Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00741

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00741

 

 

 

Н.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч Б.*******той 2006 онд ерөнхий боловсролын сургуульд байхдаа танилцаж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын дундуур Б.******* нь гэрийн гадаа хэд хэдэн удаа ирж, мөнгө зээлэх талаар асууж, гуйж ирж уулздаг байсан. Ар гэрийн боломж, нөхөрлөлөө бодоод мөнгө зээлүүлэхээр болсон ба зээлэхдээ төгрөгөөр авья гэж Б.******* хэлээд, хавар нь буцааж авахдаа ямар ч хүүгүй америк доллароор авна гэж тохиролцсон.

1.2. Ийнхүү 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.*******ын ******* тоот Голомт банкны данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 12,000,000 төгрөгийг Б.*******гийн ******* тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн. Иймд Б.*******д зээлүүлсэн 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бодит байдал дээр Н.*******аас мөнгө зээлсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэлдээ зохиомол байдлыг зориудаар бий болгон бичжээ. Н.*******ыг бага ангиас таних боловч гэрийнх нь гадаа очиж уулзсан, мөнгө зээлээч гэж гуйсан гэдэг нь ор үндэсгүй зүйл юм.

2.2. Н.*******ын гуйлтаар хэрэгжүүлж буй төсөлд нь тусалж 3 сарын хугацаанд холбогдох ажил үүргийг хийж гүйцэтгэн ажилладаг байсан. Н.*******аас миний Голомт банкны ******* тоот дансанд миний ажлын хөлс шилждэг байсан.

2.3. Иймд нэхэмжлэл түүний шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.*******гоос зээлийн гэрээний үүрэг 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 207,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл эмчийн магадлагаатай хүндэтгэн үзэх шалтгаантай нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан "Шүүх хуралдааныг хойшлуулах" тухай хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан "зохигч шүүх хуралдаанд Биеэр оролцож үг хэлэх тэгш эрхтэй оролцоно" мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн" гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүх Өөрөөр хэлбэл, талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй гэжээ.

Бодит байдал дээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас маргаан бүхий мөнгийг зээлээр аваагүй бөгөөд өөрийн ажлын хөлсийг хүлээн авсан.

Учир нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан хөрөнгийн зах зээл, крипто зах зээлийн арилжаанд оролцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажил хэрэг дээр хамтран ажилласныг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөөр бүрдүүлж байсан болон цахим орчин дахь нотлох баримтуудаар нотлогддог.

Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн үү, ажлын хөлсөө авсан уу, авах ёстой төлбөр мөнгө авсан уу гэдэг нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн хэргийг зээлийн гэрээний харилцаа үүссэн байна хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч өөрийн ажлын хөлс хэмээн бодож хүлээж авсан. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн дүгнэснээр зээлийн гэрээний харилцаа мөнгө шилжүүлснээр үүссэн, хэлцэл бий болсон гэж үзэх боловч тухайн мөнгийг хариуцагч өөрийн тохирсон ажлын хөлс хэмээн хүлээн авч байгаа нь Иргэний хуулийн 58 дугаар зүйл 58.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн" гэж заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Иймд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00329 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан. Шүүх хуралдааныг 4 дэх удаагаа зарлахад хариуцагч талаас 3 удаа хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д зохих журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулахад хариуцагч тал хуралдааныг дахин хойшлуулахгүй гэх тайлбар өгсөн боловч хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч эс зөвшөөрч уг мөнгийг ажлын хөлсөнд авсан гэж маргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Н.*******аас 12,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, харин уг мөнгийг зээлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр буцаан шаардах эрх үүсдэг.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч энэ хэмжээнд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл мөнгөн шилжүүлэг бүрийг зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд зээлийн харилцаа үүсгэх хүсэл зориг илэрхийлэгдсэн байх учиртай.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ажлын хөлс байсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

4. Хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авснаар тэдний хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тухайн мөнгөн хөрөнгийг олж авсан үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийг уг хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч талын дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх гомдол хангагдахгүй. Учир нь:

Хэргийн баримтаас үзвэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг товлосон шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/18156 дугаар захирамж гарснаас хойш хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох, хариуцагчийн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхацсан хүсэлтээр тус тус шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Дээрх байдлаар шүүх хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг удаа дараа хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцох боломжийг олгож байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Иймд хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүхий л боломжийг хангасан тул хариуцагчийн төлөөлөгчийн өвчтэй гэх байдал нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА