Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00980

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр Дуга 210/МА2024/00980

 

 

Д.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00904 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МОТ НҮТББ, Б.Э нарт холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 сарын 21-ний өдрийн А/202 тоот шийдвэрийг үндэслэн Дүүргийн газрын албаны даргын хххх дугаар бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Б т олгосон. Энэхүү шийдвэрээр ххххх ад хаягт байрлах, ххххх нэгж талбарын дугаар бүхий 498 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

1.2. Гэвч уг эзэмшлийн газрын зэргэлдээ хххххх нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшигч болох хариуцагч МОТ НҮТББ, мөн хххх нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшигч болох Б.Э нар нь Газрын тухай хууль зөрчиж Д.Б ын эзэмшлийн газарт хэтрүүлэн зөвшөөрөлгүй хашаа хатгасан байна.

1.3.Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гзрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж заасныг зөрчиж бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барилга барьж, хашаа хатгасан байна.

1.4. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч үл хэрэгжүүлэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, бусдын өмчлөх эрхэд халдсан хэвээр байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газраас хариуцагч МОТ НҮТББ, Б.Э нарын хэтрүүлэн ашиглаж буй газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн дээр дурьдсан нэгж талбарын дугаар бүхий газрыг, барилга байгууламжийн хамт худалдан авсан. Тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан МОТ НҮТББ болон Б.Э миний зүгээс эзэмшлийн газрыг хэтрүүлэн зөвшөөрөлгүй хашаа хатгасан зүйл байхгүй.

2.2. Газар эзэмшлийн гэрчилгээн дээр байгаа газрыг бид дур мэдэн өөрчилсөн, хэтрүүлэн хашаа хатгасан зүйл байхгүй. Газрын холбоотой бичиг баримтуудыг Б.Э , МОТ НҮТББ-ын нэр дээр шилжүүлэхээс өмнө В.Б ын нэр дээр байсан ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 сарын 11-ийн өдрийн ххх тоот захирамжаар олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших хххх дугаартай гэрчилгээгээр шилжигдсэн юм.

2.3. Хууль ёсны эзэмшлийн гэрчилгээтэй, кадастрын зургаар баталгаажсан эзэмшлийн газрыг худалдан авахдаа улсын бүртгэлийн бичиг баримтын үнэн зөвд итгэж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн худалдан авч, эзэмшил ашиглалтандаа шилжүүлж авсан. Маргаан бүхий дээрх асуудлаа манайд газраа худалдсан В.Б т маргаан үүсгэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлинй 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Б ын хххх хаягт байрлах нэгж талбарын ххххх дугаартай өмчлөлийн газраас хариуцагч Б.Э , МОТ НҮТББ- ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлйин 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураажид урьдчилан төлсөн 70,200 улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч МОТ НҮТББ-ын итгэмжлэгдэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч МОТ НҮТББ болон Б.Э нар нь Газрын тухай хууль зөрчиж Д.Б ын эзэмшлийн газарт хэтрүүлэн зөвшөөрөлтгүй хашаа хатгаж байшин барьсан гэж маргасан тул шүүхээс талуудын хүсэлтээр Газар зохион байгуулалт зураг зүйн газраар нэгж талбарын ххххх , хххххх , хххх дугаар бүхий газруудын сансрын зураг гаргуулахаар шинжээчээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг томилсон.

4.2. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй." байхаар хуульчилсан.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 07/04/02 дугаартай мэдэгдэх хуудсыг 2022 оны 07 сарын 18-ны өдөр хүргүүлсэн байх тул хил зөрчсөн үйлдлийг зогсоох шаардлагыг нэхэмжлэгч Д.Б нь газар зохион байгуулалтын албанд гаргаж тус газраас мэдэгдлийг хүргүүлж байсан гэж үзэхээр байна. гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.3. Шүүх Д.Б ын ...өмчлөлийн газраас хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь маргаан бүхий Д.Б ын газар зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон Монгол улсын мэдлийн газар гэтэл Өмчлөлийн гэж шүүх дүгнэсэн нь илт хууль бус байна.

4.4. МОТ НҮТББ, хариуцагч Б.Э нар нь В.Б аас 2019 онд маргаан бүхий дээрх газрыг худалдан авсан. Хариуцагч нар уг газрыг дур мэдэн өөрчилсөн, хэтрүүлэн хашаа хатгасан зүйл байхгүй. Энэ тухай тайлбартаа дурдсан, шүүх хуралдаан дээр дэмжсэн боловч шүүх энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

4.5. Хариуцагч нарт дээрх газрыг худалдаж авсан хугацаа буюу 2019 оны 09 cap, барилга барьж эхэлсэн хугацаа болох 2021 оноос хойш нэхэмжлэгч Д.Б маргаан бүхий газар дээр Барилга барилаа, энэ миний газар гэж огт уулзаж, ярьж байгаагүй. Шүүх Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 07/04/02 дугаартай мэдэгдэх хуудсыг 2022 оны 07 сарын 18-ний өдөр хүргүүлсэн байх тул хил зөрчсөн үйлдлийг зогсоох шаардлагыг нэхэмжлэгч Д.Б нь газар зохион байгуулалтын албанд гаргаж тус газраас мэдэгдлийг хүргүүлж байсан гэж үзэхээр байна. гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь хэрэгт байгаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хүргүүлсэн гэх дээрх мэдэгдэх хуудсыг хариуцагч нар хүлээн авсан нь тодорхойгүй.

4.6. Нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж МОТ НҮТББ, Б.Э нарын хууль бус эзэмшлээс тус газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэхдээ хариуцагч нараас гаргасан нэхэмжлэгч Д.Б ын эзэмшлийн газар гэдгийг зөвхөн газар эзэмших улсын бүртгэлээс гадна бусад баримтаар нотлохын тулд хариуцагч нарын гаргасан хүсэлтэд дурдсан Сүхбаатар дүүргийн Газрын харилцааны албанаас газрын эзэмшил, ашиглалт хүчин төгөлдөр байгаа эсэхийг тодруулах байсан.

Өөрөөр хэлбэл Д.Б нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан Тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг нягтлан шалгаагүй, хариуцагч нарын зүгээс гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээж аваагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, 00904 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Өмчлөгч гэж дүгнэсэн нь буруу гэсэн гомдолд тайлбар хэлэхэд Иргэний хуулийн 92 дугаар зүйлд эзэмшигч нь эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа этгээдэд өмчлөгчийн адилаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байдаг. Тийм учраас энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгчээс нэгэнт газар чөлөөлүүлэх буюу өөрийн эзэмшлийн хөрөнгөө бусдаас чөлөөлөхийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хувьд МОТ НҮТББ, Б.Э нарыг яг одоо эрхийг нь зөрчиж байгаа этгээдүүд гэж үзэж хариуцагчаар татсан. Одоогийн байдлаар хариуцагч нар тухайн газрыг эзэмшиж байгаа этгээдүүд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн албан бичгээс харагдаж байх тул хууль зөрчөөгүй.

5.3. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан. Гэтэл энэ баримттай холбоотойгоор давж заалдах шатны шүүх дээр маргаан гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээр энэ баримтын талаар маргаан гараагүй.

5.4. Түүнчлэн Д.Б ын эзэмшлийн газар мөн эсэх талаар анхан шатны шүүх дээр маргаагүй. Гэтэл давж заалдах гомдолдоо Д.Б ын эзэмшлийн газар мөн эсэх талаар дурдаж, анхан шатны шүүх дээр Д.Б ын эзэмшлийн газар мөн эсэх талаар хүсэлт гаргасныг хүлээж аваагүй гэж байна.

Хэрэгт 2023 оны 10 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 17/1036 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд тус дүүргийн хххх 498 м.кв, нэгж талбарын дугаар бүхий газрыг Засаг даргын А/206 дугаар захирамжаар Д.Б т эзэмшүүлсэн байна гэсэн албан бичиг ирсэн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа газар эзэмших эрхтэй холбоотой баримтаа хэрэгт гаргаж өгсөн.

5.5. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. 2022 онд нэхэмжлэгч Д.Б нь өөрөө захиалга өгч газрын төлөв байдлыг хянуулж, эзэмшиж буй талбай нь зөв эсэх талаар Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан гаргуулсан. Энэ дүгнэлт хэрэгт авагдсан. Тухайн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хашаа хатгасан нь тогтоогдсон учраас эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу 2022 оноос эхэлж тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч МОТ НҮТББ, Б.Э нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 сарын 21-ний өдрийн А/202 тоот шийдвэрийг үндэслэн Д.Б т ххххххх хаягт байрлах, нэгж талбарын ххххх дугаар бүхий 498 м.кв талбайтай, газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр хххх дугаартай гэрчилгээг олгосон; /хх-67-71/

 

3.2. МОТ НҮТББ нь ххххх хаягт байрлах хххххх нэгж талбарын дугаар бүхий 620 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан;

 

3.3. Б.Э нь ххххх хаят байрлах хххх нэгж талбарын дугаар бүхий 399 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр эрхийн гэрчилгээ авсан;

 

3.4. Шинжээчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/04 тоот дүгнэлтээр ... Иргэн Д.Б ын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын ххххх дугаар бүхий газартай МОТ ийн үйл ажиллагаа явуулж буй газрын хашаалсан газар нь 117 м.кв, барилга тус бүр 20 м.кв, 18 м.кв тус тус талбайгаар давхцсан болох нь тогтоогдсон.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, Д.Б ын хххх хаягт байрлах нэгж талбарын ххххх дугаартай өмчлөлийн газраас хариуцагч Б.Э , МОТ НҮТББ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг залруулна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь ххххххх хаягт байрлах, нэгж талбарын ххххх дугаар бүхий 498 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль ёсоор эзэмшиж байгаа тул шаардах эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдоно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч Д.Б т олгосон дээрх газар эзэмших эрх хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргасан нэхэмжлэгч нь 2 жилийн дотор хашаалаагүй, шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа гомдол үндэслэлгүй.

 

5.2. Түүнчлэн, хөршийн эрх буюу Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэг нь газар өмчлөгч этгээд өөрийн газар дээрээ барилга байгууламж барьсан нь хөршийн хилийг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшил газрын онцлог нь зуслангийн зориулалттай газар байх тул шинжээчийн дүгнэлтэд авагдсан зурагт Д.Б ын хашаалсан газарт ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй тохиолдолд баригдаж эхэлсэн даруйд нь мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан тул Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг уг маргаанд хэрэглэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00904 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...106 дугаар зүйлийн 106.1... гэснийг ...106 дугаар зүйлийн 106.2, 106.4... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР