Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 168

 

                                                          С.Алтанцоожид холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Чимгээ,

хохирогч Э.Саруул-Ирээдүй,

ялтан С.Алтанцоожийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Э.Саруул-Ирээдүй, ялтан С.Алтанцоожийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Алтанцоожид холбогдох эрүүгийн 201625014131 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сахалт овогт Сундуйн Алтанцоож, 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 800/А тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НА84121473/,

С.Алтанцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 800/А тоотод хамтран амьдрагч Э.Саруул-Ирээдүйтэй ахуйн чанартай маргаан үүсгэн, улмаар хүч хэрэглэн халдаж хэвлийн тус газарт өвдөглөснөөс биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Алтанцоожийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Алтанцоожийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Алтанцоож нь 3.200.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, С.Алтанцоожид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Саруул-Ирээдүй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Автомашинаа харамлалаа” гэж би уурлаж бухимдан С.Алтанцоожийн цамцнаас барьж авснаас болж тэр намайг өвдөглөсөн. Улмаар миний биед хүнд гэмтэл учирсан бөгөөд эрүүл мэндийн хувьд ч, мөн цэцэрлэгт 300.000 төгрөгийн цалинтай ажилладаг тул эдийн засгийн хувьд ч гурван хүүхдээ асрах боломжгүй болсон. Миний бие одоо өөрийн төрсөн том хүүтэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байгаа. Би С.Алтанцоожтой хамтран амьдарснаас хойш А.Мөнхтэнгэр /РД:УЮ14291613/, А.Мөнх-Оргил /РД:УА15312151/ нарыг төрүүлсэн. Тэд одоо С.Алтанцоожийн ах дүү нар дээр амьдарч байгаа. Бидний болчимгүй үйлдлээс болж хоёр хүүхэд маань эцэг, эхээсээ тусдаа айлд амьдарч бид гэр бүлээрээ бие сэтгэл санааны зовлон эдэлж байна. С.Алтанцоож бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй ба зодоон болсон өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид ч хамт амьдрах боломжгүй болсон. Анхан шатны шүүхээс “...хэрэг болсон хугацаанаас хойш тэд тусдаа амьдарч байгаа гэх боловч тэдний тусдаа амьдарч байгаа, хүүхдүүдийн эх хүнд гэмтэлтэй зэргээс шүүгдэгчийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймээс С.Алтанцоожийн уг үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байгааг, миний бие хүнд гэмтэлтэй одоог хүртэл эдгэрээгүй байгааг болон А.Мөнхтэнгэр, А.Мөнх-Оргил нарын ирээдүйн хүмүүжил, амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж С.Алтанцоожид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

Ялтан С.Алтанцоожийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “...С.Алтанцоож нь бага насны хоёр хүүхдээ асран хамгаалдаг байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүхээс “...С.Алтанцоож, Э.Саруул-Ирээдүй нар нь хамтран амьдарч тэдний дундаас хоёр хүү төрсөн бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанаас хойш тэд тус тусдаа амьдарч байгаа, хүүхдүүдийн эх хүнд гэмтэлтэй зэргийг үндэслэн шүүгдэгчийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэгт бүрэн дүүрэн үнэлэлт өгөөгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “...би С.Алтанцоожтой дахин хамтран амьдрах боломжгүй, миний биеийн байдал хүнд гэмтэлтэй, цалин орлого багатай, хоёр хүүхдээ авахгүй, эцэг нь асран хүмүүжүүлэг, би дагавар хүүхэдтэй байхдаа түүнтэй нийлсэн...” гэж мэдүүлснийг анхаарч үзсэнгүй. Ялтан С.Алтанцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэрэг гарсан үеэс хойш Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн Зүүн дэнжийн 10-ын 3 тоотод өөрийн хүү 2 нас 5 сартай А.Мөнхтэнгэр, 1 нас 3 сартай А.Мөнх-Оргил нарыг асран амьдарч байсан бөгөөд энэ нь тус багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. Өмгөөлөгчийн зүгээс хүүхдийн асран хамгаалагч томилох асуудлаар тус багийн засаг даргад удаа дараа хандаж байсан боловч дээрх баримтаар л хариу ирүүлдэг. Өнөөдрийн байдлаар эдгээр хүүхдүүдийг асрах хүнгүй болсон, тэдгээрийн эрх, эрх ашиг нь ноцтой зөрчигдөхөд хүрээд байна. Ялтан С.Алтанцоож нь өөрийн үйлдсэн хэргээ шударгаар хүлээж, чин санаанаасаа гэмшсэн, хохирогч Э.Саруул-Ирээдүйд учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, бага насны хүүхдүүдээ асран хамгаалж байсныг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэргийн улмаас хохирогч Э.Саруул-Ирээдүй нь хүнд гэмтэл авч, улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд С.Алтанцоож нь хоёр хүүхдээ аваад өмнө нь өөрийн амьдарч байсан Төв аймгийн Алтанбулаг сум руу явсан нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүхээс С.Алтанцоожийг ганц бие эцэг гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Учир нь хоёр хүүхдийн эх Э.Саруул-Ирээдүй нь нас бараагүй, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан зэрэг байдал тогтоогдоогүй. Тэрээр бага насны хүүхдээ асран хамгаалахаас зайлсхийх эрхгүй бөгөөд үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн. Түүнчлэн анхан шатны шүүхээс С.Алтанцоожийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хохирогч Э.Саруул-Ирээдүйгийн цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх хүсэлт зэргийг харгалзан С.Алтанцоожид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Хэргийн материалыг судлахад, С.Алтанцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 800/А тоотод хамтран амьдрагч Э.Саруул-Ирээдүйтэй ахуйн чанартай маргаан үүсгэн, улмаар хүч хэрэглэн халдаж хэвлийн тус газарт өвдөглөснөөс бие махбодид нь “...хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн хөндий дэх цусан хураа /450 мл/...” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Э.Саруул-Ирээдүйн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нөхөр С.Алтанцоож гэнэт уурлаад “Чи өөрөө үхэх мөрөөрөө үхээрэй, битгий миний хоёр хүүхдийг автомашинд авч яваарай” гэхээр нь “Өглөө эрт юун сонин юм ярьж хэрүүл хийгээд байгаа юм” гэхэд “Хоол ундаа өөрийнхөө мөнгөөр аваарай” гэх мэтээр маргасан... С.Алтанцоожийн төрсөн эгчийн хүү Ш.Бат-Эрдэнэ манай гэрт бидэнтэй хамт амьдардаг бөгөөд “Дүүг маань ад үзлээ” гэж уурлаад юм хум авч шийдлээд, 12 настай миний дагавар хүү бид хоёрыг хөөсөн. С.Алтанцоож “Танайхан угаасаа бузарууд, дандаа нөхрөөсөө салсан янхнууд” гэх зэргээр загнаж байгаад намайг сандлаар 2 удаа цохисон. Би зөрүүлээд цамцнаас нь заамдаж аваад Ш.Бат-Эрдэнийг “Ахыгаа аваач” гэхэд тэр босч ирээд биднийг салгасан. Тэгтэл Ш.Бат-Эрдэнийн гараас мултарч гүйж ирээд намайг өвдөглөсөн. Тэр үед миний ухаан балартаад унасан. Нэг хэсэгтээ л амьсгаа авч болохгүй тэр газраа хэвтсэн. Тэгтэл С.Алтанцоож миний дагавар хүүг дуудаад “Эхийгээ аваад гар, үхвэл гарч үх” гэсэн... би жаахан хэвтэж байгаад өөрөө боссон. Тэгээд хүүхдээ аваад автомашинаа унаад ажил руугаа явсан. Ажил дээрээ ирээд шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байсан. Л.Энхжаргал эгч түргэн тусламж дуудаж өгсөн... би нөхөртөө зодуулсан тухайгаа ажлынхандаа хэлэхгүй байж байгаад эмнэлэгт очсоныхоо дараа хэлсэн... тухайн үед модон сандлаар нуруун тус газарт цохисон боловч биед гэмтэл үүсээгүй байсан. С.Алтанцоож бид хоёр 5 жил хамт амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон... тэрээр намайг “Боол шиг амьдруулна, мөнхөд дарамтлахаар чи зайлахгүй хаачдаг юм” гэх зэргээр байнга дарамталдаг... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон...” /хх-16-19, 123/,

- гэрч Л.Энхжаргалын “...Э.Саруул-Ирээдүй ажилдаа ирэхдээ бие нь муу ирсэн... огиулж, атиралдаад надаас түргэн тусламж дуудаж өгөхийг хүссэн. Эмч үзээд “Наад хүн чинь нөхөртөө зодуулсан гэж байна, яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэж өг” гэсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “Манай нөхөр хэвлий рүү өшиглөж, өвдөглөсөн” гэж хэлсэн. Тэр хааяа ажил дээрээ уйлсан, хямарсан байдалтай ирдэг байсан...” /хх-24/,

- гэрч Э.Цэдэнсодномын “...эгч хажуугийн гэрт чанга чанга хэрэлдээд байх шиг байсан ба хүүхдээ дагуулаад өөрийнхөө юмнуудыг аваад ороод ирсэн. Дараа нь ажилдаа явлаа гээд явсан. Харин хүргэн С.Алтанцоож хоёр хүүхдээ аваад Төв аймаг явчихсан байсан. Өдөр эгчийн ажлаас утасдаад “Эгч чинь шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байна, түргэн дуудчихсан” гэж хэлсэн...” /хх-26-27/ гэсэн мэдүүлгүүд,

- ялтан С.Алтанцоожийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-41-42, 44-45, 164-165/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15468, 55 тоот “...Э.Саруул-Ирээдүйн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн хөндий дэх цусан хураа /450 мл/ ... гэмтэл нь өвчний улмаас үүсэхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална...” гэх дүгнэлтүүд /хх-29, 46-48/, хохирогч Э.Саруул-Ирээдүйн Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-33-44/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ. 

Хэргийг шалгах болон шийдвэрлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “...бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид …өмгөөлөгч томилж, заавал оролцуулах тухай…” заалтыг хэрэгжүүлсэн байна.

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан байх ба энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан С.Алтанцоожийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс С.Алтанцоожид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, хохирогч Э.Саруул-Ирээдүйн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Хавтаст хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн А.Мөнхтэнгэр, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн А.Мөнх-Оргил нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-115-116/, С.Алтанцоожийн оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-113/ зэрэг авагдсан байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “…өрх толгойлсон эх /эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг хэлнэ…” гэж заасан ба Алтанцоожийн Мөнхтэнгэр нь 2 нас 5 сартай, Алтанцоожийн Мөнх-Оргил нь 1 нас 2 сартай бөгөөд тэдний төрүүлсэн эх Э.Саруул-Ирээдүйн асрамжид байх боломжтой, хүүхдүүд эхийн асрамжид байхад харшлах зүйл тогтоогдоогүй тул С.Алтанцоожийг ганц бие эцэг гэж үзэх боломжгүй юм.

Мөн хохирогч Э.Саруул-Ирээдүй нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...би эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хоёр хүүхдээ цаашид асран хамгаалах боломжгүй болсон...” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгөх боловч тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, мөн зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”, 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т “Эцэг, эх нь ... хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх ... үүрэг хүлээнэ.”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу үүрэг хүлээсэн этгээд юм.

Иймээс ялтан С.Алтанцоожид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөхийг хүссэн өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч Э.Саруул-Ирээдүй нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзэн тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Саруул-Ирээдүй болон ялтан С.Алтанцоожийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                              ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                                       Д.МӨНХТУУЛ