Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00430/И |
Дугаар | 404 |
Огноо | 2016-09-01 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Номгон сум, ******* оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/,
Цагаатгалын нөхөн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, прокурор Батнасан, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний ээж ******* нь Гомбосүрэнгийн Борын 3 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Өвөө Гомбосүрэнгийн Бор нь Өмнөговь аймгийн 2 дугаар Хонгор сумын 8 дугаар багийн харьяат, одоогийн Баяндалай суманд ам бүл 7-уул амьдарч байгаад 1938 онд улс төрийн хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхэт комиссийн хурлын 37 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянан шалгаад 1993 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн 70 дугаар магадлалаар цагаатгагдсан. Тиймээс цагаатгалын нөхөн олговор олгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: .....................................................
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Гомбосүрэнгийн Борын нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар магадлалаар Шүүх цаазны бичгийн 43, 48 дугаар зүйлд зааснаар буудан алах ялаар шийтгүүлсэн Өмнөговь аймгийн Хоёрдугаар Хонгор сумын 70 настай, Гомбосүрэнгийн Борыг цагаатган, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын Дээд Шүүхээс 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13306 дугаар цагаатгалын үнэмлэх олгосон байна.
Нэхэмжлэгч М.******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Г.Борын нөхөн олговрыг авах эрхтэй болох нь:
1.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10/1345 тоот лавлагаа,
2.Улсын Дээд Шүүхээс 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 13306 дугаар цагаатгалын үнэмлэх,
3.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны 1993 оны 03 дугаар 25-ны өдрийн 70 дугаар магадлал,
4.Гэрч *******, ******* нарын тодорхойлолт, мэдүүлэг,
5.Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт,
6.”Зууны мэдээ” сонины 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаарт зарлагдсан нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт,
7.Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 280 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Г.Борын нөхөх олговорын 1,000,000 / нэг сая / төгрөгийг М.*******д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн төрийн сангаас 1,000,000 / хоёр сая / төгрөг гаргуулж, *******ын *******д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг үндслэн нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгын төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР