Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

     2019       4           15                                 2019/ШЦТ/310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч С.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаа нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1903001600141 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсрол, зураач, дизайнер мэргэжилтэй, Макро линк ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 58 дугаар байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Бнь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7/1 дүгээр байрны зүүн замд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 38 минутын орчимд Тоёота Приус маркийн 92-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох "Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Уянгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч С.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч А.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би нөхрийнхөө хамт Нийслэлийн 23 дугаар сургуулиас хүүхэд авчхаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 7/1 дүгээр байрны баруун талын 2 урсгалтай замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан ба нөхөр хүү 2 маань миний зүүн гар талд зэрэгцээд явж байсан. Тэгтэл нэг мэдсэн газар уначихад хүү маань уйлаад "ээжийг маань дайрчихлаа" гэж хэлж байсныг мэдэж байна. Тухайн осол гаргасан авто машин хаанаас ирж мөргөснийг мэдэхгүй байна. Мөн тухайн автомашин аль хэсгээрээ мөргөсөн юмуу шүргэснийг мэдээгүй нэг мэдсэн ухаан алдаад газар уначихсан, баруун хөл даагдахгүй их өвдөж байсан. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирээд намайг болон нөхөр хүүгийн хамт гэмтлийн эмнэлэг рүү авч очоод баруун хөлийнхөө зургийг авхуулахад шилбэ хэсгээрээ хугарч зөрсөн байна гээд ГССҮТ-н 6-н давхарт ясны 3 дугаар тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 02 дугаар сарын 13-нд хагалгаанд орж хадуулсан 2019 оны 02 дугаар сарын 20-нд ГССҮТ-өөс гараад 10 дугаар хороололд гэмтлийн "Эм Би Жи" эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлж байгаад 2019 оны 03 дугаар сарын 01-нд эмнэлгээс гарсан. Одоогоор гэртэй хэвтэж байгаа, ер нь бол босч чадахгүй байгаа 2 суга таягтай байгаа. Ослын улмаас миний баруун хөл шилбээрээ хугарч зөрөөд хагалгаанд орж хадуулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Авто машинд мөргүүлсэн болон шүргүүлснээ санахгүй байна. нэг мэдсэн газар унасан байсан. Авто осолд орсноос хойш осол гаргасан жолооч болон жолоочийн ар гэрээс эмнэлгийн төлбөр хагалгааны төлбөр эм тарианы төлбөрийг гаргасан яг хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй байна, баримтууд нь өөрсдөд нь байгаа. Миний зүгээс ажилгүй байх хугацааны цалин цаашид хэзээ хөл эдгэрч ажилдаа орохыг мэдэхгүй байна. Энэ бүгдийг нэхэмжлэх болно. Сард 550.000 төгрөгийн цалин авдаг байсан. ослын улмаас 163.079 төгрөгийн эм тариа авч хийлгэсэн талаарх баримтыг авчирч хэрэгт хавсаргуулсан, миний зүгээс Болорсүрэнгээс ажилгүй байх хугацааны цалин болон эмчилгээний төлбөр нийт 1.800.000 төгрөг авсан, одоо миний зүгээс гомдол санал байхгүй...” гэжээ /хх-19-21/.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-6-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед хийсэн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2254 дугаартай дүгнэлт:

“1. А.Уянгын биед хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны зөрөө бүхий далд хугарал, баруун хөлийн шилбэ тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-30/,  

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №005814 дугаартай дүгнэлтэд:

“1. Тоёота маркийн Приус-20 загварын 92-49 УБН улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын толь цуурсан, урд капутны дунд бага зэрэг хонхойсон, улсын дугаарын гэрэл зүүн гар тал нь асахгүй байна.

3. Уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй болно.

4. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулгатай, цахилгаан, ABS системтэй,

5. Уг тээврийн хэрэгслийн тоормос стандартын шаардлага хангаж байна” гэжээ /хх-37-40/.

Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №161 дугаартай дүгнэлтэд:

“1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото. зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 005814 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Тоёота Приус-20 маркийн 92-49 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.Уянга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний журмын ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /Уг дүрмийн 19 дүгээр бүлгийн 19.1 дэх хэсэгт "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно" гэж заасан.

3. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 005814 дугаартай дүгнэлтийг үндэслэхэд уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн техникийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ /хх-45/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч С.Бнь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7/1 дүгээр байрны зүүн замд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 38 минутын орчимд Тоёота Приус маркийн 92-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох "Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Уянгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Болорсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч А.Уянга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 1.800.000 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Бнь төлсөн байна. Иймд шүүгдэгч С.Болорсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нар нь харилцан тохиролцож буюу хохирогч А.Уянга нь гомдол саналгүй талаар мэдүүлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Болорсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр Тээврийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар прокурорын тогтоол, хяналтын прокурор С.Оюунжаргалаас шүүгдэгч С.Болорсүрэнд танилцуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын санал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид торгох ял шийтгэв.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн зүйлгүй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болорсүрэнд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН