өгсөн гэдгийг хэлсэн.

Миний бие хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн багийн ИНХ-д шийдвэрээ эргэн харж, хуульд нийцүүлэн дахин хэлэлцэн шийдвэрлэж хариу ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн” гэв.

Хариуцагч Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын болон Тэргүүлэгчдийн дарга Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хурлаар Х.З-ыг багийн Засаг даргаар томилуулахаар Зүүнговь сумын Засаг даргад уламжилсан.  Гэтэл Сумын Засаг даргаас 2017 оны 01 сарын 10-ны өдөр 21 тоот албан бичгийг ирүүлсэн. Ирүүлсэн албан бичгийг үндэслэн 2017 оны 01 сарын 25-ны өдөр миний бие болон хурлын тэргүүлэгч Б.Т, П.Г нарын хамт хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 01 сарын 27-ны өдөр “ Аньгаа” гэдэг газар Г-ын гэрт хийхээр хэлэлцэж шийдвэрлэсэн. 2017 оны 01 сарын 27-ны өдрийн хуралдаан хуулийн дагуу болсон.Манай баг 119 өрхтэйгээс 61 өрхийн төлөөлөл 89 иргэн оролцсон.Иймд өрхийн төлөөллөөр хурлын ирцийг хангалттай  гэж үзэн хурлаа хийсэн. Хурлаар багийн Засаг даргад нэр дэвших эрх нээлттэй болохыг тайлбарласан ба Г.Ч-оос өөр хүний нэрийг дэвшүүлээгүй тул сонгуулийг илээр санал хураахыг иргэд зөвшөөрсөн. Ингээд иргэдийн 100 хувийн саналаар багийн Засаг даргад Г.Ч-ыг томилуулахаар тогтоол гаргасан“ гэв.

Гуравдагч этгээд Г.Ч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2016 оны 11 сарын 25-ны өдөр болсон багийн Засаг даргын сонгууль хууль бус болсон гэж үзэж байна. Сонгуульд нийт 184 иргэн санал өгсөн байхад хайрцагнаас 185 саналын хуудас буюу 1 саналын хуудас илүү гарсан.Сонгуульд санал өгөх эрхгүй өөр багийн иргэд санал өгсөн нь саналын дүнд нөлөөлсөн гэж үзэж байна. 2017 оын 01 сарын 27-ны өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуулийн дагуу болсон. Иймд Х.З-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.З  нь Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга, Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус хуралд холбогдуулан Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар томилохыг Зүүнговь сумын Засаг даргад даалгуулах тухай үндсэн нэхэмжлэл, Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон 2017 оны 01 сарын 25-ны өдрийн шийдвэр, 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу Х.З-ын өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн хуралдаанаас Г.Ч-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж дурдсан боловч шүүх хуралдаанд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон болно.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч ,түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Х.З нь Зүүнговь сумын Засаг дарга Тохой багийн Засаг даргаар Х.Зо-ыг томилохгүй байгаа талаарх гомдлыг Увс аймгийн Засаг даргад гарган хариуг авсан, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдоо гаргасан гэж шүүхээс үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байгаа болно.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зүүнговь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж Х.Зыг үндэслэлгүйгээр Тохой багийн Засаг даргаар томилохгүй байгаа, мөн энэ асуудлаар шүүхэд маргаан үүссэн байхад 2017 оны 01 сарын 27-ны өдөр иргэдийн  Нийтийн Хурлын хуралдааныг зарлан  явуулж, Г.Ч-ыг багийн Засаг даргад дэвшүүлсэн” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Зүүнговь сумын Засаг дарга Д.Н-ийн зүгээс “Тохой багийн 2016 оны 11 сарын 25-ны өдрийн хуралдаанд өөр багийн харьяалалтай иргэд олноор санал өгсөн талаар маргаан гарч Г.Ч гомдол гаргасан, Х.З мөн өөр багийн иргэд санал өгсөн талаар тайлбар ирүүлсэн” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Г.Б нь “ Сумын Засаг даргаас багийн Засаг даргын асуудлыг дахин хэлэлцэж ирүүлэх тухай албан бичгийг үндэслэн хуралдааныг дахин товлон явуулсан“ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Гуравдагч этгээдийн хувьд 2017 оны 01 сарын 27-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчинтэй гэж үзэж байгаа талаар талбар  гаргажээ.

Нэг. Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар Х.З-ыг томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Тохой багийн иргэд багийн иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 сарын 25-ны өдөр багийн Засаг дарга С.Б-ын гэрт хийсэн байх ба цаг үеийн байдлын талаарх сумын Засаг даргын мэдээлэлтэй танилцаад, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тус хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст иргэн М, Б, Т, Ж, Т нарыг сонгож ажиллуулжээ.

            Багийн Засаг даргын сонгуульд Тохой багийн иргэд болох Г.Ч, Н.Б, Х.З, Н.Г нарын дөрвөн иргэн нэр дэвшсэнээс санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн аль нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй учир хамгийн олон санал авсан Г.Ч, Х.З нарын дунд дахин санал хураалт явуулсан байна.

         Багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтанд нийт 184 иргэн оролцсон талаар нэрс бичигдсэн боловч саналын хайрцагнаас нийт 185 саналын хуудас гарсан, үүнээс 1 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Х.З 93, Г.Ч 91 иргэний саналыг авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл[1], гэрч С.Б[2], Ц.М[3], Ж.Т[4], Ё.Ж[5] нарын  мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

         Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан багийн Засаг дарга С.Баттогтохын гэрт болсон байх ба багийн Засаг даргыг сонгох 2 дахь удаагийн санал хураалтад иргэдийн саналыг гэрийн 2 талаар авч санал өгсөн иргэдийн нэрсийг хоёр тусдаа бичсэн байх ба нийт 184 иргэний нэрс[6] бичигджээ.

        Санал хураалтын тооллогын комиссын гишүүд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ нэг иргэн нэрээ бичүүлээгүй мөртлөө саналын хуудас авч санал өгсөн байх магадлалтай тул 185 саналын хуудас гарсан талаар мэдүүлжээ.

       Тус багийн 2016 оны 11 сарын 25-ны өдрийн хуралдаанаас 02 дугаартай тогтоол[7] гарч иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан Х.З-ыг Тохой багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.

         Зүүнговь сумын Засаг дарга Д.Н Х.З-ыг Тохой багийг Засаг даргаар томилох тухай шийдвэрийг гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр[8] Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралд Х.З-ыг томилох боломжгүй байгаа талаар мэдэгдэж, асуудлыг дахин хэлэлцэж ирүүлэхийг дурджээ.

         2016 оны 11 сарын 25-ны өдөр болсон Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд санал өгсөн иргэдийн нэр давхардсан, саналын хуудасны тоо сонгогчдын санал өгсөн тооноос илүү гарсан гэсэн үндэслэлээр нэр дэвшигч Г.Ч сумын Засаг даргад 2016 оны 11 сарын 30-ны өдөр гомдол[9] гаргасан, Х.З тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд Г.Ч-ын садан төрөл өөр багийн харьяалалтай иргэд санал өгсөн талаар сумын Засаг даргад тайлбар[10] гаргажээ.

        Хэргийн оролцогчдын дунд маргаан бүхий өөр багийн харьяалалтай мөртлөө Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн иргэд болох Ш.Ц, Ш.Д, Н.Х, Б.Ц, А.Ц, Х.Ц, Ц.Т, Ц.У нарын оршин суух хаягийн лавлагааг[11] Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан ба тус лавлагаагаар 2016 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар Х.Ц-аас бусад долоон иргэн Тохой багт оршин суудаггүй болох нь тогтоогджээ.

        Мөн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн  Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Увс аймгийн Зүүнговь сумын 1141-р хэсгийн буюу Тохой багийн сонгогчдын нэрийн жагсаалтад Х.Ц-с бусад иргэдийн нэрс байхгүй байгаа нь 2016 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар эдгээр иргэд  тус багт шилжин ирээгүй байсан байна.

         Харин Ц.У,Ш.Ц нар 2016 оны 11 сарын 25-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дараа буюу 2017 оын 01 сарын 20-ны өдөр Зүүнговь сумын 5-р багаас Зүүнговь сумын 4-р баг буюу Тохой багт шилжин ирсэн байна.

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “ Баг, хорооны хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох “ талаар зохицуулсныг зөрчиж 2016 оны 11 сарын 25-ны өдрийн багийн хуралд өөр багийн харьяалалтай 7 иргэн оролцсон нь багийн Засаг даргын сонгуулийн дүнд нөлөөлөхүйц байна.

       Өөрөөр хэлбэл Х.З 2 саналын зөрүүтэй ялсан ба саналын зөрүүнээс их өөр багийн иргэд санал өгсөн гэж үзлээ.

       Мөн Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралдааны багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн иргэдийн нэрсийг гаргахдаа санал өгсөн талаар баримтжуулж гарын үсгийг нь зуруулаагүй, сонгуульд санал өгөх эрх бүхий багийн иргэдийн нэрсийг урьдчилан бэлтгээгүй зэрэг зохион байгуулалттай холбоотойгоор багийн Засаг даргыг сонгох сонгуулийн ажиллагаанд өөр багийн иргэд санал өгөх, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс илүү саналын хуудас тоологдсон зэрэг зөрчлүүд гарсан байна.

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Х.З-ыг багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад санал болгосон боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “ энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг томилохоос татгалзвал...” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд иргэдээс ирсэн өргөдөлд гомдол, холбогдох баримтуудад дүгнэлт хийн өөр багийн иргэд санал өгсөн нь саналын дүнд нөлөөлсөн гэх үндэслэлээр Зүүнговь сумын Засаг дарга Д.Н Х.З-ыг Тохой багийн Засаг даргаар томилохоос татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

       Иймд нэхэмжлэгчийн Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар Х.З-ыг томилохыг Зүүнговь сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Түүнчлэн багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшсэн Г.Ч хуралдааны тэмдлэглэлийг хөтөлсөн нь нэр дэвшигч бүгд адил эрхтэй байх зарчмыг хөндсөн болохыг тэмдэглэв.

Хоёр. 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль бус болсон тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.З иргэн Ж.О-ыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 1/ 2017 оны 01 сарын 27-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарласан Тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2/ Тохой багийн Засаг даргад Г.Ч-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, 3/ 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг гаргасныг нэхэмжлэгч шүүх хуралдаанд дэмжиж оролцов.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тохой багийн Засаг даргад Г.Ч-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг Тохой багийн Засаг даргад Г.Ч-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.

         Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь Тохой багийн Засаг даргатай холбоотой гомдол гарсан тул асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаанаар 2017 оын 04 сарын 08-ны өдөр хэлэлцүүлэхээр товлосон[12] байдаг боловч Сумын Засаг дарга Х.З-ыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан тул хуралдааныг 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдуулахаар 2017 оны 01 сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн[13] байна.

          Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдаж нийт 61 өрхийн 89 иргэн оролцсон талаар тэмдэглэлд тусгаж хуралдаанд оролцсон иргэдийн нэрсийг бичиж[14] хуралдааны материалд хавсаргажээ.

        Тус хуралдаанаар 06 тоот тогтоолоор тооллогын комиссыг байгуулан багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулж, 07 тоот тогтоолоор[15] багийн Засаг даргад Г.Ч-ыг томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэн, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “ Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 26 дугаар зүйлийн 26.4-т “  нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлэх “ талаар тус тус зохицуулсан байтал Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хурлыг 2017 оны 01 сарын 25-ны өдөр буюу хуралдаан эхлэхээс 2 хоногийн өмнө зарлан хуралдуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

         Мөн багийн Засаг даргын томилгоотой холбоотой маргааныг нэхэмжлэгч Х.З үүсгэж шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан “ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... шударга ёс, тэгш байдал,хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллахаар заасныг зөрчсөн байна.

        Өөрөөр хэлбэл дээрх зөрчлүүд нь нэхэмжлэгчийн болон багийн бусад иргэдийн хуралдаанд оролцох эрхийг хангах, багийн Засаг даргад өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, нэр дэвшигчийг сурталчлан таниулах, хувийн бэлтгэл хангах зэрэгт цаг хугацааны хувьд боломжгүй болгож, нэхэмжлэгчид багийн Засаг даргад нэр дэвших адил тэгш боломж олгоогүйгээрээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

         Мөн тооллогын комиссын 01 тоот тогтоолд[16] саналыг илээр хурааж, хуралд ирсэн иргэдийн 100 хувийн саналаар Г.Ч сонгогдсон талаар тэмдэглэсэн байх бөгөөд нийт санал өгсөн иргэдийн тоог бичээгүй, санал өгсөн иргэдийн нэрсийн ард санал өгсөн талаар гарын үсэггүй, шүүх хуралдаанд хариуцагч Г.Б нэрс нь бичигдээгүй зарим нэг хүмүүс үлдсэн байсан талаар тайлбар гаргасан зэргээс үзэхэд тухайн санал хураалтанд оролцсон иргэдийн тоо тодорхойгүй байгааг тэмдэглэв.

          Иймд 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан хууль бус болсон байх тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

       Гурав. 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаанаас гарсан 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

        2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдсан Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг шүүхээс хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг хуралдаанаас гарсан 07 дугаартай Г.Чыг Багийн засаг даргаар томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Дөрөв. 2017 оны 01 сарын 27-ны өдөр Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг хуралдуудахаар шийдвэрлэсэн Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

       2017 оны 01 сарын 25-ны өдөр Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дарга Г.Б, Тэргүүлэгчид Б.Т, П.Г нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг 2017 оны 01 сарын 27-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэж шийдвэр гаргасан байна.

            Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх боловч уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан шинжийг агуулсан буюу гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжтэй байх юм.

        Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах өдрийг тогтоосон багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой буюу дотоод зохион байгуулалтын асуудлаар гарсан, хэн нэгэнд ямар нэгэн эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй /эрх олгосон, хариуцлага тооцсон гэх мэт асуудлыг шийдээгүй/ байна.

         Иймд Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах талаар зохицуулсан ба хурлын чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид эрхийг хэрэгжүүлдэг тул Тэргүүлэгчид хуралдаанаасаа тогтоол гаргах байтал шийдвэр гэж бичиж гаргасан нь буруу болохыг тэмдэглэв.

        Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.З-д олгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13,107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З-ын “ Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэн Тохой багийн Засаг даргаар томилохыг даалгуулах “ тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2017 оны 01 сарын 27-ны өдөр болсон Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг болон хуралдаанаас гарсан 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З-ын “ 2017 оны 01 сарын 27-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг товлон зарласан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.З-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.З-д олгосугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ