Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00743

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00743

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-д холбогдох

Тээвэр зуучийн гэрээний үүрэг болон алдангид 141,401,369 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 191,339,431.45 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, П.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч нарын өмгөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ХХК, ******* ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлсэн.

1.2. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж акт үйлдсэн бөгөөд ******* ХХК нь 31,837.5 евро буюу нэхэмжлэл гаргасан 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 119,472,129 төгрөг, дотоод зардалд 5,370,460 төгрөг нийт 124,842,589 төгрөгийн өглөгтэй байна. Хариуцагч ******* ХХК нь 3,279.6 евро буюу 12,308,021 төгрөг, дотоод зардалд 1,004,140 төгрөг нийт 13,312,161 төгрөгийн өртэй байна.

1.3. Дээрх төлбөрийг төлөх талаар удаа дараа хандсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй, төлбөрийг сайн дураар төлөхгүй байгаа тул тээвэр зуучийн гэрээний 4.1.1, 5.1, 7.9 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 47 хоногийн алданги нэг хоногийн 62,421 төгрөг нийт 2,933,787 төгрөг, тээвэр зуучийн гэрээний үлдэгдэл төлбөр 124,842,589 төгрөг нийт 127,776,376 төгрөг, ******* ХХК-иас 47 хоногийн алданги төгрөг, гэрээний үүрэг 13,312,161 төгрөг нийт 13,624,993 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК болон ******* ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай тээвэр зуучийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ******* ХХК нь манай компаниудын захиалгад заасан ачааг тогтоосон чиглэл, хугацааны дотор Монгол Улс дотор болон гадна, улс хооронд усан, хуурай болон агаарын замаар бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээсэн.

2.2. Гэтэл ******* ХХК нь ******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн захиалгын О17593 дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 73,42 килограмм ачааг тээвэрлэлтийн явцад алдсан. Тус захиалгад багтсан 7 ширхэг ачаанаас 2 ширхэг ачаа нь ирж бид хүлээн авсан боловч 5 ширхэг ачаа нь ирээгүй буюу хаана байгаа газар нь мэдэгдэхгүй алга болсон. Энэ ачааг тээвэрлэгч ******* ХХК-ийн хамаарал бүхий этгээд хүлээн авсан болох нь нотлогдсон.

2.3. Дээрх нөхцөл байдал нь тээврийн үйлчилгээний хөлсийг ******* ХХК-д төлөх хугацааг хойшлуулсан, алга болсон ачааг ******* ХХК нь олж ******* ХХК-д хүлээлгэн өгөх эсхүл ачаатай холбоотой гарсан хохирлыг бүрэн барагдуулах харилцан шаардлага бүхий үүргийг гүйцэтгүүлэх хүртэл тээврийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй байсан.

2.4. ******* ХХК алга болсон ачааг өөрсдийн зардлаар дахин шинээр үйлдвэрлүүлэн тээвэрлүүлж үүнтэй холбоотойгоор 234,459,354.76 төгрөгийн зардал гаргаж хохирсон. ******* ХХК нь дээрх байдлаар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд 8 дугаар сараас эхлэн алга болсон ачааг олох, зөрчлийг арилгуулах талаар уулзалт хийж, бичгээр харилцсан боловч үр дүн гараагүй учир ******* ХХК-ийн шийдвэрийн дагуу тээвэр зуучийн гэрээний 4 болон 7 дугаар заалтад зааснаар гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлах талаар тус компанид 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2137 тоот бичгээр хүргүүлсэн.

2.5. Тээвэр зуучийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлагдсан учир алдангийг төлөх үндэслэлгүй. Дээр дурдсанаар ******* XXК нь ******* ХХК-ийн 100 хувийн өмчийн компани учир дээрх гэрээ цуцлагдсанаар ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи гэрээний хариуцлагыг ******* ХХК-ийн өмнө хүлээхгүй буюу нэхэмжлэлд дурдсан алдангийг төлөх үндэслэлгүй юм.

3. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн агуулга:

3.1. ******* ХХК нь гадаад худалдаа, машин механизмын тоног төхөөрөмж болон сэлбэг, эд ангийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. ******* ХХК нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмшдэг хамаарал бүхий компаниуд бөгөөд хоёр компани нь үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай тээвэр зуучийн гурвалсан гэрээг байгуулсан.

3.2. Энэ гэрээгээр талууд бараа захиалга, ачааны мэдээллийг цахим шуудангаар солилцож захиалга хүлээн авах, бараа тээвэрлэж хүлээлгэн өгөх процесс явагддаг байсан. Тодруулбал, манай компани нь Атлас копко /Atlas Copco/ брэнд рүү бараа худалдан авах захиалгыг хийдэг ба ачаа илгээгч нь барааны захиалга бэлэн болсон үед Booking message буюу ачааг хаанаас авах, ямар нэр төрлийн, хэдэн кг, хэдэн м.куб хэмжээтэй, хэчнээн тооны ачаа байгаа талаар болон тухайн ачааг ямар аргаар тээвэрлэх зэрэг мэдээллийг багтаасан захиалгын мессежийг манай компанид буцаан илгээдэг.

Ийнхүү ачаа тээвэрлэхэд бэлэн болсон тухай энэ мэдээллийг бид авсны дараагаар дээрх ачааны мэдээллийн хамт ачааг тээвэрлэн ирүүлэх захиалгыг мэйлээр тээвэрлэгч ******* ХХК-д илгээдэг.

3.3. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай компани тээврийн О17593 дугаартай 1,173.42 килограмм 7 хайрцаг ачааг тээвэрлүүлэхээр ******* ХХК-д захиалга өгсөн. Энэ захиалгын ачаанаас 2 ширхэг ачаа болох Атлас копко /Atlas Copco/ брэндийн хөдөлгөөн тогтворжуулагч, тунгаагуур шүүр эд ангиуд нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тээвэрлэгдэн ирсэн боловч үлдэх 5 хайрцаг бүхий мотор болон бусад эд анги болох ачаа нь ирээгүй.

Энэ талаар тээвэрлэгч ******* ХХК-тай уулзалт хийж, ачааг олж хүлээлгэн өгөх эсхүл ачааны үнийг төлөх талаар өнгөрсөн хугацаанд бүхий л арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Бид алга болсон 5 хайрцаг ачааг олох үүднээс ачааны дагалдах баримт бичгийг дахин нягтлан шалгаж, илгээгч болон тээвэрлэгчээс ачааны талаар тодруулах ажиллагааг гүйцэтгэсэн. Улмаар ачаа илгээгч /Atlas Copco/ компаниас нэхэмжлэгч компанийн гэрээт ажилтан Ахмед нь 1,173.42 килограмм 7 хайрцаг ачааг холбогдох баримтын хамт хүлээн авсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12950488 СRМ дугаартай баримтаар батлагдсан.

Мөн тээвэрлэгч ******* ХХК-ийн гэрээт компанийн ажилтан нь жолооч Ахмед ачааг тээвэрлэн авч явсан талаарх мэдээллийг ******* ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэйлээр ирүүлсэн. Энэ талаар ч ******* ХХК нь маргадаггүй, гэрээт компани нь О17593 дугаартай 1,173.42 килограмм 7 хайрцаг ачааг тээвэрлэхээр ачаа илгээгчийн агуулахаас хүлээн авч явсныг зөвшөөрдөг.

3.4. Харин ******* ХХК нь илгээгч барааг дутуу өгсөн гэх зүйл ярьж, маргасан. Өнгөрсөн хугацаанд манай компанийн бэлэн болсон ачааг ******* ХХК нь тогтоосон хугацаанд захиалгын дагуу тээвэрлэн ирүүлэх үйл явц удаашралтай, хугацаа их алддаг байсан учир ******* ХХК нь нэмэлтээр ******* ХХК-тай тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж энэ талаар ачаа илгээгч /Atlas Copco/ компанид мэдэгдсэнээр зарим ачаа барааг захиалан тус компаниар тээвэрлүүлж ирүүлэх болсон.

******* ХХК-иас алга болсон 5 хайрцаг ачааг ******* ХХК-д нэмэлт тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа ******* ХХК нь андуурч хүлээн аван тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн шалгаж өгөх хүсэлтийг ******* ХХК-д тавьсан. Үүний дагуу манай компаниас нэмэлт тээврийн үйлчилгээ үзүүлэгч ******* ХХК-иас лавлаж, тодруулахад тус ачааг хүлээн аваагүй талаарх хариуг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-д ирүүлсэн ба энэ талаар мөн ******* ХХК-д мэдэгдсэн. Бид О17593 дугаартай ачааг тээвэрлүүлэх захиалгыг анхнаасаа ******* ХХК-д өгөөгүй бөгөөд тус компанитай нэмэлт тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.

3.5. Тээврийн О17593 дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 5 хайрцаг ачаа алдагдсанаар ******* ХХК нь тус ачааг цааш харилцагч байгууллагадаа тогтоосон хугацаанд нь нийлүүлэн хүлээлгэн өгч чадаагүй хэдий ч ******* ХХК нь харилцагч байгууллагадаа алга болсон мотор болон холбогдох бусад эд ангиудыг хүлээлгэн өгөхийн тулд уг эд зүйлийг дахин шинээр захиалан үйлдвэрлүүлж агаарын тээврээр Монгол улсад авчирсан.

Дээрх зардалд /Atlas Copco/ брэндийн суурин компрессорын моторын үнэд 39,579 Сингапур доллар буюу 92,024,737.11 төгрөг, бусад эд ангиудын үнэд 16,688.25 сингапур доллар буюу 38,801,683.19 төгрөг, нийт 130,826,420.30 төгрөгийн хохирол манай компанид учраад байна.

Мөн барааг дахин Атлас копко компаниас захиалан худалдан авч барааг агаараар болон газраар тээвэрлэн ирүүлсэнтэй холбоотойгоор ачаа тээврийн зардалд 47,248,625.64 төгрөгийг гаргасан. Тухайлбал, мотороос бусад эд ангиудыг дахин захиалж тээвэрлэн ирүүлсэн тээврийн зардалд 31,882,988.50 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус бүр төлсөн. Мөн мотороос бусад эд ангийн бараанд гаалийн татварт 992,366.27 төгрөгийг, моторын гаалийн татварт 4,335,110.87 төгрөгийг төлөөд байна.

Хэрэв тус ачаа алга болоогүй байсан бол бид ачааг дахин захиалж ирүүлэхтэй холбоотойгоор 47,248,625.64 төгрөгийн зардал гарахгүй байсан. Мөн нэг төрлийн барааг 2 удаа захиалснаар валютын ханшны зөрүүд 13,264,385.51 төгрөгийн зардал гарсан. Ингээд манай компанид нийт 191,339,431.45 төгрөгийн хохирол учраад байгаа ба энэ хохирол тээвэрлэгч ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна.

3.6. Иймд моторын үнэ 92,024,737.11 төгрөг, бусад эд ангийн үнэд 38,801,683.19 төгрөг, тээвэрлэн ирүүлэхтэй холбоотой болон гаалийн татварын зардал нийт 47,248,625.64 төгрөг, ханшийн зөрүүд 13,264,385.51 төгрөг нийт 191,339,431.45 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. ******* ХХК-ийн зүгээс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 014981 дугаартай 47.36 килограмм 2 хайрцаг, 2022 оны 7 дугаар сарын 20-ний өдөр 017593 дугаартай 1,173.42 килограмм 7 хайрцаг ачааг Бельги Улсын Виллебрук хотоос Улаанбаатар хот хүртэл тус тус тээвэрлүүлэхээр захиалга өгсөн.

4.2. Хүлээн авсан захиалгын дагуу 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай компанийн гэрээт зуучийн агент болох компанийн ажилтан ачааг хүлээн авахаар очсон боловч О14981 дугаартай 47.36 килограмм 2 хайрцаг, О17593 тоот дугаартай 1,173.42 килограмм 7 хайрцаг ачаануудыг олгох зөвшөөрөл өгөгдөөгүй гэдэг шалтгаанаар авч чадаагүй.

Энэ талаар ******* ХХК-д майл хаягаар мэдэгдсэний дараа менежер н. нь ачааг олгох зааварчилгааг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр илгээгчид тодорхой өгсөн дахин сануулъя гэдэг хариу майлыг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр илгээсэн ба тухайн өдөр ачааг манай гэрээт зуучийн агентад олгох зөвшөөрөл өгөгдсөн.

4.3. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр О14981 дугаарын захиалга дээр нэмж 93.98 килограмм 7 хайрцаг ачааг мөн л Бельги Улсын Виллебрук хотоос Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Эдгээр захиалгуудыг хүлээн авснаас хойш ачааны тоо, хэмжээ хэд хэдэн удаа нэмэгдэж өөрчлөгдсөн учир тухай бүрт нь ачааны жин, овор хэмжээг дахин дахин шалгаж илгээгчтэй тулгах гэсэн боловч илгээгчээс удаа дараа амралттай байгаа ба хариу өгөх боломжгүй гэх автомат хариу өгдөг.

Манай гэрээт зуучийн агентад ачаа олгох зөвшөөрөл өгмөгц бэлэн болсон 7 хайрцаг ачааг хүлээн авсан. Тухайн нөхцөл байдалд манай гэрээт зуучийн агент илгээгчээс олгосон ачааг л хүлээн авсан ба жинлэж шалгах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.

4.4. Ачаануудыг хүлээн авсны дараа ******* ХХК-ийн менежер н.аас 116.18 килограмм 8 хайрцаг ачааны баримт бичиг ирдэг. Захиалгын дугаар нь О14981 буюу өмнө нь өгсөн 7 хайрцаг 93.98 килограмм ачаа, 2 хайрцаг 47.36 килограмм ачааны захиалгын дугаартай адил дугаартай боловч тоо ширхэг, жин нь өөр байсан. Ингээд тоо ширхэг, жингийн зөрүүтэй баримт хүлээн авсны дараа ******* ХХК-ийн менежер н. болон илгээгчид мэдэгдсэн. Энэ үед илгээгч амралттай хариу өгөх боломжгүй гэх автомат хариултыг өгсөөр л байсан.

Бид тоо ширхэг, жингийн зөрүү гарсан мэдээлэл авсан даруйд гэрээт зуучид мэдэгдэн агуулах дээр ачаа ирэх үед ачааны жинг шалгаж түүний бүх фото зургийг даруулахаар тохирсон. Гэрээт зуучийн агуулах дээр ирсэн 7 хайрцаг ачааг шалгуулахад ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан биднийг хүлээн авсныг баталж буй гэх 12950488 дугаартай олон улсын замын хуудас дээр дурдсан ачаа бодит байдал дээрх ачаанаас өөр байсан ба жинлэж үзэхэд нийт жин нь 66 килограмм байсан. Ачааны бүх зураг, жингийн мэдээллийг илгээгч рүү явуулж СМR дээр дурдсан ачаа бодит байдал дээрх ачаанаас хэт жингийн зөрүүтэй болохыг мэдэгдсэн боловч илгээгч зарим ачааг нэмж оруулсан, үлдсэн ачаануудыг хүлээн аваагүй бол нэмэх болно гэх хариу өгсөн.

Олон улсын замналын хуудсанд дурдсан 1,173.42 килограмм 7 хайрцаг ачаа нь бодит байдал дээр хүлээн авсан 7 хайрцаг ачаатай жингийн хувьд хэт зөрүүтэй тохирохгүй байгаа талаар удаа дараа илгээгчид хандаж асуудлыг тодорхой болгох зорилгоор тухайн үеийн ачилт хийж буй бичлэгийг илгээхийг хүссэн боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй ба эцэст нь бүх ачааг буюу О17953, О14981 захиалгын дугаартай ачаануудыг танайх хүлээн авсан гэх хариултуудыг өгдөг болсон.

1,173.42 килограмм ачаа ачих, 66 килограмм ачаа ачих зэрэгт ашиглах техник хэрэгсэл гүйцэтгэх технологийн хувьд том ялгаатай тул тухайн үеийн ачилт хийж байгаа бичлэгийг ******* ХХК-ийн төлөөлөл илгээгчээс шаардаж авах бүрэн боломжтой байсан ч тэд асуудлын үнэн бодит байдлыг олоход идэвх санаачилга гаргахыг хүсээгүй.

4.5. Бидний хувьд ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан О17953 дугаартай алга болсон гэх 5 хайрцаг ачааг бодит байдал дээр хүлээн аваагүй. Дээр дурьдсанчлан манай гэрээт зуучийн агент ачаа хүлээн авахаар хэд хэдэн удаа очсон боловч олгох зөвшөөрөл байхгүй гэх шалтгаанаар өгөөгүйгээс гадна тухайн үед О17953 дугаартай ачаа сав баглаа боодлын хувьд асуудалтай байсан ба дахин савлуулахаар Эй эс си эйрпавер эсвэл Фореско руу илгээсэн байж болзошгүй.

Үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ******* ХХК-тай уулзалт хийж илгээгчээс илгээсэн болон илгээгүй ачааны дагалдах хуудас, ачилтын үеийн бичлэг зэрэг нотлох баримтыг авч өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Энэ нөхцөл байдлаас үзэхэд ******* ХХК болон ачаа илгээгч нарын хооронд тухайн үед үл ойлголцол үүсэж нийт захиалсан ачааны талыг нь өгч талыг нь өгөөгүй ба уг асуудлаа дараа нь шийдвэрлэсэн гэх үндэслэл бүрдэж байгаа бөгөөд, энэ нөхцөл байдлыг ашиглан үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 13,624,993 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 127,776,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд эд ангийн үнэ 130,826,420.30 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 61,513,011.15 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,022,907 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,647.15 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226,075 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 796,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 812,082 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Маргаан бүхий ачааг ******* ХХК-ийн зүгээс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр О14981 дугаар бүхий 47.36 кг 2 хайрцаг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр О175933 дугаартай 1,173.42 кг 7 хайрцаг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр О14981 дугаартай 93.98 кг 7 хайрцаг, нийт 16 хайрцаг ачааны мэдээллийг манай компанид өгсөн.

6.2. Уг 16 хайрцаг ачааг нэг үйлдвэрээс буюу нэг газраас авах ёстой байсан бөгөөд тухайн ачааг нэг явалтаар авахаар болсон. Учир нь ******* ХХК-ийн зүгээс хэдхэн хоногийн зайтай ачаа нэмж байсан, мөн ачаа авах зөвшөөрөл өгөхгүй байсантай холбоотой. Ачаа авах зөвшөөрлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн.

Уг зөвшөөрлийн дагуу нийт 16 хайрцаг ачааг авахаар очсон боловч 9 хайрцаг ачааг өгч, 1,173.42 кг 7 хайрцаг ачааны сав баглаа боодлын хувьд асуудал үүссэн учраас өгөөгүй.

Харин ачааны дагах бичиг баримтыг сольж, өгсөн бөгөөд манайд хүлээлгэн өгсөн 9 хайрцаг ачаа нь дагалдах бичиг баримтгүй буюу өөр бичиг баримттай ирсэн. Уг баримтыг манайх гарган өгч учрыг нь олох гэсэн боловч барааг хүлээн авсан болж, төлбөрт унаад байна.

6.3. Ачаа авах зөвшөөрлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн. Үүнээс өмнө болон дараа ямар нэг ачаа авсан зүйл байхгүй, харин өөр тээвэр зууч ачаа авсан асуудал үүссэн. Энэ нь талуудын цахим шууданд үзлэг хийсэн нөхцөл байдлаар бүрэн тогтоогдоно.

1173.42 кг ачаа хүлээн авсан гэх баримт нь манай гаргаж өгсөн баримт бөгөөд бид энэ баримтын дагуу ачаа хүлээн аваагүй, уг ачааг хүлээн аваагүй болох нь баримтгүй ирсэн 9 ачаа зэргээр нотлогдож байна.

Илгээгчээс дээрх ганц баримтыг үндэслэн ачааг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн тухай албан тоот үйлдсэн байх бөгөөд бусад ачааг хэрхэн хүлээлгэн өгсөн тухай баримт болон мэдээллийг дурдаагүй байсан.

Гэтэл бүх ачааг авах гэж 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр очсон нь ачаа авах зөвшөөрлөөр нотлогдоно. Мөн ачаа авсны дараа дутуу авсан ачаагаа хэрхэн авах талаар цахим шуудангаар харилцаж байх үед 1,173.42кг ачааг сав баглаа боодлыг дахин засах шаардлага үүссэн тухай мэдэгдсэн бөгөөд дахин ачуулна гэж хэлсэн энэ нь цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдоно. Бид уг ачааг алдаагүй, энэ талаар шалгуулсан. Бид хамтын ажиллагаагаа хүндэтгэж боломжит бүх зүйлийг хийх гэж үзсэн боловч дангаараа ямар нэг үр дүнд хүрэхгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00470 дугаартай шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. И-майл хаягт шүүх үзлэг хийсэн. ******* ХХК-тай хамтарч ажилладаг , , гэх компаниуд байдаг. ******* ХХК-ийн Германы гэрээт тээвэр зуучлагч компани 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр компанийн агуулахаас ачааг очиж авсан. Энэ баримтууд хэрэгт авагдсан. Алга болсон ачааг ******* ХХК-ийн гэрээт компани болох компани авсан гэх үйл баримт нотлогдсон гэж анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн.

7.2. Ачааны сав баглаа боодол асуудалтай гэх зүйлийг нэхэмжлэгчийн гэрээт компани болох компаниас и-мэйл ирүүлдэг. Ачааг Монгол Улс руу илгээж байгаа илгээгч компани ачааны сав баглаа боодлын талаар дурддаггүй. компаниас сав баглаа боодол асуудалтай талаарх и-мэйл ирүүлсэн. Сав баглаа боодол асуудалтай байсныг нэхэмжлэгч өөрөө нотлоогүй.

7.3. Бид алга болсон гэж байгаа мотор бусад эд ангийн үнийг дахиж захиалахаас гарцаагүй болж дахин компаниас захиалаад ******* ХХК, ХХК-аар тээвэрлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 56,000 гаруй Сингапур долларын зардал гарсан. Илгээгчид төлбөр төлөх үед сингапур долларын ханшаар бодож шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үеийн ханшаар бодож шүүх зөв дүгнэлт хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

8. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг хэрэглээгүй, түүнчлэн алдангид холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тухайд.

8.1.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасан "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар... тооцно" гэснийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг хэрэглэлгүй, тээврийн зардалд 3,279.6 еврог хариуцагч "*******" ХХК-иас, 31,837.5 еврог хариуцагч "" ХХК-иас гаргуулж шийдвэрлэхдээ 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 1 евротой тэнцэх 3,752.56 төгрөгийн ханшаар тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан тээвэр зуучийн гэрээгээр хариуцагч "*******" ХХК болон "" ХХК-ууд нь тээврийн үйлчилгээний хөлсийг буюу мөнгөн төлбөр төлөх үндсэн үүрэг хүлээсэн.

Гэрээний талууд нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөр тооцоо нийлж, мөнгөн төлбөрийн үүргийн дүнг тогтоосон. Тооцоо нийлсэн өдрийн байдлаар хариуцагч нар Монгол банкнаас зарласан евротой тэнцэх 3,540.10 төгрөгийн ханшаар тооцож нэхэмжлэлийн өмнө тээврийн төлбөр төлөх үүрэг үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, тээврийн зардалд хариуцагч "*******" ХХК-иас 3,279.6 еврог, хариуцагч "" ХХК-иас 31,837.5 еврог шүүх гаргуулахдаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүссэн үеийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож гаргуулах нь хуулийн уг заалтад нийцэхийг анхаараагүй. Анхан шатны шүүхээс энэ талаарх хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн татгалзалд няцаалт, дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн, шүүх шийдвэрийнхээ 11 дэх хэсэгт хариуцагч "*******" ХХК-иас сөрөг нэхэмжлэлээр шаардсан 56,267.25 Сингапур долларыг уг зардал гарсан өдрийн буюу худалдагчид төлбөр шилжүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасантай нийцсэн" гэх агуулгаар дүгнэсэн атлаа үндсэн нэхэмжлэлд хуулийн энэ заалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд, шүүх тээврийн зардалд хариуцагч "*******" ХХК-иас 3,279.6 еврог, хариуцагч "" ХХК-иас 31,837.5 еврог гаргуулж шийдвэрлэхдээ 2023 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн 3,752.56 төгрөгийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасантай нийцээгүй.

8.1.2. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотойгоор хариуцагч нарын санаачилгаар тээвэр зуучийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалсан бөгөөд гэрээ цуцлагдсан талаар нэхэмжлэгч "*******" ХХК нь маргаагүй, энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ 7.2 дахь хэсэгт дүгнэсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан тээвэр зуучийн гэрээний 7.9 дэх хэсэгт "Үйлчлүүлэгч гэрээнд заасан хугацаанд тээврийн хөлсийг тээвэр зуучлагчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлнө" гэж заасан байх хэдий ч тээвэр зуучийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлагдсан байгаа үед нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний хариуцлага болох алдангийг шаардах, хариуцагч нар алданги төлөх үүрэг харилцан дуусгавар болсныг анхан шатны шүүх зөв дүгнээгүй.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн 03 дугаартай зөвлөмжийг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн алдангид холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ дүгнээгүй.

Өөрөөр хэлбэл, тээвэр зуучийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлагдсан байгаа тохиолдолд тус өдрөөс хойш нэхэмжлэгч "*******" ХХК-ийн болон хариуцагч "*******" ХХК, "" ХХК нарын гэрээгээр шаардах үндсэн болон дагалдах эрхүүд харилцан дуусгавар болно.

Гэтэл, шүүх талуудын хооронд байгуулагдсан тээвэр зуучийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр цуцлагдсан талаар шийдвэрийнхээ 7.2 дахь хэсэгт дүгнэсэн атлаа дуусгавар болсон гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлж буюу гэрээнд заасан алдангийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрийн 7.5 дахь хэсэгт дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д заасантай нийцээгүй.

Иймд, шүүх алдангид 312,832 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас, 2,933,787 төгрөгийг хариуцагч "" ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.2. Анхан шатны шүүх хариуцагч "*******" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд.

8.2.1. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан ачааг тээвэрлүүлэхтэй холбоотойгоор ХХК-д төлсөн 10,038,160 төгрөг, "Монложистикс Ворлдвайд" ХХК-д төлсөн 31,882,988.50 төгрөгийн зардал нотлогдож байна хэмээн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь зөв дүгнэсэн боловч шийдвэрийн 10.2 дахь хэсгээр "Харин нэхэмжлэгч тал алга болсон гэх 5 хайрцаг ачааны тээврийн зардлыг манай компани аваагүй гэж тайлбар гаргасныг хариуцагч мараагүй..." гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон.

017593 дугаартай захиалгын ачааны тээврийн зардлыг нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч "*******" ХХК-иас нэхэмжлээгүй бөгөөд уг захиалгад хүргэгдэн ирэх байсан 5 хайрцаг ачаа тээвэрлэлтийн явцад алга болсон учир тээврийн зардал төлөх үүрэг хариуцагч "*******" ХХК-д, нэхэмжлэх эрх "*******" ХХК-д үүсэхгүй юм.

Тодруулбал, гэрээний дагуу нэхэмжлэгч нь ачааг хариуцагчид тээвэрлэн ирүүлээгүй, тээвэрлэлтийн явцад ачааг алга болгосон нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон учир барааг дахин шинээр захиалан өөр тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар тээвэрлэн ирүүлэхтэй холбоотойгоор хариуцагч "*******" ХХК нь гарсан зардлыг нэхэмжлэгч "*******" ХХК-иас шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно", 227.5-д "Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй" гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ний өдөр тээвэрлүүлэхээр захиалсан 017593 дугаартай захиалгын ачааг тээвэрлэлтийн явцад алга болгож, гэрээний үүргээ зөрчсөнөөр хариуцагч "*******" ХХК нь уг үүргийг гуравдагч этгээд буюу "" ХХК болон "Монложистикс Ворлдвайд" ХХК-иар гүйцэтгүүлж, үүнтэй холбоотойгоор тус компанид төлсөн төлбөр нь нэхэмжлэгч "*******" ХХК нь буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан хохирол гэж үзэх учир нэхэмжлэгч уг зардлыг нөхөн төлөх нь хуулийн дээрх заалтад нийцнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "*******" ХХК-иас гэрээний дагуу О17593 дугаартай захиалгын тээврийг бүрэн гүйцэтгэсэн бол хариуцагч "*******" ХХК нь тээвэртэй. холбоотой дээрх зардал гарахгүй байсан бөгөөд гарах ёсгүй байсан зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон учир энэ хэмжээнд буюу 47,248,625.64 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХХК-иас гаргуулж, "*******" ХХК-д олгох нь үндэслэлтэй юм.

Иймээс шүүхийн шийдвэрийн 10.2 дахь хэсэг "Тодруулбал, дээрх зардлууд болон гаалийн татвар нь хуульд заасан төлөх ёстой төлбөр ба энэ нь хариуцагчаас гарах зардал байх тул хохиролд тооцохгүй" гэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, ... хохиролд тооцно" гэж заасантай нийцээгүй, шүүх уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлээс алдангид холбогдох 312,832 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас, 2,933,787 төгрөгийг хариуцагч "" ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч "*******" ХХК-иас 13,624,993 төгрөгийг, хариуцагч "" ХХК-иас 127,776,376 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт болон сөрөr нэхэмжлэлийн шаардлагаас 47,248,625.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "*******" ХХК-иас 188,649,994.64 төгрөгийг гаргуулан хариуцагч "*******" ХХК-д олгож өгнө үү.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Хариуцагчийн өмгөөлөгч Атлас копко компанийн Сингапур дахь төв офиссын ажилтан гэх хүн өөрөө и-мэйлээр тухайн ачааны сав баглаа боодолд асуудал гарсан тул агуулах руу буцаасан гэх тайлбарыг хэлсэн байдаг. Энэ бол манай зуучлагч нараас явуулсан и-мэйл огт биш.

9.2. Бид ачаагаа авъя гэдэг байдлаар хариу хэлсэн. Тухайн ачаатай холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байхад ******* ХХК зуучийг сольж, дахин тэдгээр хүмүүст захиалга өгсөн нь и-мэйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно.

9.3. ******* ХХК-ийн зүгээс ханш, алданги, тээврийн зардалтай холбоотой асуудлаар гомдол гаргасан. Ханштай холбоотой асуудалд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Алдангитай холбоотой асуудалд гэрээний үүрэг дууссан тул алданги төлөхгүй гэдэг агуулгаар гомдол гаргасан. Гэрээ хэрэгжиж байх үед үүссэн үүрэг тул алданги тооцох хууль эрх зүйн үр дагавар байгаа.

9.4. Тээврийн зардалтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Манай зүгээс ачааг хүлээж аваагүй. Хүлээж аваагүй, алга болсон ачааны тээврийн хөлс, бусад зардлыг нэхээгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ тухайн ачааны тээврийн зардал, хил гаалийн зардлыг нэхэмжилж байна. Тээврийн зардал, гаалийн зардлыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 119,472,129 төгрөг, дотоод зардалд 5,370,460 төгрөг, алданги 2,933,787 төгрөг нийт 127,776,376 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 12,308,021 төгрөг, дотоод зардалд 1,004,140 төгрөг, алданги 312,832 төгрөг нийт 13,624,993 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд моторын үнэ 92,024,737.11 төгрөг, бусад эд ангийн үнэ 38,801,683.19 төгрөг, тээврийн зардал 41,921,148.50 төгрөг, гаалийн татвар 5,327,477.14 төгрөг, валютын ханшийн зөрүү 13,264,385.51 төгрөг нийт 191,339,431.45 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр А-19/023 дугаартай Тээвэр зуучийн гэрээ байгуулж, тээвэр зуучлагч ******* ХХК нь үйлчлүүлэгчийн захиалгад заасан ачааг, түүнд заасан чиглэлийн дагуу, тогтоосон хугацаанд Монгол Улс дотор болон гадна, эсвэл улс хооронд усан, хуурай болон агаарын замаар тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч ******* ХХК, ******* ХХК нь тохирсон төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. /1-хх-ийн 7-15 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний төлбөр тооцооны асуудлаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан асуудлаар маргаагүй, талуудын маргааны зүйл нь ******* ХХК-ийн 5 хайрцаг ачаа алдагдсан явдалд нэхэмжлэгч буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч алдангийг тооцохдоо хугацааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4.1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан гэрээгээр аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын захиалгын дагуу ачаа тээвэрлэх, тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлсэн, тухайн үйлчилгээний төлбөрт хариуцагч ******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар 31,837.5 евро, дотоод зардалд 5,370,460 төгрөг, хариуцагч ******* ХХК нь 3,279.6 евро, дотоод зардалд 1,004,140 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн байна.

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч ******* ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн захиалгын О17593 дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 73,42 кг ачаа алдагдсан үндэслэлээр хариуцагч нар нь нэгэнт авсан үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт нийцсэн.

Анхан шатны шүүхээс гадаад валютаар гүйцэтгэх үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, тээвэр зуучийн гэрээний үүрэгт хариуцагч ******* ХХК-ийг 124,842,589 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийг 13,312,161 төгрөгийн төлбөртэй гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцнэ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гадаад валют, монгол төгрөгийн харьцах ханш бус, мөнгөний өөрийн ханш өссөн, буурсан тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тодорхойлох агуулгатай юм. Иймд дээрх зохицуулалтаар еврогийн ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. 

4.2. Тээвэр зуучийн гэрээний 7.9-т Үйлчлүүлэгч гэрээнд заасан хугацаанд тээврийн хөлсийг Тээвэр зуучлагчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлөх-өөр тохирсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн боловч алданги тооцох хугацааг буруу тодорхойлсон.

Хариуцагч нар нь ******* ХХК-ийн захиалгын О17593 дугаартай ачаа алга болсонтой холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр гэрээ цуцлах талаар ******* ХХК-д мэдэгдэж, гэрээ цуцлагдсан байх ба энэ асуудлаар талууд маргаагүй байна. Ийнхүү гэрээ цуцлагдаж үндсэн гэрээ дуусгавар болсноор нэмэлт үүрэг нэгэн адил цуцлагдах тул алдангийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд тооцох нь алдангийн зохицуулалтад нийцнэ.

Иймд хариуцагч ******* ХХК-ийн төлөх ёстой 124,842,589 төгрөгийн 0,05 хувиар 9 хоногийн алданги 561,789 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн төлөх ёстой 13,312,161 төгрөгийн 0,05 хувиар 9 хоногийн алданги 59,904 төгрөгийг гаргуулж, алдангиас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

5. Хариуцагч ******* ХХК нь алга болсон 5 хайрцаг ачаанд байсан моторын үнэ 92,024,737 төгрөг, бусад эд ангийн үнэ 38,801,683 төгрөг, бараануудыг тээвэрлэх болон гаалийн татварт гарсан зардал 47,248,625 төгрөг, ханшийн зөрүү 13,264,385 төгрөг нийт 191,339,431 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

5.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр О17593 дугаартай 1,173.42 кг 7 хайрцаг ачааг тээвэрлүүлэх захиалга хүлээн авсан, үүнээс 2 хайрцаг ачаа ирж, 5 хайрцаг ачаа ирээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Дээрх захиалгын дагуу 7 хайрцаг ачааг илгээгч Атлас копко компанийн Бельги дэх агуулахаас ******* ХХК-ийн гэрээт компанийн ажилтан Ахмед хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /1хх-ийн 130-141/ тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь захиалгын О17593 дугаартай, 1,173.42 килограмм жинтэй, 7 хайрцаг ачаанд сав баглаа боодлын асуудал гарсан учраас 5 хайрцаг ачааг бодит байдал дээр хүлээж аваагүй гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Мөн ачааг хүлээн авахдаа дагалдах бичигт заасан тоо, хэмжээг шалгах нь тээвэр зуучийн үүрэгт хамаарах тул илгээгчээс ачааг хүлээн авахдаа шалгасан байдлаа нэхэмжлэгч нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд ачааны дагалдах бичгийг сольж өгсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Ийнхүү нэхэмжлэгч нь илгээгчээс хүлээн авсан ачааг тогтоосон газар хүргэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагч хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй. 

5.2. Хариуцагч ******* ХХК нь Атлас копко компанид атлас копко брэндийн суурин компрессорын мотор болон түүний эд ангиудыг худалдан авах захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийж, барааны үнэ 54,960 сингапур долларыг 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, алдагдсан барааны үнэ 54,960 сингапур доллар буюу 130,826,420 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн.

5.3. Түүнчлэн захиалгын О17593 дугаартай, 1173.42 килограмм жинтэй, 7 хайрцаг ачаанаас алга болсон 5 хайрцаг ачааны тээвэрлэлттэй холбоотой зардал ******* ХХК-д төлөгдөөгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь тухайн ачааны тээвэрлэлтийн зардал, мөн гаалийн татварыг төлөх үүрэгтэй үндэслэлээр хохиролд нэхэмжилсэн 47,248,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.4. Хариуцагч ******* ХХК нь ханшийн зөрүү 13,264,385.51 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харицагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...13 624 993 гэснийг ...13,372,065 гэж, ...127 776 376 гэснийг ...125,404,378 гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 226,075 төгрөг гэснийг 224,810 төгрөг гэж, 796,832 төгрөг гэснийг 784,972 төгрөг гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 812,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,101,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА