Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 456

 

                                                                                                                                                                                                                                                                     

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Д.Нарангэрэл холбогдох “1.009.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын  18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Даваасамбуу овогтой Нарангэрэл нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Сэлэнгэ салбараас 10702675 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан.

Одоогийн байдлаар нийт 1.005.000 төгрөгний төлбөртэй манай байгууллагыг хохироож байна. Зээлдэгч Д.Нарангэрэлээс үндсэн зээл 805.000 хүү нь 200.000 нийт 1.005.000 төгрөг, нотариатын төлбөр 4000 төгрөг нийт 1.009.000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 172 тоотод оршин суугч Боржигон овогт Даваасамбуугийн Нарангэрэл /АЭ-68033066/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Даваасамбуу овогтой Нарангэрэл миний бие нь вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.009.000 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг сар болгон 100.000 төгрөгөөр хийж уг байгууллагыг хохиролгүй болгоно. 2017 оны 07 дугаар сар хүртэл хийж барагдуулна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Нарангэрэлээс “1.009.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28766 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14383 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 14383 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.                                                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Д.Нарангэрэлд холбогдох “1.009.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28766 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 14383 төгрөгийг, үлдэх 14383 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ