Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 448

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Хилийн 0101 дүгээр анги”-д холбогдох “Худалдах- худалдан авах гэрээний дагуу гар утасны төлбөр 502.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                          Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ... Хилийн 0101 дүгээр анги нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 495.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Тус ангид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан боловч “баримт үзэж тооцоо нийлнэ, төлнө” гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Хилийн 0101 дүгээр ангиас гэрээний үнэ 495.000 төгрөг, нотариатын зардал 70.00 төгрөг нийт 502.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

            Хариуцагч Хилийн 0101 дүгээр ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Говийлханаасүрэн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараа:

       ...”Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Хилийн 0101 дүгээр ангид холбогдуулан гар утасны төлбөрийн үлдэгдэл 502.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

            Уг төлбөр нь тухайн байгууллагад ажиллаж байсан Г.Баясгалан, Б.Отгонбаяр, Э.Жавзандулам нарын төлбөрт үлдэгдэл байна. Тус ангийн зүгээс уг албан хаагчдын төлбөрийн үлдэгдэл 502.000 төгрөгийг 2016 оны 12 сарын дотор багтааж “Скайтел” ХХК-д бүрэн төлж барагдуулна гэжээ.

                                                           Үндэслэх нь:

            “Скайтел” ХХК нь Хилийн 0101 дүгээр ангид холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний дагуу гар утасны үлдэгдэл төлбөр 502.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Хилийн 0101 дүгээр анги нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь тус ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Говийлханаасүрэнгийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна. Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.710 төгрөгийг  төсвийн  орлогод  хэвээр  үлдээж  улсын  тэмдэгтийн  хураамж  15.710 төгрөгний 50 хувь болох 7.855 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 7.855 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй.   

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Хилийн 0101 дүгээр ангид холбогдох “Худалдах-худалдан авах гэрээний дагуу гар утасны үлдэгдэл төлбөр  502.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 15.710 төгрөгний 50 хувь болох 7.855 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 7.855 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ