Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Н.Уранбайгаль,

            Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо,

Иргэний хариуцагч Д.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1803009380030 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1998 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар отод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 2 дугаар гудамж 64 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өглөө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Монгол Эйч Ди телевизийн хойд замд Д.Уянгын эзэмшлийн Toyota Prius маркийн 13-85 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын  замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Батзоригийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Их засаг их сургуулийн 3 дугаар курст сурдаг, одоогоор чөлөө авсан. Жолооч болоод 2 жил болж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зам хөндлөн нэг хүн гарч байгаа харагдсан, дараагийн хүн нь харагдаагүй. Би “уучлаарай” гэж хэлээд нас барсан хүн босоод ирэхгүй. Миний буруу, хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шөнө над руу залгаад дүү чинь осолд орчихлоо гээд хэдэн минутын дараа дүү чинь нас барчихлаа гэсэн. Энэ хэрэг болсноос хойш нэг ч удаа холбогдоогүй, уучлалт гуйгаагүй. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Үүнд 49 хоногийн буяны ажлын зардал ороогүй. Шүүгдэгч талаас 11.000.000 төгрөг өгсөн. Үүнийг хасч тооцно. Элэг бүтэн амьдрал маш чухал, гомдолтой байна. Эхийг нь маш их бодож өрөвдөж байна. Харамсалтай байна...” гэв.

            Иргэний хариуцагч Д.Уянга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчийн нэхэмжилсэн үнийг төлж барагдуулна. Байгаа боломжоороо 11 сая төгрөг төлсөн...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Би талийгаач дүүгийн хамт эхээс 2-лаа байсан. Манай аав, ээж 2 одоо байхгүй бурхан болсон юм. Манай талийгаач дүү Г.Батзориг нь надтай хамт амьдарч байсан. Дүү маань надтай хамт хувиараа бууз банш хийж зардаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шөнө гэртээ амарч байхад танихгүй дугаараас хүн залгаж танай дүү чинь осолд орчихлоо гэж хэлсний дагуу осол болсон газар иртэл манай дүү машинд мөргүүлээд нас барчихсан байсан. Манай талийгаач дүү урьд нь ямар нэгэн осол аваарт орж байгаагүй ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, эрүүл саруул хүн байсан. Манай дүү ер нь дөлгөөн зөөлөн ааштай, хүнд их тусархуу, хүний үгэнд их ордог тийм хүн байсан. Манай талийгаач дүү бид 2 эхээс хоёулхнаа бөгөөд осол болохоос өмнө хамт амьдарч байсан. Газар дээрх ганц дүүгээ зам тээврийн ослоор харамсалтайгаар алдсанд миний зүгээс маш их гомдолтой байгаа....” гэжээ /хх-25-26/.

Иргэний хариуцагч Д.Уянга мэдүүлэхдээ: “...Энэ автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би энэ машиныг 2014 оны 1 дүгээр сард Да хүрээ захаас хувь хүнээс худалдаж авсан юм. Энэ машиныг анх худалдаж аваад би голдуу барьж байсан, харин сүүлийн үед манай хүүхэд барьж таксинд явдаг байсан юм. Би энэ машинаа 2015 онд Бичил глобус банк бус санхүүгийн байгууллагаас барьцаанд тавьж мөнгө авсан байсан. Одоо тэр мөнгөө төлж дуусаад өөрийнхөө нэр дээр машинаа шилжүүлэх гэж байгаа юм. Манай хүүхэд бид 2 талийгаачийн оршуулгад гарсан зардлыг ойрын хугацаанд төлж барагдуулна.” гэжээ /хх-58/.

Гэрч А.Жавхлан мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн үүрийн 04 цаг 30 минутын үед би талийгаач Г.Батзоригийн хамт 3 дугаар хороололд хоол идчихээд Баянбүрд тойргийн зүүн талд таксинаас буусан. Тэгээд талийгаач бид 2 замынхаа урд талаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш чигтэй алхаж байгаад Монгол Эйч Ди телевизийн харалдаа замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байсан зам хөндлөн гарч байхдаа би түрүүлээд талийгаач миний араас явж байсан. Тэгээд би замаа бараг хөндлөн гарч дуусах гэж байтал гэнэт миний ард зам дээр машины тоормосны чийхрах дуу гарснаа түс гэсэн хүчтэй дуу чимээ гараад миний толгойн дээгүүр саравчтай малгай хийсэж давж орж ирснээ миний өмнө унахаар нь би гайхаад эргээд хартал миний ард явж байсан миний найз Г.Батзориг зам дээр доошоо харсан байдалтай хэвтэж байхаар би найз руугаа дөхөж очоод Зоригоо гэж дуудтал манай найз юу ч дуугарахгүй доошоо хараад хэвтээд байхаар би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Дараа нь түргэн тусламж ирээд манай найзыг үзчихээд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй замын цагдаагийн хүмүүс ирж хэмжилт хийсэн. Хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан, замын гэрэлтүүлэг асаж байсан.” гэжээ /хх-61-62/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
цогцост хийсэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2513 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз, чамархай, суурь, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь, уртавтар тархины няцрал, дух, баруун хацар, дээд уруул, эрүү, баруун, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн хөмсөг, дух, хамрын нуруу, баруун өвдөг, баруун шилбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн амь нас аврах боломжгүй хүнд гэмтэл юм. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

5. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй.

6. Талийгаач нь В/111/ бүлгийн цустай байна.

  7. Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно.” гэжээ /хх-71-73/.

            Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн
шинжээч, цагдаагийн ахмад Н.Ганбаатарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 876 дугаар дүгнэлт:

1. Тоёота приус маркийн 13-85 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тул гарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Батзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн
харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг
өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад
байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ /хх-95-96/.

Зам тээврийн осол, хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг /хх-7-14/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15/,

Хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-33-47/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-115/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-122/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоод иргэний  хариуцагч Д.Уянгаас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 8.895.000 төгрөг, 105.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийг шинжлэн судлав.  

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өглөө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Монгол Эйч Ди телевизийн хойд замд Д.Уянгын эзэмшлийн Toyota Prius маркийн 13-85 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын  замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Батзоригийг мөргөж, амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Улаанчулуут овгийн Эрдэнэбатын Баасансүрэнг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчин бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн  хугацаагаар хасч, жолоочийн №1194744 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо нь оршуулгын зардалд нийт 13.695.100 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Э.Б болон иргэний хариуцагч Д.Уянга нар нь нийт 11.000.000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэх 2.695.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоод олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, мөн хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, уг эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Э.Бгийн жолоочийн №1194744 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, иргэний хариуцагч Д.Уянга нараас 2.695.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоо /РД: УП89030531/-д олгосугай.

7. Хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН