| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0727/э |
| Дугаар | 248 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Д.Булганчимэг,
яллагдагч Д.У, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1711002080510 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1989 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 50-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.У нь 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны 8+/- хөтөлбөрийн орон сууцны зээлээр авсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу 30-228 тоот байрны эрхийг хохирогч Б.Яруунайд өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1994 евро буюу 5.015.308 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1994 евро буюу 5.081.110 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6181 евро буюу 15.594.188 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11.000 евро буюу 28.941.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний хувьд ямар хэрэгт холбогдоод байгаагаа сайн ойлгохгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Г.Оюунцэцэг өмгөөлөгчийг аваад эрх зүйн туслалцаа авч, сайн ойлголт авсан. Юунд холбогдсон талаараа ар гэрийнхэндээ хэлээгүй байсан. Өмгөөлөгч маань аав, ээжтэй уулзаад нөхцөл байдлыг сайн тайлбарлаж хэлээд бид нар хохирлыг төлж барагдуулахаар болсон. Хийсэн гэм буруугаа сайтар ойлгож байгаа учир миний жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа болон бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, торгох ял шийтгэж өгнө үү. Хохирол болон торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой, төлөхөө илэрхийлж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Яруунай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ундрал 2015 оны 5 дугаар сарын 20-ны үеэр надад Баянзүрх дүүргийн 11-р хороолол Их тойруу 30-228 тоот орон сууц миний нэр дээр байдаг юм. Түүнийг барьцаалаад надад мөнгө зээлүүлээч гэхээр Hd би итгээд Голомт банкны 1105015895 данснаасаа 24.000.000 төгрөг авч Ундрал уруу яриад түүний гэрийн ойролцоо 7 буудлаар өгсөөд Чингэлтэйд 20.000.000 төгрөг бэлнээр нь өгсөн. Би тэр үед нь юмыг яаж мэдэх вэ? гэж бодоод Ард кино театрын тэр хавьд байх нотариатын газар очиж гэрээ хийж батлуулсан ба уг гэрээгээ 3 жилийн хугацаатай хийгээд энэ гэрээ нь 2018 оны 06 дугаар сарын 01-нд дуусах байсан. Үүний дараа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ундрал надаас танаас авсан мөнгөний барьцаанд байгаа байранд манай аав, ээж хоёр суудаг юм. Тэр хоёрыг өөрийн гэсэн байртай болгочхоод танд байраа суллаж өгөхийн тулд бас нэг хэдэн төгрөг хэрэгтэй байна. Надад дахиад 6 сая төгрөгийн хэрэг болчихлоо гэхээр нь би хурдхан шиг байрыг нь суллуулаад нэр дээрээ шилжүүлэхийн тулд мөн л итгэж 6.000.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ундрал манайд уйлаад орж ирсэн ба нөгөө танд шилжүүлж байгаа байрны чинь лизингийн өр нэхэгдээд бараг алдах гээд байна, та туслаач гээд уйлж гуйгаад байхаар нь бас л итгэж өөрийн дүү шигээ санаад 9.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны орчим намайг Бельги Улсад байхад интернэтийн скайпаар орж ирээд би танаас нуучихсан байсан юм, би нэг хүнд өртэй байсан юм. Түүний нөхөр цагдаа хүн байдаг юм. Тэр нөхөр; нөгөө танд өгөх гэсэн Голомтын лизингтэй байрыг мэдчихээд өрөндөө авах гээд байна яах вэ? энэ миний сүүлчийн өр, одоо би энэ хүний өрийг дарчихвал, өөр ямар ч өргүй болно. Надад одоо 26.000.000 төгрөг хэрэгтэй байна. Энэ өрийг дарчихвал нөгөө байрыг хүнд алдахгүй та бүтнээр нь авах болно гэж намайг итгүүлсэн учир би Бельги улсаас Монгол дахь Голомт банкин дахь еврогийн өөрийн данснаас Ундралын төрсөн эгч болох Даваадоржийн Энэрэлийн Голомт банкин дахь еврогийн данс уруу 1500 еврогоор 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд 6 удаагийн үйлдлээр нийт 10.100 евро шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ундрал интернэтийн скайпаар орж ирээд "Та одоо байрныхаа ордерыг өөрийнхөө нэр дээр авахын тулд Голомт банкин дахь үлдэгдэл лизингийн 30 сая төлчих хэрэгтэй байна гээд шавдуулаад байхаар нь миний мөнгө дууссан учир Бельги улсын иргэн миний хамтран амьдрагч Патриктай Ундралыг холбож зуучлан тэр хоёрыг хооронд нь скайпаар яриулж байгаад Ундралд мөнгө зээлэх болж Патрикаас Ундралын эгч Энэрэлийн еврогийн данс уруу 11000 евро шилжүүлсэн. Тэгсэн хэдий ч нөгөө байраа шилжүүлээгүй хууран мэхэлж мөнгө аваад одоо болтол таг чиг болсон. Би Ундралд эхлээд 20.000.000 төгрөг дараа нь 9.000.000 төгрөг 6.000.000 төгрөг өгсөн байгаа. Мөн Патрик бид хоёр ярилцаж байгаад Ундралаас авах байрныхаа мөнгөнд өгч байна гэж ойлгоод 11.000 евро болон 10.100 еврог Ундралын эгч Энэрэлийн дансанд хийсэн...” гэжээ /1-р хх 25-27х/.
Гэрч Д.Энэрэл мэдүүлэхдээ: “...Манай дүү Даваадоржийн Ундрал нь иргэний үнэмлэхээ алга болгочихлоо та нэг юман дээр туслаач ээ гэж хэлэхээр нь юу юм бэ гэтэл Голомт банкин дээр ирээд иргэний үнэмлэхтэйгээ мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлэхээр нь дүү Д.У еврогийн данс нээж өгөөд Д.Яруунай гэх хүнээс 8520 евро 2 удаа очиж байж тэр мөнгийг нь орж ирсэн...” гэжээ /1-р хх 52х/.
гэрч Д.Энэрэлийн дансны хуулга /1-р хх 85-86х/.
Бельги Улсын иргэн De Groote Patrick-aac 2017 оны 01 дүгээр сарын 27-ны
өдөр 11.000 евро шилжүүлсэн баримт /1-р хх 92х/.
3ээлийн гэрээ 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “20.000.000 төгрөг” /1-р хх 132х/.
Зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “5.000.000 төгрөг” /1-р хх 133х/.
3ээлийн гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “9.000.000 төгрөг” /1-р хх 134х/.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 222/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-63/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.У нь 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны 8+/- хөтөлбөрийн орон сууцны зээлээр авсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруу 30-228 тоот байрны эрхийг хохирогч Б.Яруунайд өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1994 евро буюу 5.015.308 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1994 евро буюу 5.081.110 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6181 евро буюу 15.594.188 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11.000 евро буюу 28.941.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад их хэмжээний буюу нийт 89.631.606 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс гадна хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон бага насны хоёр хүүхэдтэй, 6 сартай жирэмсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж торгох ял шийтгэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Д.Уын цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь Д.У нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ыг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж их хэмжээний хохирол учруулсан ба прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.У нь хохирогч Д.Яруунайд 20.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул үлдэх 59.631.606 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, Д.Яруунай нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тооцсон болно.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Уд 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 30 сая төгрөг төлсөн бөгөөд үлдэх 59.631.606 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Д.Яруунайд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН