Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Г.Э/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох эрүүгийн 1911008350352 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1974 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 45 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газрын Зөөврийн авто баазад гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55-0840 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Энь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55-0840 тоотод гэртээ эхнэр Х.Сувдаатай маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Энь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.Сувдаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед охин Мичидмааг дагуулаад дэлгүүр орчхоод буцаад гэртээ иртэл манай нөхөр Энхтүвшин согтуу суугаа байдалтай ширээ түшээд унтаж байхыг нь хараад миний уур огцом хүрч уурласан. Тэгээд нөхөр Энхтүвшинг энд тэндгүй цохиж аваад орилж хашхираад байсан. Энэ үед манай нөхөр Энхтүвшин гараараа миний зүүн талын мөр рүү нэг удаа цохиж, хөлөөрөө гуя руу нэг удаа өшиглөсөн. Урьд өмнө гэр бүлийн маргаан, зодоон гараад байдаггүй байсан...” гэжээ /хх-20/.

Шүүгдэгч Г.Энь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажилдаа явж, ажлаасаа орой 18 цагийн үед тарж харих замдаа 100 айл дээр 10 жилд хамт сурдаг байсан Эрдэнэбаатартай санамсаргүй таарч 30-аад жил уулзаагүй гээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашааны гадна талд 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ууж хоорондоо ярилцаж байгаад салсан. Тэгээд би гэртээ 20 цагийн үед ирэхэд хүн байгаагүй, би гэртээ орж ирээд хэсэг зуур ширээ тулаад суугаараа унтаж байтал гаднаас эхнэр Х.Сувдаа орж ирээд намайг архи уулаа гээд над руу орилж хашхираад гар утсаараа миний зургийг аваад байсан. Тэгээд би уурлаад эхнэрийн хацар руу нь алгадах гэж байгаад зүүн талын мөр рүү нь гараараа 1 удаа, хөлөөрөө зүүн талын гуя руу нь 1 удаа өшиглөсөн...” гэжээ /хх33-34/.  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2398 дугаар дүгнэлтэд: 

“1.2. Х.Сувдаагийн биед зүүн мөр, бугалганд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-25/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Г.Энь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55-0840 тоотод гэртээ эхнэр Х.Сувдаатай маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Сувдаагийн “...Тэгээд нөхөр Энхтүвшинг энд тэндгүй цохиж аваад орилж хашхираад байсан. Энэ үед манай нөхөр Энхтүвшин гараараа миний зүүн талын мөр рүү нэг удаа цохиж, хөлөөрөө гуя руу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2398 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Иймд шүүх шүүгдэгч Г.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.  

Мөн шүүгдэгч Г.Энхтүвшинд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын  яллагчийн гаргасан Г.Энхтүвшинд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал зэргийг харгалзав.

Хохирогч Х.Сувдаа нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “...Би нөхөртэйгөө сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байна. Иймд шүүгдэгч Г.Энхтүвшинг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Энь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН