Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

   2019         4            16                                   2019/ШЦТ/314 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч Ч.Т/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн д холбогдох эрүүгийн 1911004520279 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, Ундрах дунт шүдний эмнэлэгт шүдний техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хороолол 32-276 тоотод оршин суух хаягтай.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Тнь 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Свийт Дэй “Sweet day” паб дотор Н.Отгончулууныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Отгончулуун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг манай үеэл Тэмүүлэн толгой руу 1-2 удаа өшиглөж учруулсан. Гэхдээ намайг өшиглөхөөс өмнө би согтуурсан үедээ урьд нь болсон маргааны талаар хэрэлдсэн. Тэгээд бухимдаад үеэл Тэмүүлэнг нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон учраас Тэмүүлэн намайг буцаагаад цохисон. ...2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө үеэл Тэмүүлэнтэй маргалдаад толгой руугаа өшиглүүлчхээд хэсэг манараад босож чадахгүй байсан. Тэгээд 2-3 минутын дараа сэргээд босоод шууд гэртээ харьсан. Би хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний эмнэлгийн зардлыг үеэл Тэмүүлэн төлсөн, нийт 620.000 төгрөгийн зардал түүнээс гарсан...” гэжээ /хх 12/.

Гэрч М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Тэр хоёр урьд нь болсон асуудлынхаа талаар яриад маргасан. Тэмүүлэн Отгончулууныг нэг цохиход хойшоо унасан. Өндийгөөд ирэхэд нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Отгончулуун ухаан алдчихсан. Тэгтэл Тэмүүлэн дахин нэг удаа толгой руу өшиглөсөн. Тухайн үед Отгончулууныг харахад ил харагдах сүртэй гэмтэл шарх учраагүй, хамрын нүхнээс нь бага зэрэг цус гарсан байсан...” гэжээ /хх 15/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн №2827 дугаар дүгнэлтэд: 

“1. Н.Отгончулууны биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэжээ /хх-22/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/,

хохирогч Н.Отгончулуунаас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Ч.Тэмүүлэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Түүнд гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-64/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Тнь 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Свийт Дэй “Sweet day” паб дотор Н.Отгончулууныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Отгончулууны “...2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө үеэл Тэмүүлэнтэй маргалдаад толгой руугаа өшиглүүлчхээд хэсэг манараад босож чадахгүй байсан. Тэгээд 2-3 минутын дараа сэргээд босоод шууд гэртээ харьсан. Би хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний эмнэлгийн зардлыг үеэл Тэмүүлэн төлсөн, нийт 620.000 төгрөгийн зардал түүнээс гарсан...” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн №2827 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Ч.Тэмүүлэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Хохирогч Н.Отгончулуун нь “...Эмчилгээний эмнэлгийн зардлыг үеэл Тэмүүлэн төлсөн, нийт 620.000 төгрөгийн зардал түүнээс гарсан. ...Ч.Тэмүүлэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Түүнд гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон гэж үзлээ.  

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ч.Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тэмүүлэнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.Тнь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тэмүүлэнд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН