Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01161

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00656 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаар магадлалтай,

Н.О-ын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6.250.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 750.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Н.О-, Б.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .Би  2012 онд анх “Эн Өү Ти Эс” ХХК-д туслах ажилтнаар ажилд орсон. Гэтэл тус компанийн охин компани болох “Н” ХХК нь үүсгэн байгуулагдаж миний ажлын орон тоог шилжүүлсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 1-нд “Н” ХХК-ний захирлын тушаал гарч механикаар ажиллаж эхэлсэн. Гэтэл “Н” ХХК-ний захирлын тушаал гарч надад холбогдуулан хуулийн үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан. Мөн уг тушаалаар 2 арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 113-р зүйлийг ноцтой зөрчсөн. Арга хэмжээ авсан тушаал гарсан өдрөөс 5 хоногийн дараа мөн захирлын тушаал гарган ажлаас намайг чөлөөлсөн. Би ямар нэг зөрчил гаргаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.250.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 750.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь  Н.О-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09/Т дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1603/03 дугаартай “Н” ХХК-ийн захирлын тушаалаар Н.О-т сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан Н.О- нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан болно. Н.О-т 2016 оны 03 дугаар 30-ны өдөр “Н” ХХК-ийн захирлын тушаалаар хуульд заасан үндэслэл журмын дагуу сануулах болон цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд Н.О-ыг ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас халах тушаалыг гаргасан. Мөн Н.О- нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргаж шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Гэвч Н.О-ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар хуульд заасны дагуу дуусгавар болгосон тул түүний ажилгүй байсан хугацааны олговорт нийт 7.000.000 төгрөгийг олгох үүрэг хүлээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00656 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Нямсүрэнгийн Одбаярыг “Н” ХХКомпанийн механик инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.О-ын ажилгүй байсан хугацааны цалин 6.250.000 /зургаан сая хоёр тавин мянга/ төгрөг, ээлжийн амралтын мөнгө 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч “Н” ХХКомпаниас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Н.О-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Н” ХХКомпанид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Механик инженерийн албан тушаалтын ажлын байрны тодорхойлолт, техникийн паспортууд зэргийг огт үнэлэлгүй ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хариуцагч талаас Давж заалдах гомдол гаргахдаа ээлжийн амралтын мөнгө 750.000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч Н.О-т олгосон эсэхийг шүүх тодруулаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар огт хянавал хэсэгтээ тусгаж дүгнэлт хийгээгүй мөн адил тодруулалгүй шийдвэрлэсэн. Н.О-ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болсон байна. Гэтэл хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо энэ талаар дурдсан байхад лавж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор нэхэмжлэгч Н.О-ын ажил үүргийн хуваарьт заасан хөтлөх үүрэг бүхий техникийн паспортуудад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөн давж заалдах шатны шүүх Хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлийг бүрэн хянан үзэж дүгнэлт гаргаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг тодруулалгүй хэргийг дутуу шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаар магадлал, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.О- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  болон амралтын мөнгө нийт 7.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлээс татгалзахдаа гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1602/05 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Н.О-ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан.

Ажилтан ямар зөрчил гаргасан, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль зохицуулалтаар ажлаас халж буйгаа ажил олгогч тушаалд тодорхой заагаагүй, энэ тохиолдолд ажилтныг сахилгын зөрчлийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. 

Түүнчлэн ажлаас халах тушаалд ажилтны ажиллаж буй “Н” ХХК-ийн захирал бус өөр компанийн захирал гарын үсэг зуржээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын үндэслэл бүхий дүгнэлт хийж,  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй орхигдуулсан байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэрээнд заасан ноцтой зөрчил зэрэг тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 130.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ