Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00514

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00514

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00337 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь *******тай 2015-2016 онд Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилга барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу барилгыг барьсан.

1.2. Дээрх гэрээний барилгын ажил 2021 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд барилга баригдах үйл явцад захиалагчийн хүсэлтээр нэмэлт ажлууд хийгдэж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээг дахин байгуулсан.

Энэ нэмэлт гэрээний ажлыг 200,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсоны дагуу тухайн ажлыг цогцоор нь бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч гэрээ цуцалсан, мөнгө буцаалгасан гэх үндэслэлээр удаа дараа ажлын хөлсийг өгөхгүй өдий хүртэл явсан.

1.3. ******* ХХК нь Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээгээр нийт 9 төрлийн дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Хүүхдийн амралтын 23 ортой 7 байр, 8 ортой 6 байрыг зуны зориулалттай 25 мм-ийн ханатай хийхээр төлөвлөснийг хөөсөн дулаалгатай 60 мм-ийн ханатай болгож, гадна талаар сайн чанарын өнгөлгөөний тоосгоор хийсэн үнийн зөрүү, гэр бүл, уулзалтын байр нэг давхар байхаар төлөвлөгдсөнийг хоёр давхар болгон өөрчилж, уурын зуухны барилгын хэмжээг томсгосон буюу хүүхдийн зуслангийн цогцолборыг анх тэгшхэн газар байршуулсан байсныг өөрчилж, уулын энгэр түшсэн налуу газрыг сонгож, барьж байгуулах болсноос газар, шороо, далангийн нэмэлт ажлууд хийж, гадна тохижилт, угаалга бие засах газар, чөлөөт цаг өнгөрөөх байр, 100 хүүхдийн хоолны байр, халуун усны ирэх, буцах шугамын нэмэлт ажлуудыг цогцоор хийж гүйцэтгэсэн.

1.4. Дээрх ажлыг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисст 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд барилгыг хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Иймээс нэмэлт гэрээнд тусгагдсан дээрх 9 ажлыг цогцоор хийж гүйцэтгэсэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 200,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-тай Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын БГД-ХААА/ОН-20-19 дугаартай 200,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаатай байгуулсан.

2.2. Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй тул Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэрээний 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/3115 дугаартай албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлж гэрээг цуцалсан.

2.3. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА-298/2022 дугаартай дүгнэлт нь 2020 онд байгуулсан нэмэлт гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авсан акт биш бөгөөд *******, ******* ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор ажлын БГД-ХААА/УТ-16-01 дугаартай, 1,448,000,000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн барилгын ажлыг хүлээн авсан дүгнэлт юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 200,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдер "*******" ХХК-тай "Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажил"-ын БГД-ХААА/ОН-20-19 дугаартай, 200,000,000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулсан.

4.2. ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, хүлээлгэн өгөөгүй тул ******* нь тус гэрээний 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/3115 дугаартай албан бичгээр "гэрээ цуцлах тухай" мэдэгдлийг тус компанид хүргүүлж, гэрээг цуцалсан байдаг.

Нэхэмжлэгчийн тухайд гэрээ хүчингүй болсон үйл явдалтай маргаж байгаагүй, хүчингүй болсон гэрээний дагуу барилга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллах боломжгүй бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга "*******" ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан "Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажил"-ын БГД-ХААА/ОН-20-19 дугаартай, 200,000,000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн гэх ажлыг улсын комисс хүлээн аваагүй.

Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буй 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс"-ын БА-293/2022 дугаартай дүгнэлт нь *******, "*******" ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан "Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор (Улаанбаатар хот, Налайх дүүрэг) ажил"-ын БГД-ХАЛАА/УТ-16-01 дугаартай, 1,448,000,000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн барилгын ажлыг хүлээн авсан дүгнэлт юм.

Нэхэмжлэгч нь 2016 онд гэрээ хэлцэлгүйгээр хийж гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүчингүй болсон гэрээний дагуу шаардаж байгаа нь үндэслэлгүй.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас тухайн ажлыг гүйцэтгэсэн эсэх дээр маргадаггүй. Бид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн учраас үүнийг төлөхгүй гэх ерөнхий агуулгаар маргадаг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд хийж гүйцэтгэсэн ажлын дараалал тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын зураг, далд ажлын акт зэргийг бүгдийг нь өгсөн. Хариуцагч талаас гэрээний үнийг төлөхгүй байсан шалтгаан нь нэгэнт төсөвт суугдсан 200,000,000 төгрөгийг тухайн байгууллагын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал солигдсоноос шалтгаалж энэ мөнгийг буцаан татуулж өөр зүйлд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй ажил гүйцэтгэсэн компанийг өнөөдрийг хүртэл хохироож байна.

5.2. Нийслэлд хүүхдийн зуслан маш их хэрэгтэй байгаа учраас тендер зарлаж, улмаар тус ажил хийгдсэн. Компани барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ банкнаас маш их хэмжээний зээл авч тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэсэн гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 200,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээг цуцалсан, 2022 оны комиссын дүгнэлтээр хүлээн авсан ажил нь үндсэн гэрээний ажлыг хүлээн авсан, нэмэлт ажлын гэрээнд хамааралгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс барьж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15/262 дугаар улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан Баянгол хүүхдийн зуслангийн барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талууд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, тодорхой нэр төрлийн ажлуудыг нэмэлтээр гүйцэтгэх, уг ажлын зураг төсөл болон төсвийн талаар, тухайн төсөвт ороогүй 3 нэмэлт ажлын төсвийг гүйцэтгүүлэх талаар тохиролцжээ. /1-хх-ийн 12-14, 30-31 дүгээр тал/

3.2. Дээрх тохиролцооны дагуу талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барих ажлын гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи Тэрэлжид байршилтай Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь ажлын гүйцэтгэлээр 1,448,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгох үүргийг тус тус хүлээжээ. Энэхүү гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн болон ажлын хөлсний асуудлаар талууд маргаагүй байна. /1-хх-ийн 9 дүгээр тал/

3.3. Улмаар, талуудын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн барилгын нэмэлт ажлын төсвийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Задгай театрын төсөл арга хэмжээнд зарцуулахаар батлагдсан хөрөнгийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээнд шилжүүлэн зарцуулахыг дүүргийн зүгээс зөвшөөрсөн болохыг тусгаж, нэмэлт ажлаар гүйцэтгэл гарган зөв голдиролд оруулах, дүүргээс хүргүүлсэн нэмэлт ажлын тоо хэмжээг үндэслэн зураг төсвийг яаралтай хийж батлуулахаар тохирсон. /1-хх-ийн 32 дугаар тал/

3.4. Ийнхүү тохиролцсоноор гэрээ байгуулах эрхийг ******* ХХК-д олгож, талууд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажил-ын гэрээг байгуулж, гүйцэтгэгч ******* ХХК нь Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлыг гүйцэтгэж, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь ажлын гүйцэтгэлээр 200,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор тохиролцжээ. /1-хх-ийн 15-29 дүгээр тал/

3.5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БА-293/2022 тоот дүгнэлтээр Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 1-2 давхар, 17 блок 209 хүүхдийн хүчин чадал бүхий Баянгол хүүхдийн зуслангийн зориулалттай барилга байгууламжийг хүлээн авсан. /1-хх-ийн 33-35 дугаар тал/

3.6. Дээрх гэрээнүүд байгуулагдсан болон 2016 оны гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил, түүний санхүүжилтийн асуудлаар талууд маргаагүй, харин маргааны зүйл нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр тохирсон нэмэлт ажлыг нэхэмжлэгч бүрэн хийж гүйцэтгэсэн эсэх, гэрээ цуцлагдсан эсэх асуудал болсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь ажлын үр дүнг бий болгож, түүнийг хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх явдал юм.

4.2. Нэмэлт ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон. Учир нь:

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БА-293/2022 дугаар дүгнэлтээр Бат инспайринг ХХК-ийн зураг төслөөр, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар ******* ХХК-ийн гүйцэтгэсэн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Баянгол хүүхдийн зуслангийн зориулалттай зоорьгүй, 1-2 давхар, 17 блок, 209 хүүхдийн хүчин чадал бүхий барилга байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, шаардлага хангасан гэж дүгнэж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авчээ.

Дээрх хүлээн авсан барилга байгууламжид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр тохирсон нэмэлт ажлууд хийгдсэн талаар Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх ба үүний эсрэг ямар нэг нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн, хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг гэрээнд заасан нэмэлт ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, 2022 оны БА-293/2022 дугаартай улсын комиссын дүгнэлтээр 2016 оны гэрээний ажлыг хүлээн авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээгээр нэмэлт ажил хийх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн, хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтуудыг няцааж чадаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэх бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүлээн авснаар хүчин төгөлдөр болох учиртай.

Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/3115 дугаартай албан бичгээр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэх боловч түүнийг нэхэмжлэгч тал хүлээн авч, хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Дээрх нэг талын баримтыг үндэслэн гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА