| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0800/э |
| Дугаар | 272 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
хохирогч Э.Намуундарь,
шинжээч Т.Номинцэцэг,
гэрч Ө.Бямбазориг, Ц.Нэргүй, П.Тогтохбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн д холбогдох эрүүгийн 1811024330846 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн иргэдийн бүлэгт ТҮК-ийн ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Х нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт жирэмсэн хохирогч Э.Намуундарьтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг өшиглөж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Орой гэртээ харихад миний гуя хөхөрсөн байсан. Би Намуундарьтай огт маргалдаагүй, дүү Хулантай нь маргалдаад хэрэлдсэн. Дүүгээ өмөөрөөд намайг яагаад байгаа юм бэ, боль гэсэн. Би Намуундарь руу хоёр хүний дундуур хөлөө жийсэн боловч миний хөл хүрээгүй. Намуундарь өөрөө унахдаа гэмтсэн. Хоёр цагдаа дараа нь намайг чи жирэмсэн эмэгтэй өшиглөсөн биз дээ, хэргээ хүлээ гэж тулгасан. Би энэ Намуундарийг жирэмсэн гэж мэдээгүй…” гэв.
Хохирогч Э.Намуундарь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би дэлгүүр дээрээ байж байхад миний таньдаг Хандтай хамт ажилладаг ах орж ирээд гоймон идэх гэсэн юм, ус буцалгаад өгөөч гэхээр нь би за одоохон гээд хойшоо ороод ус тавих гэж байхад Ханд орж ирээд гоймон авъя гэж байгаа нь сонсогдсон. Тэгээд удалгүй хэрүүл болоод явчихсан. Ханд манай дүүг янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Би чи боль яагаад ийм жаахан хүүхдийг муухай хэлээд байгаа юм бэ гээд түүнтэй хэрэлдээд ойртоод очих үед намайг өшиглөсөн. Би зөрүүлээд хоёр хүний дундуур орж ирээд өшиглөсөн. Тухайн үед маш чанга дуугараад доошоо юм гарсан. Би зулбачихлаа л гэж бодсон…” гэв.
Шинжээч Т.Номинцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд номер нь цаанаасаа засвартай байгаа талаар сайн санахгүй байна. 08 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд гарын үсэг зурсан. Дүгнэлтийг Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд заасны дагуу Өргөө амаржих газрын өвчний түүхийг үндэслэж гаргасан. Өргөө амаржих газрын төрөлтийн түүх болон бусад бичиг баримттай нэг бүрчлэн танилцаж гаргасан. Мөн яаралтай тусламжийн хуудас, төрөлтийн түүхтэй танилцсан. Тухайн үед төрөлтийн түүхэд засвар орсон талаар одоо санахгүй байна. Миний үзсэн үзлэгээр умдагны зүүн хэсэгт 14х7 см шаргал туяа бүхий хөх ягаан өнгийн цус хуралттай байсан. Уг гэмтэл цохих цохигдох нь өөрөө өшиглөхөд үүсэх гэмтэлтэй ижил байдаг. Гутал нь мохоо зүйлд ордог. Би өмнө 12 дугаар сарын 17-ний өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн буюу өөрийн ажлын байранд 13 цаг 30 минутанд мэдүүлэг өгсөн. Минжинхорол байцаагч надаас мэдүүлэг авсан. Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй гарсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ бөгөөд гутал болон өшиглөхөд уг гэмтэл үүсэх боломжтой. Уг гэмтлээс болж төрөлттэй холбоотой гэмтэл үүсээгүй…” гэв.
Гэрч Ө.Бямбазориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би өмнө 2 удаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед бид бүгд цайндаа орохоор явж байсан бөгөөд 12-13 цаг болж байсан. Тэр үед би дэлгүүрийн гадаа сууж байхад дэлгүүрт хэрүүл маргаан болоод худалдагч нь А.Хтай маргалдаад байсан. Бичлэгнээс үзэхэд хохирогчийг өшиглөж унагааж байгаа хүн нь А.Х мөн байна. Миний бичиг баримтыг шалгаагүй. Би бичиг үсэг мэдэхгүй, Хандын өшиглөж байхыг хараагүй. Мэдүүлгийг мөрдөгч уншиж өгөөгүй, тухайн үед хохирогчийг унагааж байгаа хүнийг хараагүй, Хандыг би өмсөж байгаа хувцасаар нь таньсан. Зодооныг хараагүй...гэв.
Гэрч Ц.Нэргүй нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хэрүүл болсныг мэдсэн. Гэхдээ юу болсныг хараагүй, мөрдөн байцаагч надад олон хүмүүс бужигнаж байгаа бичлэг үзүүлсэн. Яг өшиглөж байгаа бичлэг үзээгүй…” гэв.
Гэрч П.Тогтохбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хандаа Отгонцэцэг эгч хоёр дэлгүүр ороод Отгонцэцэг эгч гараад ирсэн. Араас нь ХХХандаа худалдагч болон жирэмсэн эмэгтэй хоёртой муудалцаад гараад ирсэн. Хандаа руу хоёулаа дайраад байсан. Ямар ч байсан Хандааг тэр жирэмсэн эмэгтэй өшиглөсөн. Хохирогч эмэгтэй хойшоо саваад унасан. Яагаад унасныг би хараагүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Намуундарь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.Х гэх эмэгтэйтэй маргалдсан тэгсэн тэр эмэгтэй намайг энэ яасан хэл амтай өөрөөсөө эгч хүний өөдөөс хэрүүл хийдэг юм гээд уурлаж байсан тэгсэн манай дүү намайг өмөөрөөд та жирэмсэн хүнийг юу гээд байгаа юм гээд тэр эмэгтэйтэй хэрүүл хийсэн чинь энийг тармуураар цохиод алчийлдаа гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр эмэгтэйрүү дайраад барилцаж авсан. Тэгсэн тэр эмэгтэй надтай барилцаж байгаад чи яасан овоо юм бэ гээд намайг өшиглөсөн чинь миний аарцаг руу өшиглөсөн ба би хөл алдаад хойшоогоо саваад унасан...” гэжээ /хх-9/.
Насанд хүрээгүй гэрч М.Хулан мэдүүлэхдээ: “...Намуундарь эгч гараад тэр хүмүүсийг яв гэж хэлсэн чинь тэр хүмүүс манай эгч рүү бүгд дайраад хэл амаар доромжлоод жирэмсэн хүнийг бараг барьж авч зодчих гээд байхаар нь би өмөөрөөд араас нь гарсан чинь тэр гоймон авъя гэж анх хэрүүл маргаан үүсгэсэн Ханд гэх эмэгтэй манай эгчийг шууд өшиглөөд унагаачихсан ба бид нар цагдаа дуудсан...” гэжээ /хх 20-21/.
Гэрч Г.Оюун мэдүүлэхдээ: “...Э.Намуундарийг Ханд гэж ТҮК-д ажиллагдаг эмэгтэй тэр өдөр зодсон байсан. Түүнийг нь би гэртээ ирээд камераа үзээд мэдсэн. Манайх хашаандаа 8-н нэрийн дэлгүүр ажиллуулдаг дэлгүүртээ камерын бичлэгтэй гаднаа бас камертай юм. ...Дэлгүүрийн гадаа Ханд нь Намуундарийг өшиглөж газар унагаасан бичлэг байсан...” гэжээ /хх-112-113/.
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...22 секундэд ирэхэд хохирогч Э.Намуундарь нь бужигналдаж байгаа хүмүүсийн дундаас цайвар цэнхэр өнгийн урт цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүз өмссөн гарч ирж бужигнаан дунд байсан хар өнгийн саравчтай малгай, хар бараан өнгийн цамц, хар бараан өнгийн өмд, бараан өнгийн гутал, цамцан дотуураа цагаан өнгийн цамц өмсөж уг цамц нь гаднах цамцныхаа дотор талаас цухуйсан хувцастай байсан яллагдагч А.Хыг өшиглөж байх ба Ханд нь эргэж хараад салгаж байсан хүмүүсийн дундуур гарч ирээд хоёр хүний голоор баруун хөл нь гарч ирж хохирогч Э.Намуундарийн гэдэс хэвлий орчимд баруун хөлөөрөө өшиглөхөд хохирогч нь хойшоогоо саваад довжоон дээрээс газар унахад гэрч Хулан нь Намуундарь дээр очоод босгох гэтэл босч чадахгүй байгаа байдалтай газар хэвтэх ба Хулан нь буцаж А.Х дээр очиж маргалдаж зууралдах үед тухайн газар байсан гэрчүүд дундуур нь очиж салгаж байв...” гэжээ /хх-121-122/.
Шүүгдэгч А.Х нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн үедээ уур хүрчихсэн байсан учраас хаашаа нь өшиглөснөө сайн санахгүй байна. Ямар ч байсан хөл орчим руу нь өшиглөсөн. Тэгэхэд л газар унасан. Би тухайн үедээ жирэмсэн гэдгийг нь анзаараагүй бөгөөд өшиглүүлээд газар унах үед нь жирэмсэн гэдгийг нь мэдсэн...” гэжээ /хх-37/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн №10407 дугаар дүгнэлтэд:
“1. Э.Намуундарь-н биед умдаг, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..." гэжээ /хх-23/.
Шинжээч эмч Т.Номинцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хойшоо унах үед үүсэх боломжгүй. Цохих цохигдох гэдэг нь өөрөө өшиглөхөд үүсэх гэмтэлтэй ижил. Эмэгтэй хүний умдаг нь хэвлийн доор 2 цавины дунд байгаа хэсгийг умдаг гэж нэрлэж байгаа, бэлгийн их уруул гэдэг нь гадна бэлэг эрхтэнд орно. Миний хэсэг газрын үзлэг болон Өргөө амаржих газрын өвчний түүхээс харахад бэлгийн их уруулын зүүн тал болон умдаг хэсгийг хамарсан байна. Умдаг болон бэлгийн их уруул нь өөр өөр газар байдаг эд эрхтэн биш...” гэжээ /хх-117-118/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38-39/, хохирогчийн төрөлтийн түүх/хх-24-27/, яаралтай тусламжийн хуудас/хх-30-31/ зэргийг шинжлэн судлалаа.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд шүүгдэгч А.Х нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн хүнсний дэлгүүрт ажиллаж байсан 15 настай М.Хулантай хэрүүл маргаан хийх үед 8 сартай жирэмсэн Э.Намуундарь нь дүүгээ өмөөрч А.Хыг очиж өшиглөхөд А.Х зөрүүлэн өшиглөж, Э.Намуундарийн биед умдаг, бэлгийн их уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Намуундарийн “...манай дүү намайг өмөөрөөд та жирэмсэн хүнийг юу гээд байгаа юм гээд тэр эмэгтэйтэй хэрүүл хийсэн чинь энийг тармуураар цохиод алчийлдаа гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр эмэгтэйрүү дайраад барилцаж авсан. Тэгсэн тэр эмэгтэй надтай барилцаж байгаад чи яасан овоо юм бэ гээд намайг өшиглөсөн чинь миний аарцаг руу өшиглөсөн ба би хөл алдаад хойшоогоо саваад унасан...” /хх-9/, насанд хүрээгүй гэрч М.Хулангийн “...Намуундарь эгч гараад тэр хүмүүсийг яв гэж хэлсэн чинь тэр хүмүүс манай эгч рүү бүгд дайраад хэл амаар доромжлоод жирэмсэн хүнийг бараг барьж авч зодчих гээд байхаар нь би өмөөрөөд араас нь гарсан чинь тэр гоймон авъя гэж анх хэрүүл маргаан үүсгэсэн Ханд гэх эмэгтэй манай эгчийг шууд өшиглөөд унагаачихсан ба бид нар цагдаа дуудсан...” /хх 20-21/ гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн “1. Э.Намуундарь-н биед умдаг, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..." гэх 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн №10407 дугаар дүгнэлт/хх-23/, Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Хыг жирэмсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед цэнхэр өнгийн 1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан боловч уг СД нь хаанахын ямар хяналтын камерын бичлэгээр бичигдсэн, ямар албан тушаалтан, хаанаас бэхжүүлж авсан нь тодорхойгүй, мөн гэрч Ө.Бямбазоригийн мэдүүлэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хууль зөрчиж, цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар “шинжээч томилсон тогтоолыг мөрдөгч сүүлд хэрэгт хавсаргасан, шинжээч эмч Т.Номинцэцэгийг асууж тайлбар авсан мөрдөн байцаагчийн гарын үсэг өөр хүнийх” гэх боловч хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгт нөхөж хийсэн гэх баримтгүйгээс гадна тухайн шинжээч, яллагдагч, мөрдөн байцаагч нар танилцан гарын үсэг зурсан байна. Мөн мөрдөгч, ахлах дэслэгч М.Минжинхорлоо нь шинжээчээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурсан нь ямар нэгэн эргэлзээгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд шүүх шүүгдэгч А.Хыг жирэмсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлан өгөв.
Шүүгдэгч А.Х энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хохирогч Э.Намуундарь нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримттайгаар нийт 132.850 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч А.Хаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жирэмсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хад 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Хаас нийт 132.850 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Намуундарь /РД: ГП94030406/-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН