Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00880

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00880

 

 

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00652 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.*******той 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл зээлүүлсэн.

1.2. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.******* нь зээлийн төлбөрөө төлөлгүй удаа дараа хойшлуулсан зээлийн хүүгээ төлж байсан боловч 2022 оны 9 дүгээр сараас эхлэн үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөлгүй өнөөг хүрч байна.

1.3. Зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, 240 хоногийн алданги 18,000,000 төгрөг, үндсэн зээлийн 15,000,000 төгрөг, түүний хүү болох 6,600,000 төгрөг нийт 39,600,000 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан.

Үүнээс зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун түрүү *******,******* тоотод байрлалтай өмчлөх эрхтэй газрыг 10,000,000 төгрөгт тооцож авсан. Одоо дээрх зээлийн өр төлбөр болох 29,600,000 төгрөгийг хариуцагч Д.*******оос гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ж.*******аас 2020 онд 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд өөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ************** тоотод байрлалтай 700 м.кв газрыг тавьсан.

2.2. 2023 он хүртэл сар бүр 600,000 төгрөгийн хүү өгсөн нь үнэн. 2023 оны 4 дүгээр сард мөнгөө өгч чадахгүй тул өөрийн нэр дээрх газрыг Ж.******* ах руу шилжүүлж өгсөн.

2.3. Ингээд 2023 оны 4 дүгээр сараас газрыг шилжүүлж хүү зогсож үлдэгдэл 3,300,000 төгрөг болсон. Одоо 3 сараас ажил эхлэх тул 3,300,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлттэй тул хүсэлтийг минь хүлээж авна уу.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******оос 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2020 онд Ж.*******аас 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүүнд байрлах 0,07 га газрыг барьцаалуулсан.

4.2. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 16 дугаар гудамж,******* тоотод байрлах, 700 м.кв талбайтай, өөрийн нэр дээрх газрыг 15,000,000 төгрөгөөр 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж өгсөн.

4.3. Уг газрыг шилжүүлж өгөхөд 1,200,000 төгрөг үлдсэн. Тус мөнгийг ажилгүйн улмаас өгч чадахгүй 7 сарыг хүргэсэн. Иймд сарын 600,000 төгрөгийн хүү бодож 3 сарын хүү 1,800,000 төгрөг нэмж нэхэмжилсэн байсан шүүхийн зардал гэж 300,000 төгрөгийг нэмсэн байсан. Өмнөх тайлбартаа бичсэн 3,300,000 төгрөгийг өгнө.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийг олохгүй байсан тул эрэн сурвалжлуулж байж газрыг нь шилжүүлж авсан. Одоо үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,600,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч 3,300,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх боломжтой гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Ж.******* нь 15,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.******* нь тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, үүрэг хүлээжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

3.2. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Барьцааны гэрээ-г байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Баруун түрүү *******,******* тоот хаягт байршилтай, 700м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 5 дугаар тал/

3.3. Дээрх гэрээний дагуу хариуцагч 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, барьцааны зүйл болох газрын үнийг 10,000,000 төгрөгөөр тохирч, газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь зээлийн тооцооллын асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх нотолгооны үүргийг буруу хуваарилж талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүснэ.

4.2. Талууд 2020 оны 7 дугаар сарын 07-ны зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд үүнээс хойш гэрээний хугацааг сунгаагүй тул гэрээний хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дууссан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 6 сарын хүү шаардах эрхтэй, гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд хариуцагч зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, түүний 6 сарын 4 хувийн хүү 3,600,000 төгрөг нийт 18,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

4.3. Дээрх төлбөрөөс хариуцагч тодорхой хэмжээний төлбөр төлсөн асуудлаар талууд маргахгүй байгаа боловч энэ талаарх баримтгүй гэж байх тул хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлснийг зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн доорх байдлаар тооцов. Үүнд:

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... 2023 он хүртэл сар бүр 600,000 төгрөгийн хүү өгсөн нь үнэн гэж, нэхэмжлэгч гаргасан тайлбартаа ...2022 оны зун наадмаас өмнө зээлийн хүүд сар бүр 600,000 төгрөг төлж байсан гэжээ.

Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь 2023 он хүртэл 600,000 төгрөгийг сар бүр төлж байсан талаарх тайлбараа нотлох үүрэгтэй ба үүнд холбогдох баримт гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагч 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл 17 сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөгөөр нийт 10,200,000 төгрөг төлсөн байх тул гүйцэтгээгүй үүргийг 8,400,000 төгрөг /18,600,000-10,200,000/ гэж тогтоох үндэслэлтэй.

4.4. Талууд зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 8,400,000 төгрөгөөс талуудын тохиролцсоны дагуу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 4,200,000 төгрөгөөр алдангийг тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

4.5. Түүнчлэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээний зүйл болох газрын үнийг 10,000,000 төгрөгөөр тогтоож, уг үнийн дүнгээр тооцон, газрыг зээлийн төлбөрт шилжүүлсэн нь талуудын зарчмыг зөрчөөгүй.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэг 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг нийт 12,600,000 төгрөг төлөхөөс барьцаа хөрөнгийн үнэ болох 10,000,000 төгрөгийг хасаж 2,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Гэвч хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг үндэслэн хариуцагчаас 3,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7,500,000 гэснийг 3,300,000 гэж, 22,100,000 гэснийг 26,300,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 134,950 гэснийг 67,750 гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА