Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00698

 

 

 

 

2024 04 08 210/МА2024/00698

 

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00298 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

 

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол 292,936,091 төгрөггаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. ******* ХХК нь ******* ХХК, *******" ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Лапланд төслийн модон бүтээц угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* ХХК нь уг төслийн 4 байшингийн модон бүтээц угсралтын ажлыг бие даан гүйцэтгэх, ХХК нь ажлын хөлс 223,884,963 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ХХК-ийг ******* ХХК-д нэгтгэсэн тул дээрх гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлж байна.

1.2. Хариуцагч нь дээрх ажлыг гүйцэтгэж байхдаа 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн ажилтнууд төслийн U5 байшингийн дээврийн хар цаас наах явцдаа гал алдсан, гал гарсан нь хариуцагч ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас үүссэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шийтгэлийн хуудсаар торгох арга хэмжээ авсан, энэ галын улмаас тус байшинд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гаргасан үнэлгээгээр 159,431,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Гэрээний Хавсралт 1.1-т тусгагдсан ажлын хүрээнд галын аюулгүй байдлыг сахин ажиллах, галын аюулаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах үүрэг-ийг туслан гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй байсан бөгөөд туслан гүйцэтгэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн түүний хариуцан ажиллаж байсан U5 дугаартай байшинд гал алдаж нийт 159,431,000 төгрөгийн хохирол учраад байна.

Хариуцагч дээрх хохирлыг хугацаанд нь барагдуулаагүй учир нэхэмжлэгчийн зүгээс хохирлыг төлөх хугацааг 2021 оны 9 дүгээр сар хүртэл сунган, нэмэлт хугацаа тогтоосон боловч хохирлыг барагдуулаагүй байна.

1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийт үнэ 150,000,000 төгрөгийг захиалагчийн зүгээс туслан гүйцэтгэгчид шилжүүлэхээр болж, гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу туслан гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлыг хүлээлгэн өгсөн нөхцөлд тус багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөлд хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 69,795,410 төгрөгийн үнийн дүн бүхий багаж хэрэгслийг манай талд буцааж өгсөн. Үлдэх багаж хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй. Иймд гэрээний 10 дугаар зүйлд ...Ийнхүү шилжүүлж өгөөгүйгээс захиалагчид учирсан аливаа хохирлыг туслан гүйцэтгэгч бүрэн хариуцан (мөнгөн хэлбэрээр) төлөхөө баталж байна." гэж заасны дагуу захиалагчийн зүгээс өөрт туслан гүйцэтгэгчид багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах төлбөрт шилжүүлсэн 80,204,590 төгрөгийг ******* ХХК-иас нэхэмжилж байна.

1.4. Гэрээг цуцлах үеийн байдлаар ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд ******* ХХК нь байшингуудыг дутуу гүйцэтгэлтэй орхиж, урьдчилан төлбөрийг шилжүүлсэн ажлын бодит гүйцэтгэлийн хэмжээнд хүрэхгүй байсныг тогтоосон. Энэ талаар 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгээр мэдэгдэж, гэрээ дүгнэх акт үйлдэх саналыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Гэрээний 12.5-т зааснаар гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хариу ирүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцож, гэрээг цуцалж буй тал өөрт учирсан хохирлоо шаардана гэж тохирсон. Иймд урьдчилан төлсөн 53,300,501 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас нэхэмжилж байна.

1.5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний 1 дүгээр зүйлд заасны дагуу туслан гүйцэтгэгч нь гэрээнд тусгагдсан ажлыг бүхэлд нь бие даан гүйцэтгэх үүрэгтэй байхаар тусгасан. Түүнчлэн, гэрээний 3 дугаар зүйлд гэрээнд тусгагдсан ажлын үр дүнг захиалагчийн өмнө туслан гүйцэтгэгч нь бүрэн хариуцахаар зохицуулсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.5-т заасныг тус тус үндэслэн ******* ХХК-иас нийт 292,936,091 гаргуулж ******* ХХК-д олгож, хохиролгүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.1. ******* ХХК болон ерөнхий гүйцэтгэгч Премиум прожектс ХХК, туслан гүйцэтгэгч ******* ХХК-иуд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр FLH- 2020/00028 MIG-2020-045 тоот Лапланд төслийн модон бүтээц угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр MIG-2020-1278 FLH-2020/016 тоот Лапланд модон бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ-нд өөрчлөлт оруулах тухай гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр MIG-2020-218, FLH-2020/014 тоот Лапланд төслийн модон бүтээц угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг тус тус байгуулсан.

2.1.2. ******* ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан FLH-2020/00028 MIG-2020-045 тоот Лапланд төслийн модон бүтээц угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-гээр 4 ширхэг модон бүтээцийн угсралтыг иж бүрнээр нь гүйцэтгэх, өнгөлгөөний будаг тоноглолын сууриудыг бэхлэх ажлыг хийж гүйцэтгэхээр захиалагчийн өмнө үүрэг хүлээж ажилласан.

2.2. 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Зуун модны амд байрлах, Лапланд төслийн модон бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэх явцад U5 байшингийн дээврийн хар цаас наах явцад гал алдсанаас үүдэн 159,431,000 төгрөгийн хохирол үүссэн гэж шаардсан, хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулж бодит нөхцөл байдлыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

2.3. Гал гарсны дараа ерөнхий гүйцэтгэгчээс гэрээг ямар нэгэн байдлаар дуусгах цуцлах мэдэгдэл өгөөгүй хэр нь ******* ХХК-ийг ажлын талбайгаас гаргах болсон тухай хэлж багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ажлын талбайгаас гарах өдөр хүлээлцсэн баримтыг 1 хувь үйлдсэн. Хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үнэлгээг яаж, ямар аргаар тооцож 69,795,410 төгрөг болгосныг гайхаж байна. Нэхэмжлэгч ямар төрлийн хэдэн ширхэг тус бүрдээ ямар үнэлгээтэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу хүлээлгэж өгсөн гэж үзэж 80,204,590 төгрөгийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

150,000,000 төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл дотор элэгдэж хорогдох, барилгын хийцэд шингэж орох нэг удаагийн шинжтэй материалууд багагүй байсан. Бид гэрээг дуусгах санал гаргаагүй бөгөөд цаашид үргэлжлүүлж барилгын ажлыг дуусгах боломжтой байсан.

2.4. ХХК болон ерөнхий гүйцэтгэгч Премиум прожектс ХХК, туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр FLH-2020/00028 MIG-2020-045 тоот Лапланд төслийн модон бүтээц угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагсднаас хойш туслан гүйцэтгэгч "*******" ХХК нь ажлын талбайд ажлуудыг тогтмол шаардсан хугацаанд хийж гүйцэтгэсээр ирсэн.

Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, бусад туслан гүйцэтгэгчийн хоорондын уялдаа холбоогүй, эмх замбараагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдахгүй нөхцөл байдал бий болсноос үүдэн ажил удааширах, хойшлох нөхцөл байдал удаа дараа гарч байсан.

Прогрекс ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил дээр ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад ямар байдлаар дүгнэж үнэлж урьдчилгаа төлбөрөөс мөнгө нэхэмжлээд байгаа нь тодорхой бус байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343.1, 227.5, 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 290,597,011 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 2,339,080 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн нийт 1,622,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,622,800 төгрөг, шинжээчийн зардалд 1,000,000 төгрөг, нийт 2,622,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ, 82 дугаар зүйлийн 82.1-д Шүүгч дор дурдсан хуулийн дараах зүйл, хэсэг, заалтанд заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ., 82.1.1-д Иргэний хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4,8.1.6-8.1.8 заасан хэрэг маргаан гэж заасан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулах гэж заасан байхад шүүх тус хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна гэж заасан байдаг.

Тухайн хэргийг шилжүүлэн авч шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлэг танилцуулан баримтжуулаагүй нь холбогдох хуулийг зөрчсөн байна.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх буюу цуцлагдсан эсэхийг буруу дүгнэсэн тухайд.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний харилцааг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" мөн хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, 226 дугаар зүйлд нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдлын талаар тус тус зохицуулсан.

Шүүхээс нэхэмжлэгч "*******" ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг туслан гүйцэтгэгч ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч талд 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/03 албан бичгээр хүргүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь манай ******* ХХК-д тус гэрээ цуцлах журмын дагуу мэдэгдлийг хэрхэн яаж хүргүүлсэн, хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, нотлогдоогүй байхад шүүх гэрээ цуцлах санал хүргүүлсэн гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэж заасан.

Гэтэл "*******" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн мэдэгдэл нь хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний биш нотлох чадварын хувьд учир дутагдалтай байхад шүүх хэт нэг талыг барьсан.

Улмаар гэрээг хууль журмын дагуу цуцалсан эсэхийг зөв дүгнэж шийдвэрлэсний дараа гэрээ цуцалснаас үүдэн гарах үр дагаврын талаар зөв дүгнэлт гарах юм.

4.3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухайд.

4.3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "*******" ХХК-ийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон бөгөөд шинжээч гал алдсанаас үүдэн гарсан хохирлын хэмжээг тогтоосон "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй эсэх, U5 байшингийн галд өртсөн, өртөх боломжтой хэсгүүдийг тодруулах, галд шатсан хэсгүүдийг засварлахад гарсан зардал, гал унтраах явцад өртсөн бараа материалыг шинээр худалдан авахад гаргасан бодит зардлыг захиалагч байгууллагын татварт тайлагнасан тайлан, баримт бичиг дээр үндэслэн тогтоох гэсэн асуултад хариулан дүгнэлт гаргах байсан.

Итгэлт эстимэйт" ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 126/06 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлан-г шүүхэд ирүүлсэн. Тухайн тайлан нь бодит зардлыг захиалагч байгууллагын татварт тайлагнасан тайлан, баримт бичиг дээр үндэслэн тогтоогоогүй, хувийн компаниудын тодорхойлолт, үнийн санал зэрэг дээр тулгуурлаж гаргаснаар тус шүүх шүүгчийн захирамж хангалттай биелэлээ олоогүй. Үүнтэй холбоотой гомдол, хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл гал гарснаас үүдэн гарсан хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүйг шүүх харгалзан үзээгүй юм.

4.3.2. ******* ХХК-ийг ажлын талбайгаас гаргах болсон тухай гэнэт хэлсэн бөгөөд тухайн үед ажлын талбайд байсан ажил гүйцэтгэхэд хэрэглэсэн бүхий л багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг "" ХХК-ийн гаргасан жагсаалтын дагуу хүлээлгэн өгсөн.

Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авсан, өгсөн баримт байхгүй улмаар багаж хэрэгслийг худалдан авахад зориулж шилжүүлсэн мөнгөний баримтад үндэслэн шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Тухайн тоног төхөөрөмжийн үнэлгээ юуг үндэслэж хэн, хэрхэн яаж үнэлсэн ямар аргаар тогтоож 69,795,410 төгрөг болсон, юу дутуу хүлээлгэж өгсөн зэрэг нь тодорхойгүй бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй.

4.3.3. ******* ХХК болон ерөнхий гүйцэтгэгч Премиум прожектс ХХК, туслан гүйцэтгэгч ******* ХХК-уудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш туслан гүйцэтгэгч ******* ХХК нь ажлын талбайд ажлуудыг тогтмол шаардсан хугацаанд хийж гүйцэтгэсээр ирсэн.

"*******" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил дээр ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад ямар байдлаар дүгнэж үнэлж урьдчилгаа төлбөрөөс мөнгө нэхэмжлээд байгаа нь тодорхой бус.

Шүүх уг асуудлыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.3-т дүгнэхдээ гэрээг цуцлах үеийн байдлаар ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд гүйцэтгэгч талаас байшингуудыг дутуу гүйцэтгэлтэй орхиж, урьдчилсан төлбөрийг шилжүүлсэн ажлын бодит гүйцэтгэлийн хэмжээнд хүрэхгүй байсан талаар 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгээр мэдэгдэж, гэрээ дүгнэх акт үйлдэх санал гаргасан боловч хариуцагч талаас хариу өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдоогүй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх эрх нь хэргийн оролцогчдод байх боловч эдгээр нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэр, журмын дагуу цуглуулж бүрдүүлсэн эсэх, нотлох баримтад тавигдах шаардлага хангаж байгаа эсэх, тэдгээрийг ач холбогдолтой талаас үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх нь шүүгчийн ажиллагаа байдаг.

Шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нотлох баримт нь нэхэмжлэгчээс гаргасан мэдэгдэл байх бөгөөд шүүх уг нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл тухайн мэдэгдлийн хариуцагчид хүргүүлж байсан эсэх, цаашлаад ямар ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажилд зарцуулсан зардал мөн гүйцэтгээгүй ямар ажил байсан зэрэг нь тодорхойгүй нөхцөлд шүүх шийдвэр гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2024/00298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргаагүй. Өмгөөлөгч гэрээний заалт, шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдолдоо дурдаагүй асуудлыг тайлбарлаж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулгатай тайлбар хэлсэн. Гэтэл бичгээр гаргасан давж заалдах гомдолд тус үндэслэл байдаггүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэлбэр, агуулгыг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхээс ямар үр дүн хүсэж байгаа нь тодорхойгүй. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үнэлгээ өндөр байгаа гэх агуулгаар гомдол гаргасан. Ямар хэмжээг хүлээн зөвшөөрч, ямар хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй.

5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлно. Гэрээнээс үүдэлтэй эрх зүйн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл, гэм хортой холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон. Бид нартай гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэрээ байгуулаагүй этгээд манай барилга байгууламжид гал гаргасан бол гэм хорын хохирлоор шүүхэд нэхэмжлэл гаргана.

Хариуцагч гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан учир гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч дангаар шийдвэрлэхээр шүүгч томилсон нь хүчин төгөлдөр юм.

5.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болгосон эсэх, цуцлагдсан эсэхийг буруу дүгнэсэн гэж гомдолдоо тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлах, гэрээтэй холбоотой тооцоо нийлэх, удаа дараагийн албан бичгийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүргүүлсэн. Үүнийг шүүх үнэлж, шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр талуудын хооронд гэрээ цуцлахтай холбоотой уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн талаар тусгагдсан. Албан бичгийг хүлээж аваагүй гэж өнгөцхөн байдлаар тайлбар хэлдэг. Гэрээ цуцлах талаар уулзалт, хэлэлцээр болсон гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Иймд үүнтэй холбоотой хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

5.4. Нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээгээ цуцалж, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо гэрээний үүрэг зөрчигдсөнөөс өөрт учирсан хохирлоо тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгө үнэлгээний компаниар үнэлүүлж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч үүнийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүхээс тус хүсэлтийг хангаж, шинжээч томилсон. Тус 2 үнийн дүн дээр үл ялиг зөрүү гарсан учраас шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч барилгатай холбоотой өөр асуудлаар хүсэлт гаргаж, үүнийг хангаагүй нь процессын алдаа болохгүй. Нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангасан гэрээнээс үүдэлтэй өөрт учирсан хохирлоо хэрхэн яаж барагдуулсан, түүнтэй холбоотой санхүүгийн бүхий л баримт, хөрөнгө үнэлгээний компанийн үнэлгээний тайлан гэх холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзлаа нотлоогүй. Үнэхээр тус компани бодитой ажил үүрэг гүйцэтгэж, тооцоо судалгаа сайтай явж байсан бол бид ийм ажил хийсэн гэдгээ нотлох боломжтой байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа ямар нэгэн байдлаар нотлох үүргээ огт хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа байдал нь шүүхийн буруутай үйл ажиллагаа биш юм.

5.5. Хэргийн 38 дугаар талд шийтгэлийн хуудас авагдсан. Тус шийтгэлийн хуудасны 2 дугаар хэсэгт хохирлын 159,431,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд төлөхөөр бичигдсэн бөгөөд үүнийг хариуцагч гардаж авсан. Тус шийтгэлийн хуудас дээр дурдагдсан ******* ХХК-д төлөх ёстой байсан хохирлыг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дурдагдсан хохиролтой холбоотой дахин шинжээч томилоогүй, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргаагүй. Тус шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр баримт бичиг юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д заасны дагуу давж заалдах гомдлын хүсэлтийг бичээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн учир гомдлыг буцааж, хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол 159,431,000 төгрөг, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэ 80,204,590 төгрөг, гүйцэтгээгүй ажлын хөлс 53,300,501 төгрөг, нийт 292,936,091 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон Премиум прожектс ХХК, ******* ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Лапланд төслийн модон бүтээц угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Зуун модны аманд Лапланд төслийн 4 ширхэг байшингийн модон бүтээц угсралтыг иж бүрнээр гүйцэтгэх, өнгөлгөөний будаг тоноглолын сууриудыг бэхлэх ажлыг гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлс 223,884,963 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /1-хх-ийн 7-31 дугаар тал/

3.2. Тус гэрээнд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК нь модон бүтээцийн чингэлгийг төслийн талбай руу хүлээн авах, суурийн талбай руу зөөх, ангилж хураах нэмэлт ажлыг гүйцэтгэхээр тохирч, ажлын хөлс 21,049,893 төгрөгийг хүлээн авсан, мөн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр өвлийн улиралд ажил гүйцэтгэхтэй холбогдуулан нэмэлт зардал 9,785,000 төгрөг олгосон өөрчлөлтийг оруулсан, энэ асуудлаар талууд маргаагүй.

3.3. Мөн хариуцагч ажлын урьдчилгаа хөлс 137,650,111 төгрөг, багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэ 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан үйл баримтад маргаагүй. Харин ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу мэдэгдэж гэрээ дуусгавар болсон эсэх, шаардаж буй хохирлын хэмжээ тогтоогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх хууль болон гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол шаардсан маргаанд гэм хорын ерөнхий зохицуулалт, гэрээ цуцласны улмаас учирсан хохирлыг арилгуулах зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон, тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 4 ширхэг байшингийн модон бүтээц угсралтын иж бүрнээр гүйцэтгэх, өнгөлгөөний будаг тоноглолын сууриудыг бэхлэх ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн.

Дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллага 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр U5 байшингийн дээврийн хар цаас наах ажлыг гүйцэтгэж байх явцад гал гарч, дээврийн хэсэг шатсан, үүнд хариуцагч ******* ХХК буруутай болох нь эрх бүхий албан тушаалтны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0030684 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдсон байна.

Тус шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д торгох шийтгэл оногдуулж, ******* ХХК-д учирсан хохиролд 159,431,000 төгрөг төлөхийг даалгаж, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбатад гардуулан өгсөн, хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдээр тогтоолгосон болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /1хх-ийн 38, 41-80 дугаар тал/

Ийнхүү хариуцагч Галын аюулгүй байдлын дүрэм, журмыг биелүүлээгүй хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй.

4.2. Галын улмаас учирсан хохирлын асуудлаар шинжээч томилох хариуцагчийн хүсэлтийг шүүх хангасан, шүүхээс томилогдсон шинжээч нь хохирлын үнэлгээг 157,091,920 төгрөгөөр тогтоосныг үндэслэн хохирлыг арилгуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

Учир нь хариуцагч эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар даалгасан хэмжээгээр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч уг хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тусгай мэдлэг бүхий этгээдийн тогтоосон хэмжээгээр тодорхойлсонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Иймд хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

4.3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

Хариуцагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдэнэ. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хүлээн авснаар хүчин төгөлдөр болох учиртай.

Дээрх хуулийн зохицуулалтаар гэрээ цуцлах талаар мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээс татгалзаж, ажлын талбайгаас гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон.

Иймд гэрээ цуцлах талаар хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн эсэх, хүлээн авсан нь тодорхойгүй байхад гэрээ цуцлагдсан гэж буруу дүгнэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

4.4. Ийнхүү цуцлагдах хүртэл хариуцагчийг 84,349,610 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж байшин тус бүрээр гүйцэтгэлийн акт гаргаж, гүйцэтгээгүй ажлын төлбөр 53,300,501 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь ажил гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ буюу ажлын гүйцэтгэлийг нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн ажлын гүйцэтгэлийн актыг баримтаар үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 137,650,111 төгрөгийн ажлын гүйцэтгэлтэй холбогдох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй. Иймд шүүхээс хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хэмжээг нэхэмжлэгч талын баримтыг үндэслэн тогтоосон нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.

4.5. Түүнчлэн, талууд гэрээгээр ажлыг гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнийг 150,000,000 төгрөгөөр тогтоож, үүнийг нэхэмжлэгч төлөх, хариуцагч нь ажлыг гүйцэтгээгүй, эсвэл бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй буюу гэрээ цуцалсан тохиолдолд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн үнэ 150,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 66,607,410 төгрөгийн багаж, хэрэгслийн баримт хэрэгт авагдсан байх ба хариуцагч байгууллагын зүгээс 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 69,795,410 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсон багаж хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ. /1хх-ийн 209-210, 226 дугаар тал/

Дээрх хүлээлгэн өгсөн багаж, хэрэгслийн үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж хариуцагч маргасан боловч тухайн багаж, хэрэгслийг хүлээлгэн өгсөн баримтад хариуцагч тал гарын үсэг зурсан нь хүлээн зөвшөөрсөн үндэслэл болохоос гадна хариуцагч тайлбар, татгалзалдаа холбогдох баримт гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх дутуу багаж хэрэгслийн үнэ 80,204,590 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэсэн байна.

5. Иймд хариуцагчаас үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 290,597,011 төгрөг гаргуулж, 2,339,080 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь гэрээний дагуу үүсдэггүй, харин хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр үүрэг үүссэн байх учиртай. Ийм нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлын талаар зарим шаардах эрхийн үндэслэлийг анхан шатны шүүх буруу тогтоосон.

Иймд шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хууль бус гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлэг танилцуулан баримтжуулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх шүүгч өөрчлөгдсөн нь нөлөөллийн мэдүүлгийг дахин танилцуулах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 290,597,011 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 2,339,080 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,622,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА