Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

    2019         3           22                                    2019/ШЦТ/241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,  

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,  

хохирогчийн өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 18110297700037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

д, 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Бөмбөгөр финанс ХХК-нд мөнгө хураагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 10 дугаар байр 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бодонгууд овгийн Ууганбаярын Билэгт-Од Регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэсэн заалтыг зөрчин Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Уламбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би урд талын зогсоолд машин байрлуулах гэж байсан. Хохирогч цаашаа явж байснаа намайг явж байгааг хараад буцаж эргээд машины урд талаар гүйгээд мөргүүлсэн. Явж байсан газар нь явган хүний зам байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Уламбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хуучин Бөмбөгөр орох гээд автомашин явдаг замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт тайван алхаж байтал Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ дугаартай автомашин намайг мөргөж би шидэгдэж газар унасан. ...уг зам нь хаалттай машин ирэхгүй гэж бодоод би тайван явж байсан, тухайн тэр замаар машин явахгүй байсан...” гэжээ /хх 25-26/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12411 дугаартай дүгнэлт:

 “1. Ц.Уламбаярын биед баруун шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, баруун өвдөг шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэжээ /хх 68/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 6367 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"...Hyundai Sonota 5 маркийн автомашин нь 2018-10-11 11:04:53-аас 11:05:22 секундэд дэлгэцийн зүүн дээд /авто зогсоолын хаалт/ хэсгээр зүүн гар тийш буюу цаанаас наашаа чиглэлтэй эргэж 2018-10-11 11:05:29 секундэд зам хөндлөн гарч явсан бараан өнгийн хувцастай хүнийг автомашины зүүн урд хэсгээр мөргөөд зогсож байгаа дүрс дүрслэгдсэн байна” гэжээ /хх 49-53/.

Автотехникийн Үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн
төвийн 66117 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Huyndai маркийн Sonata V загварын 40-87 УНӨ улсын дугаартай автомашин-       

 

Дугуйны байршил

Дугуйн хээний  гүн /мм/

Дугуйн хийн даралт /кг/см2/

Дугуйн марк

Дугуйн хэмжээс

 

зүүн гар талын урд дугуй

1,3

2,2

Hankook

195/65/R15

 

баруун   гар  талын УРД

2,7

2,2

Dunloop

195/65/R15

 

баруун   гар  талын хойд

1,5

2,2

Bridjestone

215/60/R17

 

зүүн гар талын хойд

3,0

2,2

Michlen

215/60/R17

...уг тээврийн хэрэгслийн үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан, баруун талын хойд тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн урд болон баруун хойд талын дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаагүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан” гэжээ /хх 60-65/.

Мөрдөгчийн 308 дугаартай магадалгаа: “Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай автомашины жолооч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн    хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон, 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ /хх 66/.

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/.

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16/.

У.Бын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-19/.

  Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-126/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-123, 138/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэсэн заалтыг зөрчин Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Уламбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Уламбаярын “...хуучин Бөмбөгөр орох гээд автомашин явдаг замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт тайван алхаж байтал Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ дугаартай автомашин намайг мөргөж би шидэгдэж газар унасан. ...уг зам нь хаалттай машин ирэхгүй гэж бодоод би тайван явж байсан, тухайн тэр замаар машин явахгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 730.000 төгрөг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасав.

Хохирогч Ц.Уламбаяр нь эмчилгээний болон бусад зардалд нийт 18.057.397 төгрөг нэхэмжилснээс сэтгэл санааны хохирол болох 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, үлдэх хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч У.Бын хохирогчид төлсөн 730.000 төгрөгийг хасч тооцов.

Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн №0261318 дугаартай гэрчилгээг өмчлөгч О.Хундэлхийд буцаан олгож, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч У.Билэг-Одод тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 02 /хоёр/ жилийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

4. Хэрэгт баримтаар ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн №0261318 дугаартай гэрчилгээг өмчлөгч О.Хундэлхийд буцаан олгосугай.

6. Хохирогч Ц.Уламбаярын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх гомдлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, үлдэх 8.057.397 төгрөгөөс шүүгдэгчийн эмчилгээний зардалд төлсөн 730.000 төгрөгийг хасч, нийт 7.327.397 төгрөгийг У.Боос гаргуулан хохирогчид олгосугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН