Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00789

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00789

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/03552 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 559,568,545.2 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК нь ******* ХК-ийн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн.

1.2. Зөвлөх үйлчилгээний гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 5.1-д заасан баримт материалыг Захилагчаас анх хүлээн авсан өдрөөс эхлэн хуанлийн 5 сарын дотор хийж гүйцэтгэж, ажлын тайланг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд захиалагчаас баримт материал ирүүлэх хугацаа удааширсны улмаас нэхэмжлэгч нь Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан ажил үйлчилгээг 2022 оны 3 дугаар сард бэлтгэн хүргүүлж, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн холбогдох албаны хүмүүст танилцуулан албан ёсоор хүлээлгэн өгсөн.

1.3. Хариуцагчаас албан бичгээр Талуудын хооронд байгуулсан ЭТТ-2019/792 дугаартай гэрээний 2.1 дэх заалт болон ажлын даалгаврын гүйцэтгэх ажлын хамрах хүрээнд Цанхийн Зүүн, Баруун уурхай, бусад уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах ажил бүхэлдээ багтсан байх тул Цанхийн зүүн уурхайтай холбоотой ажлыг ажлын тайланд оруулах шаардлага тавьж, гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн.

Гэтэл зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах үед хариуцагч нь олборлолт явуулж байгаа Зүүн цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байсан тул уг уурхайтай холбоотой хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх асуудал хариуцагчид хамааралгүй байсан гэдгээ хариуцагчийн удирдлага 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хүлээн зөвшөөрсөн.

Гэсэн хэдий ч хариуцагчаас дахин 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01/1169 тоот албан бичиг ирүүлж, уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж ирүүлсэн тохиолдолд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж болох талаар өөр шалтаг хэлж, төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна.

1.4. Зөвлөх үйлчилгээний гэрээний нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт ...санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, НББОУС-ын 37 болон бусад холбогдох хууль, стандарт, журамд заасны дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж, холбогдох зардлыг тооцох, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөцийг үнэлэх... хуримтлагдах сангийн аргачлалыг боловсруулах" гэж тусгайлан зааснаас үзэхэд хариуцагчийн хүссэн уурхайн хаалтын төлөвлөгөө гэгч нь уурхайн нөхөн сэргээлт/хаалтын төлөвлөгөө гэхээсээ илүү уурхайн хаалт хийхэд шаардлагатай нөөцийн санг олон улсын санхүүгийн тайлагналын дагуу хэрхэн бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ байна.

1.5. Мөн ажлын даалгаварт зааснаас үзэхэд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэдэгт Байгаль орчныг хамгаалах багц хуулийн дагуу хийгдэх уурхайн хаалтын нөхөн сэргээлт /техникийн/ гэхээсээ илүү олон улсын санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу уурхайн хаалтын төлөвлөгөө гаргах, түүнтэй холбоотой нөөц сан үүсгэх, аргачлал /санхүүгийн/ боловсруулах олон улсын санхүүгийн шинжтэй зөвлөх үйлчилгээ байсан. Хэрэв захиалагч анхнаасаа уурхайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ажил гүйцэтгэх тендер зарлах байсан бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийн дунд тендер зарлах байсан.

Зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгавар, тендерийн өгөгдлийн хүснэгт дээр захиалагч нь хүсэл зоригоо ...уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэх" гэж тодорхой илэрхийлсэн байхад уурхайн хаалтын нарийвчилсан төлөвлөгөө буюу техникийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахыг шаардаж байгаа нь гэрээнд тусгаагүй ажил үйлчилгээг, ийм үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй этгээдээс шаардаж байгаа хууль бус бөгөөд гэрээгээ зөрчсөн үйлдэл болж байна.

1.6. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т ...уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг... хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх" гэсний дагуу нөхөн сэргээлт хаалтын менежментийн төлөвлөгөө нь өнөөдрийн нөхцөлд хэтэрхий эрт байгаа бөгөөд боловсруулсан ч хэрэгжих боломжгүй төлөвлөгөө гарахаас гадна хаана ч хэрэглэгдэхгүй юм.

Өнөөдрийн боловсруулагдсан Техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу Эрдэнэс Таван толгойн уурхайг цаашид 30-50 жил ашиглах боломжтой байгаа нөхцөлд ашигт малтмалын нөөц нэмэгдэх, хасагдах, шинжлэх ухаан технологийн хөгжил, дэвшлийг дагаад уул уурхайн ашиглалт-олборлолтын арга барил, техник, технологид хувьсал, өөрчлөлт орох зэргээс шалтгаалан хаалтын төлөвлөгөөг үнэн зөв тооцож гаргахад учир дутагдалтай.

1.7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу хүргүүлсэн ажлын тайлангаас чухам аль бүлэг, хэсэг, хуудас, догол мөрд тусгагдсан асуудлыг тодорхой болгох, хэрхэн дэлгэрүүлэх, тодруулах, ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага байгаа тухайгаа нарийвчлан бичгээр ирүүлбэл бид тухайн тайлбар, шүүмжийн дагуу өөрчлөн хүргүүлж болно гэж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын тайлантай холбогдуулан бичгээр ирүүлсэн шүүмж, тайлбар, тодруулга байхгүй байгаа нь ажлын тайлан шаардлага хангасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан уурхайн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй этгээд бус тул тендерийн баримт бичигт заасан гагцхүү олон улсын санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу уурхайн хаалтын төлөвлөгөө гаргах, түүнтэй холбоотой хаалтын нөөц сан үүсгэх төлөвлөгөө, аргачлал боловсруулах төлөвлөгөөг ажлын тайландаа хангалттай тусгаж өгсөн юм.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс Зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай баримт материалыг хүлээн авснаас хойш хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул гэрээний дагуу төлөх төлбөрийн 70 хувийн үлдэгдэл 559,568,545.2 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХК-иас Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тухай урилгыг ажлын даалгавар, баримт бичгийн хамт нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. ******* ХХК нь уг ажлын даалгавар болон тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэх ажил, нөхцөлийг хүлээн зөвшөөрч техникийн саналаа ирүүлсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан.

2.2. ******* ХХК нь ******* ХК-д Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний ЭТТ-2019/782 тоот гэрээний хүрээнд хийсэн ажлын Монгол хэл дээрх тайланг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Тус тайлан нь Тавантолгойн ордын Баруун Цанхийн уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ нэртэйгээр ирсэн байна.

Уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой хууль, дүрэм журмын хүрээнд "*******" ХХК-иас ирүүлсэн тайланг судалж үзэхэд

2.2.1. Тавантолгойн ордын Баруун Цанхийн уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд "Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ нэртэй тайлан нь 125 хуудас бичиглэл, 2 хавсралт бичиглэлээс бүтсэн, зөвлөх үйлчилгээний гэрээний 2.1-д заасан Цанхийн зүүн уурхайн талаар тайланд ороогүй.

2.2.2. Зөвлөх үйлчилгээний гэрээний 3 дугаар заалтад ажил гүйцэтгэх хугацааг захиалагчаас баримт материалыг анх хүлээн авсан өдрөөс 5 сарын дотор хийж гүйцэтгэх гэж заасан боловч гэрээ нь 2019 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдалтай (32 сар) байна.

2.2.3. Төслийн тойм, хаалтын зорилго, зорилт тодорхой бус, гэрээний зорилго зорилтыг биелүүлээгүй, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах журмын агуулгын дагуу хийгдээгүй байна.

Журмын 2.3.1.-д төслийн тоймд ашиглалтын хугацаа, ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын арга, технологи, төслийн гол бүрэлдэхүүн хэсгийн цар хүрээ, төслийн дэд бүтцийн ашиглалтыг зогсоох магадлалтай хэсгийн цар хүрээ зэргийг тусгасан байх Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайланд урьдчилсан хаалтын төлөвлөгөө боловсруулсан талаар нэлээд дурьджээ. Энэ нь зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгаврын дагуу хийгдээгүйг илтгэж байна.

2.2.4. Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын тайлан нь мэргэжлийн үг хэллэг, орчуулгын алдаа, өгүүлбэрийн утга, найруулгын алдаа нэлээдгүй байна. Түүнчлэн:

2.2.4.1.Уурхай тус бүрийн жил бүр хийгдэх ажлын хэмжээ, ажлын жагсаалтууд он жилийн дарааллаар нэгтгэгдэн хийгдээгүй. Уурхайн хаалтын талаарх технологийн зураг схем байхгүй.

2.2.4.2. Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын зөвлөх нь тайлангийн зорилгыг тодорхойлохдоо "Монголын Үндэсний Аудитын газар нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Тавантолгойн хүрэн нүүрсний ордтой (Цанхийн зүүн болон баруун, бортээгийн уурхай) холбоотой уурхайн хаалтын санхүүгийн тайлан болон нөхөн сэргээлтийн баталгааг шаарддаг. Иймээс Тавантолгойн уурхайд одоо болон ирээдүйд хүлээгдэж буй уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажилд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлага үүссэн.

Төслийн зорилго нь зэргэлдээх талбайг багтаасан уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн цогц арга хэмжээний зардлын эмхэтгэл юм" (тайлангийн 13-р хуудас) хэмээн тодорхойлсон байгаагаас үзвэл Зөвлөх үйлчилгээний ЭТТ-2019/782 тоот гэрээний 1.1-д заасан "....холбогдох хууль, стандарт, журамд заасны дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж....." үндсэн ажлыг боловсруулах зорилгыг орхигдуулсан байна.

2.2.4.3. 2-р үе шатанд уурхайн хаалтын талаар одоо мэдэгдэж буй анхаарах асуудлуудын нарийвчилсан үнэлгээг хийсэн. Тэдгээр асуудлуудын талаар саналуудыг Зөвлөх засч сайжруулж, уурхайн хаалтын техникийн арга болох "Суурь хувилбар-үнэлэв. (хуудас 13) Нарийвчилсан төлөвлөгөө бус суурь үнэлгээ хийсэн гэдэг нь 0.4-р бүлэг зөвлөмж хэсэгт тодорхойлогдсон байна.

Мөн хаалтын урьдчилсан төлөвлөгөө боловсруулах үндэслэлийг Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө (15-25 жил ашиглагдах уурхай) материал болон судалгаа хийгдээгүй. Хангалттай суурь (гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОНУ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай мэдээлэл өгөөгүй, геотехникийн судалгаа хийгдээгүй),

1.4.1.2-р бүлэг ....Хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн төслийг урьдчилан боловсруулсан гэж ТЭЗҮ-д тэмдэглэсэн

Уурхайн хаалт тал дээр ЭТТ-ийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд (хандлага, аргачлал, бүртгэл) урьдчилсан бэлтгэл хангах түвшинд байна гэж Зөвлөх дүгнэж, Хаалтын зардлыг илүү бодитой бөгөөд иж бүрэн тооцоолохын тулд уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг боловсруулсан зэрэг болно.

Дээрх тайлбар нь "Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ын 1.6-д заасныг давтаж хийснийг илтгэж байна.

2.2.4.4. Тайлангийн 20 дугаар хуудсанд Үлдсэн лицензийн талбай болон Тавантолгойн ордын ашиглалтын үйл ажиллагаа нь энэхүү ажлын нэг хэсэг биш юм" гэсэн нь тус тайлан нь зөвхөн Бортээг, Цанхийн баруун уурхайн хүрээнд хийгдсэн бөгөөд гэрээнд заагдсан бусад уурхайг орхигдуулсан байна. Гэрээнд заасан Зүүн цанхи болон бусад уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө болон хаалтын сан бүрдүүлэх судалгааг хийх боломжтой байсан ч одоог хүртэл хийгээгүй.

2.2.4.5. Зөвлөх нь тайлангийн 1.5.4-д Уурхайн хаалтын ажлын концепци бүлэг дээр ...судалгааны өмнөх мэдээлэл, баримт бичгүүд нь хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа тул зардал-үр ашгийн тал дээр зөвлөх нь баталгаа гаргах боломжгүй" гэснээс зөвлөх нь өөрийн боловсруулсан энэхүү тайланг үгүйсгэсэн байна.

2.2.4.6. Төслийн хаалтын дараах газар ашиглалтын зориулалтыг орон нутгийн иргэд, засаг дарга, газар эзэмшигчтэй зөвшилцөөгүй, хэлэлцүүлэг зохион байгуулсан эсэх нь тодорхой бус байна.

2.2.4.7. Орон нутгийн хөгжлийн хэтийн зорилт, төлөвлөгөөнд нийцүүлэн хаалтын дараах газар ашиглах зориулалт тодорхой бус байна.

2.2.4.8. Тавантолгой ордын ашиглалтын нийт жилийн хугацаанд бүтээн байгуулагдах /гадаргын нэгдсэн төлөвлөлт/ дэд бүтцийн байгууламжуудын талаар тусгагдаагүй байна.

2.2.4.9. Уурхайн тус бүр дээр байгуулагдсан болон байгуулагдах дэд бүтцийн жагсаалт, холбогдох төлөвлөгөө тус тайланд тусгагдаагүй байна.

2.2.4.10. Тайлангийн хуудас 48-д гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОННҮ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай судалгаа мэдээлэл өгөөгүй, геотехникийн хийгдээгүй зэрэг нь оновчтой, үр дүнтэй үнэлгээ хийх боломжгүй гэжээ. Энэ нь боловсруулсан тайлан үнэмшил багатай тайлан болсон гэдгийг илэрхийлж байна.

2.2.4.11. Тайлангийн хүснэгт 2.1-д Уурхайн хаалтын төлөвлөлтийн талаар зөвлөлдөх хэмжээнд хангалттай нарийвчилсан төлөвлөгөө байхгүй тул энэ шатанд зөвлөлдөх хэлэлцүүлэг хийх шаардлагагүй гэсэн байна. Энэ нь захиалагч тал болон оролцогч талуудын саналыг авалгүйгээр энэхүү тайланг боловсруулсан гэдгээ илтгэж байна. Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын уурхайн төлөвлөлт, бизнесийн стратеги төлөвлөлт, нийгмийн оролцоо, бүх оролцогч талуудын саналуудыг тусгаж гүйцэтгэх шаардлагатай ажил юм.

2.2.4.12. Тайлангийн хуудас 74-д "Уурхайн талбай дах байгууламж тус бүрээр болон нийт уурхайн талбайг хамарсан хаалтын дараах мониторинг хийх аргачлал, концепци цогцоороо гараагүй байна" гэжээ. Энэхүү хяналт-мониторингийн аргачлал, төлөвлөгөө энэхүү судалгааны ажилд хийгдэх ёстой гэж үзэж байна.

2.2.4.13. Тайланд Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага"-ын 2.2.4-д заасан хаалтын дараах гүйцэтгэлийн химийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй.

2.2.4.14. Тайланд Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага-ын 2.2.6-д заасан Хаалтын дараах гүйцэтгэлийн физикийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй байна.

2.2.4.15. Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага-ын 2.2.7-д заасан хаалтын өмнө болон дараах хугацаанд уурхайн ажиллагсад болон нөлөөлөлд өртөх иргэдийн талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөлт бүхий нийгмийн нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг орхигдуулсан.

2.2.4.16. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу Шинээр болон зэргэлдээ бусад уурхайн төлөвлөлтийн уялдааны талаар ямар нэгэн зүйл тусгаагүй байна.

2.2.4.17. Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага-ын 2.2.10-д заасан Хаалтын дараах хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторингийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг орхигдуулсан.

2.2.4.18. Уурхайн хаалтын бэлтгэл ажлыг хангахад хүрэлцэхүйц шилжилтийн үеийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг орхигдуулсан.

2.2.4.19. Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын тайлан нь Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам-ын агуулгын хүрээнд бичигдээгүй байна. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам-ын 1.6-д заасны дагуу урьдчилсан хаалтын төлөвлөгөө нь хайгуулын ажлын тайлан, ТЭЗҮ-д тодорхойлогдсон байхыг заасан байдаг. ******* ХХК нь тайланд урьдчилсан хаалтын төлөвлөгөөг захиалагчаас өгөгдсөн суурь мэдээлэлд тулгуурлан Цанхийн баруун уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд нэгтгэн боловсруулсан байна.

2.2.4.20. Тайлангийн 116-р нүүр. 2.9.3.5 Уурхайн хаалтын зардлын харьцуулалт хэсэгт зардлын тооцооны үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулсан. Уурхайн хаалтын зардал Цанхийн Баруун болон Бортээг уурхайн хувьд 4 дахин өссөн учир шалтгааныг тайлбарлаагүй, захиалагч тал хүлээн зөвшөөрөх эсэх дээр зөвлөлдөөгүй.

2.2.4.21. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 37-д заасан санхүүгийн тайланд тусгах ёстой зардал нь төлөвлөгөөгөөр баталгаажсан мөнгөн дүн байх ёстой бөгөөд уг тайлан нь Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ын 3 дугаар заалтад заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулан баталгаажуулаагүй.

2.3. Түүнчлэн, ******* ХХК нь техникийн саналдаа уг зөвлөх үйлчилгээг өөрсдийн түнш компани болох Герман улсын RWETI компанийн мэргэжилтнүүдийн оролцоотой гүйцэтгэнэ гээд 2019 онд RWETI Технологи Олон Улсын GmbH-тай байгуулсан Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцлийн санамж бичиг, зөвлөхийн танилцуулгыг ирүүлсний дагуу RWETI компанийг гэрээнд тэмдэглэсэн. Гэтэл RWETI-тай байгуулсан "Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцлийн санамж бичгийн дагуу ЭТТ-2019/782 дугаартай гэрээг хэрэгжүүлэх үүргээ зөрчин Fitchner GmbH компанитай зөвлөх үйлчилгээний ажлыг хамтарч хийсэн.

Иймд нэхэмжлэгч "******* ХХК нь ЭТТ-2019/782 дугаартай гэрээний 5.7-д "Зөвлөх нь Гэрээний 2.2-т заасан ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын стандартад нийцүүлэн мэргэжлийн түвшинд, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэнэ, 5.9-д "Зөвлөх нь ажлын тайланг /мэргэжлийн/ англи, монгол хэл дээр боловсруулах", 5.10-д Гэрээт ажлын асуудлаар шаардлагатай тохиолдолд бусад байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай арга хэмжээг шуурхай шийдвэрлэх гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

2.4. Тус гэрээний 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар Зөвлөхийн ажлын явцын тайланг Захиалагч хүлээн авснаар гэрээний үнийн дүнгийн буюу ажлын хөлсний 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг, Зөвлөх гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа, Зөвлөхийн гаргасан ажлын эцсийн тайланг Захиалагч хүлээн авч, талууд гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 319,753,454.4 төгрөгийг зөвлөхийн нэхэмжлэхийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний 4.1.2-т заасан ажлын явцын тайланг ирүүлээгүй, 4.1.3-т заасан ажлын эцсийн тайланг Тавантолгойн ордын Баруун Цанхийн уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ" нэртэйгээр ирүүлсэн бөгөөд тус тайланг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээж авах боломжгүй байх тул гэрээний 6.2-т "Зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж Захиалагч үзвэл төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй бөгөөд улмаар гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөрийг үл маргах журмаар буцаан шаардах эрхтэй" гэж заасны дагуу ажлын хөлсний 70 хувийн үлдэгдэл болох 559,568,545.2 төгрөгийг "******* ХХК-д гаргаж өгөх боломжгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

3.1. "*******" ХК нь "*******" ХХК-тай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЭТТ-2019/782 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 4.1.1-т заасны дагуу ******* ХК-иас гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн. Харин ******* ХХК-иас өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д заасан ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй бөгөөд гэрээний 5.7-5.14-д заасан үүргийг биелүүлээгүй.

3.2. Үндэсний Аудитын газраас ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт"-д гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/36 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан.

Дээрх гүйцэтгэлийн аудитын тайлангийн 2 дугаар бүлгийн 2.77-д ... компани 2019 онд Э-2019/782 дугаартай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх" зөвлөх үйлчилгээний гэрээг "******* ХХК-тай 799,400,000 төгрөгөөр байгуулж, 239,800,000 төгрөгийн урьдчилгаа олгосон боловч хэрэгжилт хангагдаагүй үргүй зардал болж, өнөөг хүртэл уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй байна, Дүгнэлт хэсгийн 13-д Компанийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл хангалтгүй, хууль, журмын дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй, хуримтлалын сан үүсгээгүй нь Ирээдүйд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх зардал хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байна. Зөвлөмж хэсгийн ******* ХК-д даалгасан хэсгийн 18-д ******* ХХК-тай 2019 онд байгуулсан ЭТТ-2019/782 дугаартай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний гэрээ-ний үүргийн биелэлтийг тооцож, гэрээг дүгнэн, олгосон урьдчилгаа төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах гэж тус тус заасан.

3.3. Захиалагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд сүүлийн байдлаар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1831 дугаартай "Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гэрээнд заасан ажлыг ажлын даалгаврын дагуу хийж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлж, үүргээ гүйцэтгэх шаардлагыг ******* ХХК-д хүргүүлсэн боловч гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариуцлагагүй хандаж манай компанийг хохироож байгаа бөгөөд дээрх гүйцэтгэлийн аудитын тайланд заасан арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд төлбөрийн акт тавигдах бодит эрсдэл бий болоод байна.

3.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д заасны дагуу зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж захиалагч үзвэл төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй бөгөөд улмаар гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөрийг үл маргах журмаар буцаан шаардах эрхтэй, мөн 6.5-д заасны дагуу зөвлөх нь гэрээний хугацаанд багтаан ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үүрэг 799,383,636 төгрөгийн 50 хувиар тооцоход алдангийн хэмжээ 399,691,818 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, "******* ХК-иас гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгож өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ Үндэсний аудитын газраас хийсэн "*******" ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт нэртэй гүйцэтгэлийн аудитын тайлангийн холбогдох заалтыг үндэслэл болгожээ.

Үндэсний Аудитын газраас хувийн эрх зүйн гэрээний харилцаанд оролцогч тал биш бөгөөд Зөвлөх үйлчилгээний гэрээг нэхэмжлэгчээс хариуцагч ******* ХК-тай байгуулсан. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зөвхөн гэрээнд оролцогч талууд хариуцах бөгөөд нийтийн эрх зүйн харилцаанаас ялгарах онцлог нь гэрээний талууд тэгш эрхийн үндсэн дээр эрх зүйн харилцаанд оролцдог юм.

Гэтэл гэрээний нэг тал биш этгээд гэрээнээс татгалзах, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийг ******* ХК-д олгосон мэт шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа нь иргэний эрх зүйн талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулж байна.

Үндэсний Аудитын газраас иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хоёр этгээдийн аль нэг талд гэрээтэй холбоотой үр дагавар үүсгэх нөхцөл байдлыг бий болгох, ийм агуулга бүхий шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй. Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн аудит нь хууль дээдлэх зарчимд үндэслэх бол аудитын тайлан нь өөрөө хууль тогтоомж болон стандартад нийцсэн байх ёстой.

Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний хэмжилт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ гэж заасан байхад Үндэсний аудитын газар нь эрх хэмжээгээ хэтрүүлэн зөвлөмж хэсэгтээ гэрээгээр олгосон урьдчилгаа төлбөрийг буцаан төлүүлэх хэрэгтэй гэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан шаардах нь аудитаар шалгагдаж буй этгээд болох ******* ХК-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхтэй огт холбоогүй гэж үзэж байна.

Хариуцагч ******* ХК нь гэрээний харилцаанд бие даасан субъект болж оролцож байгаа тул Үндэсний аудитын газрын зөвлөмжийн дагуу бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс шууд татгалзах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын гаргасан зөвлөмж нь шүүхийн хараат бус бие даасан байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гэж тооцож болно. Энэ тохиолдолд шүүх хууль зөрчсөн уг аудитын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны байх зарчимд харшилна.

Үндэсний Аудитын газрын "******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" нэртэй гүйцэтгэлийн аудитын тайлангийн ижил төрлийн гэрээний эрх зүйн харилцаанд дүгнэлт өгсөн байдлыг харьцуулан судлах шаардлагатай.

Тухайлбал, тус аудитын тайлангийн 2.71 дугаарт ******* ХК-ийн Экологийн бүтээмж ХХК-тай байгуулсан ЭТТ-2019/779 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээний талаар дүгнэжээ.

Ингэхдээ энэхүү гэрээг ямар үндэслэлээр гэрээ болон ажлын даалгаварт заасан үүргээ гүйцэтгээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Гэтэл ******* ХХК-тай байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээний тухайд гэрээгээр тохирсон ямар ажил үүргийг хийж гүйцэтгээгүй талаар тодорхой дүгнэсэн зүйл байхгүй.

Мөн Экологийн бүтээмж ХХК-тай байгуулсан гэрээ болон ******* ХХК-тай байгуулсан гэрээг хоёуланг нь үргүй зардал болсон гэж дүгнэсэн атлаа Экологийн бүтээмж ХХК-аас гэрээний дагуу урьдчилан шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан шаардах талаар огт дурдаагүй нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн "******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй.

4.2. Зөвлөх үйлчилгээний гэрээг дүгнэх нь нэхэмжлэгч "******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд гэрээг дүгнэхэд талуудын хооронд маргаан үүссэн тул энэхүү маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч талаас хандсан. Гэрээг дүгнэхийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс удаа дараа шаардсан бөгөөд, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэн холбогдох тайланг ******* ХК-д хүргүүлсэн.

Үндэсний Аудитын газрын тайланд тухайн гэрээний биелэлт нь байхгүй гэдэг үндэслэлээр гэрээг дүгнэх болон урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн гүйцэтгэлийн аудит хийгдэж байх хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байхад Зөвлөх үйлчилгээний гэрээг биелэгдээгүй гэж дүгнэх нь хууль зүйн учир дутагдалтай байна.

Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч талд шаардах эрх үүсээгүй. Хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах, мөн 6.5-д заасны дагуу алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөвлөхийн ажил үйлчилгээг үзүүлсэн ******* ХХК нь тус гэрээний 2.2-т заасан болон ажлын даалгаварт үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр захиалагч ******* ХК-д хүлээлгэн өгсөн. ******* ХК нь ажлын тайланг хүлээн авсан мөртлөө энэхүү тайланг гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй гэж маргадаг. Гэвч захиалагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн гэрээний дагуу ажлын тайланг хүргүүлсэн байхад үйлчилгээг огт гүйцэтгээгүй мэтээр тайлбарлаж, гэрээг цуцлах улмаар алданги шаардсан нь үндэслэлгүй.

Хариуцагч "******* ХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХК-иас 559,568,545.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгон, урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч "******* ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 2,955,793 төгрөг, хариуцагч ******* ХК-ийн төлсөн 3,355,485 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,955,793 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

6.1. ******* ХК-аас Дотоодын болон гадаадын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалахтай холбоотойгоор Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах шаардлага үүссэн тул уг сонгон шалгаруулалтад оролцох урилгыг ажлын даалгавар, баримт бичгийн хамт нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.

 

******* ХХК-д сонгон шалгаруулалтад оролцох урилга хүргүүлэхдээ "...ажиллах бүрэлдэхүүн Монгол болон Герман улсын хамтарсан боловсон хүчинтэй бөгөөд олон улсын уул уурхайн аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай..." байдлыг гол үндэслэл болгосон.

 

******* ХХК нь уг ажлын даалгавар болон тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэх ажил, нөхцөлийг хүлээн зөвшөөрч техникийн саналаа ирүүлсний дагуу Захиалагчийн зүгээс уг техникийн санал, холбогдох баримтуудыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан.

 

Нэхэмжлэгчийн ирүүлсэн техникийн саналд авагдсан зөвлөхийн танилцуулга, зөвлөхийн гүйцэтгэж байсан ижил төстэй ажил, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүн, санал болгож буй мэргэжилтнүүд бүхэлдээ RWETI технологи Олон улсын GmbH-ийн мэргэжилтнүүд байсан бөгөөд тухайн компанийн онцгой эрхт төлөөлөгчөөр 2012 оноос хойш ажилладаг болохоо илэрхийлж, хамтран ажиллах санамж бичгээ ирүүлсэн.

 

Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээрийн санамж бичгийн е-д RWETI нь гуравдагч талын үйлчилгээнд зориулж санал боловсруулах (үйлчилгээний хамрах хүрээ, хугацаа, төслийн баг, үнэлгээ гм) үүрэгтэй, ******* ХХК нь зах зээлийн хандалт, боломжит үйлчлүүлэгчдийг олж гэрээ байгуулах, зах зээлд судалгаа хийх, шаардлагатай байгаа техникийн мэргэжилтнүүдийг олж бэлтгэх, гэрээ хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй талаар зохицуулснаас үзвэл аливаа зөвлөх үйлчилгээг голлон гүйцэтгэдэг гүйцэтгэгч нь RWETI бөгөөд ******* ХХК нь боломжит үйлчлүүлэгчдийг олж гэрээ байгуулах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байна.

 

Энэхүү ЭТТ-2019/782 дугаартай гэрээний хувьд гүйцэтгэх ажлын үр дүн нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэргэжилтнүүдийн ур чадвар, ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлага шууд холбоотой бөгөөд ******* ХХК-ийг сонгож гэрээ байгуулах үндэслэл болсныг анхан шатны шүүх авч хэлэлцээгүйн дээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. RWETI технологи Олон улсын GmbH-ийг уг гэрээнд талууд туслан гүйцэтгэгчээр оролцуулахаар харилцан тохиролцсон, туслан гүйцэтгэгчээ өөрчлөх тохиолдолд хэрхэх талаар тохиролцоогүй... гэж дүгнэсэн.

 

Гэтэл манай компанийн зүгээс уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэх мэргэжилтний ур чадвар чухал шаардлагатай гэж үзэн сонгон шалгаруулалт явуулж, ******* ХХК-ийн ирүүлсэн баримт материалуудтай танилцан, RWETI технологи Олон улсын GmbH-ийн зөвлөх мэргэжилтнүүдийг голлох ажил үйлчилгээг үзүүлэх тухай саналыг хүлээн зөвшөөрч, ******* ХХК-ийг тухайн компанийн онцгой эрхт төлөөлөгч учраас гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүхээс туслан гүйцэтгэгч компани тул өөрчлөгдөх эсэх нь энэ гэрээнд хамааралгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн ажлын тайланг хийж гүйцэтгэсэн Зөвлөх гэх Fichtner компанийн ажил гүйцэтгэх ур чадвар, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, мэргэжилтнүүдийнх нь талаар ямар ч мэдээлэл байхгүй тул ажлын тайланг бодитой, итгэл даахуйц, чанартай болсон эсэхэд захиалагчийн зүгээс эргэлзээ үүссэн.

 

Мөн ирүүлсэн тайландаа ... зөвлөх үйлчилгээ авахаар ******* ХХК болон хамтрагч Fichtner W&T GmbH компанийн Уул уурхай, түүхий эд хариуцсан салбарт хандсан... гэж худал мэдээлэл оруулсан. Захиалагчийн зүгээс уг зөвлөхийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд ******* ХХК нь анх санал болгосон мэргэжилтнүүдээ гэрээ байгуулсны дараа өөрчилж, энэ талаар ч Захиалагч болох манай компанид мэдэгдээгүй нь гэрээ байгуулахын тулд хууран мэхэлж, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх эрх авахын тулд худал мэдээллийг ирүүлсэн байж болзошгүй гэх хардлагыг үүсгэж байна.

 

6.2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т "...ажлын тайланд уурхайн хаалтын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргаж, түүнд үндэслэн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулсан..." байна гэж дүгнэсэн. Гэтэл тухайн тайланд уурхайн үйл ажиллагаа эхэлснээс одоог хүртэлх ашиглалтын хугацаанд болон цаашдын ашиглалтын хугацаанд байгаль орчинд учруулсан болон учруулах хохирлын дүнг үндэслэлтэйгээр тооцоолж, ам.доллараар тодорхойлоогүй, уурхайн үйл ажиллагаа эхэлснээс одоог хүртэлх ашиглалтын хугацаанд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх зардлын тооцоог жил тутам гаргаагүй, уурхайн хаалтын дараа хийгдэх нөхөн сэргээлтийн жил тутмын тооцоолол үндэслэлтэй хийгдээгүй, ерөнхий байдлаар харахад ажлын даалгаварт заагдсан ажлуудыг хийсэн мэт харагдавч судлаад ашиглах боломж байхгүй, хэлбэрийн төдий тайлан хийсэн.

 

Тавантолгой ордын ашиглалтын нийт жилийн хугацаанд бүтээн байгуулагдах /гадаргын нэгдсэн төлөвлөлт/ дэд бүтцийн байгууламжууд, уурхайн тус бүр дээр байгуулагдсан болон байгуулагдах дэд бүтцийн жагсаалт, холбогдох төлөвлөгөө тусгагдаагүй, уурхай тус бүрийн жил бүр хийгдэх ажлын хэмжээ, ажлын жагсаалтууд он жилийн дарааллаар нэгтгэгдэн хийгдээгүй, уурхайн хаалтын талаарх технологийн зураг схем байхгүй, шинээр болон зэргэлдээ бусад уурхайн төлөвлөлтийн уялдааны талаар ямар нэгэн зүйл тусгаагүй.

 

Зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ шаардлагатай мэдээллүүдээ захиалагчаас тодруулж, тайлан гаргахад шаардлагатай тодорхойгүй ямар асуудал байгаа талаар санал илэрхийлж, санаачилга, чармайлт гаргаж ажиллагаагүй болохоо өөрсдөө тайлангаараа илэрхийлсэн.

 

Ажлын тайланд ... гидрогеологийн болон геотехникийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОННҮ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай мэдээлэл өгөөгүй, бодлого, хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд өгөгдөөгүй, нэмэлт судалгаанууд өгөгдөөгүй тул хянан үзэх боломжгүй байсан, олон улсын стандартад нийцүүлэн үнэлэхэд зарим суурь мэдээлэл, төлөвлөгөө, судалгаа хангалтгүй, зөвлөх нь тайлан боловсруулахдаа өөрийн таамаглал, саналуудаа багтаасан. ... оновчтой, үр дүнтэй үнэлгээ хийх боломжгүй, Бортээгийн хувьд ил уурхайн хажууг нөхөн сэргээх талаар авч үзээгүй..." гэж дурдсан нь боловсруулсан тайлан үнэмшил багатай болсон гэдгийг илэрхийлж байна.

 

Гэрээ болон ажлын даалгаварт шинээр байгуулах, зэргэлдээ бусад уурхайн үйл ажиллагааг уялдуулан зөвлөх үйлчилгээний ажлыг хийхээр тусгасан ч ажлын тайландаа Тавантолгой ордын хилийн доторх бусад идэвхтэй буюу төлөвлөгдөж буй ордуудын үйл ажиллагаа нь даалгаврын нэг хэсэг биш тул энэхүү тайланд тусгаагүй гэж гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэсэн атлаа тайлангийн зорилгоо Төслийн зорилго нь зэргэлдээх талбайг багтаасан уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн цогц арга хэмжээний зардлын эмхэтгэл юм гэж зөрүүтэй дүгнэсэн.

 

Түүнчлэн, ажлын тайландаа уурхайн хаалтын зардлын харьцуулалт хэсэгт зардлын тооцооны үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулсан. Уурхайн хаалтын зардал Цанхийн Баруун болон Бортээг уурхайн хувьд 4 дахин өссөн учир шалтгааныг тайлбарлаагүй, захиалагч тал хүлээн зөвшөөрөх эсэх дээр зөвлөлдөөгүй зэргээр гэрээ болон ажлын даалгаврын дагуу хийгдэх ажлуудыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй, тодруулах шаардлагатай асуудал байсан бол Захиалагчид мэдэгдэж тодруулга, мэдээлэл, судалгаа авах бүрэн боломжтой байсан хэдий ч үндэслэл муутай хэлбэрийн төдий тайлан хийсэн учраас Захиалагчийн зүгээс уг тайланг ашиглах боломжгүй, гэрээний дагуу авахаар хүлээж байсан үр дүнд хүрээгүй байхад анхан шатны шүүхээс тухайн ажлын тайланг ямар шалтгааны улмаас шаардлага хангасан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй.

 

Энэ ажлын тайлан шаардлага хангасан эсэх, гэрээ болон ажлын даалгаварт заагдсан ажлууд зохих журмын дагуу бүрэн гүйцэт, чанартай хийгдсэн эсэхийг баталгаажуулахын тулд тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүх шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн.

 

Гэсэн атлаа ажлын тайланд гэрээ болон ажлын даалгаварт заагдсан ажлууд зохих журмын дагуу бүрэн гүйцэт, чанартай хийгдсэн эсэх, хэрхэн яаж тусгагдсан гэж үзэж байгаа талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.

 

6.3. Энэ ажил нь ******* ХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Зүүн, баруун, бусад уурхайд бүхэлдээ цогцоор хийгдэх ажил байсан бөгөөд анхнаасаа тухайн ажлын сонгон шалгаруулалтыг явуулахдаа ажлын даалгавартаа зүүн уурхайг тусгаж, төсвөө ч мөн эдгээр уурхайг бүхэлд нь хамруулан батлуулсан.

 

Нэхэмжлэгч нь Цанхийн баруун, зүүн, бусад уурхайд бүхэлд нь хийхээр баталгаажуулсан ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрч саналаа ирүүлсэн атлаа нэгэнт гэрээ байгуулсны дараа зүүн уурхайд хийж гүйцэтгэх ажлаас зайлсхийх зорилгоор... төсөв нэм... гэрээ байгуулах үед зүүн уурхайн тусгай зөвшөөрөл танай компанид байгаагүй тул хийхгүй... гэх зэргээр ямар нэг шалтаг гаргаж, үүргээ биелүүлэхээс татгалзсан.

 

6.4. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 15-д "... гэрээ байгуулах үед ******* ХК-ийн эзэмшлийн Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг ******* ХК-ийн охин компанид эзэмшүүлсэн болох нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул хариуцагч талын эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээ байгуулахаар тохиролцсон, өөр бусад этгээдийн эзэмшилд байх тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажил хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй... гэж дүгнэсэн.

 

Ийнхүү дүгнэхдээ захиалагчийн хүсэл зоригийг харгалзаж үзээгүй, ажлын даалгавар болон гэрээнд зааснаар Цанхийн зүүн болон баруун, бусад уурхай бүхэлдээ хамаарахаар байсан бөгөөд захиалагчийн зүгээс эдгээр уурхайд үйл ажиллагаа явуулсаар ирсэн, цаашдаа ч явуулах тул уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг эдгээр уурхайд л авах хүсэл зорилготой. Ажлын даалгавар батлагдах үед Зүүн цанхийн тусгай зөвшөөрөл ******* ХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд ******* ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг хөрөнгийн бирж дээр үе шаттайгаар эхлүүлэхтэй холбоотойгоор охин компани байгуулж, тусгай зөвшөөрлийг охин компанид шилжүүлэхийг даалгасан.

 

Манай компанийн зүгээс Цанхийн зүүн уурхайд үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. Засгийн тогтоол нь зөвхөн ІРО гаргах хэрэгцээ шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийг охин компанид шилжүүлсэн. Уг охин компанийн үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн тул 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолоор 2019 оны 296 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

6.5. Компанийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлээгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоол гарснаас хойш шаардлагатай баримтуудаа нэхэмжлэгчид хүргүүлсэн.

 

Нэхэмжлэгч нь Цанхийн баруун, зүүн, бусад уурхайд ажлыг бүхэлд нь хийхээр баталгаажуулсан ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрч саналаа ирүүлсэн, тус ажилд шаардагдах төсөв ч мөн ажлын даалгаврын хүрээнд үндэслэсэн буюу Цанхийн баруун, зүүн, бусад уурхайд бүгд хамаарч байхад анхан шатны шүүх ажлын даалгавар, гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнээд гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Дээрх байдлаар ******* ХХК нь зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгүүлэхээр санал болгосон мэргэжилтнүүдээс өөр зөвлөх гэх этгээдийг ажиллуулж тайлан боловсруулсан, тайланд Цанхийн зүүн уурхай багтаагүй, Цанхийн баруун болон Бортээгийн уурхайд хийх шаардлагатай ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, хэлбэрийн төдий тайлан ирүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

6.6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Үндэсний аудитын газраас "******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт"-д гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/36 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан.

 

Дээрх гүйцэтгэлийн аудитын тайлангийн 2 дугаар бүлгийн 2.77-д "... компани 2019 онд ЭТТ-2019/782 дугаартай "Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх" зөвлөх үйлчилгээний гэрээг "*******" ХХК-тай 799.4 сая төгрөгөөр байгуулж, 239.8 сая төгрөгийн урьдчилгаа олгосон боловч хэрэгжилт хангагдаагүй үргүй зардал болж, өнөөг хүртэл уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй байна".

 

Дүгнэлт хэсгийн 13-д "Компанийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл хангалтгүй, хууль, журмын дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй, хуримтлалын сан үүсгээгүй нь ирээдүйд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх зардал хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байна",

 

Зөвлөмж хэсгийн ******* ХК-д даалгасан хэсгийн 18-д ******* ХХК-тай 2019 онд байгуулсан ЭТТ-2019/782 дугаартай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний 799.4 сая төгрөгийн гэрээний үүргийн биелэлтийг тооцож, гэрээг дүгнэн, олгосон урьдчилгаа төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн ажлын тайланд Монголын Үндэсний аудитын газар нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах ....Бортээгийн уурхай, Цанхийн зүүн, баруун зүүн уурхай... холбоотой уурхайн хаалтын санхүүгийн тайлан болон нөхөн сэргээлтийн баталгаа шаарддаг. Иймээс Тавантолгой уурхайд одоо болон ирээдүйд хүлээгдэж буй уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үүргүүдэд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлага үүссэн. гэж энэ зөвлөх үйлчилгээний ажил Үндэсний аудитын газрын шаардлагын дагуу хийгдэж байгаа болохыг мэдэж, хүлээн зөвшөөрч, тайландаа хүртэл тусгасан атлаа Үндэсний аудитын газрын Төрийн аудитын тухай хуулиар олгосон эрх хэмжээг үгүйсгэж, өгсөн зөвлөмжийг эс зөвшөөрч маргаагүй атлаа түүний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

6.7. Захиалагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд сүүлийн байдлаар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1831 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гэрээнд заасан ажлыг ажлын даалгаврын дагуу хийж гүйцэттэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлж, үүргээ гүйцэтгэх шаардлагыг ******* ХХК-д хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариуцлагагүй хандаж манай компанийг хохироож байгаа бөгөөд дээрх гүйцэтгэлийн аудитын тайланд заасан арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд төлбөрийн акт тавигдах бодит эрсдэл бий болоод байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д заасны дагуу зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж Захиалагч үзвэл төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй бөгөөд улмаар гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөрийг үл маргах журмаар буцаан шаардах эрхтэй, мөн 6.5-д заасны дагуу зөвлөх нь гэрээний хугацаанд багтаан ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох эрхтэй тул зөвлөх үйлчилгээний урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулах эрхтэй.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/03552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Манайх зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийг 2019 онд тендерт шалгарч авсан.

 

7.2. Хоёр удаа шинжээч томилсон боловч мэргэжлийн бус, өөр чиглэлийн шинжээч байсан бөгөөд тэдгээр шинжээч нар өөрсдөө шинжилгээ хийх боломжгүй тул буцаагдсан. ******* ХК-аас шинжээч нарыг зөвлөж өгөх боломжтой байсан.

 

Хариуцагч талаас анх IPO гаргах зорилготойгоор энэхүү ажлыг эхлүүлсэн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил хийх явцад хариуцагч байгууллагын IPO гаргах ажил зогссон. Иймээс цаашид манай хийсэн ажлыг ашиглах боломжгүй болсон.

 

Тусгай зөвшөөрлийн дугаар буруу бичигдсэн. Гэхдээ энэ нь Зүүн Цанхийн ажлыг хийхгүй гэсэн үг биш. Бидний зүгээс захиалагч талтайгаа тохиролцсон бол энэхүү ажлыг хийх боломжтой байсан.

 

Гэрээ байгуулах хугацаа хойшилсон. Хугацаа хоцорсон учраас зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн үнийн дүнд өөрчлөлт орох мөн зөвлөх үйлчилгээний багын хүмүүс өөр газарт томилогдож ажилласан. Энэ талаар цаг тухай бүрд хариуцагч байгууллагад мэдэгдэж байсан. Зөвлөх үйлчилгээний багийг солихыг зөвшөөрсөн албан бичиг ирүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан.

 

7.3. Мөн ******* ХК-аас гүйцэтгэх ажил дутуу хийгдсэн, үр нөлөөгүй болсон гэж байна. Энэ хугацаанд ******* ХК-ийн хариуцаж байсан хүмүүс өөрчлөгдсөн. Санхүүгийн чиглэлийн нөхөн сэргээлтийн санг үүсгэх, хэрхэн үүсгэх талаар зөвлөх үйлчилгээгээр хийсэн.

 

Нөхөн сэргээлтийн хаалтын журамд Байгаль орчны яамыг төлөөлж оролцсон. Ажлын даалгаварт төлөвлөгөө хийж өгнө гэсэн заалт байхгүй. Зөвхөн нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх гэсэн санхүүгийн талын төсөл байсан тул зөвлөх үйлчилгээний компани зөвлөх үйлчилгээний дагуу санг хэрхэн бүрдүүлэх, жилд хэдэн төгрөг байршуулж, түүнийг нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой талаар гаргасан.

 

7.4. Мөн гэрчээр аудиторыг оролцуулж, тухайн үед болсон үйл баримтын талаар дэлгэрэнгүй асуусан. Аудитор ажиллаж байх хугацаандаа ******* ХК-аас ирүүлж байсан тайлбаруудыг хүлээж аваад түүний дагуу бичсэн болохоос биш ажлын даалгаврыг хараад эсхүл үйл ажиллагаатай танилцсан зүйл байхгүй талаараа анхан шатны шүүхэд хэлсэн.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 559,568,545.2 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч, эс зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг нийт 639,506,908.8 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХК-ийн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж, харин хариуцагч татгалзлын үндэслэлээ ...ажлын тайлан нь төслийн тойм, хаалтын зорилго, зорилт тодорхой бус, гэрээний зорилго, зорилтыг биелүүлээгүй, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах журмын агуулгын дагуу хийгдээгүй, гэрээ болон ажлын даалгаврын дагуу хийгдээгүй, мэргэжлийн үг хэллэг, орчуулгын алдаатай, гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, түүнчлэн зүүн Цанхийн уурхайн талаар тайланд ороогүй, тайлан нь зөвхөн Бортээг, баруун Цанхийн уурхайн хүрээнд хийгдэж ажлыг дутуу, доголдолтой хийсэн гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр анх тохирсон ажлын тоо хэмжээ болон гэрээний дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, чанар буюу ажлын үр дүн доголдолтой эсэх асуудлаар маргасан байна.

3.2. Шүүх зөвхөн гэрээгээр анх тохирсон гэх ажлын тоо, хэмжээний талаарх дүгнэлтийг хийж, ажлын үр дүнгийн доголдлын талаар дүгнэлт өгөлгүй нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн болох нь ажлын тайлан, талуудын тайлбараар тогтоогдсон, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажлын үр дүнг хүлээн авсан тал хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх агуулгаар дүгнэж хариуцагчаас ажлын хөлс гаргуулах шаардлагыг хангаж, дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон доголдолгүй ажлын үр дүн шилжүүлсэн болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байх учиртай.

3.3. Хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн ажлын тайлангаас өөр ажлын гүйцэтгэлтэй холбогдох баримтгүй, тухайн ажлын тайлантай холбоотой асуудлаар талууд маргаж байхад ийнхүү маргаж буй асуудлаар гэрээнд заасан ажлыг бүрэн, доголдолгүй хийсэн эсэхийг тогтоолгохоор хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан үндэслэлд хамаарч байна.

Энэ нь тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад хамааралтай гэж үзэхээр байна.

4. Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/03552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,311,278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА