Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00742

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00742

 

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01086 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.*******ад холбогдох

Гэм хорын хохиролд 885,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Сүхбаатар дүүргийн 15 хороо 15 гудамж Архустайн зуслан ******* тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын эхээр манай гэрийн гадаа барилгын ажил явагдаж эхэлсэн.

1.2. Энэ барилгын ажил эхэлсэн өдрөөс надад өөрийн тээврийн хэрэгслээ зогсоох зогсоол олдохоо больсон. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед гэртээ ирэхэд миний ******* УАР дугаартай машинд зогсоол олдоогүй. Зогсоол гаргаж өгөхийг гуйхад хэн ч тоогоогүй, барилгын том том машинууд хаа сайгүй зогсоосон учир би арга буюу гэрээсээ хол, замын цаана уулын хазгай газар машинаа зогсоож тавих гэж байгаад ******* УБО дугаартай машиныг ухрахдаа мөргөж гэмтээсэн.

1.3. Би өөрөө цагдаа дуудаж бүртгүүлээд ******* УБО дугаартай машины хохирлыг бүрэн барагдуулсан. Тэгэхэд захирал Ц.******* нь маргааш ирж уулзаад за би машины чинь хохирлыг барагдуулна, хүлээж бай гэж хэлсэн.

Иймд ******* УБО дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ хийхэд төлсөн 35,000 төгрөг, ******* УАР дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ хийхэд төлсөн 45,000 төгрөг, Цагдаагийн байгууллагад төлсөн торгуулийн 100,000 төгрөг, С.*******гийн эзэмшлийн ******* УАР дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн төлбөр 705,000 төгрөг нийт 885,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие Сүхбаатар дүүрэгт орших Архустайн зусланд захиалгаар амины орон сууц барьж гүйцэтгэсэн. Барилгын ажил явагдаж эхлэхэд би нэхэмжлэгч С.*******д ажилчдын машины зогсоолд машинаа байрлуулахыг удаа дараа хэлсэн, зогсоол гаргаж өгсөн.

2.2. Гэвч С.******* нь дураараа барилгын ажил явагдаж байгаа байрлалд машинаа байрлуулж, улмаар өөрийн буруугаас машинаа ухраахдаа бусдын тээврийн хэрэгслийг мөргөсөн. Замын цагдаагийн газраас шинжээч ирж, иргэн С.******* буруутай гэсэн дүгнэлт гаргасан, ийм ч учраас С.******* нь гэмтсэн машины хохирлыг өөрөө төлсөн. Энэ явдалд би буруугүй, хариуцах ёстой этгээд нь ч биш. Гэхдээ нэхэмжлэгч тал нэгэнт хохирсон гээд байгаа учраас миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг нь хувиасаа төлөх боломжтой.

3. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Барилгын компани буруутай ч нэхэмжлэгч бас бусдын машиныг мөргөсөн нь буруутай гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Ц.*******аас 442,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Энэ нэг өдрийн асуудал биш 5 сар гаруй үргэлжилсэн асуудал. Ц.******* захиралтай барилгын гүйцэтгэлийн компани нь 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг өнгөртөл нийт 5 сар гаруй хугацаанд миний өөрийн эзэмшлийн үл хөдлөх газрын гэрчилгээтэй эдлэн газартай 2 машины зогсоолтой амьдрах орчны орц гарцыг 100 хувь хааж бүтэн 5 сар гаруйн хугацаанд барилгын ажил явуулсан.

Бүхэл бүтэн 5 сар гаруй амь нас болоод эд хөрөнгө, сэтгэл зүй эрсдэлд байсан. Машин зогсоолгүй, барилгын хаягдал төмөр хураадаг хогийн цэгийн хажууд 5 сар гаруй хугацаанд машинаа зогсоосон.

5.2. Хохирол нь барилгын гүйцэтгэлийн компанийн захирал Ц.******* нь ажилчиддаа сануулга анхааруулга өгөөгүй, буруу удирдаж байснаас мөн намайг үл хүндэтгэж байснаас үүдэлтэй. Иймд миний хүсэлтийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Миний бие Сүхбаатар дүүргийн Ар хустайд амины орон сууц барьсан ба барилга барьж байх хугацаанд оршин суугч болон ажилчдад автомашинаа зогсоох талбай гаргаж өгсөн.

6.2. С.******* нь өөрөө дур мэдэн барилга барьж байгаа талбай руу ороод өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас үүдэн автомашин мөргөсөн. Цагдаагийн байгууллагаас дүгнэлт гарахад С.******* өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн. С.*******г нэхэмжлэл гаргахад нь би буруугүй ч гэсэн 50 хувийг нь төлье гэж хэлсэн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан автомашинд учирсан хохирол, хохирлын үнэлгээний төлбөр, торгуулийн төлбөр нийт 885,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэлийг би хариуцах ёсгүй, тэгэхдээ тал хувийг нь төлөх боломжтой гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр С.*******гийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд хариуцагч Ц.******* буруутай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан бол буруутай этгээд хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү хохирол нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээр бий болсон байх нь хуулийн зохицуулалтад нийцнэ.

3.2. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн гэх ******* УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа бусдын автомашиныг мөргөсөн болох нь түүний тайлбар, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар тогтоогджээ.

Уг ослын улмаас цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч С.*******г 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 0364997 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэлээр шийтгэсэн байх ба энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй байна.

3.3. Дээрх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эзэмшлийн гэх ******* УАР улсын дугаартай автомашинд хохирол учирсан байх ба шаардаж буй хохирлын үнэлгээний төлбөр болон торгуулийн төлбөр зэрэг зардлууд нь тухайн үйлдэлтэй холбоотой байна.

4. Иймд хариуцагч Ц.*******ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч талд эд хөрөнгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй боловч нэхэмжлэлийн шаардлагын тал хувь болох 442,500 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэх үндэслэлээр энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5. Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА