Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00840

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00840

 

 

 

******* капитал ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/00797 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.*******ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,175,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Б.*******, Э.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 7101900510 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 3,970,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 7101943667 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 240,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлсэн.

1.2. Хариуцагч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 149,711 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75,406 төгрөг, нийт 225,117 төгрөг төлсөн байна.

1.3. Иймд хариуцагч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101900510 тоот гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 3,828,980 төгрөг, хүү 1,850,582 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,623 төгрөг, 7101943667 тоот гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 231,309 төгрөг, хүү 111,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,205 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 6,175,999 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагчаас 6,175,999 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тайлбаргүй төлнө. Нэхэмжлэлийг зөвшөөрнө.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А.*******оос 3,984,883 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,191,116 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,708.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс С.*******тэд олгосон итгэмжлэл нь бусдад дамжуулан олгох эрхтэй итгэмжлэл биш талаар шүүхээс үнэлж шүүх хуралдаанд Г.Баярхүүг ажиглагчаар оролцуулахаар тусгасан боловч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж.*******г төлөөлөх эрхтэй эсэх талаар шүүх үнэлээгүй төдийгүй Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр шүүхэд нэхэмжилсэн байна.

Ингэхдээ шүүхээс нэхэмжлэгчийн бүрэн эрхтэй төлөөлөгч болох С.*******т эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээдэд хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг мэдэгдээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх зарчмаар хангаагүй нь манай эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4.2. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтад хариуцагч нь ******* капитал ББСБ ХХК-иас зээлийн гэрээний дагуу зээл авсан талаар маргаагүй, мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 101/ТМ2024/00694 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбарыг шүүх хуралдааны явцад амаар мэдүүлсэн, шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийн талаар талууд мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй.

 

4.3. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5а дугаар зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэх боловч хариуцагчийн зүгээс тайлбартаа зээл авсан талаар маргаагүй. Ингэхдээ зохигчдын хооронд хийгдсэн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан журмын дагуу хийгдсэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар А.******* нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсанаа бодит үйлдлээр илэрхийлсэн. Тухайлбал А.******* нь зээлийг ахуйн зориулалтаар хэрэглээний үйл ажиллагаандаа хэрэглэсэн, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж зээлээ төлж байсан болох нь манайхаас гаргасан зээл хүүгийн тооцоолол болон хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

4.4. Мөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №Р20167793-н тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт ..Цахим зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцож баталгаажуулж зурсан албан ёсны баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөрт тооцогдоно. гэж заасан. Мөн гэрээний 7.4-т зээлдэгчийн илгээсэн зээлийн хүсэлт нь ББСБ-Н зээлийн тусгай нөхцөл болох хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг эргэн төлөх нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрснийг илтгэх албан хүсэлт гэж үзэх тул үүнээс үүдэх үр дагавараа энэхүү гэрээгээр баталгаажуулсан болно.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дугаар заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүхээс 3,900,000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гарснаас 2 өдрийн дараа 2,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 1,900,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлөх хүсэлттэй байна..

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч А.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,175,999 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч маргасан агуулга бүхий тайлбар гаргаагүй байна.

 

3. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг хянадаг тул анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтад тулгуурлан шийдвэрийг хянах үндэслэлгүй тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.1. Анхан шатны шүүх ******* капитал ББСБ ХХК-ийн өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж, нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Цахим зээлийн гэрээ гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цахим зээлийн гэрээ гэх баримтад хариуцагч гарын үсэг зураагүй тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү шаардах эрхгүй гэж дүгнэж, хариуцагчийг үндсэн зээлийн төлбөр төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.2. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шаардлага, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг, тухайн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан байхыг тодорхой тайлбарлаж, энэ үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Иймээс шүүх цаасан суурьтай бичмэл нотлох баримт, цаасан суурьгүй цахим нотлох баримтын ялгаатай байдал, тухайн баримтууд нь хуульд зааснаар ямар хэлбэрийн шаардлага тавигдах болохыг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй. Дээрх хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэд явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэлийн талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх батлах байсан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөхгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/00797 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,008 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА