Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0525

 

“Б-У” ОНӨААТҮГ-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н нарыг  оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Б-У” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н-ийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Б-У” ОНӨААТҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.К давж заалдах гомдолдоо: “...”Б-У” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах журам”-д зааснаар түүний борлуулалтын ажил, үйлчилгээ, цаг үеийн шаардлагаар үүссэн богино хугацааны ажлыг хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэдэг, ...тус байгууллагын ус түгээх үйл ажиллагааны чиглэл нь туслах чанарын үйл ажиллагаа юм. ...ус түгээх байрны ажилчид, тэдгээрийн цалингийн сан зэрэг нь бүтэц, зохион байгуулалтад орж батлагдсан хэдий ч ...цалин нь борлуулалтын орлогоос хамаарч цалин хөлс авдаг, энэ нь хэрэгт авагдсан Г.Б-ийн цалингийн тодорхойлолтоор, ажилчид маань байгууллагын хамтын гэрээнд заасан ажлын өдөр, ээлж давтамж, ажлын цагийг баримтлан ажиллах боломжгүй байдаг. ...шүүхээс ус түгээх байр нь нэхэмжлэгчийн үндсэн эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, ус түгээх байрны ажилчдын ажиллах журам, цагийн хуваарь, авч буй цалингийн хэмжээ зэрэг нь нэхэмжлэгчийн бүтэц, орон тоонд батлагдсан цалингийн сангийн дагуу цалин хөлс авч байгаа эсэх, ус түгээгчийн ажиллах цагийн хуваарь нэхэмжлэгчийн хамтын гэрээний дагуу эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс хууль ёсны дагуу шийдвэр гаргаж чадсангүй.

...Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтын агуулгаас үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглосон. Уг хуулийн зохицуулалт нь диспозитив байдлаар хуульчлагдсан, хуулийн уг зохицуулалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй.

...маргаан бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, ажилтан Г.Б-тэй 2015 оны 10 дугаар сараас эхлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй үйл баримт хэрэгт авагдсан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр явагдаж, нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан байдаг. Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны хэрэгт зөрчил үйлдэгдээд аль хэдийнээ 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. ...Учир нь шийтгэлийн үндэслэл болж буй зөрчлийн шинж нь хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй зөрчил үйлдэгдсэн гэж үндэслэсэн бол тухайн ажилтан Г.Б-гийг нэхэмжлэгч 2015 оны 10 сард авч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж үзэхээр бол зөрчил 2015 оны 10 сард үйлдэгдсэн гэж үзэх ба харин энэ тохиолдолд нэхэмжлэгч зөрчлийг үргэлжлүүлсэн гэж үзэх ямар ч хуулийн үндэслэл байхгүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б-У” ОНӨААТҮГ-ыг байнгын ажлын байранд ажилладаг ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагчаас “...тус ажлын байр нь байнгын ажил байр биш” гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д ““байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Багануур хотын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар “Б-У” ОНӨААТҮГ-ын бүтцэд 18 ус түгээгч ажиллуулахаар орон тоог баталж өгсний дагуу “Б-У” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар дээрх 18 ус түгээгчийн ажлын байрны орон тоо, цалингийн санг шинэчлэн баталсан, харин хариуцагчаас тухайн ус түгээгчийн ажлын байранд иргэнийг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй болох нь тогтоогдсон, гомдол гаргагчаас уг үйл баримтад холбогдуулан маргахгүй байна.

Үүнээс үзвэл, “Б-У” ОНӨААТҮГ нь ус түгээгчийн 18 орон тоотой байхаар бүтцээ баталж, тэдгээр орон тооны цалинг байгууллагын төсөвтөө тусгасан үйл баримт нь тухайн ажлын байрыг “байнгын ажлын байр” мөн болохыг нотолж байгаа төдийгүй хариуцагчаас ус түгээгчээр ажиллаж буй иргэдтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу жил бүр ээлжийн амралтыг эдлүүлдэг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг зэргээс үзвэл ус түгээгчийн ажлын байр нь байнгын ажлын байр мөн байна.

Гэтэл хариуцагчаас байнгын ажлын байранд иргэнийг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-т “хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн” гэж  заасан зөрчилд хамаарч байна.

Иймд “Б-У” ОНӨААТҮГ-ыг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4-т “Ажил олгогч” 4.3-т “хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзээд шийтгэл оногдуулсан хөдөлмөрийн улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

Мөн “Б-У” ОНӨААТҮГ нь давж заалдах гомдолдоо “Г.Баярчимэгтэй 2015 онд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан тул зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх боловч дээрх зөрчил нь 2015 оноос эхлэн шийтгэл ногдуулах  хүртэлх хугацаанд үргэлжилсээр байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН