Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 23

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багт оршин суух, иргэн Цорс овгийн Жутааны Баянбилэгийн “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Зүүнговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Баянбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 оны 1 сарын 8-ны өдөр Зүүнговь сумын Ахлах сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан.2017 оны 2 сарын 2-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы Б/14 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн дагуу миний биеийг ажлаас чөлөөлсөн.

           Миний бие ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй байхад аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

          Иймд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Зүүнговь сумын Ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү“ гэжээ.

           Нэхэмжлэгч Ж.Баянбилэг 2017 оны 03 сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан Зүүнговь сумын ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Баянбилэг шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Зүүнговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багт оршин суух, Цорс овгийн Жутааны Баянбилэгийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Зүүнговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЦЭЦЭГ