Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00788

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00788

 

 

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/00353 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******, А.******* нарт холбогдох

Гэм хорын хохиролд 17,275,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч А.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******, хариуцагч А.*******ийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчим өөрийн ******* УНӨ Тоёота Такхома маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний орой дээр зорчин замын хөдөлгөөнд оролцож байхад тээврийн цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор зогсоож, тандагч багажаар үлээлгэсэн. Цагдаагийн алба хаагч нь өөр багажаар шалгах шаардлагатай байна, тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулчих гэж хэлсний дагуу 1 дүгээр эгнээнд цоожлон үлдээсэн байхад ******* УНО улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодон явсан Ж.******* гэгч мөргөж, хохирол учруулсан.

1.2. Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан ба тухайн үед А.*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг унаж яваад зам тээрийн осол гаргасан болох нь тогтоогдсон. Ингээд ******* ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, хөрөнгийн үнэлгээгээр автомашинд 17,275,000 төгрөгийн хохирол гарсан.

1.3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг үндэслэн ******* УНО улсын дугаартай тоёота приус маркийн автомашины эзэмшигч А.*******ээс тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардаж байна. Хариуцагч Ж.*******оос татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч А.*******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие А.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 22 цаг 30 минутын орчим найз н.******* тэмцээнд оролцож байх явцдаа гар болон мөр нь гэмтчихлээ гэсэн, өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож явахад эрүүл мэндийн шалтгаантай байсны улмаас найз Ж.*******од хэлж эмнэлгийн тусламж үзүүлээд өгөөч гэсний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан.

2.2. Ж.******* нь эмнэлэгт хүргэж өгөөд буцаж явах үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гурвалжингийн гүүрэн дээр осол гаргасан байсан. 24-1З УНО приус-20 маркийн автомашин нь ЗГБХНөхөрлөлийн нэр дээр байдаг, өөрийн нэр шилжүүлэх гэхээр тус байгууллага нь хуулийн маргаантай, захирал нь нас барсан шинээр захирал томилогдоогүй гэсэн шалтгаанаар нэр шилжүүлж өгөөгүй байгаа.

2.3. 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гарсан ослын улмаас миний бие эд хөрөнгөөрөө хохирсон. Өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ 10 орчим сая төгрөг болж байна. Шинээр сэлбэг авах, засвар, ажлын хөлс гэх мэтчилэн их хэмжээний мөнгө шаардлагатай. Энэ их мөнгийг гаргаж өөрийн тээврийн хэрэгслэлээ янзлах боломж байхгүй. 2018 оноос хойш 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. Эрүүл мэндийн хувьд шалтгаантай. Ж.*******той ямар нэгэн садан төрөл, гэр бүлийн харилцаагүй. Иргэн Ж.ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч төлөх боломж байхгүй.

3. Иргэдийн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Би ч гэсэн тээврийн хэрэгслээ хүнд өгч явуулдаг болохгүй юм байна гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаас ойлголоо. Шүүх хуралдааны явцад тээврийн хэрэгслийн эзэмшигчийн асуудал гарч ирсэн боловч хариуцагч А.******* нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдгээ амаар зөвшөөрсөн тул уг тээврийн хэрэгслээс үүдэлтэй үүссэн зам тээврийн ослын төлбөрийг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Хэдийгээр хариуцагч А.******* өөрийн биеэр бусдад хохирол учруулаагүй хамтран хариуцагч Ж.******* гэм буруутай гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгч бас өөрөө зарим нэг зүйлд буруу байна. Эдгээр зүйлийг харгалзан хохирлыг арилгах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 499.4, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******ээс 12,092,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,182,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******од холбогдох гэм хорын хохиролд 17,275,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 208,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч А.*******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг хангаагүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тухайн зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг Ж.******* жолоодож явсан, нөгөө тээврийн хэрэгслийн жолооч Ж.******* нь өөрийн буруугаар түр буюу удаан зогсох хориотой газарт гүүрэн дээр тээврийн хэрэгслээ орхин зугтааж явсны улмаас буюу замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зөрчсөн үйлдлээс шалтгаалж гэм хор учирсан болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар осол гарахад гэм буруугүй А.******* гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэстэй юм.

5.2. Түүнчлэн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ж.*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон. Мөн шүүхээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай этгээд Ж.*******од учирсан хохирлын зөвхөн 3/1-тэй тэнцэх хэмжээтэй хэсгийг хариуцуулснаас гадна нэхэмжлэгчийн Ж.*******од холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг тогтоосон атлаа үлдсэн төлбөрийг хариуцагч Ж.******* уг төлбөрийг хариуцахаа илэрхийлсээр байтал хуульд заасан ажиллагааг явуулалгүйгээр шүүх хуралдааны явц дунд гэм буруугүй А.*******ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан алдаатай шийдвэр болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол дахин нэхэмжлэх эрхгүй болох хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчид хууль бусаар давуу эрх олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гэм буруугүй А.*******ээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

5.3. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/00353 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Намайг цагдаагийн албан хаагчаас зугтаж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь цагдаагийн албан хаагч миний согтолтын зэргийг тогтоохын тулд драгер үлээлгэхээр замын цагдаагийн газар руу явсаны дараа тухайн осол гарсан.

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Учир нь хариуцагч анхан шатны шүүх хуралдааны үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш гэдэг талаар маргадаггүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.******* нь гэм хорыг хариуцан арилгах үндэслэлтэй. Нэхэмжлэгч Ж.*******гийн хувьд зам тээврийн осол гаргасан үйлдэлд хариуцлага хүлээн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах болон торгуулах арга хэмжээ авахуулсан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч А.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ж.*******, А.******* нарт холбогдуулан автомашинд учирсан хохирол 17,275,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

3. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.1. 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд Ж.******* нь хариуцагч А.*******ийн эзэмшлийн ******* УНО улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан Ж.*******гийн эзэмшлийн ******* УНӨ улсын дугаартай тоёота такома маркийн автомашиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдсон.

Тухайн үед Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан, уг зөрчилдөө торгуулийн арга хэмжээ авагджээ.

3.2. Дээрх зам тээврийн ослын улмаас Ж.*******гийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирч, ******* ХХК-иар үнэлгээ хийлгэж, эвдрэл, хохирлын үнэлгээг 17,275,000 төгрөг гэж тогтоосон байх ба хариуцагч нь үнэлгээтэй холбоотой тайлбар болон үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй байна.

3.3. Ж.*******ын жолоодож явсан автомашины өмчлөгчөөр ЗГБХ нөхөрлөл бүртгэгдсэн байх боловч уг тээврийн хэрэгслийг А.******* нь 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан, автомашин түүний эзэмшилд байсан, мөн тухайн өдөр Ж.*******од автомашиныг шилжүүлсэн болох нь түүний тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 12-13, 35 дугаар тал/

4. Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж Ж.Мөнхбат нь замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар гэм хор учруулсан буруутай, хариуцагч А.******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч нь хариуцан арилгах үүрэгтэй, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зохицуулсан.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь зам тээврийн осолд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, мөн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд бусдад учирсан гэм хорыг хариуцна. 

Иймд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг хариуцагч А.******* хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

6. Хэрэгт ******* ХХК-ийн хохирлын үнэлгээнээс өөр баримтгүй тул анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоож, нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан хохирлын хэмжээг 30 хувиар багасгаж, хариуцагчаас хохиролд 12,092,500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах, уг нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргах нь түүний эрх хэмжээнд хамаарах ба мөн ийнхүү гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Ж.*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

8. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож,  дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтийн агуулга нь хариуцагч тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдгээ хүлээн зөвшөөрсөн, тухайн тээврийн хэрэгслээс үүдэлтэй хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж дүгнэсэн, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн талаараа дурдсан байна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/00353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА