Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Хашбаатар,

            Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

            Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,  

            Хохирогч Ч.Урантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох 1803002660153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1., 1990 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 26-31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .

2., 1970 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст цагдаа жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо МАХ-ны 8-8а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Цагдаагийн газрын урд замд 44-50 УНЦ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.5 "Зогсохгүй явах хориотой" - хөдөлгөөний зохицуулалтгүй үед "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ"..., 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Мын жолоодож явсан 20-08 УНҮ улсын дугаартай Kia Rio маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас явган зорчигч Ч.Урантөгс мөргөгдөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Цагдаагийн газрын урд замд 20-08 УНҮ улсын дугаартай Kia Rio маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө"...,1 дүгээр хавсралтын Долоогийн 25 дахь заалт 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Жийн жолоодож явсан 44-50 УНЦ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас явган зорчигч Ч.Урантөгсийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ажил руу явж байх үед Баруун гар талаас Мөнхбатын машин гэнэт замын хажуугаас гарч ирээд мөргөсөн. Тухайн машин ямар нэгэн дохио байхгүй, гэнэт маш хурдтайгаар гарч ирсэн. Мөн тэр зам дээр Зогс тэмдэг харагдаагүй. Би өөрийгөө ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэж үзэж байгаа...” гэв.

            Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны дарга намайг Нийслэлийн Хангарьд ордонд хуралтай боллоо, 4 минутын дотор очих хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Нийслэлийн цагдаагийн хашаанаас дууд дохио ажиллуулаад төв зам руу гарах үед хажуугаас машин ирж мөргөсөн. Тэр үед Б.Ж маш хурдтай явж байсан. Би дохиогоо дуугаргаад хөдөлгөөнд оролцсон. Надад замын хөдөлгөөн зөрчсөн асуудал байхгүй., ...Осол болох үед машины гадна байрлуулдаг алга гэрэл байгаагүй боловч дохио бол дуугарч байсан. Манай дарга намайг хурдан явах үүрэг өгсөн...” гэв.

            Хохирогч Ч.Урантөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өглөө Хороололд байрлах гэрээсээ гараад ажил руугаа алхаж байсан. Чингэлтэй дүүргийн хойно байрлах цэцэрлэгт гудамжаар алхаж байтал ард маш хүчтэй чимээ гараад эргээд хартал  гэнэт машин орж ирээд миний хөлөн дээгүүр гараад явсан. Би ууг нь явган хүний гарцаар гараагүй, замын хажуугаар ч яваагүй байсан.  Маш их гайхаж байна. Эдгээр хүмүүс одоо болтол надаас уучлалт ч гуйгаагүй, буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний зүгээс эмчилгээний төлбөрт 4.544.663 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжилж байгаа мөнгө нь миний ажилгүй байсан үеийн цалин мөн эмчилгээнд хэрэглэсэн эм тарианы мөнгө байгаа...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Ч.Урантөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн арын хоёр машин замын голд байдаг явган хүний замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй МУБИС орохоор ганцаараа алхаад явж байгаад Нийслэлийн цагдаагийн газрын урд талын туслах машин замыг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ хөндлөн гараад замынхаа зүүн талын явган хүний замруу ороод алхаад явж байхад миний хойд талд түс тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад бор өнгийн Киа маркийн суудлын автомашин хар өнгийн Тоёота приус маркийн суудлын хоёр автомашин мөргөлдсөн, тэгтэл гэнэт нөгөө Киа маркийн автомашин надруу чиглээд ороод ирэхээр нь би хойшоогоо зайлсан боловч намайг нөгөө машин мөргөж, газар унагаагаад зүүн хөлийн шагай хэсгээр дугуйгаараа дайраад тэр чигээрээ урагшаагаа яваад замын голын төмөр хайсыг мөргөсөн. Гомдолтой байна, зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан, одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ, ослоос болж ажлаа хийгээгүй байх хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэжээ /хх-27-28/. 

Иргэний нэхэмжлэгч Б.Батболд мэдүүлэхдээ: “...байгууллагын автомашинд 4.104.070 төгрөгийн шууд хохирол, 4.694.070 төгрөгийн нийт хохирол учирсан. Машины хохирлыг нэхэмжилнэ. Манай байгууллагын автомашин 24 цагаар бэлэн байдалд байдаг, уг автомашиныг яаралтай засаж янзалж ажилд гаргах шаардлагатай байх тул үнэлгээгээр гарсан 4.694.070 төгрөгийг буруутай жолоочоос гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ /хх-52/.

Шинжээч Ш.Батмөнх мэдүүлэхдээ: “...Суурингийн доторх замд 3.5 "Зогс" тэмдэгтэй хамт 6.12 тэмдэг хамт тавих шаардлага байдаггүй, Монгол улсын ЗХД, Монгол улсын стандарт "Авто замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS-4596:2014-өөp Монгол улсын ЗХД-ийн 3.5 "Зогс" тэмдгийг замын зарим шаардлагатай хэсэгт /тусгай пост/-ын өмнө байрлуулж болно гэж заасан байдаг. 3.5 "Зогс" тэмдгийг зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолоочид хөндлөн замын үзэгдэлт хангагдах газарт байрлуулна. Зогсолт хийх газрыг тодруулах үүднээс 1.11 "Зогс шугам" тэмдгийг хэрэглэж болно. Авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага MNS-4596:2014 стандартын дагуу тухайн Монгол улсын ЗХД-ийн 7.1 Хэвтээ тэмдэглэл нь 2015 онд 7.5 "тасархай зураас тэмдэглэлтэй байсан байна. Иймд тухайн гарцын өмнөх тэмдэглэл нь дээрх стандартад нийцэж байгаа эсэхэд үзлэг хийхэд дээрх стандартын шаардлага хангахгүй, утга алдагдуулж хийсэн байх үндэслэлтэй байна. Иймд тухайн гарцаас хөдөлгөөн эхлүүлж байгаа тээврийн хэрэгсэл 3.5 "Зогс" зогсохгүй явах хориотой тэмдгийн заалтыг баримтлан замын хөдөлгөөнд оролцоно" гэжээ /хх-89-90/.

Шинжээч Л.Гансүх мэдүүлэхдээ: “...Нийслэлийн цагдаагийн газрын урд талын гарц бүхий зам нь "Зогсохгүй" явах хориотой /3.5/ тэмдэг дарааллын тэмдэг тавигдсан зам байсан. Энэ замд осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн огтлолцсоноос уг зам тээврийн осол гарсан байна. Нэгэнт тавигдсан 3.5 дарааллын тэмдэг тавигдсан зам /бусад үед шуурхай албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл нэвтэрдэг/-д дүрэмд тогтоосноор зогсолт хийхгүй явахыг хориглосон байдаг тул осолд холбогдсон Тоёота Приус маркийн автомашины жолооч нь 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлтэй гэдгээ гаргасан дүгнэлтдээ тусгасан. Нөгөө талаас Киа Рио маркийн НЦГ-ын Захиргааны удирдлагын хэлтэст ашиглагддаг /цагдаагийн албаны/ тээврийн хэрэгсэл нь тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглээгүй, ослын үед ажиллаагүй нь зам тээврийн ослын үзлэгээр тодорхой харагддаг. ХЗДХС-ын 2017-12-11-ний өдрийн А/292 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ын 2.1.2 дахь хэсэгт "Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд хөх-улаан өнгийн гэрэл дохио тавьж хэрэглэхээр, ийм өнгийн гэрэл дохио тавьж хэрэглэсэн жолооч ЗХД-ийн 24 дэх хэсэгт зааснаар "...хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан үедээ" тус дүрмийн тодорхой заалтуудыг зөрчиж болохоор зохицуулж өгсөн. Тиймээс дээрх шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгслийн адил буюу давуу эрх эдлэхээргүйгээр ЗХД-ийн 7.7 дахь хэсэгт заасны дагуу хөдөлгөөнд оролцох ёстой байсан нь харагддаг" гэжээ /хх-129-130/.

Шинжээч В.Балжинням мэдүүлэхдээ: “...Осол гарсан гэх Нийслэлийн цагдаагийн газрын урд талын гарц бүхий зам нь "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг дарааллын тэмдэг тавигдсан зам байсан. Энэ замд осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн огтлолцсоноос уг зам тээврийн осол гарсан байсан. Нэгэнт тавигдсан 3.5 дарааллын тэмдэг тавигдсан зам /бусад үед шуурхай албаны үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл нэвтэрдэг/-д дүрэмд тогтоосноор зогсолт хийхгүй явахыг хориглосон байдаг тул осолд холбогдсон Т.Приус маркийн автомашины жолооч 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлтэй гэдгээ гаргасан дүгнэлтдээ тусгасан. Нөгөө талаас нь Киа Рио маркийн Нийслэлийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын хэлтэст ашигладаг /цагдаагийн албаны/ тээврийн хэрэгсэл нь тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглээгүй, ослын үед ашиглаагүй нь зам тээврийн ослын үзлэгээр тодорхой харагддаг. Хамгийн сүүлд ХЗДХС-ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам"-ын 2.1.2 дахь хэсэгт "Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд хөх-улаан өнгийн гэрэл дохио тавьж хэрэглэхээр, ийм өнгийн гэрэл дохио тавьж хэрэглэсэн жолооч ЗХД-ийн 2.4 дэх хэсэгт зааснаар "...хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан үедээ" тус дүрмийн тодорхой заалтуудыг зөрчиж болохоор"-оор зохицуулж өгсөн. Тиймээс дээрх шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгсэл 7.7 дахь хэсэгт заасны дагуу хөдөлгөөнд оролцох ёстой байсан нь харагддаг. Тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч нар осол гарсан гэх гарцын хэсгээр нэвтрэх дарааллын журам зөрчсөн тээврийн хэрэгслийн жолооч нарын үйлдлээс шалтгаалж шууд гарсан, энэ үйлдэл нь ЗХД-ээр тогтоосон ямар хэм хэмжээг зөрчсөн талаар дүгнэлтдээ дурьдсан ба автомашинуудын мөргөлдөлтийн дараах буюу Киа Рио маркийн автомашины жолоочийн явган зорчигч, тусгаарлах зурвасын хашлага мөргөж 31.0 метр зай туулсан тодорхойгүй үйлдэл /ухаан алдсан гэх/-ийн талаар тодорхой хариулт өгөх боломжгүй байсан” гэжээ /хх-131/.

Арвижих Эстимейт ХХК-ний үнэлгээний дүгнэлт "Kia Rio маркийн 20-08 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.104.070 төгрөгийн шууд, 4.694.070 төгрөгийн нийт хохирол" гэжээ /хх-75-76/.

Хөрөнгө Эстимейнт ХХК-ний үнэлгээний дүгнэлт "Тоёота Приус маркийн 44-50 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.777.000 төгрөгийн шууд, 2.168.000 төгрөгийн нийт хохирол" гэжээ /хх-80-81/.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг: "Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Нийслэлийн цагдаагийн газрын урд замд, асфальтан, шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, зохицуулагддаггүй, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, зургаан эгнээ, явган хүний замтай, хайстай, хашлагатай зам байв" гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-8-14/.

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-15-16/

Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-17-18, 20/.

Тээврийн цагдаагийн албаны Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн №811 дүгээр дүгнэлт:

“...Жолооч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.5 "Зогсохгүй явах хориотой" - хөдөлгөөний зохицуулгагүй үед "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ"... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна."...гэснийг, жолооч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө"...,1 дүгээр хавсралтын Долоогийн 25 дахь заалт 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно"...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-ийн 245-247/.  

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-158, 169/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4223 дугаартай дүгнэлт:

1. Ч.Урантөгсийн биед зүүн хөлийн шагайн үений гадна болон дотор хавчаар ясны сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ /хх-73/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Цагдаагийн газрын урд замд 44-50 УНЦ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.5 "Зогсохгүй явах хориотой" - хөдөлгөөний зохицуулалтгүй үед "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ"..., 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Мын жолоодож явсан 20-08 УНҮ улсын дугаартай Kia Rio маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас явган зорчигч Ч.Урантөгсийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай,

            шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Цагдаагийн газрын урд замд 20-08 УНҮ улсын дугаартай Kia Rio маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө"...,1 дүгээр хавсралтын Долоогийн 25 дахь заалт 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Жийн жолоодож явсан 44-50 УНЦ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас явган зорчигч Ч.Урантөгсийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ж, А.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Б.Ж, А.М нар нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж улмаар нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч Б.Ж, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Урантөгс нь шүүгдэгч нараас ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг, эмчилгээнд авч уух эмийн төлбөрт 416.000 төгрөг, өр зээлэнд 917.263 төгрөг, эмчилгээний болон болон бусад зардалд 1.128.663 төгрөг нийт 4.544.663 төгрөг нэхэмжилснээс ажилгүй байсан хугацааны цалин, өр зээл 917.263 төгрөг, эмчилгээнд авч уух эмийн зардал 416.000 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн эмчилгээний зардал болох 1.128.663 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнээс шүүгдэгч А.Мын төлсөн нийт 511.400 төгрөгийг хасч, үлдэх 52.932 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-ийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдаж, шүүгдэгч нарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ж, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Жээс нийт 564.332 төгрөг, шүүгдэгч А.Маас нийт 52.932 төгрөг гаргуулан хохирогч Ч.Урантөгс /РД: МО77062301/-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

4. Шүүгдэгч Б.Ж, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 /нэг/ ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэснийг тус тус дурьдсугай.

5. Хэрэгт хураагдан ирсэн №1100168 дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.Жт, №43006 дугаартай жолоочийн үнэмлэхийг А.Мад буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН