Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00879

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/00879

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00469 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******,

Хариуцагч: Г.*******д холбогдох

Охин Э.*******тай уулзахад нь саад болохгүй байхыг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардал 19,152,450 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Б.******* нь Г.*******тай 2016 онд танилцан хамт амьдарч байх хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.******* төрсөн.

1.2. Г.******* бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас салсан. Одоогийн байдлаар охин Э.******* болон Г.******* нараас тусдаа амьдарч байгаа. Г.******* нь Б.******* гэх нөхөртэй болж, хамт амьдарч байгаа, тэдний дундаас мөн хүүхэд төрсөн.

1.3. Г.******* нь миний охиныг одоогийн нөхөр болох Б.*******гоор овоглуулахаар, овог солиулах зөвшөөрөл олгохыг надаас шаардсан, намайг тус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй учир охинтой минь уулзуулахгүй байгаа юм. Миний бие өөрийн охинтойгоо уулзаж, эцгийн үүргээ гүйцэтгэх чин хүсэлтэй байгаа болно.

1.4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хүүхдийг .... эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно гэж тус тус хуульчлан заасан.

Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ гэж, мөн 9 дүгээр зүйл 9.1-д Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан билээ.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу охин Э.*******тай уулзуулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгчийг охин Э.*******тай тогтмол уулзахад нь саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие Г.******* нь 2016 онд Б.*******тай танилцаж улмаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.******* төрсөн. Хоорондын харилцаа таарамжгүй байсны улмаас 2019 оны 10 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдрах болж энэ үеэс охин Э.******* миний асрамжид өсч торниж байгаа болно.

2.2. Нэхэмжлэгч нь охин биднээс тусдаа амьдрахаар шийдвэрлэх үедээ охин Э.*******г шаардлагатай зүйлсээр хангах, амралтын өдрөөр охинтойгоо уулзаж байхаар амлаж, тохиролцсон боловч охиндоо нэг ч удаа санхүүгийн болон бусад байдлаар дэмжлэг үзүүлж байгаагүй ба тэжээн тэтгэх үүргээ нэг ч удаа биелүүлээгүй.

2.3. Б.******* охин Э.*******г 3 настай байхад буюу 2020 оны 11 дүгээр сард уулзсанаас хойш нэг ч удаа ирж уулзаагүй, хааяа охинтойгоо уулзая гэж мессеж бичдэг боловч өөрөө охинтойгоо уулздаггүй байсан. Тэрээр нэхэмжлэлдээ охинтойгоо уулзах гэхээр татгалзаж байсан, татгалзсан шалтгаан нь охины овог шилжүүлэх асуудал гэх агуулгаар дурдсан байгаа нь огт үндэслэлгүй, миний зүгээс тийм үйлдэл огт гаргаж байгаагүй.

Охин Э.******* нь одоо Б.*******гийн нэр, царай зүсийг сайн санадаггүйгээс гадна одоогийн нөхөр Б.*******г өөрийн төрсөн аав гэж ойлгож ээнэгшин дассан. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн эцэг байх үүргээ үл биелүүлж охин Э.*******г яаж өсөж, хүмүүжиж байгаа, өвдөж байгаа эсэх болон тэжээн тэтгэхэд огт анхаарал хандуулаагүй, уулзах талаар санал санаачлага гаргаж байгаагүй атлаа бүтэн 3 жилийн дараа охинтойгоо уулзахад саад тотгор тавьж байгаа мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Миний бие 2016 онд Б.*******тай танилцан, үерхэж хамтран амьдрах болж бидний дундаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.******* төрсөн. Бид гэрлэлтээ хуулийн дагуу бүртгүүлээгүй. Хамтран амьдрах явцад зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оны 11 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон.

3.2. Тусдаа амьдарсан үеэс эхлэн охин Э.******* миний асрамжинд өсөж торниж байгаа. Б.******* тусдаа амьдрах үедээ охиноо шаардлагатай зүйлсээр хангах, амралтын өдрөөр охинтойгоо уулзаж байхаар амлаж, тохиролцсон боловч 2020 оны 11 дүгээр сараас хойш охинтой уулзаагүй, хааяа охинтой уулзая гэж мессеж бичдэг боловч өөрөө ирдэггүй, уулздаггүй байсан.

3.3. Өнгөрсөн хугацаанд охин Э.*******г төлбөртэй орос цэцэрлэгт сургаж, гэрийн багшаар англи, орос хэл, шатар, төгөлдөр хуур заалгаж, балет, газрын теннис зэргээр хичээлүүлж охиныгоо зөв боловсон хүмүүжүүлэх, ирээдүйд мэдлэг боловсролтой болгохын төлөө өөрөөс шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн, цаашид ч хийх болно.

Иймд охин Э.*******г эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар охин Э.*******гийн Сэлбэ цэцэрлэг, сургууль, бэлтгэл ангийн сургалтын төлбөр, ном, дүрэмт хувцасны төлбөр, сургуулийн тавьсан шаардлагын дагуу шинжилгээ, үзлэгийн төлбөр нийт гарсан зардлын 50 хувь болох 19,152,450 төгрөгийг гаргуулна.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Охин Э.*******г эхийн асрамжид үлдээх, охин Э.*******г 18 насанд хүртэл тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд бидний охин Э.******* нь төрсөн дүүтэй болсон, мөн эмэгтэй хүүхэд тул өсч бойжиход нь эхийн анхаарал халамж хэрэгтэй гэж үзэж охиныг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ", мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу тэжээн тэтгэхийг хүлээн зөвшөөрч байна.

Хуульд заасан хэмжээгээр тэтгэмж тогтооход татгалзах зүйлгүй.

4.2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон/хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан боловч цэцэрлэгийн төлбөрийг онцгой зардал гэж үзэхгүй.

Учир нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28.2.-т ...Онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна" гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 7-д сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж, мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй гээд 14.2.8-т хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах гэсний дагуу төрөөс хүүхдийн хоолны зардлыг хариуцаж байгаа.

Миний хувьд дээрхи хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй.", 14.2.1-т сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах, 14.2.4-т сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах гэж тус тус заасны дагуу хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг төлөх, зарим үед охиноо цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгөх бүрэн боломжтой.

Охин Э.*******гийн харъяалагддаг гэрийнх нь ойролцоо улсын цэцэрлэг байдаг бөгөөд Г.******* нь охиныг надтай харилцан тохиролцоогүйгээр өөрийн шийдвэрээр төлбөртэй хувийн цэцэрлэгт оруулсан байна. Мөн түүнчлэн улсын цэцэрлэгт хамруулах бүрэн боломжтой байхад Сэлбэ цэцэрлэгт охиныг оруулж, тус төлбөрийг хувааж төлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Харин миний хувьд охиндоо өгөх хуульд заасан тэтгэмжээс гадна боломж гарвал охиндоо санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Иймд охин Э.*******г эхийн асрамжид үлдээх, 18 насанд хүртэл тэжээн тэтгүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэмэлт зардал 19,152,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.5 тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******г охин Э.*******тай 2/хоёр/ сард 1/нэг/ удаа уулзуулахыг хариуцагч Г.*******д даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлин 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хангаж 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин ******* овогт *******гийн /РД:*******/-г эх Г.*******гийн асрамжид хэвээр үлдээж, 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Б.*******гаас гаргуулж тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн үлдэх мөнгөн дүнгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Б.*******гаас хүүхдэд зарцуулсан нэмэлт зардалд нийт 19,152,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.*******д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг хүлээдэг болохыг, хүүхдийн эрх, ашиг сониролд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, шүүхийн зардалд төлсөн 516,000 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардалд нийт 586,200 /70,200+516,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 406,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж нийт 406,540 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г охин Э.*******тай 2 сард 1 удаа уулзуулахыг хариуцагч Г.*******д даалгасугай" гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс охин Э.*******тай тогтмол уулзахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгуулах тухай" шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 сард 2 удаа уулзуулахыг даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж,

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь... тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хүүхдийг ... эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно гэж тус тус хуульчилсан.

Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ гэж, мөн тус олон улсын гэрээний 9 дүгээр зүйл 9.1-д Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ" гэж заасан байдаг.

Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч Л.*******, Д., Э. нарын мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр охин Э.******* нь аав Б.*******г танихгүй болсон гэж тайлбарладаг.

Б.*******г охинтой нь уулзуулж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан бөгөөд гэрч Л.*******ы "Эхлээд охиныг аавтай нь дасгах саналыг дэмжиж байна. Гэхдээ хугацааг бага зэрэг наашлуулж болно" гэх мэдүүлгээс харахад 2 сард 1 удаа уулзуулахаар шийдвэрлэсэн нь охин аавдаа ээнэгшин дасахад хэт хол хугацаа гэж үзэхээр байна.

6.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т Анхан шатны шүүх хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 115.2.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хангах гэж, 115.2.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох гэж, 115.2.3-д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж тус тус зохицуулсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус 2 сард 1 удаа уулзуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-д Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн үлдэх мөнгөн дүнгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Б.*******гаас хүүхдэд зарцуулсан нэмэлт зардалд нийт 19,152,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.*******д олгосугай" гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан байх боловч цэцэрлэгийн төлбөрийг онцгой зардал гэж үзэхгүй.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28.2.-т "...Онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 7-т сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж, мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй" гээд 14.2.8-т хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах гэж заасны дагуу төрөөс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог.

Б.*******гийн хувьд дээрхи хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй" гээд 14.2.1-т сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах, 14.2.4-т сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах гэж тус тус заасны дагуу хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг төлөх болон зарим үед охиноо цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгөх бүрэн боломжтой. Охин Э.*******гийн харъяалагддаг гэрийнх нь ойролцоо улсын цэцэрлэг байдаг бөгөөд Г.******* нь охиныг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүйгээр өөрийн шийдвэрээр төлбөртэй хувийн цэцэрлэгт оруулсан. Мөн түүнчлэн улсын цэцэрлэгт хамруулах бүрэн боломжтой байхад Сэлбэ цэцэрлэгт охиныг оруулж, тус төлбөрийг хувааж төлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад 3,200,000+4,800,000=8,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, мөн 5,000,000 төгрөг шилжүүлснийг баталгаажуулсан төлбөрийн баримт гаргаж өгсөн. Гэтэл 5,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг мэтээр нэхэмжилснийг анхан шатны шүүхээс нягталж үзэлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, 3 дах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Талууд охин Э.*******г 2 нас 5 сартай байх үеэс тусдаа амьдарсан. Тусдаа амьдарч байх хугацаандаа нэхэмжлэгч Б.******* охиныг шаардлагатай зүйлээр хангаж, амралтын өдрүүдэд охинтойгоо уулзаж байхаар тохиролцсон. 2020 оны 11 дүгээр сараас Б.******* охинтойгоо уулзаж байгаагүй, хааяа охинтойгоо уулзах талаар мессеж илгээж, утсаар ярьдаг байсан боловч тогтсон цагтаа ирдэггүй бөгөөд 2 жилийн дараа хариуцагч Г.*******г охинтойгоо уулзуулдаггүй гэх үндэслэл бүхий шаардлага гаргасан.

Энэ хугацаанд Г.******* нь Б.*******тай хамт амьдарч байсан гэртээ, Б.*******гийн мэддэг цэцэрлэгт хүүхдээ өгсөн. Б.*******гаас хүүхдээ зугтаалгасан зүйл байхгүй. Хүүхэдтэйгээ уулзах боломж байсан.

7.2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон. Шинжээч ...охины насны онцлог болон сургуульд орох эхэн үеийн сэтгэл зүйн байдлыг харгалзан асуудлыг ойлгож, хүлээн авдаг, бие даан шийдвэр гаргах чадвартай үед нь эцэгтэй нь уулзуулах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Тус шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч тал маргаагүй.

7.3. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж сард 2 удаа биш 2 сард 1 удаа охин Э.*******тай уулзахыг даалгасан. Энэ дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцсэн буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэдэг нь нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг шүүх шийдвэрлэсэн байхыг ойлгодог.

7.4. Сөрөг нэхэмжлэлийн нэмэлт зардлыг нэхэмжлэгч Б.******* хариуцахгүй гэж гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн охиныг боловсролтой, зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэхэд зориулан зардал гаргасан байхад Б.******* зөвшөөрөхгүй байхыг үзэхэд хүүхэдтэйгээ уулзахыг хүссэн мөн эсэхэд эргэлзэж, зөрчилтэй сэтгэл төрж байна.

Давж заалдах гомдлын 2.1 дэх хэсэгт дурдсан Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ...сургуульд орсон болон улсын дээд шүүхийн тогтоолд ...ердийн болон тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг онцгой нөхцөл байдалтай нэгэн адил хамруулна гэж заасны дагуу охин Э.*******н сургууль, цэцэрлэгийн төлбөрийн 50 хувийг гаргуулахдаа хүүхдийн сурч, боловсрох хэрэгцээ шаардлагад зориулагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль зөрчөөгүй.

Б.******* эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол үүргээ гүйцэтгэх ёстой. Төлбөртэй сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургахыг хуулиар хориглоогүй. Охин Э.*******гийн сургалтын төлбөрт зардал гаргасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд 19,152,450 төгрөгийн нэмэлт зардлыг анхан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. 10,000,000 төгрөгийг Э.*******гийн 2022 оноос 2023 оны цэцэрлэгийн хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тус тус 5,000,000 төгрөг төлсөн болох нь Сэлбэ сургууль, цэцэрлэг цогцолбор ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын орлогын баримтаар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан охин Э.*******тай уулзахад нь саад болохгүй байхыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардал 19,152,450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

3.1. Б.*******, Г.******* нар 2016 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.*******г төрүүлсэн ба талууд таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, үүнээс хойш охин Э.******* эхийн асрамжид байгаа нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй байдлыг харгалзан охин Э.*******г эхийн асрамжид хэвээр үлдээж, эцэг Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцжээ.

3.2. Нэхэмжлэгч нь охин Э.*******тай уулзахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагыг сард 2 удаа уулзуулж байх-ыг даалгах агуулгаар тодорхойлсон байх ба хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа эцгээсээ тусдаа амьдарснаас хойш эхийн асрамжид байгаа бөгөөд нөхөр Б.*******г ааваа гэж дууддаг, төрсөн эцгийнхээ царай, зүсийг мэдэхгүй, ийм нөхцөлд тогтмол уулзуулах боломжгүй гэжээ.

Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх тул эцэг, эх нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд хүүхэдтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй боловч мөн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд охин Э.*******г хамт амьдарч байгаа аав, ээж, дүүтэйгээ өндөр ээнэгшилтэй, хүүхдийн насны онцлог болон сэтгэл зүйн хэрэгцээ шаардлага, сургуульд элсэн орох үеийн хөгжлийг харгалзан хүүхдийн санаа бодлыг төөрөгдүүлэхгүй байх, өөрийн дассан орчин, гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөтэй гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон асуудлаар талуудын хэн аль нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргах, гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах үүрэгтэй болох талаар зөвлөмжийг дүгнэлтэд тусгасан байна.

Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлог, зан байдал, одоо амьдарч байгаа орчин, нөхцөл зэргийг харгалзан эцэг Б.*******гийн охинтойгоо уулзах хугацааг тодорхойлсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэснийг буруутгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

3.3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар зохицуулсан.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж зохицуулсан нь хүүхдийг төлбөртэй хувийн цэцэрлэг, сургуульд хамрагдах эрхийг хязгаарлахгүй. Түүнчлэн, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, хөгжиж төлөвшихөд нь туслах эцэг, эхийн үүргийн хүрээнд төлбөртэй цэцэрлэг, сургуулийг сонгон суралцуулсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь хүүхдэд гарсан нэмэлт зардлыг нэхэмжлэгч хариуцахгүй байх үндэслэл болохгүй.

Иймд Сэлбэ цэцэрлэг, сургууль, бэлтгэл ангийн төлбөр, хичээлийн дүрэмт хувцас, ном, эрүүл мэндийн шинжилгээний төлбөрийг нэмэлт зардалд тооцож, уг зардлын тал хувийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцнэ.

Шүүх дээрх зардлыг тооцохдоо 5,000,000 төгрөгийг давхацуулан нэмж тооцсон байх тул тал хувь болох 2,500,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчээс 16,652,450 төгрөг гаргуулах нь зүйтэй.

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 19,152,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.*******д олгосугай гэснийг 16,652,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж нийт 406,540 төгрөг гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 381,612 төгрөг гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,912 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА