Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00484

 

 

 

 

2024 03 11 210/МА2024/00484

 

 

 

Г.*******, Г.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04134 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* констракшн ХХК, ******* групп ХХК, ******* банк ХК-д холбогдох

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Саруул хорооллын 117 дугаар байрны ******* тоотод байршилтай 159.45м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн 18-д бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй хөрөнгөөс нэхэмжлэгч нарт ногдох хөрөнгийн хэсгийг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.*******, хариуцагч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Г. нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ******* констракшн ХХК-тай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* констракшн ХХК нь 276м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, захиалагч тал гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Дээрх гэрээнд зааснаар захиалагч тал 276 м.кв байрны 30 хувь болох 244,879,500 төгрөгийг хугацаандаа төлсөн бөгөөд гэрээний 1-4 дэх зааснаар барилгыг 2015 оны 1-р улиралд хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч бид үйлчилгээний талбайг 2017 оны 10 дугаар сард хүлээн авсан.

1.3. Энэ гэрээнд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №100/01 дугаартай гэрээгээр өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 159.45 м.кв, 1м.кв-ын үнийг 2,700,000 төгрөг нийт үнэ 451,267,500 төгрөг байхаар тохирч, төлбөр төлөх хуваарийг хавсралтаар баталгаажуулжсан.

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар захиалагч талаас 430,879,500 төгрөг буюу 96 хувийг гүйцэтгэгч талд төлсөн, үлдэгдэл төлбөр 20,388,000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр болсон.

1.4. 2018 оны 9 дүгээр сараас хойш захиалагч талд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөөгүй өдийг хүртэл явж байна. 2014 оны 9 дүгээр сараас хойш барилга ашиглалтад орохгүй удааширсны улмаас 3 жил, өөрийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадалгүй 5 жил нийтдээ 8 жилийн хугацаанд хувь хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлж их хэмжээний хүүгийн дарамтад бизнесийн үйл ажиллагааг явуулж ирсэн.

Өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан бол банкны бизнесийн зээл, Ковидын үеийн хөнгөлттэй зээл зэрэг олон хөнгөлттэй зээлийн боломжийг ашиглах ба ашиглаж чадалгүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд бид ******* констракшн ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахаар удаа дараа хандаж байсан ч бидний асуудлыг шийдэж өгөөгүй байна.

1.5. 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж захиалагч Г. нь гэрээний эрх, үүргээ Г.*******, Г.******* нарт шилжүүлж №100/02 дугаартай гэрээний өөрчлөлтийг хийсэн. Иймд Г.*******, Г.******* бид Баянзүрх дүүргийн 26-р хороо Саруул хороолол 117-р байрны ******* тоот 159.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.6. Нэхэмжлэгч нар 2014 онд ******* констракшн ХХК-тай гэрээ байгуулсан байхад ******* констракшн ХХК, ******* групп ХХК нь ******* банк ХК-тай зээлийн болон барьцааны гэрээг 2016 онд байгуулсан байна. Иймд үүрэг гүйцэтгэх дарааллаар эхлээд нэхэмжлэгч нарын үүргийг гүйцэтгэх ёстой.

Иймд маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 341801629938 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн 18-д бичигдсэн Ү-******* дугаарт бүртгэлтэй хэсгээс нэхэмжлэгч нарт ногдох хөрөнгийн хэсгийг хүчингүй болгуулахаар ******* констракшн ХХК, ******* групп ХХК, ******* банк ХК-иас шаардаж байна.

2. Хариуцагч ******* групп ХХК, ******* констракшн ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлага бүхий хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 117 дугаар байрны ******* тоот 159.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн захиалгын гэрээг ******* констракшн ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ын тэй гэрээ байгуулсан байх бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны байгуулсан №100/02 дугаар гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр нэхэмжлэгч нарт захиалгын гэрээг шилжүүлсэн байдаг.

2.2. Тус №100/02 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.3 дахь заалтаар тус орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,388,000 төгрөгийг нэхэмжлэгч нар бүрэн хариуцаж төлөхөөр харилцан тохиролцсон. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 117 дугаар байрны ******* тоот 159.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн захиалгын үндсэн гэрээ болох №100 дугаар гэрээний нэгдүгээр зүйлийн 1.5 дахь заалтад захиалагч Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бол 1.4-т заасан хугацаанд өөрчлөлт орно, гэрээний 6 дугаар зүйлийн 6.б дэх заалт Захиалагч үйлчилгээний байрны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээний байрыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг захиалагчаас гаргуулан авч, бүртгүүлнэ гэж заасан байна.

2.3. Дээрхээс үзэхэд манай компанид нэхэмжлэгч нар нь тус захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,388,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй. Дээрх хугацааг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа хэзээ төлж барагдуулах тухай хугацааг одоог хүртэл бидэнд илэрхийлээгүй болно.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №100 дугаарт гэрээний 2 дугаар зүйл 2.3. дэх хэсэг, 7 дугаар зүйл 7.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,388,000 төгрөгийг ******* констракшн ХХК-д төлж барагдуулсан тохиолдолд бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах болно.

3. Хариуцагч ******* банк ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* групп ХХК, ******* банк ХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд бүртгэлтэй, тухайн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* констракшн ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ******* банк ХК-д барьцаалан ******* групп ХХК нь зээл авсан.

3.2. Хавтаст хэрэгт ******* констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Х.ийг гүйцэтгэх захирлаар 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдөр томилсныг бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд улсын бүртгэлийн опен дата цахим сангаас харахад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Х.э бүртгэгдсэн. Гэтэл нотлох баримтаар ******* констракшн ХХК болон Г. нарын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 100\1 тоот болон 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 100 тоот гэрээний өөрчлөлт, ******* констракшн ХХК болон Г., Г.*******, Г. нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 100\02 тоот захиалгын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдэд ******* констракшн ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Х., гүйцэтгэх захирал н. нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т хувь хүн компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.

Х.д тухайн гэрээнд төлөөлөх эрх олгогдсон эсэх болон, тухайн гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан н. нь Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх баримт хэрэгт авагдаагүй. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж зааснаар тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

3.3. Мөн зээлийн гэрээтэй холбоотой ******* групп ХХК, ******* банк ХК-ийн хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг хоёр шатны шүүхээр шийдвэрлэн, тухайн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн гэрээний хүрээнд үүсэж байгаа учраас тухайн гэрээ хүчин төгөлдөр юм уу гэдэг дээр сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр шүүхээс дүгнэлт хийх үндэслэлтэй. Банкинд холбогдуулж гаргасан барьцаа хөрөнгийг хүчингүй болгох тухайн хэсгийг хүчингүй болгох, барьцааны гэрээнээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудынхаа хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч талаас тодорхой дурдаагүй.

3.4. ******* групп ХХК болон ******* банк ХК-ийн хооронд байгуулсан гэрээг нэгэнт хүчин төгөлдөр гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа бол ямар үндэслэлээр тухайн хөрөнгүүдийг шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 117 /717/ байрны 2 дугаар орц, 1 давхарт байрлах, 159,45 м.кв талбай бүхий, ******* тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.*******, Г.******* нарыг тогтоож, Г.*******, Г.******* нараас 20,388,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* констракшн ХХК-д олгож,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 117 /717/ байрны 2 дугаар орц, 1 давхарт байрлах, 159,45 м.кв талбай бүхий, ******* тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нь ******* групп ХХК, ******* констракшн ХХК болон ******* банк ХК нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан №341801629938 дугаартай барьцааны гэрээнээс чөлөөлөхийг ******* групп ХХК, ******* констракшн ХХК нарт даалгаж, энэ шаардлагын ******* банк ХК-д холбогдох хэрэгсэхгүй болгож,

Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* групп ХХК, ******* констракшн ХХК болон ******* банк ХК нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан №341801629938 дугаартай барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн 18-д бичигдсэн Ү-******* дугаарт бүртгэлтэй хэсгээс үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай ******* констракшн ХХК, ******* групп ХХК, ******* банк ХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,382,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* констракшн ХХК-иас 2,122,657 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад урьдчилан төлсөн 1,191,300 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,121,100 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******, Г.******* нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг бүрэн дүгнээгүй талаар.

Нэхэмжлэгч Г.*******, Г.******* нар нь "******* констракшн" ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг бүрэн биелээгүй байхад өөрсдийн худалдаж авсан өмч хөрөнгийг "******* констракшн" ХХК нь өмчлөх эрхтэй этгээдүүдэд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр "******* констракшн" ХХК, "******* групп" ХХК болон ******* банк" ХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №341801629938 дугаартай барьцааны гэрээг байгуулан барьцаалсан.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Г.*******, Г.******* нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон мөн "******* констракшн" ХХК, "******* групп" ХХК болон "******* банк" ХК нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан №341801629938 дугаартай барьцааны гэрээнээс чөлөөлөхийг "******* констракшн" ХХК, "******* групп" ХХК-д даалгаж "******* банк" ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

5.2. Мөн тогтоох хэсгийн 3-т ******* констракшн" ХХК, "******* групп" ХХК болон "******* банк" ХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №341801629938 дугаартай барьцааны гэрээнээс 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн 18-д бичигдсэн Ү-2200466977 дугаарт бүртгэлтэй хэсгээс үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай "******* констракшн" ХХК, "******* групп" ХХК "******* банк" ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр "******* констракшн" ХХК-тай №100 дугаартай гэрээг байгуулсан, харин хариуцагч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №341801629938 дугаартай барьцааны гэрээг байгуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана. Уг хуулийн 11.1.9-д "барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх гэж заасан байдаг бөгөөд талууд 2016 оны 4 дүгээр сарын 25- ны өдрийн №341801629938 дугаартай барьцааны гэрээг байгуулахдаа барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг гэрээнд тусгаж өгөөгүй нь тул гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

5.3. Дээрх шүүхийн шийдвэр хэргийг бүрэн дүүрэн бодитой дүгнэж чадаагүй нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна. Зохигчийн хооронд тодорхой эрх үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг бид эрх зүйн маргаантай харилцаа гэж үздэг.

Аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг. Энэ үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлно. Үүнээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04134 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* банк ХК-ийн тайлбарын агуулга:

6.1. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн барьцаанд бүртгэлтэй. Уг зээл болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой анхан шатны шүүх хуралдаан болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байна.

6.2. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд банк нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд барьцаалагч байна гэж зохицуулсан. ******* банк ХК нь хууль буюу гэрээнд заасны дагуу барьцаалагч байна. Мөн ******* банк ХК, ******* групп ХХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.9-д барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн хөлслүүлэх, түрээслүүлэх болон бусад хязгаарлагдмал эрх үүсээгүй талаар дурдсан.

Уг нөхцөл байдлыг талууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчийн зүгээс Г.*******, Г.******* нарт нэхэмжлэл гаргах үед шаардах эрх байгаагүй гэж маргасан. Анхан шатны шүүх нь холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байхад дүгнэлт хийсэн.

6.3. Иймд ******* банк ХК нь барьцаалагч, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх боломжгүй тул ******* банк ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Хариуцагч ******* групп ХХК, ******* констракшн ХХК давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.*******, Г.******* нар нь хариуцагч ******* констракшн ХХК, ******* групп ХХК, ******* банк ХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн 18-д бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. ******* констракшн ХХК, Г. нар 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Саруул хотхон хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Саруул хотхон хорооллын В блокийн 5 дугаар байрны 2 орц 1 дүгээр давхарын 276.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч Г. нь 816,265,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 4-6 дугаар тал/

3.2. Улмаар талууд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 159.45 м.кв, үүнээс 83.01 м.кв талбайн 1 м.кв үнийг 2,950,000 төгрөг, үлдсэн 76.44 м.кв талбайн 1 м.кв үнийг 2,700,000 төгрөг, нийт үнийг 451,267,500 төгрөг гэж өөрчилж, төлбөр төлөх хуваарийг баталсан байна. /хх-ийн 11-12 дугаар тал/

3.3. Мөн талууд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 100 тоот гэрээний Г.ийн эрх, үүргийг Г.*******, Г.******* нарт шилжүүлж, тухайн өдрийн байдлаар 20,388,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба цаашид захиалагчийн эрх, үүргийг Г.*******, Г.******* нар бүрэн хариуцаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний материал бүрдмэгц үлдэгдэл төлбөрийг төлөхөөр болжээ. /хх-ийн 13-14, 15 дугаар тал/

3.4. Дээрх гэрээний талууд гэрээний зүйлийн хэмжээ, үнэ, шаардах эрх шилжсэн асуудлаар болон нийт төлсөн төлбөр 430,879,500 төгрөг, үлдэгдэл 20,388,000 төгрөг байгаа талаар маргаангүй. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүссэн эсэх, уг хөрөнгийг гуравдагч этгээдийн барьцааны эрхээс чөлөөлөх үндэслэл байгаа эсэх асуудлаар маргасан.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.*******, Г.*******, хариуцагч ******* констракшн ХХК-ийн хооронд үүссэн харилцаа, шаардах эрх шилжсэн, өмчлөх эрх шилжих үндэслэл зэрэг эрх зүйн асуудлаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

4.1. 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр ******* констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Саруул хотхон хорооллын В блокийн 5 дугаар байрны 2 орц 1 дүгээр давхарын 159.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.т шилжүүлэх, Г. нь гэрээний үнэ болох 451,267,500 төгрөг төлөх үүрэг хүлээсэн тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.2. Дээрх гэрээний худалдан авагчийн шаардах эрхийг Г.*******, Г.******* нар хэрэгжүүлэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт нийцнэ.

4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшил нэхэмжлэгч нарт шилжсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх үүргээ ******* констракшн ХХК эхлэн гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйл баримтыг шүүх зөв тогтоож, нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, хэргийн баримтаар хариуцагч ******* констракшн ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, тэднээс гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Шүүх хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, барьцааны эрх үүссэн болон хүчин төгөлдөр эсэх, барьцааны эрх нь өмчлөгчийн эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

5.1. ******* банк ХК болон ******* групп ХХК, ******* констракшн ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан № 341801629938 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болох, уг гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5.2. Дээрх гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Саруул хорооллын 117 дугаар байр нь бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт ******* констракшн ХХК-ийн өмчлөлд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн, тухайн байранд нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгө байршилтай болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогджээ.

Ийнхүү ******* банк ХК нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед барьцааны хөрөнгө ******* констракшн ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй байгаа тохиолдолд гуравдагч этгээдийн шаардах эрхээр хязгаарлагдах эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж ******* банк ХК-ийг буруутгах үндэслэлгүй.

******* банк ХК-ийн дээрх үйлдэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй тул хариуцагч нарын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.3. Түүнчлэн, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь барьцаалагчид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх олгосон, үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй салгаж үл болох эрх гэж заасан. Иймд нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгөөс 159.45 м.кв талбайн өмчлөгч болсон нь барьцааны эрхийг шударгаар олж авсан барьцаалагч буюу ******* банк ХК-ийг барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар 159.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, барьцааны бүртгэлээс холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ******* банк ХК-иас шаардах эрхгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

6. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагад баримталвал зохих хууль хэрэглээгүйг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч ******* констракшн ХХК, ******* групп ХХК-д даалгаж шийдвэрлэсэн хэсэгт холбогдох хариуцагч нар гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээх боловч баримталвал зохих хуулийг тайлбарлаж, дүгнэлт хийх шаардлагатай.

Хариуцагч ******* констракшн ХХК, ******* групп ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 159.45 м.кв талбайг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг мэдсээр атлаа тэдэнд мэдэгдэлгүй бусдын барьцааны эрхэд бүртгүүлсэн нь үүрэг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөлийг үүсгэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж буй ******* констракшн ХХК, ******* групп ХХК-д холбогдуулан тухайн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй.

7. Түүнчлэн, техникийн шинжтэй алдаа болох анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 56.1 гэснийг 56.1.1 гэж өөрчлөх нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04134 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Саруул хорооллын 117 /717/ дугаар байр 2 дугаар орц 1 давхарт ******* тоотод байршилтай 159.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.*******, Г.******* нарыг тогтоож, Г.*******, Г.******* нараас 20,388,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* констракшн ХХК-д олгож, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* банк ХК, ******* констракшн ХХК, ******* групп ХХК-ийн хооронд байгуулагдсан № 341801629938 дугаартай барьцааны гэрээнээс Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Саруул хорооллын 117 /717/ дугаар байр 2 дугаар орц 1 давхарт ******* тоотод байршилтай 159.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг ******* групп ХХК, ******* констракшн ХХК-д даалгаж, энэ нэхэмжлэлийн шаардлагын ******* банк ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...56.1 гэснийг 56.1.1 гэж,

тогтоох хэсгийн 3 гэснийг 2 гэж, 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж, 6 гэснийг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА