| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1928/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 293
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Ц.Б-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 612 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 749 дүгээр магадлалтай, Б.М-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.3-т заасаар 1 жил 1 сар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2912 дугаартай шүүгчийн захирамжаар 55 хоног хорих ялаар тус тус шийтгэгдсэн, З овогт Б-н М-.
Б.М- нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны 00 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-гийн урьд цагдан хоригдсон 23 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /184 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 116 цагаар тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-гаас нийт 8,462,981 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Б-д 7,997,981 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Э-т 465,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-гаас нийт 9,813,930 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Б-д 9,348,930 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Э-т 465,000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М- гаргасан гомдолдоо: “...Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай маргаагүй. ...Хохирогч давж заалдах гомдол гаргаснаар түүнд нийт 9,348,930 төгрөгийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Би уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2, 12.10-т дахь заалтуудын хүрээнд надад оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэжээ.
Прокурор Ж.Сандагсүрэн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарна. ...Гэвч шүүгдэгч Б.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.М-г Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.” гэж дүгнэсэн байна.
Шүүгдэгч Б.М- нь гэм буруугийн талаар маргадаг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлээгүй бөгөөд түүнийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оноосон боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 -д “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заасан байх ба шүүхээс оногдуулсан ялыг өршөөхөөр хуульчилсан тул хуулийг нэг мөр ойлгож түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан 116 цагийн нийтэд тустай ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Тээврийн прокурорын газраас хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийн магадлалд өөрчлөлт оруулах хэсгийг дэмжиж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үед 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаагүй байсан. Улмаар хохирогчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хэлэлцэж шүүгдэгчийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй. Харин шүүгдэгч Б.М- хяналтын шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэхийлсэн агуулга бүхий гомдол гаргасан байх тул гомдлыг хүлээн авах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны 00 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх Б.М-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.
Түүнчлэн анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд Б.М-гийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин Б.М-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх цаг хугацаанд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлага хангагдаагүй тул шүүгдэгчийг уг хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Б.М-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авч, харин прокурорын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 зүйлд заасан үндэслэлээр өршөөлд хамруулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 612 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 749 дүгээр магадлалд “2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.М-д анхан шатны шүүхээс биечлэн эдлүүлэхээр тогтоосон 116 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН