Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 455

 

      Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Хурниад” ХХК-д холбогдох “92.899.300 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч танилцаад:

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Майнд Тэч” ХХК нь “Хурниад” ХХК-тай 2014 оноос газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2014 оны төлбөрийн үлдэгдэл 36.762.276 төгрөгний үлдэгдэлтэй байна.

          Талууд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №017 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287.000 төгрөгний үнэ бүхий 40 уут нийт 11.480.000 төгрөгний үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсын үрийг зээлээр нийлүүлсэн.

           Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь “Майнд Тэч” ХХК нь “Хурниад” ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх, “Хурниад” ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “Майнд Тэч” ХХК-д буцаан худалдах, “Хурниад” ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “Майнд Тэч” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу “Хурниад” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 200 тн ургацыг “Майнд Тэч” ХХК-нд тушаах ёстой байсан. Үүнээс 9,54 тн ургацыг манай компанид тушаасан болно. “Хурниад” ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 7.530.300 төгрөг төлсөн ба үлдэгдэл 3.949.700 төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 1.974.850 төгрөг талууд гэрээгээр тохиролцсон 200 тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 39.996.600 төгрөг болж байна. Мөн “Майнд Тэч” ХХК манай компаниас тариалалтын ажилд дэмжлэг хүсэж 2015 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 10.000.000 төгрөгийг шатахууны дэмжлэг авсан, үүний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд 2014 оны зээлээр авсан рапсын төлбөр 36.762.276 төгрөг, 2015 оны зээлээр авсан рапсын төлбөр 3.949.700 төгрөг, алданги 1.974.850 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 39.996.600 төгрөг нийт 92.899.300 төгрөгийг “Хурниад” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна.

Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан “Хурниад” ХХК -ийн эзэмшлийн:

-0209616  тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 18601502976720 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Жавлант сумын Бухатад байрлах 107 га

-0209615 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18598505755409  тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бухатад байрлах 30 га

-0209617 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18598504792475 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бухатад байрлах 18.34 га

-0209618 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18598504484271 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бухатад байрлах 58.4 га газруудаар тус тус зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Манай “Майнд Тэч” ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байрлалтай, Б.Батболд захиралтай “Хурниад” ХХК-аас 92.899.300 /ерэн хоёр сая найман зуун ерэн есөн мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлтэй, үүнээс 2014 оны үлдэгдэл болох 36.762.276 /гучин зургаан сая долоон зуун жаран хоёр мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг, 2015 онд гэрээний үлдэгдэл мөнгө 3.949.700/гурван сая есөн зуун дөчин есөн мянга долоон зуу/ төгрөг, гэрээний 5.2 дугаар хэсэгт заасан торгууль 1.974.700/нэг сая есөн зуун далан дөрвөн мянга долоон зуу/, шатахууны дэмжлэг болох 10.000.000/арван сая/ төгрөг, нийт үндсэн төлбөр 52.686.676/тавин хоёр сая зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг, гэрээний 5.3 дахь заалтаар торгууль 9.996.600/есөн сая есөн зуун ерэн зургаан мянга зургаан зуу/ төгрөг, нийт 62.683.276/жаран хоёр сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Батболд /Хурниад ХХК-ний захирал/ нь тэмдэгтийн хураамж 622.446/зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг “Майн Тэч” ХХК-д мөн төлөхөөр тохиролцов.

Дээрх төлбөр болох 62.683.276 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгууллаа.

            Хэрэв хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох 5 үл хөдлөх хөрөнгө буюу:

  1. 30.0 га 18598505755409
  2. 107.0 га 18601502976720
  3. 18.34 га 18598504792475
  4. 58.4 га 18598504484271
  5. 118.76 га 18598503142117 гэх газруудыг мөнгөө бүрэн төлсөн үед нь буцаан олгох бөгөөд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөр барагдахгүй бол барьцааны хөрөнгөөр хангуулахад татгалзахгүй гэж хоёр тал тохиролцон эвлэрлийн гэрээ байгууллаа.

                                 Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч                  “Майнд Тэч” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч              Х.Жаргалсайхан

                      

        Хариуцагч                    “Хурниад” ХХК-ний захирал Б.Батболд...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь 92.899.300 төгрөгийг хариуцагч “Хурниад” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 62.683.276 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.

   Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Хурниад” ХХК-д холбогдох “92.899.300 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 62.683.276 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгч авалцахаар, дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 1861502976720, 18598505755409, 18598504792475, 18598504484271, 18598503142117 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 622.466 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.683.276 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 235.683 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ