Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

      2019       3           26                                    2019/ШЦТ/247

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч Ч.Ү, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Үзмээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн д холбогдох эрүүгийн 1811027100269 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин гэх, ам бүл 9, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сум, 2 дугаар баг, Эргэн дэнж гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Ү нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 15 дугаар гудамжны 326 тоотод нөхөр О.Өнөржаргалтай маргалдан улмаар нүдэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Өнөржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Орой 22 цаг өнгөрч байхад эхнэр Үүрцайх нь шорлогоо зарж дуусчихаар хамт нийтийн байрандаа очсон. Нийтийн байран өрөөндөө ороод байж байтал Үүрцайх надад уурлаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Үүрцайхын зүүн хөх рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Үүрцайх намайг зодлоо гээд цагдаа дуудчихсан...” гэжээ /хх-18-19/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №11352 дугаар дүгнэлтэд: 

“1. О.Өнөржаргалд зүүн зовхи, нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй ” гэжээ /хх-35/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-50-51/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Ч.Ү нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 15 дугаар гудамжны 326 тоотод нөхөр О.Өнөржаргалтай маргалдан улмаар нүдэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Өнөржаргалын “...Орой 22 цаг өнгөрч байхад эхнэр Үүрцайх нь шорлогоо зарж дуусчихаар хамт нийтийн байрандаа очсон. Нийтийн байран өрөөндөө ороод байж байтал Үүрцайх надад уурлаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Үүрцайхын зүүн хөх рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Үүрцайх намайг зодлоо гээд цагдаа дуудчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №11352 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Ч.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.  

Мөн шүүгдэгч Ч.Үад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын  яллагчийн гаргасан Ч.Үад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал зэргийг харгалзав.

Хохирогч О.Өнөржаргал нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “...Би эхнэр Ч.Үтай сайн дурын үндсэн дээр эвлэрч, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байна. Иймд шүүгдэгч Ч.Үыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ч.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.Ү нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Үад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН