Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00787

 

 

 

 2024 оны 04 сарын 17 өдөр Дугаар 210/МА2024/00787

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00524 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02282 дугаар шийдвэрээр С.*******аас 40,150,000 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс /16100/, Москва гудамж, 51/3 дугаар байрны ******* хаягт байрлах, 51.01 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж шинжээч томилж, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-иас 145,318,563 төгрөгөөр үнэлсэн.

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-151/11149 дугаар албан тоотоор мэдэгдсэн үнэлгээг төлбөр төлөгч бид хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь дээрх үнэлгээг зах зээлийн бодит ханшаар гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтээс харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д зааснаар хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэлд үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар мэдээлэл олж авсан эсэх нь нотлогдоогүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д зааснаар зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн боловч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д зааснаар шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны хамгийн том давуу тал болох тус орон сууц нь сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвд ойр цонх нь наран талдаа, төв зам дагуу биш учир дуу чимээ бага зэрэг олон давуу талыг орхигдуулж, тайланд тусгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.10-т нийцэхгүй байна.

1.4. Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1, 35.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчиж үнэлгээ хийсэн.

Иймд С.*******, С.******* нарын зээлийн барьцаанд тавьсан Э.******* /Э./-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаартай бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж, 51/3 байр, ******* хаягт байрлах, 51.01 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ******* ХХК-ийн 23/0017 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02282 дугаар шийдвэрээр хариуцагч С.*******аас 40,150,000 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д, улсын тэмдэгтийн хураамж 428,900 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн.

2.2. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд /Э.*******/ Э.ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн 1 баруун бүс /16100/ Москва гудамж, 51/3 дугаар байрны ******* хаягт байрлах, 51.01 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэсэн.

2.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 23280035/151-1 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 23280035/151-03 тоот тогтоолоор хураасан.

2.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл гардуулахад төлбөр төлөгч талаас харилцан тохиролцож, үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч ******* ХХК, С.ыг томилж үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 145,318,563 төгрөгөөр үнэлсэн.

2.5. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь заалтыг үндэслэн талуудад мэдэгдэж, төлбөр авагч талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан эрхийг танилцуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан.

Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүрч, ажиллагаанд саад учруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Гуравдагч этгээд ******* ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан тайлбарыг дэмжиж байна.

3.2. Үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч нарт болон өмчлөгч Э.ын гэр бүлд мэдэгдсэн. Хуулийн дагуу үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь 7 хоногоос хэтэрч нэхэмжлэл гаргасан учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

3.3. Хариуцагчаа буруу тодорхойлсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Учир нь үнэлгээг хүчингүй болгох ажиллагааг Шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлгээг тогтоогоогүй, С., ******* ХХК үнэлгээг тогтоосон.

3.4. Э. нь хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүлээж авснаас хойш ямар нэгэн гомдол гаргаагүй, тухайн этгээд өөрийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

3.5. Маргаж байгаа үндэслэл дээр холбогдох хуулийн заалтуудыг барьж ажилласангүй, тухайн хөрөнгийг хэт хямд үнэлсэн гэх нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******т холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.ыг гуравдагч этгээдээр оролцуулсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.2-т "...хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх гуравдагч этгээдийг оролцуулахаар шийдвэрлэж, хаягын дагуу дуудан ирүүлэх, холбогдох утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлсэн боловч шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ өөрийн санаачилгаар хэрэгжүүлээгүй байна." гэжээ.

Гэвч Э.ын хаягаар мэдэгдэх хуудас түүнд хүрээгүй тухай шийдвэрт тусгасан, мөн холбогдох утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу хийсэн гэх боловч Э.ад өөрт нь утсаар мэдэгдээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс болон гэх хоёр утасны дугаарыг шүүхэд мэдээлсэн боловч түүний төрсөн эх С.*******тай шүүхээс холбогдсон нь учир дутагдалтай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ." гэж мөн хуулийн 36.2-т "Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. гэж тус тус заасан.

Э.ын хувьд насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай шүүгчийн захирамжаар хэргийн зохигч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэж үзэж байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д "Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ируулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд шүүх хуульд заасан арга хэрэгслээр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэж үзвэл энэ хуульд зааснаар хэргийн оролцогч болох Э.ыг шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх боломжтой байсан.

Э. нь маргаан бүхий барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн талаар баримт хавтаст хэрэгт авагдсан, эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр бие даасан шаардлага гаргаагүй этгээд учир шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т "Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх гэж заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмаар адил тэгш хангаагүй. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00524 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч бичгээр тайлбар гаргаагүй болно.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд ******* ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.******* нь *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02282 дугаар шийдвэрээр С.*******аас 40,150,000 төгрөг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 51/3 байр ******* хаягт байршилтай, 51.01 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 41-46 дугаар тал/

3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Э.ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 23280035/151-1 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 23280035/151-03 тоот тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцсэн. /хх-ийн 54, 59 дүгээр тал/

3.3. Улмаар битүүмжлэгдсэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал ирээгүй, төлбөр авагч шинжээчээр үнэлгээ тогтоох хүсэлтийг үндэслэн зах зээлийн үнэлгээг тогтоох үнэлгээчнээр С.ыг томилж, үнэлгээчин дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 145,318,563 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 6-18, 62-63, 67 дугаар тал/

3.4. Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-151/11149 дугаартай мэдэгдлүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдсэн байна. /хх-ийн 72, 75 дугаар тал/

Дээрх ажиллагаанууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт нийцжээ.

4. Үнэлгээчин нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хөрөнгийн хийц, бүтээц, насжилт, инженерийн байгууламж зэргийг үндэслэн жишиг хөрөнгийг дээрх үзүүлэлттэй ижил түвшний, зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон гурван үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, эдгээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, жишиг хөрөнгийн мэдээллийн эх сурвалжийг зааж үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцнэ.

Иймд үнэлгээг тогтоохдоо шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч бодит бус зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн дараах давж заалдах гомдлыг хангахгүй.

6.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/01158 дугаар захирамжаар Э.ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай хуудсыг Э.ын хаягаар явуулсан боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаас тодорхойлсон, мөн Э.ын дугаарт холбогдож, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд Ээж нь байна. Хүүдээ хэлье гэсэн хариуг өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдов.

Ийнхүү Э.ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульд заасан бүхий л ажиллагааг явуулсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ нөхцөл байдал нь шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА