Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00841

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00841

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/01080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.*******тай зээлийн гэрээг бичгээр байгуулж 5,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

1.2. Гэрээний хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 1,760,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 2 сарын зээлийн хүү 880,000 төгрөгийг төлөөгүй. Үндсэн төлбөр 5,500,000 төгрөг, хүү 880,000 төгрөг нийт 6,380,000 төгрөг болж байна. Үүнээс хугацаандаа төлөөгүй алданги 3,190,000 төгрөгийг тооцож, нийт 9,570,000 төгрөг төлөхөөс үндсэн төлбөрт төлсөн 3,500,000 төгрөгийг хасч тооцвол 6,070,000 төгрөг байгаа.

Хариуцагчийн төлөх 6,070,000 төгрөгөөс багасгаж 5,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.*******гаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан.

2.2. Уг мөнгөнөөс 2,465,000 төгрөгийг охин Н.*******ын Б.*******д төлөх зээлийн төлбөрт өгсөн. Зээлийн гэрээний үүрэгт охин Н.*******ын дансаар 1,599,800 төгрөг, Төрийн банкиар 570,000 төгрөг, өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар 3,500,000 төгрөг нийт 5,669,800 төгрөгийг төлсөн. Одоо 890,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас 3,149,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,350,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,338 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх үндсэн зээл, хүүг тус тусад нь тооцоогүй. Хариуцагч зээлийн гэрээний дагуу 1 сарын хүү болох 440,000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой 6 сарын хүү болох 2,640,000 төгрөгөөс 1 сарын хүү болох 440,000 төгрөг хасагдаж 2,200,000 төгрөгийг үндсэн төлбөрт бус зээлийн хүү-нд гэж тооцон хариуцагчаас гаргуулахаар байсан.

4.2. Шийдвэрийн 5.2 дахь хэсэгт зээлийн үндсэн төлбөр бус зээлийн хүү болох 2,200,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулах гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн хүү болох 2,200,000 төгрөг, алданги 605,000 төгрөг, нийт 2,805,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 сарын хүүгийн төлбөрөөс зөвхөн 1 сарын хүү болох 440,000 төгрөгийг төлсөн гэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл 4 сарын хүү төлсөн гэдгийг манайх хүлээн зөвшөөрөөд төлсөн үнийн дүнд оруулж тооцсон. Нийт 6 сарын хүү 2,640,000 төгрөгөөс 1,700,000 гаруй төгрөгийг төлсөн учраас энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг маргааныг сайн ойлгож, судлаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь 5,669,800 төгрөг төлсөн, 890,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Талууд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Б.******* нь 5,500,000 төгрөгийг, 6 сарын хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.******* нь тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохирсон байна.

3.1. Дээрх гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн төлбөр 5,500,000 төгрөг, зээлийн хүү 2,640,000 төгрөг /5,500,000 х 8% = 440,000 х 6 сар/ нийт 8,140,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндсэн үүрэгтэй болох, үүнээс 5,669,800 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй үйл баримтыг зөв тогтоосон байх ба зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2,470,000 төгрөг гэж тодорхойлсныг буруутгахгүй.

3.3. Түүнчлэн талууд зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоотой нийцнэ.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 2,470,000 төгрөгөөс хамгийн сүүлийн төлбөр төлсөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 55 хоногийн алданги 679,250 төгрөг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлвөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр болон алдангийн хэмжээг зөв тогтоож, нийт 3,149,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА